Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

             Гомдол гаргагч: Улаанбаатар хот дахь  Г г Хязгаарлагдмал хариуцлагатай компани /Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000124599 дугаартай гэрчилгээнд бичигдсэнээр/-ийн гомдлоор

              Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-д холбогдуулан үүсгэсэн

   Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 11-07-039/01 дугаар бүхий Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Г г ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн 11-07-039/01 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 10000000 төгрөгийн торгууль, 9600000 төгрөгийн газрын хохирлын нөхөн төлбөрийг оногдуулсан. Гомдол гаргагч дараах үндэслэлээр дээрх шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Нэгдүгээрт: Гомдол гаргагч Г г ХХК нь 2017 оны Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай Дорноговь аймгийн засаг даргын А/435 тоот захирамжийн дагуу зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарснаар 2017 оны 09-р сарын 06-ны өдрийн А/640 тоот захирамжаар газар эзэмшсэн. Үүн дээр талууд маргахгүй байгаа. 

Эзэмшлийн газар нь хавтаст хэрэг болон зөрчлийн материалд авагдсан гэрч нарын мэдүүлэг, холбогдох мэдээллээс харахад тухайн газар дээр эдийн засаг, стратегийн хувьд хийгээр цэнэглэх станц барихад тохиромжгүй байсан тул байршлыг бага зэрэг өөрчилсөн нь үнэн. Учир нь ойролцоо орших зочид буудлын зам дээр газар олгогдсон бөгөөд шууд зочид буудлын замыг хаагаад хийгээр цэнэглэх станц барих боломжгүй байсан. Энэ нь материалд авагдсан кадастрын зураг, бусад баримтаар нотлогдож байгаа.  

Хариуцагчийн зүгээс Г г ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч Г г ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэснийг гомдол гаргагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь манай компанийн зүгээс барилгын ажлыг холбогдох зөвшөөрлийн дагуу эхэлсэн тул 10000000 төгрөгийн торгууль бус зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 хүртэл нэгжээр торгох асуудал л  яригдах байсан гэж маргаж байна. 

Хоёрдугаарт: 9600000 төгрөгийн газрын хохирлын нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлбөр тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батлахаар хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу 2017 оны 07-р сарын 04-ний өдрийн Улсын ерөнхий прокурорын А/75 дугаар тушаалаар “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг баталсан байх бөгөөд хариуцагч энэ журмыг баримталж хохирол тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайлбал тухайн журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу тооцно” гэж заасан. Гэвч хариуцагч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Г г ХХК-ийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлаагүй. Хэрэв Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлаагүй бол журмын 3.3 дугаар зүйлд “Зөрчлийн тухай хууль болон бусад захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар эрх бүхий албан тушаалтан Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч томилж нөхөн төлбөрийг тогтооно” гэж заасан. Гэтэл зөрчлийн материал, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үүнд хоёр албан бичгийг үндэслэж хохирол тооцсон гэдэг нь харагдаж байна. Хариуцагч нэгэнт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хохирол тооцож байгаа бол мөн хуульд зааснаар энэ хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг баримтлах ёстой байсан. Гэтэл хариуцагч энэ журмыг баримтлахгүйгээр хоёр албан бичиг үндэслэж хохирол тооцсон нь үндэслэлгүй гэж гомдол гаргагчийн зүгээс маргаж байна. 

Мөн журмын ерөнхий хэсэг дээр юуг хохирол гэж тооцох талаар заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулна...” гэж заасан байгаа. Үнэхээр хохирол гэж үзсэн бол нөхөн төлбөрийг юунд зарцуулах  талаар баримт нь байхгүй байна. Түүнчлэн 2017 оны 10-р сарын 09-ний өдөр цахилгаан техникийн нөхцөл, 2017 оны 10-р сарын 22-ны өдрийн  АТД/2016 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн барилгын ажил эхлэх зөвшөөрөл, 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн КД45/2017 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс хүлээж авсан актын дагуу тухайн газарт хийгээр цэнэглэх станц барьсан бөгөөд улсын комисс тухайн газарт хохирол учраагүй гэж үзэн барилга байгууламжийг хүлээж авсан байхад хохирол тооцож хохирлын нөхөн төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт барилга байгууламж барьж үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байхад тэр барилга байгууламжийг нурааж, газрыг нь тэгшлээд 9600000 төгрөгийн хохирлыг нөхөн төлнө гэсэн асуудал ярьж болохгүй. Улсын комисс хүлээгээд авчихсан учраас хохирол арилгах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас хохирол учирсан гэж үзэн нөхөн төлбөр оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь логикийн хувьд бодит байдал болон хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэж үзэж байна. 

Хариуцагчийн зүгээс одоо гаргаж байгаа тайлбараар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан асуудал миний эрх хэмжээний асуудал биш учраас Барилгын тухай хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн гэсэн боловч эсрэгээ Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөрчилтэй болох нь  харагдаж байна. Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор хариуцлага хүлээлгэж байгаа бол тухайн хууль тогтоомжид нийцсэн байдлаар тайлбар гаргах ёстой. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зөвхөн барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бол гэж заасан байгаа бөгөөд барилгын үйл ажиллагаа эхлэхдээ зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн агуулга байхгүй. Өмнө нь үйлчилж байсан хууль дээр ингэж заасан байсан учир өмнөх хуулийн агуулгаар хуулийн заалтыг ойлгож байгаа гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм. Нөгөө талаар Г г ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлтэй байхад барилгын үйл ажиллагаа эхлэхдээ зөвшөөрөлгүй байсан гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. 

Хариуцагчийн зүгээс Г г ХХКомпанийг нэг үйлдлээрээ олон хууль тогтоомж зөрчиж төр, ард иргэдэд хохирол учруулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.  Мөн Автозамын тухай хуулийн дагуу төв замаас 51 метрийн зайд барилга байгууламж барих ёстой байтал манай компанийг газраа дур мэдэн өөрчилж барилга байгууламж барьсан гэж тайлбарлаад байна. Хэдийгээр өнөөдрийн маргаж байгаа шийтгэлийн хуудсанд энэ асуудлыг дурдаагүй, энэ талаар маргаагүй боловч хариуцагч ийм тайлбар гаргаад байгаа учир энэ талаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Автозамын тухай хуулиар автозамын зурвас газар тухайн замаас 25 метрийн зайд байхаар заасан гэдгийг хэлмээр байгаа бөгөөд өнөөдрийн Г г ХХКомпанийн барьсан автомашин хийгээр цэнэглэх станц нь автозамын зурвас газраас 25 метрийн зайд байгаа, тиймээс автозамтай холбоотой асуудал энд яригдахгүй. 

Зөрчлийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн ганц л хүн байгаа бөгөөд энэ нь гомдол гаргасан О.Г гэх иргэн. Бусад ард иргэд, төрийн байгууллагын эрх ашиг энд хөндөгдөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу О.Гыг хохирогч гэж үзэх юм бол О.Гын зүгээс өөрт учирсан хохирлоо тогтоогоод учирсан хохирлоо нөхөн төлүүлье гэсэн асуудал яригдах ёстой байсан. Гэвч хохирогч тогтоогдоогүй байхад хохирол тооцсон байгаа нь хууль буруу хэрэглэсэн болох нь харагдаж байна. О.Г гэдэг хүн нь Дорноговь аймгийн Сайншанд суманд хийгээр цэнэглэх станц ажиллуулдаг иргэн хүнийхээ хувьд хохирсон гэж үзэх юм бол өмнө нь монополь байсан байдал нь байхгүй болчихоор хохирсон гэж тайлбарлаад байгаа юм уу, эсвэл хариуцагчийн зүгээс ингэж үзээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Г г ХХКомпани нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж эхэлснээр ажлын байр нэмэгдэх, ахуйн газ өмнө борлуулагдаж байсан үнээсээ 500 төгрөгөөр, авто газ литр тутамдаа 300 төгрөгөөр хямдарч Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа үнэтэй ижил борлуулагдаж байгаа бөгөөд энэ байдлаараа өрсөлдөөний шударга байдлыг бий болгож ард иргэддээ үйлчилж байна. Гэвч ямар нэгэн хууль бус зүйл хийсэн мэтээр Г г ХХКомпанийн үйл ажиллагааг харлуулж байгаа нь буруу юм. 

Нэгэнт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж байгаа бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа мөн хуульд заасны дагуу явагдах ёстой бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар Г г ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч болон эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авах ёстой байсан. Гэвч энэ ажиллагааг хариуцагчийн зүгээс хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй бөгөөд Г г  ХХКомпанийн захирал Б.Мд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг танилцуулж, зохих мэдүүлгийг аваагүй нь холбогдох хуулийг зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд зааснаар хохирогчоос ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн талаар мөн мэдүүлэг авсан зүйл байхгүй. Зөрчлийн материалд Дорноговь аймгийн Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн дарга О гэдэг хүнээс мэдүүлэг авсан байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж мэдүүлэг аваагүй. Үүнээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг нь харагдаж байна.

