Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 395

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн  хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт М.Т-д холбогдох эрүүгийн 1905037520212 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ..... борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн дүүргийн .... дугаар хороо ....... тоотод оршин суух хаягтай, /РД:/ улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн, Д овогт М.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны орчим иргэн Э.Д-ний өмчлөлийн Huawei Y6 /Хуавей Вай-6/ загварын гар утсыг “утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Т-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны орчим хохирогч Э.Д-ний өмчлөлийн Huawei Y6 /Хуавей Вай-6/ загварын гар утсыг “утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн авч, улмаар тухайн гар утсыг ломбарданд тавьсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед найз Т нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны гадна саадан дотор яриад сууж байсан. Тэгтэл найз намайг утсаа өгчих би утсаар хүнтэй ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний утсыг аваад босоод утсаар яриад явсан. Тэгээд би саадан дотор хүлээгээд 20-25 минут орчим болсон. Би босоод ойр орчим Тэлмэнсайханыг хайхад байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө утас руу хүний утаснаас залгахад дуудаж байсан бөгөөд утсаа авахгүй байсан. Тэгж байгаад 22 цаг 13 минутанд миний утас унтарсан. ...Т-тай ерөнхий боловсролын 96 дугаар сургуульд сурдаг байхдаа танилцсан. Бид хоёр нэг нэгнийгээ мэднэ... Т миний гар утсаар ярина гэж хэлээд авсан. Тэгээд утсаар ярьж байгаа хүн болоод аваад явсан. Т миний гар утсыг авч явсанаас хойш гар утасны дугаарынхаа билл-г авахад миний гар утаснаас гадагшаа болон дотогшоо дуудлага хийгдээгүй байсан. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 40-41 тал/,

 

Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед тухайн залуугаас гар утас авч байсан талаар сайн санахгүй байна. 4227 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр М овогтой Т гэж хүн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гар утас барьцаалан тавьж байсан байна. Тухайн утас нь Хуавей Вай-6 маркийн гар утас 200.000 төгрөгөөр барьцаанд өгөөд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буцаагаад тухайн гар утсаа авсан гэрээ байна. Гэрээн дээрээс харахад ямар нэгэн кодгүй утас барьцаанд өгсөн байна. Тухайн гэрээг цагдаагийн албан хаагчид хуулбарлан өгсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 13-14 тал/,

 

"Эрх цэцэгс" ХХК-ны барьцаат зээлийн гэрээний хуулбар  /хх-ийн 25 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №ТХҮ-719/265 дугаартай үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийг зах зээлийн дундаж үнэ цэнийг 500.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн тайлан /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүгдэгч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн орчим найз Д, Б ах нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rio pizza” нэртэй газрын 2 давхарт 2 пабд цуг архи сууж байгаад тэндээсээ гараад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны гадна Б ахыг хүргэж өгчихөөд гадаа нь пиво уугаад сууж байгаад Д-с гар утсаар ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. ...Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим зочид буудлаас гараад дахиад нөгөө ломбардан дээрээ очоод нэмж 100.000 төгрөг авсан. ...Би үнэлгээний шинжээчийн дүгнэлттэй танилцсан, тус дүгнэлтэд Д--ний гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би Т-тэй хамтран амьдраад 3 жил болж байна. Т нь хүлээцтэй хүн тусархуу цайлган зантай, архи согтууруулах ундаа миний хажууд хэрэглэж байсан удаа байхгүй. ...2018-2019 онд цэргийн алба хаасан. ...Хувиараа хаан буузад борлуулалт хийж байгаа...” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48-50, 57-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Т-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 16-17 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч  М.Т, хохирогч Э.Д нар нь урьд 10 жилийн сургуульд хамт суралцаж байсан, найз нөхдийн харилцаатай байх ба 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзалдаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар шүүгдэгч М.Т Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны орчим хохирогч Э.Д-с Хуавей Вай-6 загварын гар утсыг “утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн авч яваад буцаад өгөхгүйгээр гар утсыг 200.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болох нь тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч М.Т-ний 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны орчим хохирогч Э.Д-ний өмчлөлийн Huawei Y6 /Хуавей Вай-6/ загварын гар утсыг “утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, М.Т-г “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д-нд эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар түүний өмчлөлийн Huawei Y6 загварын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гар утсыг биед байдлаар нь буцаан хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Э.Д-ны “...Т учруулсан хохирлоо бүрэн төлсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 40-41 тал/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Т нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлйн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Т-нд ял оногдуулахдаа хуулинд заасан дээрх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүхийн шатанд өөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Т-нд өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.

 

Шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жил хорих ял оногдуулсан үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн, тодруулбал, хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолд дурдсан үйлдлээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэсэн болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч М.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж зааснаар түүний цагдан хоригдсон дээрх хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Тэлмэнсайханд хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д г овогт М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Т-нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т-г 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэр, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА