Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01041

 

Б.Дий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03699 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 607 дугаар магадлалтай,

Б.Дий нэхэмжлэлтэй

“М К”ХХК, Д.Пнарт холбогдох

Гэм хорын хохиролд 20 959 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунчимэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д би Налайх дүүрэг дэх “М К”ХХК-ийн Горхи family resort амралтын газрын үйлчилгээний барилгын өргөтгөлийн барилгад 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс туслах ажилтнаар ажилласан. Өргөтгөлийн барилгын ажлыг Д.Далайбаяр захирлын төрсөн ах Д.Пхариуцаж байсан бөгөөд компаниас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 өдрийн цалин гэж 105 000 төгрөгийг олгосон. Цалин олгосны маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагийн орчимд барилгын талбай дээр байсан хөөсөнцөрүүд салхинд хийсч, барилгын ажилчид хөөсөнцөрүүдийг цуглуулах, хийсэх гэж байгааг нь даруулах зэргээр ажилласан. Би хөөсөнцөрүүдийг салхинд хийсгэхгүй тогтоож байтал хөөсөнцөрийг хийсгэхгүй гэж дарж тавьсан төмөр бэлдэцийн тайрсан хэсэг салхинд хийсч би нүүрээрээ цохигдон маш ихээр өвдөж их хэмжээний цус гарсан. Энэ үед Д.Пдарга эмнэлгийн түргэн тусламж дуудаж, өөрийн автомашиндаа намайг суулган түргэний автомашиныг тосч, замдаа түргэний автомашинтай тааралдаж, эмч нь надад тариа хийгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачих үед би ухаан алдаж, Улаанбаатар хотод Баянгол дүүрэгт байдаг Монгол хьюндай эмнэлэгт ухаан орсон. Эрүүл мэндийн төвийнхөн намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэж тэндээс Монгол хьюндай эмнэлэгт аваачиж, яаралтай мэс засал хийлгэснээр амь нас минь аврагдсан. Монгол хьюндай эмнэлэгт 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 20-ны өдрийг хүртэл, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 13, 2016 оны 06 дугаар сарын 16-наас 21-ний өдрийг хүртэл тус тус хэвтэж эмчлүүлж яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ болон нулимсны хиймэл суваг суулгуулах зэрэг мэс заслуудыг хийлгэсэн. Цаашид нүүрэнд суулгасан ялтас, хадаас болон нулимсны хиймэл сувгийг авахуулах, нүдний ухархайд хиймэл нум тавиулах, хараа тэнцвэржүүлэх, нүүрний дүр төрхийг нөхөн сэргээх, их хэмжээгээр алдагдсан цусыг төлжүүлэх зэрэг хагалгаа, яаралтай хийлгэх шаардлагатай байгаа боловч төлбөрийн чадваргүйгээс өнөөдрийг хүртэл хойшлогдож, тэр хугацаагаар эрүүл мэнд маань хохирсоор байна. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актанд ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1, 2.1.6, 3.2-т заасан үйлдвэрлэлийн осол болох-ьг тогтоосон байдаг бөгөөд Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 11 дүгээр 24-ний өдрийн 112120 дугаартай шийдвэр болон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Өнгөрсөн хугацаанд мэс засал болон мэс заслын дараах эмчилгээнд 16 694 916 зарцуулагдсанаас 10 000 000 төгрөгийг ”М К”ХХК-иас гаргасан. “М К”ХХК 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хийж олох боломжтой байсан 7 630 000 төгрөгийн орлогыг хариуцан төлөх ёстой. Өнгөрсөн 2016 оны ажлын 244 хоногийг 12 сараар тооцоход 1 сард 20.3 ажлын хоног ногдохоор байгаа бөгөөд 1 сарын дундаж ажлын 20 хоногийг 1 өдөрт олгож байсан 35 000 төгрөгийн цалин хөлс болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 9 сараар тооцоход ажил олгогч ”М К”ХХК нь 6 300 000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүргийг хүлээж байгаа учраас энэ нөхөн төлбөрийг гаргуулна. Иймд “М К”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайбаяраас мэс засал болон мэс заслын дараах эмчилгээнд зарцуулаад байгаа зардлын үлдэгдэл 6 694 916 төгрөг, хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан гарсан зардал 122 900 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил хийж олох боломжтой байсан орлого болох 7 630 000 төгрөг, 6 300 000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 20 959 306 төгрөгийг гаргуулж Б.Д надад учруулсан гэм хорыг арилгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М К”ХХК-ийн төлөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мандал консалтинг ХХК-ийн барилга дээр 14 цаг буюу цайны цагийн үеэр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй салхи гарсаны улмаас Б.Дий эрүүл мэндэд хохирол учирсан. Өөрөөр хэлбэл “М К”ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээгүй байх тул гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй. Мөн хэдэн төгрөг нэхэж байгаа нь тодорхой биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 14 цагт ажилчид цайндаа орж байхад гэмтэл авсан. Мөн Монгол хьюндай эмнэлгийн тодорхойлолтод 16 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж мэс засал хийгдсэн. Одоо үлдэгдэл 6 000 000 төгрөгийн ялтас солиулах эмчилгээ хийгдэнэ гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хууль зүйн туслалцаатай холбоотой мөнгө бол хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь өмгөөлөгч нь үнэгүй өмгөөлж байгаа гэж тайлбар хийсэн хирнээ хууль зүйн туслалцааны зардал гэж оруулж байгаа нь зөрүүтэй байна. Ажил хийж олох байсан гэсэн төлбөрийн тухайд бол тухайн ажил нь урт хугацааны ажил биш байсан. Гэтэл байнгын тасрлалтгүй ажлын байранд ажиллаж байсан мэт тайлбарласан нь үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03699 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч “М К”ХХК-иас 6 586 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс 14 372 646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Мандах консалтанг ХХК-иас 120 336 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 607 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03699 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М К”ХХК-иас 14 216 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 422 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 120 336 төгрөг гэснийг 229 033 төгрөг гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М К”ХХК-ийн төлсөн 120 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх маргалдаж буй талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Шийдвэрт “...нэхэмжлэгч Б.Д хариуцагч “М К”ХХК нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, ...” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанд дүгнэлт хийж эрх зүйн ямар харилцаа үүссэнийг тодорхойлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж бодит үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “М К”ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн “Горхи фамили резорт” амралтын газрын өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Д.Пүрэвсүрэнтэй 2016 оны 03-р сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Тухайн амралтын газрын өргөтгөл гэх ажил нь контейнеруудыг хооронд нь нийлүүлж гагнан байшинг өргөтгөх ажил байсан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч Д.Пбарилгын ажлыг 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2016 оны 04-р сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу гүйцэтгэгч Д.Пбарилгын ажлыг ажилчид хөлслөн ажиллуулж байсан бөгөөд цалин хөлсийг нь ажиллуулагч Д.Пөгч байсан болох нь хэрэгт авагдсан Б.Д, гэрч н.Александер болон Д.Пнарын тайлбараар нотлогддог. Гэтэл “М К”ХХК болон Б.Д нарын хооронд хөдөлмөрийн харилцаа болоод хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй атал тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, тус компанид барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан, цалинг “М К”ХХК олгосон гэж бодит үндэслэлгүй дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүх маргалдаж буй талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлсон. Мөн шүүх “М К”ХХК болон Д.Пнарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэхүү үндэслэлээ шийдвэртээ заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 болон 40.2-т заасныг зөрчжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Пболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “...анх барилга дээр ажиллаж байсан Зоригоо гэх залуу манай садангийн дүү ажил байхгүй байгаа, ойр зуурын хар ажил байвал хийлгэх арга байна уу гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн, ...туслах ажилтнаар өдрийн 30 000 төгрөгөөр ажиллуулж байсан, 3 өдрийн ажлын хөлсөнд 105 000 төгрөг өгч, авсан, түүнчлэн Б.Д болон Д.Пнарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Пхохирлыг хариуцахгүй үндэслэлгүй гэж сайн дураар татгалзан гаргасан юм. 1. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх “...хариуцагч “М К” ХХК нэхэмжлэгч Б.Д ийг ажлаа хэвийн явуулах нөхцлөөр хангаагүй, ...үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад ажил олгогч “М К”ХХК талаар тусгасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй” гэж талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Харин хөлсөөр ажиллуулах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд нь Б.Дийг хөлсөөр ажиллуулсан Д.Пболохоос “М К”ХХК нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч биш юм. Гэтэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Пхохирлыг хариуцахгүй гэж өөрсдөө сайн дураар татгалзан гаргасан. Хэдийгээр Б.Д болон компанийн хооронд хөдөлмөрийн харилцаа болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байхгүй хэдий ч Б.Дий эмчилгээний зардал буюу яаралтай хагалгааны зардалд нь 10 000 000 төгрөгийг компаниас сайн дураар өгч түүний амь насыг аварсныгаа хүн ёсны үйлдэл байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Дий эрүүл мэндэд учруулсан гэмтэл, хохиролд “М К”ХХК болон Д.Пнарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг, түүнчлэн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь бодит байдал дээр ослын газар очиж ажиллаагүй бөгөөд Б.Дий аман тайлбараар л акт үйлдсэн байдаг ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн аль заалтыг зөрчсөн, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан зөрчлийг тогтоосон, хариуцлага тооцсон асуудал байхгүй юм. Мөн Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тогтмол нэг байгууллагад ажиллаж цалин хөлс авдаггүй байсан нь түүнийг цалин хөлстэй тэнцэх орлого олдоггүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэж үйлдвэрлэлийн осол гарсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаанд цалин хөлс авах байсан гэж үзэж 7 630 000 төгрөгийг “М К”ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй. “М К”ХХК болон Д.Пнарын хооронд байгуулсан 2016 оны 03-р сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэгч Д.Пбарилгын ажлыг 45 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2016 оны 04-р сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч уг асуудлаас болж барилгын үйл ажиллагаа 2-3 сарын хугацаанд зогсож 2016 оны 8 сард дуусгасан юм. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаар барилгын ажил удахгүй дуусах байсан, мөн барилгын ажлыг 2-3 сараар зогсоож 8 сард барилгын ажлыг дуусгасан байхад Б.Дийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 02 сар хүртэл ажиллаж, цалин хөлс авах байсан гэж үзэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. “М К”ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горхи фамили резорт” амралтын газартаа үйлчилгээний зориулалт бүхий өргөтгөлийн барилга барих ажлыг 2016 оны 04 дүгээр сарын эхээр эхлүүлж, мөн оныхоо 08 дугаар сарын сүүлчээр дуусган ашиглалтанд оруулсан. Энэхүү өргөтгөлийн барилгад Б.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс туслах ажилтнаар ажилласан байдаг. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, мөн Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 112120 дугаартай шийдвэр болон актууд хүчин төгөлдөр байгаа болно. “М К”ХХК нь түр хугацаагаар бий болсон ажлын байрандаа туслах ажилтнаар ажиллуулсан Б.Дтэй хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулах үүрэгтэй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудыг хэрэглэх ёстой байсан. 2. “М К”ХХК болон Б.Д нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ ямар нэгэн хэлбэрээр байгуулагдаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хариуцагч талаас хөлсөөр ажиллах гэрээний талаархи ямар нэгэн тайлбар, нотлох баримт, гомдлыг шүүхэд гаргаагүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсгийг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажил олгогчийн хариуцах нөхөн төлбөр болох 6 300 000 төгрөгийг “М К”ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгох шийдвэрийг гаргана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч тус тус хяналтын гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “М К”ХХК, Д.Пнарт холбогдуулан эмчилгээний зардал 6 694 916 төгрөг, олох байсан орлого 7 630 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 122 900 төгрөг, нийт 20 959 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзахдаа осол гарахад байгалийн давагдашгүй гэнэтийн хүчин зүйл нөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаагүй гэж маргажээ.