 Мөн үнэлгээтэй холбоотой асуудал яригдаж байгаа тохиолдолд Улсын ерөнхий прокурорын баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох тухай” журмыг баримтлах ёстой байсан. Гэвч хохирол, нөхөн төлбөр тооцохдоо энэ журмыг баримтлаагүй гэдгээ хариуцагч түрүүнд гаргасан тайлбараараа хэлсэн. Уг журмын 3.3 дахь хэсэгт шинжээч томилж үнэлгээ гаргуулах талаар заасан бөгөөд шинжээч томилох асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр явагдах асуудал. Гэтэл өнөөдрийн маргаж байгаа асуудалд прокурорын зүгээс шинжээч томилж хохирол тогтоолгосон зүйл байхгүй байна. 

 Г г ХХКомпанийн зүгээс зөвхөн газрын дуудлага худалдаатай холбоотой асуудлаар 100 000 000 гаруй төгрөг зарцуулсан бөгөөд дуудлага худалдаа зохих хууль тогтоомжийн дагуу явагдсан гэдгийг хэлмээр байна. Хариуцагчийн зүгээс газартай холбоотой болон байгаль орчинтой холбоотой асуудал дээр хяналт шалгалт хийх эрхгүй гэсэн хэрнээ бусдын хийх ажлыг давхар шалгасан мэт харагдаж байна. 

Эцэст нь хэлэхэд нөхөн төлбөр тухайн учирсан хохирлын үр дагаварыг арилгахад зориулагддаг. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дахь хэсэгт заасан болон Улсын ерөнхий прокурорын баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох тухай” журмын 2.2 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл хохирол гэж шууд учирсан үр дагавар байхаар заасан. Иймээс нэгдүгээрт үр дагавар нь нэгэнт арилсан, хоёрдугаарт хохирогч нь өөрөө байхгүй байхад хохирол барагдуулна гэсэн асуудал байхгүй. Иймд маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2017 оны 09-р сарын 28-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Г ирүүлсэн гомдлын дагуу Г г ХХКомпанийн барилга барьж байгаа газар дээр хяналт тавьсан. Хяналт тавихад тус компанийн барьж байгаа барилга байгууламж нь барилгын ажлын зохих зөвшөөрөлгүйгээр эхэлсэн болох нь уг зөвшөөрлийг олгогч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авсан албан бичгээр тодорхой болсон. 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорт Г г ХХКомпанийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг хүргүүлж 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор Г г ХХКомпанийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч захиалагч компани болох Г г ХХКомпанийн удирдлагаас үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүл гэсэн гэх шийдвэрээр үйл ажиллагаа явуулсны дагуу прокурорын тогтоолыг зөрчсөн гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Цагдаагийн байгууллагаас үүнийг дахин шалгаж Г г ХХКомпанийн тухайн гаргасан зөрчилд хялбаршуулсан журмаар арга хэмжээ авсан байдаг. 

Г г ХХКомпани нь барилга байгууламж барихдаа Авто замын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Барилгын тухай хууль гэх мэт олон хуулиудыг зөрчиж нэг үйлдлээр олон зөрчил гаргасан тул хамгийн өндөр санкцаар буюу Барилгын тухай хууль зөрчсөн тохиолдолд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Г г ХХКомпанийн нэг үйлдлээр олон зөрчил гаргасан үйлдэлд нь торгууль оногдуулсан. Хэрвээ гомдол гаргагчийн хэлснээр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар арга хэмжээ авсан бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус Компанид 9600000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 28400000 төгрөг болгож, мөн Газрын тухай хуулийн дагуу 5000000 төгрөгийн торгуулийг нэмж нийт 33400000 төгрөгийн торгууль тавих хуулийн үндэслэл байсан.

 Миний зүгээс Барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулдаг. Миний эрх хэмжээ зөвхөн Барилгын тухай хуулиа баримтлах тул энэ зөрчлийн хэргийг эхэлж нээж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны хувьд прокурортой зөвшилцөөд аль аль талдаа ашигтай байдлаар Барилгын тухай хуулийг баримтлах эрх, үүргийнхээ дагуу хохирлын нөхөн төлбөр болох торгуулийг тавьсан бөгөөд гэхдээ уг хуульд нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт байхгүй тул Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэж, түүнд зааснаар газрын экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцсон ба үүнийг манай аймагт зөвхөн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гаргадаг. Иймд тухайн үед мэргэжлийн байгууллагаар тухайн газрын экологи, эдийн засгийн үнэлгээг нь гаргуулахаар албан бичиг явуулсны хариуд тус газраас эхлээд тухайн газрыг сонгон шалгаруулалтаар авсан гэдэг үүднээс хамгийн бага хохирлын хэмжээ буюу 25000000 гаруй төгрөгийн хохирол тогтоосон байдаг. Үүн дээр прокурор хяналт тавиад Зөрчлийн тухай хуулийн санкцийг оруулах нь үндэслэлгүй гэж үзсэн учраас үүний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын экологи, эдийн засгийн үнэлгээг дахин хийлгэснээр 9600000 төгрөг гэж гаргаж ирүүлсэн. Иймд зөвшөөрөлгүй барилга барьсны улмаас газарт учирсан хохирлыг 9600000 төгрөгөөр тооцож шийтгэлийн хуудас оногдуулсан. 

Байгаль орчныг хамгаалах тухай хууль болоод газар, газрын хэвлийтэй холбоотой асуудлаар энэ хэргийг авч үзвэл эрүүгийн хэрэг болно гэж гомдол гаргагч хэллээ. Хэрэв тэгэх юм бол түрүүний хэлсэнчлэн хамгийн багадаа 33400000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөөр байгаа ба хууль дүрмээ бүрэн судалсан бол энэ талаар тодорхой байгаа. 

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны А/640 тоот захирамжаар олгосон 0.4 га газраас баруун тийш шилжүүлж барилга барьсан гэдэг нь кадастрын зураг дээр тодорхой харагдаж байгаа. Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчин газрыг дур мэдэн өөрчилж, олгосон газраас өөр газарт барилга барьсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Хот байгуулалтын тухай хуулийн дагуу манай аймаг 2014 онд хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэсэн. Энэхүү төлөвлөгөөний дагуу гомдол гаргагчийн түрүүнд хэлсэн зочид буудлын сайжруулсан гэх зам нь сайжруулсан зам биш. Тухайн зочид буудал нь өөрийн зочид буудалд хүрэх замыг хусаж янзалсан төдий зам бөгөөд 2014 онд хийгдсэн хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд энэ талаар тусгагдаагүй. 

Авто замын байгууламжаас газрыг олгохдоо автозамаас 51 метрийн зайд газар олгодог байтал Г г ХХКомпанийн барьсан барилга байгууламж нь Авто замын тухай хуулинд заасан автозамын зурвас газар руу орсон учир Авто замын тухай хууль давхар зөрчигдсөн. Нэгэнт төсөл сонгон шалгаруулалтаар газар авчихаад тэр газар дээрээ эдийн засгийн өндөр зардал гарах байсан, зочид буудлын хусаж янзалсан замыг хаах болсон гэх мэт шалтгаанаар өөр газар барилга барьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Улсын комисс хүлээж авсан гэдэг дээр тайлбар хэлэхэд миний бие тус улсын комисст ажиллаж байсан бөгөөд энэ үйл ажиллагаа нь хууль бус, барилга байгууламжийг хүлээж авахгүй гэж удаа дараа хэлсэн. Гэвч улсын комиссын бүрэлдэхүүнээс намайг хассан. Ингээд улсын комиссын бусад гишүүд оноос өмнө үйл ажиллагааг нь дэмжих үүднээс хүлээж авсан байдаг. Анх гарсан улсын комиссын бүрэлдэхүүн томилох тухай захирамжид миний нэр байсан бөгөөд улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа газар дээр нь биечлэн очиж Зөрчлийн тухай хуулийн дагуу ямар ямар зөрчил гаргасан байгаа талаар нь хэлж байсан. Үүний дагуу Г г ХХКомпани нь улсын комисс ажиллуулахын тулд эхний удаа Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан 10000000 төгрөгийг төлсөн байдаг. Харин газрын хохирлын нөхөн төлбөр 9600000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргасан байна. Гомдол гаргагч сая барилгын ажлын зөвшөөрлийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө авах болон сүүлд авах талаар ярьлаа. Энэ талаар Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. 

Мөн автозамаас 25 метрийн зайд барилга барьсан гэж байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын гол зам нь орон нутгийн чанартай замд тооцогддог бөгөөд Авто замын тухай хууль тогтоомжоор зурвас газрыг гол тэнхлэгээс 60 метрийн зайд буюу хоёр тийшээ 30, 30 метрийн зайтай газар байна гэж үзнэ. Тийм учраас энэ барилга байгууламж нь зурвас газарт орсон. Түүнчлэн тухайн үед зохих зөвшөөрөлгүйгээр гол замаас орц, гарц гаргасан асуудал байсан.   

Гомдол гаргагчаас зөрчил гаргасны улмаас учирсан хохирол байхгүй гэж тайлбарлаж байна. Гэвч барилга байгууламж баригдсан хэвээрээ байгаа учир хохирлын улмаас учирсан үр дагавар арилаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль дээр хохирлын хэмжээг 3 дахин ихэсгэж нөхөн төлбөрийг авна гэсэн зохицуулалт байгаа бөгөөд энэ зохицуулалтын дагуу шууд 3 дахин ихэсгэж нөхөн төлбөр аваагүй. Харин Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээний дагуу хохирлын нөхөн төлбөрийг тооцсон.

Хэн нэгэн хаа дуртай газраа очиж барилга бариад хэн ч хохироогүй гэж яриад байх юм бол энэ нь өрөөсгөл ойлголт болно. Мөн энэ газар нь Дорноговь аймгийн Засаг даргын мэдлийн газар бөгөөд төсөл сонгон шалгаруулалтаар орон нутгийн хөрөнгийг босгодог бөгөөд эргээд хөрөнгө оруулалтаа бүтээн байгуулалтад зарцуулдаг. Энэ байдлыг ноцтойгоор зөрчиж хөрөнгө оруулах орлогыг хааж байгаа асуудал ч яригдана. Иймд эцэст нь хэлэхэд Г г ХХКомпаи нь нь хууль зөрчиж барилга барьсан нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж бодож байна гэв.  

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх гомдол гаргагчийн гомдлоор хуульд заасан журмын дагуу хариуцагчид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхэд гаргасан гомдол гаргагчийн гомдол, түүнд хавсаргасан баримтууд, гомдлыг эс зөвшөөрч хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад авагдсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаас гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дараахь үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Гомдол гаргагч Г г ХХКомпани нь шүүхэд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн тус компанийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, 12.1 дүгээр зүйлийн 2.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасныг баримтлан гомдол гаргагч хуулийн этгээд болох Г г ХХКомпанид 10000000 /арван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэлийг, 9600000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн газрын нөхөн төлбөрийн хамт оногдуулж хариуцлага хүлээлгэсэн, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №11-07-039/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан ба тэрээр уг гомдлын шаардлагын үндэслэлээ;

Шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо дурдсан байгаагаар уг шийтгэлийн хуудсаар торгууль, нөхөн төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар гомдол гаргагчид нотлох баримтыг танилцуулаагүй, мэдэгдээгүй гэж, мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь манай компанийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн АТД-21/2016 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БАЗ-БУ-01/2017 дугаартай барилгын ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн ба харин тухайн газар дээр хийгээр цэнэглэх станц барихад тохиромжгүй байснаар газрын байршлыг бага зэрэг өөрчилсөн нь үнэн тул үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5 мянга хүртэл нэгжээр торгох асуудал л яригдах байсан, мөн 9600000 төгрөгийн газрын хохирлын нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлбөр тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батлахаар хуульчилж, энэ дагуу гарсан 2017 оны 07-р сарын 04-ний өдрийн Улсын ерөнхий прокурорын А/75 дугаар тушаалаар “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг баталсан байх бөгөөд хариуцагчаас уг журмыг баримталж хохирол тогтоогоогүй, нөгөө талаар улсын комисс тухайн газарт хохирол учраагүй гэдгээр барилга байгууламжийг хүлээж авсан байхад хохирол тооцож нөхөн төлбөр болон торгууль ногдуулаад байгааг үндэслэлгүй гэж үзэн маргаж байна гэж тус тус тодорхойлсон бөгөөд,

Харин хариуцагчаас гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, Г г ХХКомпани  нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дүгээрт заасныг зөрчин газрын зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрчилгээгүйгээр газар ашиглаж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан зөрчил болон Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дугаарт заасан барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зөрчлүүдийг тус тус гаргасан ба үүний хамт  Авто замын тухай хууль, Байгаль орчны тухай хуулиудыг давхар зөрчиж нэг үйлдлээр олон зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т  “...хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг үндэслэж Г г ХХКомпанийн нэг үйлдлээр олон зөрчил гаргасан үйлдэлд нь хамгийн хүнд шийтгэл болох Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Барилгын тухай хууль зөрчсөн тохиолдолд 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу торгууль оногдуулж, үүний хамт мөн хуульд заасны дагуу хохиролын нөхөн төлбөрийг оногдуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д заасан газрын экологи, эдийн засгийн үнэлгээг манай аймагт зөвхөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гаргахаар байгаа тул тус газраас гаргуулан авсан үнэлгээг үндэслэж 9600000 мянган төгрөгөөр тооцож шийтгэлийн хуудсыг гаргасан ба тус компанийн гаргасан зөрчил нь Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байтал улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь илт үндэслэлгүй бөгөөд улсын байцаагчийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гарсан тул үндэслэлтэй болно хэмээн тодорхойлжээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүний үндэслэлийн талаар гаргаж буй болон мөн хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч байгаа дээрх тайлбаруудад  үндэслэн  хэргийг хянаж үзвэл дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын орлогчоос тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад Г г ХХКомпани нь барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, мөн эзэмшүүлэхээр олгогдсон газрын байршлыг өөрчилж дур мэдэн газар ашиглаж, барилгын ажил эхлүүлж холбогдох хуулиудыг зөрчиж байгааг шалгаж, арга хэмжээ авах тухай мэдээллийг  2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2/1849 дүгээр албан бичгээр хүргүүлснээр түүнд үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.О зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Дээрх мэдээлэл болон зөрчил шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд дахь шалгалт хийсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлд барилгын ажлын суурь тавигдаж, бэлтгэл ажлууд хийгдэж эхэлсэн талаар тэмдэглэгдсэн байдал, үүний дагуу гарсан “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” тус аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/01 дүгээр тогтоол, мөн гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн гомдолдоо хавсарган ирүүлсэн нотлох баримтууд болох 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан цахилгаан эрчим хүчээр хангах Техникийн нөхцөл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон Барилгын ажлын Зөвшөөрлийн №БАЗ-БУ-01/2017 дугаар гэрчилгээ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/640 дүгээр захирамжаар эзэмшүүлэхээр олгогдсон газар нь зориулалтын дагуух үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байснаар өөрчилсөн нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд гомдол гаргагч Г г ХХКомпани нь түүнд автомашин хийгээр цэнэглэх станц барих зориулалтаар эзэмшүүлсэн газраас өөр газарт, Барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдохоос өмнө /холбогдох зөвшөөрлийг дараа нь авсан/ үйл ажиллагаа эхэлж явуулснаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан”, мөн хуулийн 12.1 дүгээрр зүйлийн 2.1-д “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэж тус тус заасан зөрчлүүдийг тухайн үед гаргасан болохыг үгүйсгэхээргүй байна.

2. Харин хариуцагчаас зөрчлийг шалган шийдвэрлэж гаргасан шийтгэлийн хуудсаар уг хуулийн этгээдийн гаргасан тухайн зөрчлүүдэд шийтгэл оногдуулахдаа  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т  “...хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг үндэслэж, хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдуулан шийтгэлийг оногдуулсан гэж байх боловч түүний зүгээс гаргасан шийдвэртээ баримталсан хуулийн заалтыг  үзэхэд  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасныг баримтлан торгууль болон хохирлын нөхөн төлбөр оногдуулсан шийтгэл хүлээлгэжээ.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр  зүйлийн 2.1-д “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэж байгаа нь зөвхөн тухайн төрлийн зөрчлийг тодорхойлж заасан байх ба түүнчлэн дээрх хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дугаарт “Аж ахуйн нэгж, байгууллага” гэж зааснаар тэдгээрээс мөн зүйлийн  2.1, 2.2, 2.3-т тус тус тодорхойлон заасан зөрчлүүдээс үйлдсэн тохиолдолд  мөн уг зүйл дэх 2.3-т заасан шийтгэлийг оногдуулахаар зохицуулсан байтал хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэхдээ уг зөрчилд оногдуулах шийтгэлийг заасан мөн дээрх хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дахь “Шийтгэл оногдуулах шийдвэр”-ийг зохицуулсан 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... шийтгэл оногдуулах ... хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл ... талаар тусгана.” гэж заасантай нийцэхгүй байх ба хариуцагчаас шүүх хуралдаан дээр хэдийгээр шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь зүйлийг баримтлан торгууль болон хохиролын нөхөн төлбөрийг оногдуулсан гэж тодруулан тайлбарлаж байх боловч тэрээр  дээрх хуулийн уг зүйл, заалтыг  шийдвэр гаргах тухайн үедээ баримтлаагүй болох нь №11-07-039/01 дугаартай шийтгэлийн хуудсанд бичигдсэн байгаагаар тогтоогдож байх тул түүний гаргаж буй тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас №11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсаар Г г ХХКомпанид шийтгэл оногдуулсан байгаагаар тухайн зөрчилд холбогдогч нь дээрх хуулийн этгээд болохын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж байх ба эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийн холбогдогч болох уг хуулийн этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Зөрчлийн тухай хууль дахь “Хууль ёсны төлөөлөгч”-ийн асуудлыг зохицуулсан 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” мөн зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан ... хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэснийг үндэслэн Г г ХХКомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тухайн компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000124599 тоот гэрчилгээнд бичигдсэн байгаагаар тус компанийн захирал /Б.М/-ыг, эсхүл түүнээс олгогдсон итгэмжлэлийн дагуу томилогдсон этгээдийг зөрчилд холбогдогч дээрх хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулахаар байна.

Гэтэл хариуцагч нь зөрчилд холбогдогч Г г ХХКомпанийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх бүхий этгээдүүд болох тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүнээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дээрх хуульд заасан журмын дагуу тогтоолгүйгээр, Г г ХХКомпанийн ерөнхий инженер ажилтай  Б.Э, ахлах инженер ажилтай Ч.У нараас зөрчлийн холбогдогчоор мэдүүлэг авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байх ба улмаар энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох зөрчилд холбогдогч Г г ХХКомпанийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүргийг ноцтой зөрчсөн байна.

Энэ нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргаж буй тухайн үед Г г ХХКомпанийн захиралд зөрчил шалгах ажиллагаа болон гарсан шийдвэрийг мэдэгдээгүй гэсэн тайлбар, мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанийн захиралд энэ тухайг албан ёсоор мэдэгдэж байсан зүйлгүй гэж  байгаагаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн зүгээс гомдлын шаардлагынхаа нэг үндэслэл болгон тайлбарлаж буй “... энэ талаар гомдол гаргагчид нотлох баримтыг танилцуулаагүй, мэдэгдээгүй ...” гэснээр шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тайлбар нь үндэслэлтэй байна.

4. Хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн шийдвэртээ шийтгэл оногдуулж буй хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй атлаа тухайн шийтгэлийн хуудсаар “газрын хохиролын нөхөн төлбөр” гэснээр 9600000 мянган төгрөгийг торгуулийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т “ ... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...” гэж,  мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т  “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Улсын ерөнхий прокурорын  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар  батлагдсан  “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын Хоёрт заасан “Нэр томьёоны тодорхойлолт”-ын 2.2-т “Хохирол” гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна”, 2.3-т “Нөхөн төлбөр” гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан, ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна” гэж тус тус тодорхойлсон байгаа болон түүнчлэн уг журмын Гуравт заасан “Хохирол, нөхөн төлбөр тооцох” тухай зохицуулалт зэргээс үзэхэд “хохиролын нөхөн төлбөр” гэсэн ойлголт байхгүй байх ба харин дээрх хууль, журамд заагдсан агуулгаас үзэхэд хохирол, нөхөн төлбөр гэсэн ойлголт нь хоёр өөр агуулгыг илэрхийлж байхын хамт, учирсан бодит хохиролд үндэслэж, нөхөн төлбөр оногдуулахаар зохицуулагдсан байна.

Хариуцагчаас уг нөхөн төлбөрийг оногдуулсан үндэслэлээ Барилгын техникийн улсын байцаагчийн хувьд Барилгын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулдаг эрх хэмжээнийхээ хүрээнд зөвхөн Барилгын тухай хуулиа баримтлан уг хуулийн дагуу хохирлын нөхөн төлбөрийг тавьсан бөгөөд Барилгын тухай хуульд нөхөн төлбөрийг хэрхэн оногдуулах зохицуулалт байхгүй тул үүнийг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас гаргуулан авсан ”Газрын эко-эдийн засгийн үнэлгээг тооцсон тооцоолол”-ыг үндэслэж оногдуулсан гэж тайлбарлаж байгаагаар тухайн нөхөн төлбөрийн хариуцлагыг “газрын хохиролын нөхөн төлбөр” гэж тодорхойлон оногдуулсан байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтанд Г г ХХКомпанийн тухайн үед “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй”-гээр эхлүүлсэн барилгын ажлын улмаас хэдий хэмжээтэй, ямар хохирол, хэнд учирсан болох өөрөөр хэлбэл хэдий хэмжээтэй газарт, ямар хэмжээтэй хохирол учирсан болох, түүнчлэн энэхүү хохирол буюу үр дагавар нь  “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 2.2-т “...иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн ...” гэж байгаагаар тэдгээрийн алиных нь үйл ажиллагаанд учирсан хохирол болох талаарх нотлох баримт байхгүй байгаагаар Г г ХХКомпанийн гаргасан зөрчлийн улмаас хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна.

Гэтэл хариуцагч нь хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа тус хуулийн этгээдэд  шууд нөхөн төлбөр тооцох хариуцлагыг торгуулийн хамт хүлээлгэсэн нь хууль, журамд “хохирол, нөхөн төлбөр” гэж зааглаж заасан байгаагаар тэдгээрийг тус тусад нь тогтоон тооцох буюу нөхөн төлбөр оногдуулах үндсэн нөхцөл болох хохиролыг бодитойгоор учруулсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээлгэхээр зохицуулсан агуулга, зарчимд нийцэхгүй байх бөгөөд түүнчлэн дээрх журмын 2.3-т  томьёолсноор “Нөхөн төлбөр” гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан, ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ ...” байхаар тодорхойлогдсон байгаагийн дагуу улсын байцаагчийн зүгээс тухайн газрын нөхөн төлбөрийг тооцохдоо түүнийг устсан, гэмтсэн, хорогдсон, үрэгдсэн байх нөхцөлийн алинд нь хамааруулж тогтоосон үнэлгээг үндэслэж  оногдуулсан нь мөн тодорхойгүй байна. 

Иймд хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэж гарсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно”, 3.3-т “Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Гомдол гаргагчаас хариуцагчийг тухайн нөхөн төлбөрийг оногдуулахдаа Улсын ерөнхий прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу батлан гаргасан нөхөн төлбөр тооцон оногдуулахад дагаж мөрдөх журмыг баримтлалгүйгээр холбогдох газраас гаргуулан авсан гэх албан бичгийг үндэслэж хохиролын нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан хариуцагч нь албан бичиг нь хууль ёсных тул түүнийг үндэслэж нөхөн төлбөрийг тооцсон нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаагаар тэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, нөхөн төлбөр тооцоход удирдлага болгож мөрдүүлэхээр батлан гаргасан дээрх журмыг баримтлаагүй нь тогтоогдож байгаагаар энэ нь тус журмын 7.1-д “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах ажиллагаанд энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгож, хохирсон хүн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулах ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүй байх  тул гомдол гаргагчийн  гаргаж буй тухайн тайлбар нь үндэслэлтэй байна. 

Мөн хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд уг зөрчлийн улмаас ямар этгээд хохирсон болох нь тодорхойгүй, мөн хохирогчоор мэдүүлэг авсан үйл ажиллагаа явуулаагүй атлаа тухайн зөрчлийн талаарх мэдээллийг анх өгсөн этгээд болох Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын орлогч албан тушаалтай О.Г зөрчлийн хэргийг танилцуулахдаа “Хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэлд гарын үсэг зуруулан танилцуулсан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

5. Иймд дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчаас тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт буюу зөрчлийг шалган шийдвэрлэхдээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дахь “Эрх бүхий албан тушаалтан”-ы хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, мөн хууль дахь “Зөрчил шалгах ажиллагаа”-г зохицуулсан 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байгаагаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байгаагийн хамт, мөн хариуцагч нь гомдол гаргагч хуулийн этгээдийн гаргасан зөрчлийн улмаас учруулсан гэх хохиролыг тооцож, тогтоолгүйгээр нөхөн төлбөр оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч Г г ХХКомпанийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Г г ХХКомпанийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.О/-ийн  2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж гомдол гаргагчид буцаан олгосугай.

 

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай. 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЦЭНД