Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0455

 

 

 

 

 

 

 

Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Л.Э-т “Хонх тооройт”-ын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэх шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн А/135 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ж.Ч миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт 1991-1999 оны хооронд аав, ээжийн хамтаар мал маллан амьдарч байгаад 1999 онд тусдаа гарч одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Миний аав н.Ж нь 1955 оноос “Хонх тооройт”-ын өвөлжөөнд өвөлжиж байгаад 2011 онд нас барсан. Үүний дараа сумын газрын даамал Р.С-ээс аавынхаа нэр дээр байсан газрын авахаар үе залгамжлах гэрчилгээ авах тухай хүсэлтээ гаргахад элдэв шалтаг тоочсоор байгаад гэрчилгээ олгох ажлыг хойшлуулсаар байсан бөгөөд ах Ж.Б-д байсан газрын гэрчилгээг хуурч авсан байсан.

Ингээд өв залгамжлах гэрчилгээ гаргаж өгөхгүй байсаар байгаад 2016 онд Л.Э-т өвөлжөөний бууц эзэмших гэрчилгээ гаргаж өгснийхөө дараа А бид хоёрт гэрчилгээ гаргаж өгсөн. Өв залгамжлалын гэрчилгээ авахад 40 жил эзэмшсэн газрын гэрчилгээ шаардлагатай болсон учраас Р.С-ээс гэрчилгээгээ авъя гэхэд архивд шүүгээд ч байхгүй байна гэж хэлсэн.

Сумын Засаг даргын 2010 оны захирамжаар н.Ж, А, Ж.Ч гэсэн гурван хүн Хонх тооройтын өвөлжөөнд 3000 м.кв газар эзэмшиж байсан ба энэ газраас 1000 м.кв газрыг Л.Э-т өгсөн байсан.

Бидний газарт Л.Э багтах боломжгүй учир 1000 м.кв газар олгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Л.Э 2017 онд эхнэр А-тай ирж өвөлжөөний хоёр хашааны нэгийг нь зааж өг, малаа аваад зайл гэж үг хэлээр доромжлон, удаа дараа сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Мөн намайг хонио хариулж явахад хүүтэйгээ нийлж зодсон. Ер нь удаа дараа элдэв муу үгээр дайрч, дарамталдаг. Үүнээс болж миний эхнэрийн сэтгэл санаанд өөрчлөлт орж байнгын эм уудаг болсон.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй бөгөөд аавын минь амьд байхдаа эзэмшиж байсан газарт болон уг газрыг эзэмшихээр хүсэлтээ гаргасаар байхад өвөлжөөг давхардуулан Л.Э-т олгосон эл нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Л.Э 1997 онд Рашаант багийн иргэн байгаагүй. 2010 оны захирамжид 1991, 1997 оны захирамжийг хүчингүй болгосугай гэсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байнагэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Ч-гаас “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/135 дугаар захирамжийн Л.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ “...миний өвөлжөөний газар эзэмших захирамж хүчинтэй хэвээр, аав н.Ж-ийн эзэмшиж байсан газрыг авахаар өв залгамжлалын гэрчилгээ гаргуулах гэхэд захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар байх бөгөөд Л.Э-т өвөлжөөний газрыг хуваан эзэмшүүлснээс болж миний газар эзэмших эрхэд халдсан...” хэмээн маргасан байна.

Гуравдагч этгээд Л.Э нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар “Хонх тооройт” өвөлжөөний газрыг н.Ж, А, Ж.Ч нартай хамтран эзэмшихээр болсон бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд нь зэргэлдээ хоёр газар болох нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийж баримтжуулсан фото зургуудаар тогтоогдож байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгээр нэхэмжлэгч Ж.Ч, гуравдагч этгээд Л.Э нарын эзэмшиж буй газрууд давхцалгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар н.Ж, А, Ж.Ч нарт “Хонх тооройт”-ын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлсэн байх бөгөөд тус сумын Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор маргаан бүхий өвөлжөөний газрыг Ж.Ч, А, Л.Э нарт тус тус хамтран эзэмшүүлэхээр нутгийн хилийн зааг тогтоожээ.

