| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00013/Э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 00015
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Дд холбогдох 2003000030051 дугаартай эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод гагнуурчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Уулын бүргэд овогт Чулуунбатын Д. /РД:*/
Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын ажилчдын хувцас солих өрөөнд иргэн Б.ОЭийн хувцсаа сольж байхдаа орхиод гарсан Huawai p20 lite маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дий өгсөн ....... 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 50 минутын орчимд Депогийн ажилчдын хувцас солих өрөөнд хувцсаа сольж байтал шкаф дээр нэг гар утас байсан. Тэгэхээр нь аваад өөрийнхөө хувцасны шкаф руу хийсэн. Тэгээд хувцсаа сольж дуусаад уг гар утсыг хармаандаа хийгээд гэр лүүгээ харьсан. Хуавай пи 20 маркийн гар утас байсан. Дууг нь хаагаад хармаандаа хийсэн. Тэгээд гар утсыг таксинд өгч хот руу явуулаад Улаанбаатар хотод кодыг нь гаргуулж авчраад охиндоо бариулж байсан. Тэгээд гар утсыг нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгчид өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.ОЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 00 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зүүнхараа зангилаан дахь ачааны вагон засварын ажилчдын хувцас солих өрөөнд ажлын хувцсаа солиод гарч явах үедээ өөрийн хуавай пи 20 маркийн гар утсаа хувцасны шкаф дээр тавиад үлдээснээ санасан юм. Тэгээд буцаад хувцас солих өрөөнд очиж гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан. Би утсаа үлдээгээд буцаж очих хугацаа 10-15 минут орчим болсон.... Би өөрийн гээгдүүлсэн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18-20 дугаар хуудас/
Гэрч Х.Яжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 12 дугаар сарын Юнивишний төлбөр төлөх гээд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Юнителийн салбар дээр очих үедээ 1000 төгрөгөөр 88581262 гэсэн дугаар авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ дугаарыг өөрийн айпоне 6 маркийн гар утсанд хийж ашиглаж байхад манай нөхөр Ч.Д ломбарднаас худалдаж авсан гэж Хуавай пи 20 маркийн гар утас авч ирсэн. Тэгээд тэр утсанд * гэсэн дугаарыг хийж ашиглаж хүүхдэдээ хэрэглүүлж байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/
Huawai p20 lite маркийн гар утсыг 350000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт /Хх-н 33 дугаар хуудас/
Ч.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 61 дүгээр хуудас/
Ч.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын ажилчдын хувцас солих өрөөнд иргэн Б.ОЭийн хувцсаа сольж байхдаа орхиод гарсан Huawai p20 lite маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Дий хохирогч Б.ОЭийн Хуавай пи 20 маркийн гар утсыг авсан үйлдэл нь уг гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг
таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Дий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 02 сарын хугацаанд 2 хувааж сард 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.ОЭэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Уулын бүргэд овогт Чулуунбатын Дийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д нь 500000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.