Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00028

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Нд холбогдох 1932002480011 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хам амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 21 дугаартай шийтгэх тогтоолоор2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн

- 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 03 сар 22 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваагийн Н. /РД:*/

 

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 18-19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 65 тоотод байрлах Н.Бдийн гэрт хамт архи ууж байхдаа түүний Самсунг А-50 загварын гар утсыг хулгайлан авч явж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нийн өгсөн ......... 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Баянхангайгаас уруудаад гэртээ харих гэж явж байгаад Бдтой тааралдсан. Тэгсэн чинь Бд шагнал авсан гээд хоёулаа ганц юм уух уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд хамт төмөр замын дэлгүүр орж нэг литрийн Чингис архи авсан. Тэгээд Бдийн гэрт орж архи уусан. Дахин архи авах гээд би дэлгүүр явсан чинь Бдийн картны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэр үед Бдийн утас миний хармаанд байсан. Би очоод үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн чинь Бд гарч яваад нэг шил архи авчирсан. Тэр архийг нь би уучхаад согтоод гарсан. Тэгэхдээ гар утсыг нь өгөхөө мартаад гарсан байсан. Гэртээ хариад унтаад өглөө сэрсэн чинь нөхөр маань чиний хармаанд чиний утаснаас өөр утас байна гэхээр нь өө би хүний утас аваад ирж аваачиж өгье гээд байж байтал Бд 2 цагдаа дагуулаад хүрч ирсэн. Би буруугаа хүлээж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Н.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед гэр лүүгээ харьж явсан чинь вокзалын ард зүс таних жаахан юм уучихсан согтуу хүүхэнтэй тааралдсан чинь нөгөө хүүхэн намайг нэг шил архины мөнгө өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад архины мөнгө бол байхгүй харин гэрт нэг шил архи байгаа гэж хэлээд тэр зүс таних хүүхний хамт манай гэрт ирсэн. Тэгээд би гэртээ байгаа 0.5 литрийн Чингис архийг гаргаад бид хоёр нийлж хувааж уугаад талд нь ортол уусан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн би харилаа гээд гэрээс гараад явсан. Тэгээд би 19 цагийн орчимд өөрийнхөө гар утсаар ярих гэсэн чинь миний Самсунг А-50 маркийн гар утас алга болчихсон байсан. Тэгээд цагдаа дээр ирж дуудлага өгөөд нөгөө надтай хамт архи ууж байсан хүүхний талаар хэлээд цагдаатай цуг нөгөө хүүхний гэрт нь очоод барьж явсан цүнхийг нь цагдаа үзсэн чинь миний утас гараад ирсэн. Тухайн үед надад гар утас маань хэрэг болоод байсан учир би гар утсаа аваад явсан. Нөгөө хүүхнийг цагдаа нар авч явсан ... Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зүүнхараа мобикомын салбараас шинээр нь 850000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авсан гэрээ нь надад байгаа гэх мэдүүлэг /Хх-н 07-08 дугаар хуудас/

Алдагдсан Самсунг А-50 загварын 1 ширхэг гар утсыг 850000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /Хх-н 14 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 25 дугаар хуудас/

Д.Нийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 26 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 18-19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 65 тоотод байрлах Н.Бдийн гэрт хамт архи ууж байхдаа түүний Самсунг А-50 загварын гар утсыг хулгайлан авч явж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Нийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Н нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч Д.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

ХохирогчН.Бд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Нийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.