| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00034/Э |
| Дугаар | 00035 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 00035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт Нацагдоржийн Бд холбогдох эрүүгийн 2032000000042 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, ам бүл ганцаар , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, урьд нь 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. 1. 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн хэсгийн 6 дугаар шүүхийн №27 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хууулийн тусгай ангийн 109 б-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, 2. 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн сум дундын Эрүүгийн шүүхийн №151 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, 3. 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн №30 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 02 жил, 1231-р зүйлийн 1-д зааснаар 01 жил 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, бүгд 03 жил 06 сарын хорих ялаар, 4. 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн №523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 04 жил 06 сарын хорих ялаар, 5. 2003 оны 10 дугаар сарын 27-ны едрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн №234 дугаартай шийтгэх тоггоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 08 жил 01 сарын хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил хорих ялаар нийт 09 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Нацагдоржийн Б /РД:* /
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 03 дугаар сраын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг "Ташир" гэх газар Э.Гбтай "халбага авч өгсөнгүй. Өөрөө халбагаа ав" гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний баруун дээд нурууны орчим хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “....Үйлдсэн хэрэг тодорхой үнэн зөв бүртгэгдсэн тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Гбын өгсөн: “.....2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн "Би Баянгол суманд 2020 оны 03 дугаар сарын 07-нд ажил хийх гэж ирсэн. Хөдөө Ташир гэх газар алт ухдаг ажил хийж байгаад өнөөдөр өглөө ажлаасаа буугаад тэнд монгол гэрт амарч байсан. Тэгээд орой 18 цагийн үед хоол ид гээд дуудахаар нь босоод орон дээр цээж эүцгэн сууж байсан. Тэгээд тэнд тогооч гэх залуу надад хоол аягалж өгөхөөр нь би надад халбага аваад өг гэж тэр хүнд хандаж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах хуцаад бай хулгайчуудаа, та нарын юмыг ойртуулах ёстой юм уу гэж хэлээд шүүгээнээс нэг модон иштэй хутга аваад шууд над руу ирээд миний нүүр рүү хутга барьсан гараараа цохиход гар нь цааш гулсаж, хутгаараа миний баруун мөрний дээд хэсэгт зүсэж гэмтээсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй. Б надад эмчилгээний мөнгө гэж 250.000 төгрөг өгсөн. Би эмчилгээнд хэрэглэсэн. Одоо нэмж нэхэмжпэх зүйл байхгүй....." гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мбын өгсөн: "......Уул нь тийм айхтар зүйл болоогүй. Бүгд унтаж байгаад босоод хоолоо ид гэхээр нь бүгд босохгүй орон дээрээ сууж байгаад хоолоо идэх гэсэн чинь Ганбаа /Гб/ энэ Б гэх ахаас халбага аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд тэр ах Ганбааг өөрөө босоод халбагаа ав гэсэн чинь Ганбаа ах та ямар сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгээд Б ах Ганбаагийн дэргэд байсан болохоор шууд л нэг гараараа Ганбааг нүүр рүү нь цохисон. Тэгээд тогооч Б Ганбааг нэг цохиход хойшоо болсон чинь гартаа хутга барьчихсан байсан. Ганбаа баруун мөрөө бариад ёо ёо гээд байсан. Тэгээд Ганбаагийн мөрийг харсан чинь баруун мөрийг нь хутгаар зүссэн байсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №3591 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Бы өгсөн: ".....Би Баянгол сумын 3 дугаар багийн нутагт хүмүүстэй ажил хийхээр ирсэн. Тэнд Монгол гэрт байрласан. Хүмүүс нь ээлжийн ажил хийдэг би тогооч хийдэг байсан. Тэгээд тэр орой би хоолоо хийчээд унтаж байгаа хүмүүсийг хоолоо ид гэж дуудсан. Тэр үед Ганбаа босч ирсэн. Тэгээд би Ганбаад хоол авч өгсөн чинь Ганбаа намайг ямар сүртэй писда вэ гэх шиг болсон. Тэр үед би хутгаар мах эвдээд жижиглээд байж байсан. Тэгээд надад тэгэж хэлэхээр нь миний уур гэнэт хүрээд Ганбааг шууд хутга барьж байсан гараараа шууд нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь миний гар цааш хальтраад Ганбаагийн мөрний хэсэгт хутгаараа зүсчихсэн юм....." гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/ болон
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 35-49 хуудас/, хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 50 хуудас, хохирогчийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг "Ташир" гэх газар хувиараа алт ухахаар бригад болон ажиллаж байхдаа хамт нэг гэрт байсан Э.Гбтай "халбага авч өгсөнгүй. Өөрөө халбагаа ав" гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний баруун дээд нурууны орчим хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Гбын мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, гэрч Д.Мбын мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №3591 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 хуудас/ болон хохирогч Э.Гбын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Быг иргэн Э.Гбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Э.Гбт хохирол төлбөрт 250,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.
Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /т дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Нацагдоржийн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Н.Бд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.