Б.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “М К”ХХКомпанийн  амралтын газрын үйлчилгээний барилгын өргөтгөл дээр ажиллаж, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр талбай дээр салхинд хийссэн хөөсөнцөрийг цуглуулж байхдаа хөөсөнцөрийг дээрээс нь дарж тавьсан төмөр унаж, нүүрийг нь цохиж, хүнд гэмтэл учирч,  хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хариуцагч “М К”ХХКомпани нь ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл байдлыг бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай байдал  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0112120 тоот Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/220 тоот тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон, шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт дэх заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч “М К”ХХКомпаниас эмчилгээний зардалд 6 586 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэмэгдүүлж, 14 216 660 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлийг магадлалдаа тодорхой тусгасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн барилга дээр 3 өдөр ажиллаад 105 000 төгрөгийг авсан, маргааш нь осолд орсон байх ба зохигч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул нөхөн төлбөр  6 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч “М К”ХХКомпани нь барилгын үйл ажиллагааг явуулж байхдаа хөөсөнцөрийг зохих журмын дагуу хадгалаагүйгээс салхинд хийссэн, хөөсөнцөрийг тогтоохын тулд дээр нь төмөр тавьсан үйлдэл нь аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан зүйл байхгүй тул гэм буруугүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино. 

Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ба хариуцагч “М К”ХХКомпанийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байна. .

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 607 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА