Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Н.Улсболд                                      

   Шүүгдэгч                                       Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Жанчивын Мд холбогдох эрүүгийн 2032000250031 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Дорнын өртөө, Их хурд хүч" ХХК-д жолооч ажилтай, Ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, * тоотод оршин суудаг, урьд нь 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №295 дугаартай Шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн №88 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жанчивын М РД./*/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

            Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Маргад" нэртэй баарны орчим Б.Бсьтай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Мгийн өгсөн: "...Тэр өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн орчимд би Отгонбаяр гэх найзтайгаа уулзах гээд Маргад баар руу очсон юм. Тэгээд тэнд Бсь тааралдаад намайг гэр рүүгээ хүргээд өг гэхээр нь завгүй чадахгүй гэж хэлсэн чинь намайг чоно нохойгоор дуудаад уурлаад байсан юм. Тэгээд Отгонбаяртай уулзчихаад гадаа харсан чинь Бсь гараад ирсэн намайг хүргэж өг, чамайг би бол барна энэ тэр гээд байсан юм. Бсь нэлээн согтуу байсан. Тэгээд согтуурхаад над руу уурлаад байхаар нь би нүүр рүү нэг цохьчихсон юм. Тэгээд бид хоёр маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас зуурч заамдалцаж байгаад газар унахдаа би Бсийн дээр унаад тэгсэн чинь Бсь хөл эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд Бсь босч ирээд миний хөл эвгүй болоод гишгэж болохгүй хугарчихсан юм шиг байна гэхээр би Бсьтай яриад гэмтэл орж зургыг нь авахуулья гээд аваад өөрийн машинаар Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг /хх- ийн 28 хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бсийн өгсөн: "...Би эхлээд Мг тэр .баарны гадаа байгаа гэж мэдээгүй. Тэгээд гадаа тамхи асааж татах гэж байхад гэнэт нэг юм толгой руу цохих шиг болохоор нь харсан чинь М байсан. Би найз байж нэгнийгээ цохилоо гэж маргасан юм. Тэгээд маргалдаад бид хоёр нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаад л газар унасан. Тэгээд газар унахдаа М миний баруун хөлөн дээр дараад унасан. Тэгээд миний хөл гэмтсэн юм. ...Намайг бааранд согтуу байхад М орж ирэхээр нь би хэл амаар доромжлоод гаргасан юм шиг байна лээ. Тухайн үед би нэлээн согтуу байсан гадаа гараад цохиулах үедээ л сэргэж ухаан орсон. М дараа надад чи бааранд хэл амаар доромжлоод байсан болохоор гадаа чамайг цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бтийн өгсөн: "...Би яг юунаас болоод зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Нэг харсан чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед Бсь, М нараас юу болсон талаар асуухад юу ч болоогүй гэж хэлээд тамхи татаад машины хамар дээр Б.Бсь нь сууж байсан. Одоо бодоод байхад хөл нь эвгүй болчихсон байсан юм шиг байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Уламбаярын өгсөн: "...Тухайн үед хэн хэлсэнийг мэдэхгүй байна гадаа зодоон болоод байна гэхээр нь бид гарсан чинь цагдаа ирчихсэн Бсь машины хамар дээр суучихсан байсан. Цагдаа нарт хөл хугарихпаа гэж ярьж байсаныг сонссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

           Сэлэнгийн аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн  2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №26 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Бсийн биед баруун хөлийн шилбэ яс, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх /хх-ийн 12-13 хуудас/ болон         

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд блох иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Баянгол сумын Гонир 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 33 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36-49 дүгээр хуудас/, Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 51-53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Маргад" нэртэй баарны орчим Б.Бсьтай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бсийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, гэрч Г.Бтийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, гэрч Т.Уламбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, Сэлэнгийн аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №26 дугаар дүгнэлт /хх-ийн 12-13 хуудас/ болон мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Ж.Мгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бсийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Прокуророос шүүгдэгч Ж.М нь иргэн Д.Бсийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Ж.М нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Б.Бсь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

            Иймд шүүгдэгч Ж.Мийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 01 сарын хугацаанд төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдаад

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Жанчивын Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Ж.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 01 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч Ж.Мд даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.