| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00020/Э |
| Дугаар | 00021 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 00021
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Уд холбогдох 2032000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, дорнод аймаг Баян-уул суманд 1996 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт амьдрах, Дорнод аймаг Баян-Уул сумын 3 дугаар баг, Урт гэх газар оршин суух, одоо *тоотод түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Эргэн дурсахуй баарыг түрээслэн ажиллуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баагшил овогт Алтангэрэлийн У. /РД:*/
Шүүгдэгч А.У нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй баарны гадна тооцооны мөнгөө төлсөнгүй гэх шалтгаанаар иргэн Б.Абтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Угийн өгсөн …. ... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эргэн дурсахуй бааранд 21 цаг 43 минутын үед хохирогч Аб нөхрийнхөө хамт орж ирсэн. Тэгээд караокед нэг цаг дуулах захиалга өгч нэг шил Хараа архи 2 цэвэр ус авсан. Тэгээд нэг цаг дуулчихаад 30 минут сунгасан. Аб нь нөхрийн хамт гадагшаа тамхи татах гээд гарсан. Тэр үед нь би эгчээ та тооцоо хийчих гэхэд эгч нь тамхи татчихаад хийе гэсэн. Араас нь гадагш гараад тооцоо хийчих гэхэд танай нөхөр чинь надад хоолны өртэй гэсэн. Тэгэхээр нь би тэр өр надад хамаагүй гэсэн чинь Аб манай нөхрийг чи надад өртэй биз дээ гээд түлхсэн. Тэгээд бас намайг түлхэхээр нь би зөрүүлж түлхсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад бие биенийгээ ээлжилж унагаагаад үснээсээ зулгаалцсан. Би Абын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим би нөхөр Бсгийн хамт Эргэн дурсахуй баарны караокед нэг цаг дуулъя гээд өрөө авсан. ...Би Бстэй хамт гарах гэхэд миний ардаас У татаад тооцоо хий гэхээр нь би эгч нь гарч тамхи татчихаад тооцоогоо хийнэ гэж хэлээд гарсан. Намайг гарахад миний араас У гарч ирээд та ер нь дандаа тооцоо мөнгөн дээрээсээ мурьдаг гэхээр нь би хэзээ танайхаас мурьсан юм бэ гэж хэлээд би энэ тооцоогий чинь өгнө гэж дахин дахин хэлсэн. Тэгсэн У хоол зардаг гуйлгачин янхан гэж хэлэхээр нь би Сүхээ чинь надад өртэй гэж хэлэхэд У тэр Сүхээгийн өр надад хамаагүй би өөрөө түрээслэж ажиллуулж байгаа гэж хэлээд миний толгойтой үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. У намайг газар унагаагаад миний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохихоор нь би Уд цохихоо боль одоо болье гэж хэлэхэд У тэгвэл үс тавь гэсэн. Би Угийн үсийг тавиад босоход манай нөхөр Бс дээр хүмүүс шавсан байхаар нь та нар наад хүндээ битгий гар хүр зодож болохгүй наад хүн чинь ямар ч хамаагүй гэж хэлэхэд У дахиж миний үснээс зулгаагаад газар унагааж чирсэн. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/
Гэрч Т.СОын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Ууж идсэн юмныхаа мөнгийг өгчих гэж хэлэхэд Аб уурлаад над руу дайраад У руу дайраад Аб, У хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад газар дээр дороо ороод байхаар нь би салгах гэж оролдсон боловч салахгүй байсан. Би тэр хоёрыг салгах гээд зууралцаж байхад Бс миний хажууд зогсоод байхаар нь чи энэ хоёрыг салгаач би дийлэхгүй байна гэхэд Бс миний үгэнд орохгүй согтуурхаад байсан. Тэгээд тэр хоёрыг салгасан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Гэрч Н.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... У Аб руу та ер нь дандаа тооцоо мөнгөн дээрээсээ мурьдаг гэж хэлэхэд Аб Сүхээ ах чинь надад өртэй гэж хэлэхэд У тэр хамаагүй гээд хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Сүхээ гарч ирээд дандаа ингэж хэрүүл хийх юм Абт хэлсэн. Тэгсэн Аб чи надад өртэй биз дээ үнэн биз дээ гэж хэлэхэд У хажуунаас нь Абын үснээс зулгааж аваад тэр хоёр хоорондоо зодолдсон гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 16 ...... Дүгнэлт:
1.Б.Абын биед зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны дээд хэсэг, баруун нүдний зовхины дотор хэсэг, баруун хацар, хэвлийд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 29-30 дугаар хуудас/
А.Угийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 39 дүгээр хуудас/
Дорнод аймаг Баян-уул сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 40 дүгээр хуудас/
А.У нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.У нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй баарны гадна тооцооны мөнгөө төлсөнгүй гэх шалтгаанаар иргэн Б.Абтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанр хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч А.Угийн хохирогч Б.Абын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон үйлдэл нь тооцооныхоо мөнгийг хийсэнгүй гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Угийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Аб нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Баагшил овогт Алтангэрэлийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Уг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.