Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00027

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Чд холбогдох 2032000080015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 19 нас, 07 сар, 08 хоногтой, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эмээ, эцэг, эх, 4 дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ГУгийн Ч. /РД:*/

 

Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Азын нахиа хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө болон эд зүйлс хулгайлж 698250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чинтулгын өгсөн ......... 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн үед гэрээс гарч яваад азүын нахиа хүсний дэлгүүр дээр очоод цонхыг нь түлхэж ороод кассанд нь байсан бэлэн 700000 орчим төгрөг болон лангуун дээр байсан эд зүйлсээс авсан. Тэгээд авсан зүйлсээ торонд хийгээд цонхоор нь буцаж гараад гэртээ харьсан. Авсан эд зүйлээ гэрийнхээ амбаарт оруулж нуусан. Авсан зүйлээс бэлэн мөнгө 300000 төгрөгийг үрсэн байсан. Одоо хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би 12 дугаар ангиа төгсөөд христийн сүмд явдаг байсан. Тэгээд би сүмээс тэтгэлэг аваад Филлипин улсад суралцаж байгаад 2019 оны 10 дугаар сард Монголд ирээд Улаанбаатар хотод байр түрээслэж амьдарч байсан. Хотод барилгын 2-3 компанид ажилласан

боловч цалин мөнгөө өгөхгүй байсан. Тэгээд Соно гэх аппликейшнээс 200000 төгрөг зээл авсан байсан юм. Тэгээд Зүүнхараад гэртээ ирээд байж байтал зээл авсан газраас залгаад зээлээ төлөхгүй бол шүүхэд өглөө гэсэн. Тэгээд би шүүхэд очихоос айж зээлээ төлөхөөр хулгай хийсэн. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Нтгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний 09 цаг 10 минутын үед ажилдаа ирэхэд манаач Батбаатар урьд шөнө дэлгүүрийн цонхоор хүн орсон байна цонх нь онгорхой байна хулгайч орсон байж магадгүй гэхээр нь би дэлгүүрийн гадна хаалгыг татаад үзсэн чинь цоожтой байсан. Тэгэхээр нь онгойлгоод дотогш харчихаад оролгүйгээр буцааж хаагаад цагдаад дуудлага өгсөн. ... Худалдагчийн кассын машинаас задгай мөнгөнүүд доод талын цоожтой байсан хар өнгийн модон шургуулганаас 5000-20000 төгрөгүүдээр багцалж боосон бэлэн 600000 төгрөг, мөн задгай байсан 500-1000 төгрөгийн дэвсгэртүүд бүхий бэлэн мөнгө алдагдсан.... Нийтдээ бэлэн мөнгө 700000 төгрөг, 24 нэр төрлийн 265500 төгрөгийн эд зүйлс алдагдсан байгаа гэх мэдүүлэг /Хх-н 35-36 дугаар хуудас/

Гэрч Н.ГУгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд би өглөө үүрээр 06 цагийн үед хашааны хаалга онгойх шиг болохоор нь сэрэхэд манай хүүхэд Ч гэрт орж ирсэн. Би хүүхдээс хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж асуухад найзтайгаа уулзаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би машин дураар унаж явлаа гэж хэлсэн. Тэгээд би орноосоо босож гэрийн ажлаа хийсэн гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-10 дугаар хуудас/

Эд зүйлс болон бэлнээр 458400 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 11-14 дүгээр хуудас/

Алдагдсан 27 нэр төрлийн эд зүйлсийг 329850 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /Хх-н 48 дугаар хуудас/

Г.Чгын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 60 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 61 дүгээр хуудас/

Г.Ч нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 62 дугаар хуудас/

Хохирогч Б.Нтгийн Цагдаагийн хэлтэст гаргасан Г.Час 300000 төгрөгийг дансандаа бэлэн мөнгөний машинаар шилжүүлэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Азын нахиа хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө болон эд зүйлс хулгайлж 698250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Чинтулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ч.Батбаатар нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт ... Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж заажээ.

Шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох 02 жилийн хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...... Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно  .... гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Чинтулгын хорин нэгэн насанд хүрээгүй байдал, гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүн гэж  үзэж болохоор байна гэж дүгнэн түүнд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Нт нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Азын нахиа хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ГУгийн Чинтулгыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Г.Чинтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Чд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Азын нахиа хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Чд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ч нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.