Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 394

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Э.Намуун,

хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Н.Нарангуа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0385/

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1903013400005 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны .. дүгээр сарын ....-ний өдөр Дархан Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., нөхрийн хамт Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ........ дүгээр байр ...... тоотод оршин суух, /РД:/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9 цаг 15 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны хойд замд “Тоёота приус” маркийн 89-04 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний 09 цаг өнгөрч байхад ганцаараа сургууль орохоор 71 дүгээр байрны хойд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойшоо гарч явтал миний зүүн гар талаас нэг машин ирээд гуя хэсэгт мөргөсөн. Машины жолооч шууд гэмтлийн эмнэлэг намайг авч явсан. ...2019 оны 11 дүгээр сарын 12 өдөр Med Trauma Hospital эмнэлэг дээр шинжилгээ өгсөн баруун талын хоншоорын хөндийн өмнөд хананы доод хэсгээр 0,25 орчим зөрүүтэй хугаралтай мөн баруун талын нүдний ухархайн урд-доод ирмэг хэсэгт богино үргэлжилсэн зөрүүгүй хугарал тогтоогдсон.  ...Гомдолтой байна. 3.613.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-24 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний 09 цаг өнгөрч байхад тус үйл явдал болсон. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13372 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.А-гийн биед баруун талын хоншоор ясны урд ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал. тархи доргилт, дээд уруулын баруун буланд шарх, доод уруулын дотор салстын язрал, баруун сарвуунд зулгаралт, баруун ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн осолын үед үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 143-146 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 584 дугаартай “...жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,

 

            Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хохиролд 120.000 төгрөг эмчилгээ хийгдсэн зардлыг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гранд плаза төвийн замын урд тус осол болсон. Эрүүл мэндэд учирсан бодит зардлыг шүүх хуралдаанд төлөх боломжтой байх тул барагдуулж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг /хх-ийн 74-80 тал/ тус тус шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 тал/, гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 онд анх ажлын шугамаар танилцаж байсан. Түүнээс хойш дотно найзууд болсон зам байдлын хувьд шударга, шулуун элдэв янзын бялдууч зан байхгүй, хүнтэй эвтэй эелдэг харилцаатай байдаг мөн мэргэжилдээ маш сайн эмэгтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 83 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84 тал/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 85 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9 цаг 15 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны хойд замд “Тоёота приус” маркийн 89-04 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны хойд замд зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Б.Б  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу баруун талын хоншоор ясны урд ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал. тархи доргилт, дээд уруулын баруун буланд шарх, доод уруулын дотор салстын язрал, баруун сарвуунд зулгаралт, баруун ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтэл учирсан байх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 358 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9 цаг 15 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны хойд замд “Тоёота приус” маркийн 89-04 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршигт тооцож хэрэгт 953.700 төгрөгийн баримт хавсаргажээ. /хх-ийн 74-80 тал/

Хохирогч, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох бодитоор гарсан зардал 833.700 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн авлаа. Үлдэгдэл 120.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авлаа...” гэх баримт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохиролд 120.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлгээр энэ гэмт хэргийн хохиролд тооцож нийт 1.073.700 төгрөгийг шүүгдэгч Б.Б  нь хохирогч Э.А-д нөхөн төлсөн байна.   

Иймд шүүгдэгч Б.Б ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт цаашид баруун хоншоорын мэдрэл дарагдсанд стек тавиулах хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлж байх тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. 

2. Шүүгдэгч Б.Б ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Нөхөрлөл гудамж 4 дүгээр байр 32 тоотод оршин суудаг ба урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, улсын яллагч, өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул хуулинд заасан дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болохыг тайлбарлаж байна.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.А-д 1.073.700 /нэг сая далан гурван мянга долоон зуун/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА