Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 444

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Човогт Ж.Ж-д холбогдох эрүүгийн 2005009540573  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг, .... хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо .... дугаар гудамжны ..... тоотод түр оршин суух хаягтай, /РД:ХП75123011/ урьд

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсгүүдэд зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн

112.1 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

           Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

            Хан-Уул дүүргийн дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял оногдуулж 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Ч овогт Ж.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ж  нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны орцонд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.П-нтолгойн орой хэсэгт архины шилээр цохиж толгойн орой, баруун хацарт шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж  нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны орцонд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.П-н толгойн орой хэсэгт архины шилээр цохиж толгойн орой, баруун хацарт шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч П.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тухайн өдөр манай ээжийн төрсөн ах болох Б гэж орон гэргүй тэнэмэл амьдралтай ах байдаг юм. Тэгээд би тэр ахыгаа хайж олоод хоол унданд оруулах санаатай хорооллоор хайгаад явж байтал хорооллын хүнсний захын ойролцоо А гэдэг ахтайгаа таарсан. Тухайн үед А ах нэг танихгүй нэлээн настай эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд би тэр хоёрт нэг шил “Өргөө” нэртэй 750 граммын савалгаатай архи авч өгөөд хүнсний захын хажуу талын байрны орцонд орж байгаад уучих санаатай бид гурав явж байхад А ахыг таньдаг нэг эрэгтэй бид гурвыг дагаад тухайн байрны орцонд орсон. Тэгээд бид дөрөв хүнсний захын хажууд байрлах 12 давхар байрны 9-н давхарт гараад авсан архиа задлаад би өөрөө тойруулж хундагалж өгсөн. Тэгэхдээ би сүүлд бид гурвыг дагаж орц уруу орж ирсэн эрэгтэйд архинаасаа өгөхгүй байсаар байгаад архиа А ах болон тэр настай ах хоёртой ууж дуусгасан. Тэгтэл тухайн эрэгтэй өөрт нь архи өгсөнгүй гээд надад хандаж “ах нь хуучны хулгайч чи муу нэр нь тодроогүй бацаан” гэх зэргээр намайг хэл амаар доромжилж байгаад ууж дуусаад газар тавьсан байсан архины шилийг аваад миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. Миний толгой уруу цохисон архины шил хагарахад тухай хүн явган хүний шатаар доошоо зугтаах гэхэд нь би тухайн эрэгтэйг зугтаалгахгүй гээд хувцаснаас нь зууралдаад ноцолдож байгаад бид хоёр газар унаад шатаар доошоо өнхөрсөөр хоёр давхрын хогийн бүнкерын хажууд ирээд би тухайн эрэгтэй дээр гарж суугаад байж байтал цагдаа ирсэн. ...Надад цаашид гарах эмчилгээ байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 25-26 тал/,

 

            Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2020 оны 3 дугаар сарын 08-ны өглөө би гэрээсээ гараад хороолол захын зүүдэнд зүс таних Вээраа болон Ж нартай тааралдаад нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд байж байтал зүс таних П гэдэг залуу бид гуравтай тааралдаад “Ахаа өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа Ганц шил архи уух уу” гэхээр нь би тэгье гээд П ганц шил архи дэлгүүрээс аваад Вээраа болон Ж, П бид нар хороолол захын хажуу талын 51 дүгээр байрны 9-н давхарт гараад тухайн архиа задлаад ууцгаасан чинь П тухайн архинаасаа Ж-д хундагалж өгөхдөө маш багаар өгөөд байх шиг байсан. Тэгээд Ж, П хоёр тухайн асуудлаасаа болоод маргалдаж байгаад Ж уусан архины хоосон шилийг газраас аваад тэр шилээрээ П-гийн толгойн тус газар нэг удаа цохисон. ...П-гийн толгойноос маш их цус гараад П болон Ж хоёр маргалдаад зууралдаад байхаар нь би Вээрааг дагуулаад орцноос гараад гэр рүүгээ харьсан. ...П-гийн толгойн хэсэгт нь хавдаад цус гараад байсан. Ж, П-гийн толгойн тус газар нь нэг удаа цохиж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3485 дугаартай “....П-д толгойн орой, баруун хацарт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 61, 62 тал/,

 

Яллагдагч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Тухайн үед А ах Вээраа ах П бид дөрөв хороолол хүнсний захын хажуу талын 44 дүгээр байрны орцонд нэг шил архи хуваагаад ууж дуусаад байж байтал П намайг хэл амаар өдөөд байсан юм. Тэгэхээр нь би өөдөөс нь хэдэн үг хэлтэл П миний нүүрэн тус газар гараараа нэг, хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд уурандаа архины шил аваад П-гийн толгойн тус газар санаатайгаар цохиж тэрхүү гэмтлийг учруулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирол төлбөрт тооцож 60.000 төгрөг бэлнээр төлсөн. Прокурортой ял тохиролцсон..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 31-34 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 37 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 58, 76 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42-45, 46-47, 48, 49-50, 51-54 тал/, гэрч Ю.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1990-ээд оны эхээр хувиараа наймаа хийж байсан. ...Манай ах Ж нь ...зан байдлын хувьд төлөв даруу хүн. Архи уучихсан үедээ жоохон яриа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Ж аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11-12 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ж.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх ба шүүгдэгч Ж.Ж ы үйлдлийн улмаас хохирогч П.П-н биед “толгойн орой, баруун хацарт шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3485 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Ж.Ж  нь хохирогч П.П-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ж  нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны орцонд үл ялих зүйлээс буюу “өөрт нь архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч П.П-н толгойн орой хэсэгт архины шилээр цохиж толгойн орой, баруун хацарт шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч П.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хавтаст хэргийн 25-26 дахь талд  “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...”, 62 дахь талд “...Ж-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлоо нөхөн төлүүлж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Ж аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ж.Ж д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг хувийн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Ж д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Ж-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

`

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА