| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00022/Э |
| Дугаар | 00023 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00023
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гт холбогдох 1932000870175 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг мандал суманд 1980 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батчулууны Г. /РД:*/
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө үүрийн 05 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамжны 4Б тоотод байрлах иргэн Б.Гтийн гэрт байсан иргэн Г.Өбын эзэмшлийн Самсунг Эс-7 эджи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн........ 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үүрийн 04 цаг өнгөрч байхад дүү Гтийн гэрт орж хүнтэй утсаар ярих гээд орсон чинь орны хажууд ширээн дээр Самсунг маркийн гар утас цэнэглээд байж байсан. Тэр үед миний гар утас дуугарч над руу дуудлага орж ирэхээр нь өөрийнхөө гар утсаар ярьж байгаад уг ширээн дээр байсан гар утсыг аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод би гар утас авснаа санаад эхнэртээ хэлсэн. Тухайн үед би согтуу байсан. Би гар утсыг хөргөгчин дээр орхиод гадуур гарсан хойгуур утасны эзэн нь манай гэрт хүрч ирээд гар утсаа
Манай эхнэрээс авсан байсан. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч Г.Өбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би өөрийн Самсунг эс-7 эджи маркийн гар утсаараа юм үзэж байгаад гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Унтахаасаа өмнө гар утсаа
орны хажууд цэнэглээд үлдээсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө сэрээд гар утсаа үзсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд удалгүй манай ээж Ганчимэг ирээд бид хоёр хажуу талын АЗ ундрал дэлгүүр лүү орж камер шүүж үзсэн чинь улаан малгайтай, хар алаг өнгийн өмдтэй, улаан цамцтай хүн өглөө үүрээр 05 цаг 40 минутын үед эгчийн хашаа руу ороод буцаад гарч явж байгаа нь бичлэг байсан. Энэ бичлэгийг хөрөө раманд ажилладаг танихгүй ахад үзүүлсэн чинь нөгөө бичлэг дээр гарсан хүнийг таниад Батчулуун гэдэг ахын хүүхэд болохыг мэдсэн. Тэгээд аав дээр нь очиж уулзаад гэрийг нь заалгаад гэрт нь очсон чинь байгаагүй. Бичлэг дээр гарсан ахын эхнэр нь байхаар нь танай нөхөр миний утсыг аваад явсан байна гэж хэлээд өөрийнхөө хулгайд алдсан гар утсыг авсан чинь гар утасны хойд талын шилийг юмаар хөшиж хагалаад салгачихсан байсан. Тэгээд би гар утсаа авсан. Энэ ахыг би сайн танихгүй хэн гэдгийг сайн мэдэхгүй миний утсыг эвдчихээд янзалж өгөхгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. Өөр юм болоогүй.... Утасны эвдрэлд Гоос 20000 төгрөг авсан гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/
Гэрч Н.Угын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр 07 цагийн үед согтуу орж ирээд нэг утас гартаа барьчихсан би энэ утсанд сим картаа хийж ярьмаар байна гээд байсан. Би чи юун утас юм бэ хэний утас юм бэ гэсэн чинь дүү Гтийн утас байна нэг бол би энэ утсыг олсон юм гээд байхаар нь би тоогоогүй унтаад өгсөн юм. Тэгээд сэрээд харсан чинь манай нөхөр гараад явчихсан байсан. 11 цаг өнгөрч байхад утас дуугарахаар нь харсан чинь хадам аав залгаж байсан. Наад Г чинь утас авч очсон уу энд бэр Тогосоогийн дүү утсаа хайгаад байна гэж асуухаар нь нэг утас барьж ирэх нь ирсэн өөрөө байхгүй байна гэж хэлсэн чинь манай хүүхэд хөргөгчин дээр нэг утас байна гэхээр нь би хадам аавд хөргөгч дээр нэг утас байна гэсэн чинь наад утсаа гагнуур дээр аваад хүрээд ир гэж хэлээд тасалсан. Удалгүй араас нь нэг дугаар залгаад та хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь би утасны эзэн байна танайд яваад очъё гээд манайд ирсэн чинь манай бэр Гантогосын эгчийнх нь хүүхэд Өб байсан. Бид хоёр цуг гараад хадам аавын гагнуур дээр очоод Өб эгчээ миний утасны арынх нь наалт хагарцан байна дэлгэцээ хагалаад арай гэж янзлуулах гэж байхад бас дээрээс нь ар талыг нь хагалцан байна гэхээр нь за эгч нь тэгвэл янзлаад өгье гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа утасных нь арын наалтыг янзалж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 54 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 30 дугаар хуудас/
Б.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 31 дүгээр хуудас/
Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 34 дүгээр хуудас/
Самсунг эс-7 эджи маркийн гар утсыг 350000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 51р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө үүрийн 05 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамжны 4Б тоотод байрлах иргэн Б.Гтийн гэрт байсан иргэн Г.Өбын эзэмшлийн
Самсунг Эс-7 эджи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Г нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Өб нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.