Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

Улсын яллагч                                   Н.Улсболд

Хохирогч                                           С.Ог

Шүүгдэгчийн өмгөөлөгч              С.Сувдаа

Шүүгдэгч                                           С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Дүнгээ овогт Содномын Ут холбогдох эрүүгийн 2032000010019 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 2, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дүнгээ овогт Содномын У РД:/*/

           

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч С.У нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 51-52 тоотод "танай дүү С.Об зээлсэн мөнгөе өгөлгүй хот руу явлаа" гэх шалтгааны улмаас маргалдан улмаар С.Огийн толгой, нүүр орчим гараагаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өглөө ажлаасаа бууж таараад гэртээ орж ирхэд эдний дүү Об нь манай нөхөр хотод эмнэлэгт өвчтэй хэвтэж байгаа. Харвасан, би танд машиныхаа түлхүүрийг өгье. Та надад 3,500,000 төгрөг зээлээч гэж хэлээд өгөөч гэхээр нь би эгчид нь юу байх вэ дээ. Байхгүй гэхэд 2-3 удаа утасдсан. Тэр өдрийн сүүлийн хугацаа 12 цагт танд мөнгийг чинь өгье гэж хэлээд бүтэн сар гаран алга болсон. Үнэхээр би зодох байсан бол дүүгий нь зодох байсан байх. Би ээжтэй нь уулзах гээд Баянхангайд гэрт нь очсон. Эдний ээжийг би сайн мэднэ.  Ээжтэй нь уулзах гээд очиход энэ хүүхэн гарч ирээд яахаараа авчихдаг юм бэ. Авсан өмнгөө яасан юм бол. Ямар 300 сая төгрөг биш. Наадах чинь их ойрхон сонсогдож байна. Би бараг төлөөд өгчихнө. Тэрэнтэй биш надтай чи утсаар ярь гэж хэлж байсан. Хэрэг болсоноос хойш 2-3 удаагийн гэрт орход эдний ээж нь байсан. Надаас мөнгө авсан хүүхэн байсан. Би мөнгөө өгөөч би өөрөө хоолтой хоолгүй байж олсон мөнгөө зүгээр чамд өгмөөргүй байна гэхэд өгнө шүү дээ гэж явсаар байгаад 12 сарын 19 болсон. Маргааш нь өдөр би яг гэрт байхад орж ирээд түлхүүр өгчихөөч дээ гээд гуйгаад байсан.  Чи машины баримтгүй яаж явах юм бэ гэхэд гуппийн дэвтрийг нь аваад явуулсан. 19-ний өдөр би 2 цаг 30 минутын алдад байх дүүгийнд нь орох гээд ортол энэ ээжтэйгээ дүүгийнх нь том хүү гурав байсан. Намайг орход энэ цагаан юм зуурчихсан байж байсан. Об хаачсан бэ гэж асуухад эмнэлэгт хэвтэх гээд явчихсан. Битий гэрт орж ирж хэрүүл хийх гээд бай чи гээд довжооноосоо намайг шууд түлхээд гаргасан. Энэ хүн эхэлж надад гар хүрсэн. Миний цамцны захыг хүү татсан. Миний энгэрийг бас урсан. Цамцны товчийг нь хуу татаад урсан. Тэгээд энэ хүнийг би зодоод хэвтүүлчихсэн дэвсээд нүдэж байсан тийм юм болоогүй. Зүгээр л жаахан ноцолдоон болоод ээж дүү нь гарч ирээд авсан. Би энэ хүнийг өшиглөөгүй. Тийм юм огт болоогүй. Би 2 цаг өнгөрөөгөөд гэртээ ороод цайгаа уугаад ажилдаа гарах гэсэн чинь салганаад чичрээд явж байхад надаас цагдаагаас яриад дуудсан. Тэр явдал болсоноос хойш цагдаа дээр ахиад таараад зохицох санаатай зөөллөөд ийм хэрэг үүсгээд яаж байгаа юм бэ чи гэхэд энэ хүн намайг доромжлоод гэр бүлийг доромжилсон. Танай нөхөр байнга согтуу байдаг. Чамд юу ч биш гэж хэлсэн. Цагдаа байцаагчид энэ худлаа яриад байгаа нь мэдэгдээд байгаа юм. Хохирогчийг дуудхад Налайхад байна гээд ирээгүй гэхэд энэ хүн замын урд явж байгаа юм. Ахиад дуудхад ажилтай гээд ирээгүй гэсэн мөртөө энэ хүнийг ажил хийдэгийг мэдэхгүй бас явж байсан. Би энэ хүнийг зүс мэднэ. Ямар хүн гэдгийг нь би үнэндээ мэдэхгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Об мэдүүлэхдээ: Манай дүүгийн нөхөр нь тал цус харвасан учраас сар болгон хэвтдэг юм. Тэр үеэр нь би 10 настай хүүхдийг тэр өдөр сургуулиас нь аваад хүргэж өгсөн. Тэгхэд 17 настай  том хүү бид нар байхад У гэдэг хүн орж ирсэн. Энэ хүн олон жил хүнд хүүтэй мөнгө зээлүүлсэн болохоор мөнгө нэхэх гэж байна гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Чимээгүй байхад яахлаараа хүний мөнгө өгөөгүй байж хот явж эмчилгээнд явдаг юм гэхээр нь харьцангуй би 10 минут чимээгүй сонсоод сүүлдээ танай эгч чинь залилан гэхээр нь би ээж рүү хархад ээжийн царай цонхийсон байхаар нь энэ хүнийг гаргахгүй бол болохгүй юм байна гэж бодоод мөнгөнөөс илүү эрүүл мэндийг бодоод өндөг зуураад барьж байсан шанагаа тавиад та ийм юм ярих гэж байвал гар, тэр хүмүүсийг өөрсдийг нь ирхээр ярь та гар гар гэхэд зөрүүлээд миний шанаа руу цохьсон. Барьж байсан утсаараа цохисон байх гэж бодсон. Цохилоо гэхээр нь итгэхгүй байсан. Бараг шоконд ороод байж байхад чи гэрээсээ хөөдөг хэн бэ гээд миний юунаас татаж үүд рүү гаргаад нүүр нүдгүй самардаад намайг цохиод гарыг нь болиулахаар өшиглөөд байсан. Хөлийг нь хаахаар дээгүүр маажаад үс гэзгийг  зулгаахаар нь нүүрээ маажуулчихвий гэж бодож байсан. Би маажсан бол илүү маажих байсан. Би чинь бас болиоч гээд нэг мэдхэд манай дүү дундуур ороод нэг хажуу тал руу холдоод тэгээд би бушуухан гэр лүү зугтаагаад орсон. Би өөрөө хүнтэй хэрэлдэх байтугай хархаар зүрх салгалдаг хүн. За болох байлгүй дээ 300 сая биш болох байлгүй гэж л хэлсэн. Та битий харвасан нөхөр дээр нь очоорой. Надтай яриарай манай дүү авсан нь түмэн буруу. Мэдээж авах гэж байгаа хүн юу эс ярихав гэж би хэлсэн. Энэ хүн мушгин гуйвуулж ярьж байна. Эрүүл байхад болно гэж хэлж байсан. Яагаад энэ хүнд ёс суртахуун байдаггүй юм бэ. Зодооноор шийддэг гэж мэдэхгүй бюм байна. Гарыг нь би хорьсон. Би энэ хүнд гар хүрээгүй. Би хүнийг тийм болгосон байсан бол арай хэтрүүлчихэж гээд уучлалт гуйх байсан. Байцаагчийн хажууд хүртэл намайг толгой өвдөж байхад цохисон. Хүн алдаа хийвэл үүрэх ухамсар байдаг. Маажсан нь зөв л гэж яриад байх шиг байна. Хүнийг эдгээдэг хүн байж яаж хүнийг хохироож чадаж байна вэ гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Огийн өгсөн: ...“Гэрт байхад гар гэж хэлээд хувцаснаас нь татаад гаргахад миний зуүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд хаалгаа хаах гэсэн чинь чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлээд дахиад шанаа руу гараараа 3 удаа цохисон. Би тэр үед цохиулахгүй байх санаатай гарыг нь хаахад миний нүүр лүү самардаад, байсан. Тэгээд дээгүүрээ хамгаалах гэхээр доогуураа хөл рүү өшиглөөд баисан. ...Одоогоор миний зүүн талын шанаа хөндүүртэй байна. Чихэн дотор цус хуралттай байсан гэсэн. Нүүрэн дээр хумсны зулгаралт байна..." гэх мэдүүлэг /хх- ийн 6 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Анарын өгсөн: "...С.Огийг үзэхэд хоёр нүд, хөмсөг, дух орчмоор хумсаар маажигдсан мэт шархтай, эрүү орчим тэмтэрч үзэхэд хөндүүр ихтэй, зүүн шанаа орчим бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Нэмэлтээр С.Ог өөрөө хэлэхдээ чих шуугина хатгуулж зовиурлана, толгой өвдөнө гэх зовиуртай байсан. Үзлэгийн дүнд оношоор зөөлөн эдүүдийн гэмтэл, тархины доргилт гэсэн онош тавиад эрүү нүүрний мэс заслын эмч, чих хамар хоолойн эмч, гэмтлийн эмч нарт үзүүлж толгойд компьютер томографикийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

       

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Аггийн өгсөн:"...Обыг Улаанбаатар луу нөхөртэйгээ хамт эмчилгээ хийлгэхээр явсан гэж хэлсэн. Тэгтэл У яахаараа миний өрийг өгөхгүй байж ийш тийшээ явж эмчилгээ хийлгээд байгаа юм гэсэн. Ог хариуд нь өөрсдөө байхгүй байна. Ирэхээр нь учра аол гэж хэлсэн. Тэсэн У муусайн удмаараа луйварчингууд та нарыг гадуур удмаараа луйварчин айл гэж ярьж байна гэсэн. Тэгээд пижигнээд гараад явцгаасан. Би наад талын өрөөнд байж байгаад гараад хартал манай охиныг цохиж самардаад нүүр амыг нь улаан эрээн болгочихсон байсан. Тэгээд би зээ хүүгээ гараад эгчийгээ салгаж оруулж ир гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Опийн өгсөн: "....Би тухайн үед нээх ч их тоогоогүй орон дээрээ утсаараа оролдоод хэвтэж байсан. Тэгээд нөгөө эгч манай Ог эгч хоёр орцонд орилолдоод эхэлсэн. Манай эмээ хүүш наана чинь гараад хардаа гэсэн. Тэгэхээр нь би гараад хартал манай Ог эгчийг нөгөө танихгүй эгч хувцаснаас нь заамдаад барьчихсан толгой руу гараараа цохиж байсан. ... Намайг харахад У манай эгч Огийг хувцаснаас нь заамдаад толгой руу нь гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би очоод дундуур нь орж салгасан. Тэгсэн тэр эгч намайг түлхээд манай эгчийг 1 удаа өшиглсөн. Тэгэхээр нь би ахиад болиулсан манай эгч гэр лүүгээ ороод тэр У гэх эгч шатаар уруудаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

         Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

         Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №06 тоот дүгнэлтэд:

  1. С.Огийн биед баруун хөмсөгөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 13-14 хуудас/,

Яллагдагч С.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Обын эгч Ог гурил ч юм уу гэмээр юм хутгаж байсан гараараа намайг гэрээс гар гэж хэлээд гадагш нь түлхсэн. Тэгэхээр нь би чи намайг яагаад түлхэж байгаа юм гэж хэлээд гараа алгадах гэж сарвайхад нүүрэнд нь хүрсэн. Намайг зөрүүлээд үснээс зулгаагаад цамцны энгэрээс зулгаасан. Тэгэхээр нь би адилхан гараараа хоёроос гурван удаа нүүр лүү самардсан. ...Би Оюунгэрлийг нүүр хэсэгт нь гараараа хурууны үзүүр хумс хэсгээрээ маажсан. Хоорондоо зууралдаж ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Эд хөрөнгийн лавлагаа /ХХ-ийн 42 дугаар хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.У нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 51-52 тоотод "танай дүү С.Об зээлсэн мөнгөе өгөлгүй хот руу явлаа" гэх шалтгаангаар  маргалдан улмаар С.Огийн толгой, нүүр орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч О.Анарын   мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, гэрч Ж.Аггийн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Опийн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/ болон Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №06 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.У болон хохирогч С.Ог нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, дээрх зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хүний биед халдан  хохирогч С.Огийн биед баруун хөмсөгөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан ба сорви арилгах гоо сайхны эмчилгээнд хийлгэсэн эмчилгээний зардал болон  Улаанбаатар хот явахад гарсан шатахууны зардал зэргийг гэм буруутай этгээдээс гаргуулах гэм хорын хохиролыг хуульд зааснаар гаргах үндэслэлтэй байна. Хохирогч С.Обоос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 829,400 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Уээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч С.Уийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Дүнгээ овогт Содномын Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч С.Ут даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уээс гэм хорын хохирол 829,400 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 36 дугаар байрны 24 тоотод оршин суух хохирогч Номт овогт Самбуугийн Ог /рд:МЗ83050609/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.