Хэдий дээрх тогтоолоор “Доод тал нь байцын шилээр хярлаад арлана. Дээд тал нь Улаан өвөр хярлаад Пүнзний үзүүрээр Гүрийн үзүүр байна” гэж хилийн заагийг тодорхойлсон боловч маргаан бүхий өвөлжөөний газрын аль хэсгийг Ж.Ч, аль хэсгийг Л.Э эзэмшиж байгаа, мөн н.Ж-ийн эзэмшиж байсан газар хаана байгааг заагласан захиргааны байгууллагаас тогтоож өгсөн зааг хязгаар нь тодорхойгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ч болон гуравдагч этгээд Л.Э-ийн эзэмшлийн газрууд нь шүүхийн үзлэгээр зэрэгцээ харагдах боловч давхцалгүй гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...одооноос орон нутгийн иргэдийн эзэмшиж, ашиглаж буй газрын зааг хязгаарыг программд оруулж эхэлсэн, анх газар эзэмшүүлж байхад тодорхой зааг хязгаарыг нарийвчлан зааж өгөөгүй ... өмнө нь ийм программ байдаггүй байсан” гэж тайлбарлаж байх боловч тус сумын Засаг дарга нь газар эзэмших талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахын өмнө тухайн газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэх, тухайн нэгж талбаруудын хилийн зааг ямар байдлаар тодорхойлогдсон эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй алдаатай шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 1000 м.кв, гуравдагч этгээд Л.Э 1000 м.кв эзэмшиж байгаа бөгөөд газрын хил заагийг тодорхойлсноор талуудын нэгж талбарууд зөрүүтэй эсэх, газрын хил заагийг хэрхэн төлөвлөсөн талаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нөхцөл байдлууд тодорхой бус энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх боломжтой ажиллагааг нөхөн тодруулах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээнээс хэтэрсэн, эдгээр тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, зохих нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/135 дугаар захирамжийн гуравдагч этгээд Л.Э-т холбогдох хэсгийг 6 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар өвөлжөөний тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах, 52.7-д зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хэдий ч уг маргааны хувьд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь чухам ямар хэмжээгээр, ямар солбицол, газрын аль байршлыг эзэмших  нь тодорхойгүй байна. 

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д зааснаар газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх, 16.9-д зааснаар хэсгээр дундаа эзэмшиж, ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшигч, ашиглагч тус бүрт хамаарах хэсгүүд оноосон хилтэй байх, 16.13-т зааснаар газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байхаар, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар сумын газрын даамал эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар тодорхой хуульчилсан байхад хариуцагч нь Ж.Ч, Л.Эт, А нарт өвөлжөөг хамтран эзэмшүүлэхдээ дээр дурдсан ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу хийгээгүй нь буруу болжээ.

Шүүхээс Ж.Ч болон Л.Э нарын эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэрэг, уг газрыг эзэмших талаар иргэдээс гаргасан хүсэлт, өргөдөл, бусад холбогдох баримтыг ирүүлэхээр шаардсаны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/47 дугаартай албан бичгээр Л.Э-ийн хувийн хэргийг ирүүлсэн боловч Ж.Ч-д 2010 оны 12 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна гэж тэмдэглэснээс өөрөөр газар эзэмших эрх авахаар гаргасан аливаа хүсэлт, өргөдөл архивт  байхгүй байна” гэх хариуг ирүүлжээ. 

Нэгэнт шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг боломжит байдлаар хийсэн, мөн шаардсан баримтууд архивд хадгалагдаагүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар хуульчилсан тул хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  дордуулахгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэн алинд нь хууль ёсны газар эзэмших эрх олгох байдлаар шийдвэрлэх нь маргааныг нэг мөр, үнэн зөв шийдвэрлэх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой болно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Гомдолд дурдсан “...н.Ж-ийн эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар авахаар гэрчилгээ гаргуулах гэж удаа дараа хариуцагчид хандахад элдэв шалтгаан тоочсоор хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар байсан бөгөөд аавын минь эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг алга болгосон” гэх гомдлын тухайд нэгэнт нэхэмжлэгчээс өөрийн төрсөн эцгийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийг өвийн журмаар шилжүүлэн авах тухай хүсэлтээ гаргасаар байхад хариуцагчаас тухайн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Л.Э-т шилжүүлсэн энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гаргахдаа тодруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