Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

           Шүүгдэгч: Б.Б-, Т.М-, М.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Шүүгдэгч: М.Б-ын өмгөөлөгч Г.Сүхээ,

Шүүгдэгч: Б.Б-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Б-, Т.М-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903012420556 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ...., эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.М-, ...., эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн Төр захиргааны авто баазад жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

     3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-, ...., эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш, илчит тэргэний туслах машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

   Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.170.750 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Б-, Т.М- нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 572.250 төгрөгийн нийт 1.743.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Б-, Т.М- нар нь Б.Б-тай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 572.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Т.М- шүүх хуралдаанд: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би ээлжтэй ажил дээрээ хоносон. Тухайн үед өглөө 7 цаг 10 минутын үед Б- даавуунд ороосон юм машинд ачаарай гэж хэлсэн. Тухайн үед би тэр зүйлийг туйл гэж мэдээгүй машиндаа ачсан. Галт тэрэг эвдэрсэн тохиолдолд дуудлагын жолооч бид нар харилцан ажилладаг. Яагаад гэвэл галт тэрэг эвдэрсэн тохиолдолд дуудлага авч багаж төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг ачиж явдаг. Тухайн үед би ажлын зорилгоор л багаж хэрэгсэл ачиж байна гэж бодсон. Туйл байна гэж бодоогүй. Бичиг баримт нь хаана байна гэхэд араас авчирна гэж хэлсэн. Би Б-тай бүлэглэн хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хулгайн зүйл гэж мэдээгүй” гэв.

Шүүгдэгч М.Б- шүүх хуралдаанд: “...Намайг ажлаа хийж байтал Б- 2 туйл ачна шүү бэлдээрэй гэсэн. Шөнө 2, 3 цагийн үед унтаж байсан. Гэтэл Б- туйлаа ачихаар болчихлоо гэсэн. Намайг зөвшөөрлийн бичиг байгаа юу гэж асуухад Б- байгаа гэж хэлсэн. Гэтэл өөр цехэд ажилладаг Бумбаяр гэдэг залуу ирсэн байсан. Би нэгийг нь нөгөө туйлыг тэр залуу өргөж машинд ачсан. Тухайн үед би хууль бус гэж мэдээгүй. Миний хувьд ажил үүргийн хуваарийн дагуу ахлах засварчны даалгавраар ач гэсэн туйлыг л ачсан. Дараа нь баригдсан гэх үед нь хулгайлсан юм байна гэдгийг мэдсэн. Надад бүлэглэж хулгай хийсэн зүйл байхгүй” гэв.

Гэрч Л.Э-шүүх хуралдаанд: “...Манай засварын үйл ажиллагаа явуулж байгаа туйлын засварын шаардлага хангасан бол би зөвшөөрөл өгч зөөдөг. Тоног төхөөрөмжийг авч гарч болно гэхээр жолооч аваад гардаг. Тухайн туйлууд хэвийн ажиллагаатай байсан. Машинаар ачдаг туслах туйл 50 килограмм. Байгууллагын дотоод дүрмэнд заасны дагуу архи уусан, хулгай хийсэн хүнийг шууд ажлаас халдаг. Арчих материал нь эд материалаа арчихад зориулагдсан” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Улаанбаатар татах хэсгээс засварчин Б- нар нь ЭД-118 маркийн цахилгаан хөдөлгүүрийн 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг тээврийн хэрэгсэлд хийж гарах гэж байгаад баригдсан үйлдлийн 2 ширхэг туйлыг манайх хүлээгээд авчихсан байгаа. Мөн Б- ганцаараа 2019 оны 8 дугаар сард 2 удаа ЭД-118 маркийн цахилгаан хөдөлгүүрийн 4 ширхэг туйлыг хулгай хийсэн талаараа цагдаад хэлсэн байдаг бөгөөд дээрх 4 ширхэг туйлын үнэ болох 1.170.750 төгрөгийг Улаанбаатар татах хэсгийн ...дансанд тушаасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-13/,

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, миний ...гэсэн дугаарын утас руу нэг хүн залгаад “зэс авч байгаа юу, зэс өгье” гэсэн. Би “авч байгаа” гээд хаягаа зааж өгсөн. Хайлаастад түрээсэлж сууж байгаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн 6-142 тоот хашаанд зэс зарна гэсэн хүнийг дуудаж зэс худалдаж авсан. Тухайн зэс том нь 48 кг, жижиг 28 кг болж байсан 494.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр зэсээ зараагүй байж байгаад 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахиад нэг удаа нэг том 48 кг, нэг жижиг 28 кг зэсийг 494.000 төгрөгөөр нөгөө залуугаас авсан. Тухайн зэсээ зэс авдаг газруудаар авч явж зарах гэтэл авахгүй гэсэн. Тухайн зэсүүдээ томоор нь бол хүн авахгүй юм байна гэж бодоод тастагчаар тастаж жижиглэж байгаад зурагтаар зэс авна гэсэн зарын дагуу нэг утас руу залгаж өөрт байсан 150 кг зэсээ 1 кг 7.500 төгрөгөөр бодож 1.250.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-25/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...засварчин Б- тухайн өдөр цахилгаан машины цехэд ажил үүрэг гүйцэтгэж байсан. Манай цехэд дуудлага өгсөний дагуу би очиж үзсэн жижиг моторын араа байсан “гол руу нь оруулахгүй халаагаарай” гэсэн, би “за” гээд “юмаа аваад ирье” гээд явах гэтэл “ахынх нь нуруу өвдөөд байна, татах цахилгаан хөдөлгүүр дотор байгаа зүйлийг шуурхай албаны машинд хийгээд өг” гэсний дагуу татах цахилгаан хөдөлгүүр дотор байсан төмөртэй төстэй хүнд зүйлийг өргөж шуурхай удирдлагын машинд тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 27-28/,

Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Улаанбаатар татах хэсгийн гармын жижүүрээр ажиллаж байсан, жижүүрийн шуурхай удирдлагын машин 04 цаг 30 минутад дотогшоо нэвтэрч орсон. Камерт харж байхад машин руу нь юм зөөж хийж байгаа харагдсан. Тухайн машин гарахгүй байж байгаад 07 цаг 10 минутад гарах гээд гармын харуул дээр ирсэн, шалгаад үзэхэд зөвшөөрлийн бичиг байхгүй үндсэн туйл 1 ширхэг, туслах туйл 1 ширхэг авч гарах гэж байсан. ...тухайн жижүүрийн машиныг дуудах жолооч Мөнхтөр жолоодож явсан, өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32/,

Гэрч О.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ЭД 118 болон ЭД133-ын туйлуудыг бүгдийг нь хуучин сэлбэгийн агуулахад өгч байсан, тухайн үед туйлуудыг бранк гээд акт тавьсан байсан болохоор хуучин сэлбэгийн цехээс хайлах цехэд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-42/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг туйлыг хүн ганцаараа өргөөд явах боломжгүй байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43-45/,

Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...туйлыг байгууллагаас гарахад тээврийн хэрэгсэлтэй гардаг, уг тээврийн хэрэгсэл нь гарахдаа надаас бичгээр зөвшөөрөл авч байж гардаг. Албан бичгээр хүсэлт ирсний дагуу би зөвшөөрөл бичгээр өгч, харуул шалгаж зөвшөөрлийг авч гаргадаг. ...уг өдрүүдэд туйл алдагдсан талаар мэдээгүй байсан, надаас ямар нэгэн зөвшөөрөл хүсээгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дуудлагын жолооч зайлшгүй тохиолдолд буюу галт тэрэг эвдэрсэн үед багаж хэрэгсэл авч гарах шаардлага тулгарвал жижүүрт “ийм юм авч гарч байгаа” гэдгээ үзүүлж харуулаад гарна. Түүнээс биш бид нарт юм ачаад гараад байдаг тохиолдол бараг байхгүй. Харин хувь хүний буюу ажилчдын гуйсан ачаа тээш зэрэг зүйлүүдийг авч гарах нь хориотой. Дуудлагын жолооч бид нар өдөр тутмын үйл ажиллагаандаа засварчидтай ажил үүргийн хувьд харилцахгүй, тийм шаардлага ч байхгүй, бид нар чинь машинч нарыг гэр орноос нь очиж авах, хүргэж өгөх, зайлшгүй галт тэрэг эвдэрсэн, гацсан үед засварчдыг аваад тухайн эвдрэл гэмтэлтэй галт тэргэнд хүргэж өгдөг л чиг үүрэгтэй ажилладаг” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дуудлагын жолооч бид нар засварчидтай ажил үүргийн хувьд харилцахгүй, тийм шаардлага ч байхгүй, бид нар чинь машинист нарыг гэр орноос нь очиж авах, хүргэж өгөх, бас галт тэрэг эвдэрсэн гацсан үед засварчдыг аваад тухайн эвдрэл гэмтэлтэй галт тэргэнд хүргэж өгдөг л чиг үүрэгтэй ажилладаг” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70-71/,

Яллагдагчаар Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед ашиглалтын явцад шатаад ашиглагдахаа больсон 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг би ганцаараа авч гарсан. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед ашиглалтын явцад шатаад ашиглагдахаа больсон 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг би ганцаараа авч гарсан. Харин 2019 оны 9 дүгээр сарын 06-ны үүрээр 05 цагийн үед 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйл авч гарсан. Тухайн үед би Мөнхтөр, Бекболат нарт зааварчилгаа өгсөн, тэр хоёр намайг хууль бус зааварчилгаа өгч байгааг мэдээгүй. Мөнхтөр, Бекболат нар нь хэрэгт ямар нэг холбоогүй. Миний өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийсэн, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу миний үүргийн дагуу ажилласан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 192-193/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 82-92/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 94-101/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 110-111, 117-118/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 124/, хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх 1-н 126/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 224-250, 2-н 4-6, 12-22/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М-, М.Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Т.М-, М.Б- нар нь Б.Б-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.М-, М.Б- нар нь шүүгдэгч Б.Б-г үндсэн болон туслах туйлуудыг хулгайлж байгааг мэдээгүй, зөвхөн ажлын журмаар, Б.Б-гийн хүсэлт, гуйлтаар тухайн үндсэн болон туслах туйлыг өргөж машинд тавьсан, мөн автомашинаар тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Б- нь Б-гийн өгсөн үүргийн дагуу туйлыг өргөж машинд ачиж өгсөн байх ба тэрээр хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэх санаа зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Т.М- нь дуудлагын машины жолоочийн үүрэг гүйцэтгэх явцдаа Б.Б-гийн гуйлтаар машиндаа ачсан зүйлийг ачиж гарах гэж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр шүүгдэгч Б.Б-тай хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцсон, санаа зорилго нэгтэй байсан болох нь тогтоогдоогүй  тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Т.М-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-, М.Б- нарын үйлдэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.170.750 төгрөгийн хохирол,

- 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 572.250 төгрөгийн нийт 1.743.000 төгрөгийн  хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Б.Т-ын: “...2019 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Улаанбаатар татах хэсгээс засварчин Б- нар нь ЭД-118 маркийн цахилгаан хөдөлгүүрийн 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг тээврийн хэрэгсэлд хийж гарах гэж байгаад баригдсан үйлдлийн 2 ширхэг туйлыг манайх хүлээгээд авчихсан байгаа. Мөн Б- ганцаараа 2019 оны 8 дугаар сард 2 удаа ЭД-118 маркийн цахилгаан хөдөлгүүрийн 4 ширхэг туйлыг хулгай хийсэн талаараа цагдаад хэлсэн байдаг бөгөөд дээрх 4 ширхэг туйлын үнэ болох 1.170.750 төгрөгийг Улаанбаатар татах хэсгийн ...дансанд тушаасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10-13/, гэрч Г.Э-ийн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, миний ...гэсэн дугаарын утас руу нэг хүн залгаад “зэс авч байгаа юу, зэс өгье” гэсэн. Би “авч байгаа” гээд хаягаа зааж өгсөн. Хайлаастад түрээсэлж сууж байгаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн 6-142 тоот хашаанд зас зарна гэсэн хүнийг дуудаж зэс худалдаж авсан. Тухайн зэс том нь 48 кг, жижиг 28 кг болж байсан 494.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр зэсээ зараагүй байж байгаад 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахиад нэг удаа нэг том 48 кг, нэг жижиг 28 кг зэсийг 494.000 төгрөгөөр нөгөө залуугаас авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-25/, гэрч Н.Б-ын: “...би “за” гээд “юмаа аваад ирье” гээд явах гэтэл “ахынх нь нуруу өвдөөд байна, татах цахилгаан хөдөлгүүр дотор байгаа зүйлийг шуурхай албаны машинд хийгээд өг” гэсний дагуу татах цахилгаан хөдөлгүүр дотор байсан төмөртэй төстэй хүнд зүйлийг өргөж шуурхай удирдлагын машинд тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 27-28/, гэрч Г.Д-ийн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Улаанбаатар татах хэсгийн гармын жижүүрээр ажиллаж байсан, жижүүрийн шуурхай удирдлагын машин 04 цаг 30 минутад дотогшоо нэвтэрч орсон. Камерт харж байхад машин руу нь юм зөөж хийж байгаа харагдсан. Тухайн машин гарахгүй байж байгаад 07 цаг 10 минутад гарах гээд гармын харуул дээр ирсэн, шалгаад үзэхэд зөвшөөрлийн бичиг байхгүй үндсэн туйл 1 ширхэг, туслах туйл 1 ширхэг авч гарах гэж байсан. ...тухайн жижүүрийн машиныг дуудах жолооч Мөнхтөр жолоодож явсан, өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32/, гэрч О.Э-ын: “...ЭД 118 болон ЭД133-ын туйлуудыг бүгдийг нь хуучин сэлбэгийн агуулахад өгч байсан, тухайн үед туйлуудыг бранк гээд акт тавьсан байсан болохоор хуучин сэлбэгийн цехээс хайлах цехэд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-42/, гэрч Л.Э-ын: “...тулай байгууллагаас гарахад тээврийн хэрэгсэлтэй гардаг, уг тээврийн хэрэгсэл нь гарахдаа надаас бичгээр зөвшөөрөл авч байж гардаг. Албан бичгээр хүсэлт ирсний дагуу би зөвшөөрөл бичгээр өгч, харуул шалгаж зөвшөөрлийг авч гаргадаг. .. уг өдрүүдэд туйл алдагдсан талаар мэдээгүй байсан, надаас ямар нэгэн зөвшөөрөл хүсээгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-г шүүгдэгч Т.М-, М.Б- нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлээс шүүгдэгч Т.М-, М.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхийг завдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь Улаанбаатар төмөр зам байгууллагаас үндсэн болон туслах туйлыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, мөн хулгайлахыг завдсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь Улаанбаатар төмөр замын дуудлагын автомашиныг ашиглаж эд зүйл хулгайлахыг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Б.Б-г гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч Б.Т- нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн гаргуулж авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Б-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 01 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар доод ялын хоёрны нэгээс доошгүй ялаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах гэсэн зохицуулалтын дагуу ял оногдуулж  өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор битүүмжилсэн Улаанбаатар төмөр замын Татах хэсгийн эзэмшлийн 2015 оны БНСУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн Хьюндай маркийн Старекс загварын 67-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б- нь Улаанбаатар төмөр замын эзэмшлийн Старекс загварын 67-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлгүйгээр тухайн үндсэн болон туслах туйлыг Улаанбаатар төмөр зам байгууллагаас авч гарах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Старекс загварын 67-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 40.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М-, М.Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Б-г “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, мөн машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор битүүмжилсэн Улаанбаатар төмөр замын Татах хэсгийн эзэмшлийн 2015 оны БНСУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн Хьюндай маркийн Старекс загварын 67-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 40.300.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих, М.Б-, Т.М- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР