Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 361

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Э.О-д холбогдох эрүүгийн 2005007380333 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “........ ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 19 дүгээр хороо ......дүгээр байрны ..... тоотод түр оршин сууж байгаа, /РД:/ урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ч овогт Э.О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.О нь 2020 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” нэртэй пабд иргэн А.У-н биед халдан нүүрэн тус газарт нь маажиж, түүний эрүүл мэндэд дух, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” нэртэй пабд иргэн А.У-н биед халдан нүүрэн тус газарт нь маажиж, түүний эрүүл мэндэд дух, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч А.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Монгол зоог” нэртэй пабд зөөгчөөр ажилладаг бөгөөд тухайн өдөр ажлаа хийж байсан чинь гаднаас үл таних хоёр эгч орж ирээд манай пабаас нийт 14 шил Сэнгүр нэртэй пиво захиалж уусан. Анх орж ирэхдээ доллараар тооцоо хийнэ гэж хэлээгүй, тэгээд цаг ч нэлээн орой болсон байсан, тэгээд намайг дуудаад “тооцоогоо доллараар хийж болох уу” гэж асуухаар нь би “болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “гар утсаа барьцаанд үлдээж болох уу” гэхээр нь би “ахалж байгаа хүнээсээ асууя” гээд ахалж байсан тогооч Магнайдүүрэн эгчээс “эгчээ уусан пивоныхоо оронд утсаа барьцаанд үлдээгээд маргааш ирээд авчихъя гэж байна, болох уу” гэж асуусан чинь “ер нь бол барьцаа авч үлдмээргүй байна, үлдээхээр бол доллар, утас хоёуланг нь авч үлдэнэ” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө эгчид очиж хэлсэн чинь миний өөдөөс дургүйцсэн... Тэгээд би “анх орж ирэхдээ доллараар тооцоо хийдэг эсэхийг асуухгүй яасан юм бэ” гэж хэлсэн чинь уурлаад над дээр хүрч ирэхэд хамт байсан хүмүүс бид хоёрын голоор орсон. Тэгсэн чинь тэр эгч над руу дайраад миний нүдний шилийг гараараа самардаж авч шидсэн, тэр үед нүүр аймаар хорсоод халуу дүүгээд байсан... Над руу дайрч байх тэр үед миний нүүрийг маажчихсан байсан... Сүүлд цагдаа дээр ирээд Оюунгэрэл гэх нэртэй хүн байна гэдгийг мэдэж авсан. ...Миний биед учирсан гэмтлийг манай пабд үйлчлүүлж байсан 2 эмэгтэйн нэг болох Оюунгэрэл учруулсан. Тухайн эмэгтэй маажсаны улмаас миний зүүн хацар болон зүүн нүдний зовхины доод хэсэгт сорви тогтсон. Тухайн сорвинуудыг арилгуулахын тулд гоо сайхны эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Миний зүүж явсан нүдний шил раам нь бага зэрэг мурайсан болохоос зүгээр байгаа. Тухайн хоёр эмэгтэй гарсан тооцоогоо төлөөгүй. Харин би өөрийнхөө цалингаас суутгуулж төлсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21, 43-44 тал/,

Гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би тухайн өдөр ажлаа хийж байхад гаднаас 2 эмэгтэй орж ирээд пиво захиалж уусан, тэгээд нийт 64.700 төгрөгийн тооцоо гарсан. Тэр эгч нар тооцоогоо доллараар хийнэ гээд маргаан эхэлсэн. Тэгээд манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс гар утсаа барьцаанд үлдээчихье гэж хэлэхээр нь манайх гар утас авч үлдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эгч манай зөөгч У рүү хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь У текний урд ирээд зогссон чинь нөгөө эгч аймаар чарлаж ирээд У-ггараараа нүүр рүү нь нэг удаа самардсан. Тэгээд У-н нөгөө эгчид хандан “та миний нүүрийг ийм болгоод хаячихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь “өдий зэрэгтэй байгаадаа баярла" гэж хэлээд хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 тал/,

Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр ажлаа хийж байхад зөөгч У-н надаас 2 эмэгтэй хүн тооцоо хийхгүй гар утсаа барьцаанд үлдээе эсвэл доллараар тооцоогоо хийнэ гэж юм яриад байна гэхээр нь гар утас авч үлдэхгүй гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй нэг хүүхэн У рүү “миний гар утсыг авах ч ёстой байдаг юм” гээд дайраад нүүрийг нь самардчихсан, тэгэхээр нь би салгатал Уг чамайг алсан ч яадаг юм гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2500 дугаартай “...А.У-гийн биед дух, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал /,

Шүүгдэгч Э.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 16-17 цагийн үед модны хоёрын зам дагуу байрлах Монгол зоог нэртэй пабд орсон. ...Тухайн эмэгтэйтэй маргалдаж байтал тэр зөөгч эмэгтэй намайг “балай авгай архи гударчихаад” гэж хэлэхээр нь миний уур хүрээд тухайн эмэгтэй дээр очоод зүүн талынх нь хацрыг баруун гарынхаа хумсаар нэг удаа маажсан... Угийн биед би гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Зүйл хэсгийг зөвшөөрч байна. Хохирол төлнө...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 50 тал/, Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 51 тал/, гэрч Б.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү О нь ...10 жилийн сургуулаа амжилттай төгсөөд Их дээд сургуульд элсэн орж суралцаад мөн амжилттай төгссөн. ...2008 онд охинтой болсон. ...Оюунгэрэл нь зан харилцааны хувьд төлөв үг цөөтэй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.О-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 22-23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Э.О, хохирогч А.У нар нь үл ойлголцсон нөхцөл байдлаас буюу шүүгдэгч тооцоогоо доллараар хийнэ, эсхүл гар утсаа барьцаанд тавьж үлдээнэ гэснээс болж хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч Э.О нь хохирогч А.У-гийн нүүр хэсэгт самардаж маажин эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь бусдыг биед халдахад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Э.О-н хохирогч А.У-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2500 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршигт тооцон хоромхон тос авсан 6000 төгрөг, эм тариа авсан 30,300 төгрөгний баримт, лазер эмчилгээ хийлгэсэн 500,000 төгрөгний, нийт 536,300 төгрөгний баримт /хх-ийн 12 тал/ гарган өгчээ. Мөн хавтас хэргийн 33 дахь талд 64,700 төгрөгний тооцооны баримт гарган өгч, шүүгдэгчийн өмнөөс төлбөр тооцоог төлсөн болохоо илэрхийлж “...тухайн хоёр эмэгтэй гарсан тооцоогоо төлөөгүй. Харин би өөрийнхөө цалингаас суутгуулж төлсөн...” гэж мэдүүлсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч У.О-с энэ гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож нийт 601,000 төгрөг гаргуулж, хохирогч А.У-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж, шүүгдэгч У.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул хуулинд заасан дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болохыг тайлбарлаж байна. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зуун зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О-д мэдэгдсүгэй

 

4. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-с 601,000 /зургаан зуун нэг мянган/ төгрөг гаргуулж хохирогч А.У-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА