Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1244

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч С.Одгариг /ШТЭД-0744/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б од холбогдох эрүүгийн 1908 03073 1396 дугаартай хэргийг 2019 оны .....сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт  Сүхбаатар дүүргийн .....хороо .....Ногоон нуур гудамж 5.....байр .....тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

С а  овгийн Ж.Б  /РД:............../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .....нутаг дэвсгэрт байрлах “.....” ХХК-ийн хашаан дотор тус компаний харуул ажилтай Х.Ж  “алга болсон гинж чангалагч олоогүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Х.Ж ийн мэдүүлэг /хх16-17, 19-20/, гэрч Ц.Э ийн мэдүүлэг /хх24/, гэрч Х.М , хохирогч Х.Ж  нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /хх38-39/, гэрч Д.Ч ийн мэдүүлэг /хх36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6744 дугаар шинжээчийн дүгнэлт /хх42/, шинжээч эмч Б.Д гийн мэдүүлэг /хх45-46/, хохирогч Х.Ж аас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-12/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ж.Б ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Х.Ж ийн “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө Б  ажил дээр ирээд намайг дуудахаар нь очсон чинь “гинж чангалагч олсон уу?” гэсэн. “Нэгийг нь гал тогооны өрөөнөөс олсон. Нөгөөдөхийг нь олоогүй” гэсэн чинь “та нарын хэн нь хулгай хийсэн, та нар хулгайлсан, үнэтэй эд зүйл” гэж уурласан. ...Би мэдэхгүй гэсэн чинь хулгайч нарыг ална гээд өшиглөөд байхаар нь хойшоо ухраад байсан чинь пиздаг ална гээд зүүн талын нүд рүү цохиж, заамдаж аваад, цамцны захаар бооход хамт байсан хүн салгаад аваад явсан... эм авч уусан өөр эмчилгээ хийлгээгүй. Баримт гээд байх юм байхгүй...эмчилгээний зардал 100.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх16-17, 18-19/,

2. Гэрч Ц.Э ийн “...Х.Ж  бид хоёр 24 цагаар ээлжилж гардаг болсон. 2019 оны 5 дугаар сарын 28-ний өглөө Х.Ж д ажлаа хүлээлгэж өгөхөд нүд нь зүгээр байсан...29-ний өглөө ажлаа авахад Х.Ж ийн зүүн нүдний доод талд хөхөрсөн байсныг би юу болсон талаар асуугаагүй байхад Б  зодсон гэж хэлээд, ажлаа хүлээлгэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх24/,

3. Гэрч Х.М , хохирогч Х.Ж  нарыг нүүрэлдүүлсэн “...Х.М : намайг ирэхээс өмнө Ж.Б  Х.Ж  цохисон байж магадгүй, гинж чангалагч цоожтой байшингаас алга болсон талаар хэрэлдээд байхаар нь харахаар явсан учраас цохисон эсэхийг мэдэхгүй байна. Буцаж ирэхэд заамдалцсан байсныг салгасан...” гэх мэдүүлэг /хх38-39/,

4. Гэрч Д.Ч ийн “...зүүн талын нүд нь доод талдаа хөхөрсөн байсан тус утсаар зургийг нь авсан байгаа...манай нөхөр хэлэхдээ Ж.Б  гинж чангалагч алга болсон гэх асуудлаас болж маргалдаж байгаад цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх36/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6744 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Х.Ж ийн биед зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх42/,

6. Шинжээч эмч Б.Д гийн “...гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх45-46/,

7. Хохирогч Х.Ж аас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-12/

Гэм бууугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Б :

Шүүгдэгч түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Ж.Б , хохирогч Х.Ж  нар нь тухайн үед нэг байгууллагад хамт ажиллаж байсан. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө ажлын байран дээрээ “гинж чангалагч” алга болсон эсэх асуудлаас болж хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон болох нь хохирогч Х.Ж , гэрч Ц.Э , Х.М , Д.Ч  нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед “...зүүн дээд зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 6744 дугаар дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч бий болгосон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Х.Ж  нь мөрдөн байцаалтын шатанд 100.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч үүнтэй холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Тиймээс хохирогч Х.Ж  нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар өөрт учирсан хохирлыг шүүгдэгч Ж.Б оос нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ж.Б  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ыг 650 /зургаан зуун тавин/ нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-ийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Х.Ж  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР