Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 407

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгч З.О, Э.Б , тэдгээрийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 24-28/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.О, Т.Ш овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн 1905048220181 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, , ..... оны 7 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эхийн хамт Архангай аймгийн ..... сумын.... дугаар баг ..... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотод түр оршин суудаг /РД: /, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт З.О.

           Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эхийн хамт Архангай аймгийн ..... сумын .... дугаар баг ..... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо ....... дүгээр гудамжны ...... тоотод түр оршин суух, /РД: /, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Ш овогт Э.Б.

 

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч З.О нь яллагдагч Э.Б той бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины зогсоолд байршуулсан байсан иргэн С.Ч-н эзэмшлийн 11-54 УНҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн автомашины хойд буферийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Э.Б  нь яллагдагч З.О-тай бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины зогсоолд байршуулсан байсан иргэн С.Ч-н эзэмшлийн 11-54 УНҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн автомашины хойд буферийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.О, Э.Б  нарыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 69 дүгээр байрны баруун талд өөрийн эзэмшлийн 11-54 УБҮ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад 18-ны өдрийн 02 цаг өнгөрөөгөөд машинаа асааж халаах гээд машин дээрээ очтол миний машины ар талын гуперийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Mиний машин байсан газрыг харуулсан хяналтын камер байсан. ...Уг машин нь Хаан банкны нэр дээр байдаг. Би сар болгон 380.000 төгрөг төлдөг байсан. ...Надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-32 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...01:50:30 цагт орон сууцны зүүн булангаас хар бараан өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй хүн /Э.Б / гар ирж байх ба под станцын ертөнцийн зүгээр баруун талд хашлага давуулж ертөнцийн зүгээр хойд зүгт харуулж тавьсан Тоёота приус 20 маркийн саарал өнгийн 11-54 УНҮ улсын дугаартай автомашины хойд буферийг тус бичлэгийн цагаар 01:50:42-т салгаж аваад эргээд явж байгаагаар бичлэг дуусав...” гэх тэмдэглэл /хх-ийн 14-18 тал/,

 

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Хойд буфер 350.000, ...буферын зүүн тогтоогч зам 35000, шууд зардал нь 385.000 төгрөг, ...эд анги солих будах зардал 90.000, 100 гр будаг тус мат 12600, нийт зардал 487.600 төгрөг ...” гэх тайлан /хх-ийн 42-44 тал/,

 

Хас Үнэлгээ ХХК-ийн “...2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн Toyota /prius-20/ маркийн автомашин нь 2019 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 12.000.000 төгрөгөөр тогтоов...” гэх тайлан /хх-ийн 49-50 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 88-93 тал/,

 

Яллагдагч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Э.Б ийн хамт манай аавын эзэмшлийн машин болох 34-31 УАЕ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай таксинд явж байгаад манай найз Б  аавын автомашинаар ухарч байгаад хашаа мөргөөд хойд талын гупер хагалсан. Хоорондоо ярилцаж байгаад адилхан автомашины гупер хулгайлж аваад сольчихьё гэж манай найз Б  хэлэхээр нь тэр шөнөдөө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 69 дүгээр байрны гадна зогсоолд байршуулсан байсан 11-54 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины гуперийг тайлж аваад өөрийн машиндаа ачаад найз болох Б ийн хашаанд аваачиж буулгасан. Тэр гуперийг сольж тавих гэсэн өнгө нь зөрөөд байхаар нь сольж тавиагүй найз Б ийн хашаанд үлдээсэн. Өөрийн аавын хагарсан гуперийг наагаад аавдаа 2019 оны 11 сарын 19-нд аваачиж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-63 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бм 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аавынхаа машинаар ухрах гэж байгаад юм мөргөөд ар талын гуперийг хагалчихсан. Би аавынхаа машиныг мөргүүлсэнтэй айгаад тус хэргийг үйлдсэн. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О  өөрийн төрсөн эцэг З-н эзэмшлийн Тоёота приус-20 маркийн автомашинтай хүрч ирээд бид хоёр цуг явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт орчимд цуг явж байгаад хүн буулгачихаад автомашинаар ухрах үйлдэл хийгээд О  чадахгүй байхаар нь би автомашиныг нь унаад буцаж ухарч байгаад айлын модон хашаа мөргөчихсөн юм. Тэгээд автомашинаас буугаад харахад хойд гупер нь булангаараа хагараад гуперийн замнаасаа салчихсан байсан. Тэгэхээр нь би энийг нааж болох юм байна гэхэд О  энэ чинь огт болохгүй автомашины гупер хулгайлж авъя, тэгэхгүй бол би гэртээ харьж чадахгүй гэсэн. Тэгээд бид хоёр О ын унаж ирсэн автомашинтай явж байгаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвггэрт байрлах Ногоон өнгийн 69 дүгээр байрны гадна зогсож байсан Тоёота приус-20 маркийн саарал өнгийн 11-54 УБҮ улсын дугаартай автомашины хойд гуперийг шууд татаж салгаж авч машиндаа хийгээд тэндээсээ шууд зугтаагаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн салаанд очиж унтаж байгаад би гэртээ ороод буцаж гарч ирээд нөгөө авсан гуперээ О ын машинд хийх гэсэн боловч бүх тогтоогчнууд нь хугарчихсан байсан юм. Тэгэхээр нь нөгөө гуперээ буцааж нааж тавиад хулгайлсан гуперээ З.О манай хашаанд үлдээгээд явсан юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 69-72 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 511.000 төгрөгийг хуваагаад төлсөн....” гэх мэдүүлэг,

мөн шүүгдэгч З.О-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, гэрч Л.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу, тусч ажилсаг хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

шүүгдэгч Э.Б ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 84 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 85/, гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү зан байдлын хувьд төлөв, тусч нямбай хүүхэд, автомашины эд зүйл хулгайлсан гэж байсан. Архи, тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч З.О, Э.Б  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгч Э.Б ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирогч С.Ч-ншүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч З.О-ын ажилладаг Тавст хайрхан ХХК-ний тодорхойлолт, Монгол Улсын хөдөлмөрийн яамны харъяа барилгын политехник коллежийн диплом зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч З.О, Э.Б  нарын мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад хэргийн нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулж шинжлэхэд:

 

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины зогсоолд байршуулсан байсан хохирогч С.Ч-нэзэмшлийн 11-54 УНҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн автомашины хойд буфер хулгайд алдагдсан байна.

 

Дээрх үйлдэлд шүүгдэгч Э.Б, З.О нар нь гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогджээ.

 

            Тодруулбал, шүүгдэгч Э.Б , З.О нар 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө З.О-ын аавын эзэмшлийн 34-31 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд хамт явж байхдаа тухайн машиныг хашаа мөргүүлсэний улмаас хойд буферийг нь эвдсэн байх ба үүнийгээ аавдаа мэдэгдэхээс эмээж өөр автомашины буфер хулгайлж авч тавъя гэж хоорондоо тохиролцон, улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны автомашины зогсоолд байршуулсан байсан хохирогч С.Ч-н эзэмшлийн 11-54 УНҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн автомашины хойд буферийг шүүгдэгч Э.Б  очиж салгаж авсан, энэ хооронд шүүгдэгч З.О нь машиндаа хүн харж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэсэн ойлголтод хамаарах бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Мөн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан.

 

            Шүүгдэгч нар хохирогч С.Ч-н автомашины хойд буферийг салгаж аваад өөрсдийн унаж явсан 34-31 УАЕ улсын дугаартай Тоёото приус 20 загварын автомашинд ачиж, тээвэрлэн явсан байх тул тэдгээрийг гэмт үйлдлээ түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           

            Шүүгдэгч Э.Б , З.О нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэгт тооцогдоно. 

 

            Иймд шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх шүүгдэгч З.О, Э.Б  нарыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулаагүй, уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч З.О, Э.Б  нарын эзэмшлийнх биш А  ХХК-ний эзэмшилд байгаа нь хавтас хэргийн 20 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан “...тухайн автомашиныг хураах үндэслэлгүй гэх...” агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Ч-д эд хөрөнгийн хохирол буюу 385.000 төгрөгийн шууд зардал учирсан болох нь Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Хохирогч С.Ч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлж /хх-ийн 31-32 тал/, шүүхэд гаргасан хүсэлтдээ хохиролд 511.000 төгрөг хүлээн авсан гэж, шүүгдэгч З.О, Э.Б  нар нь ...хохирлыг 2 хувааж төлсөн... гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч З.О, Э.Б  нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэн болно.

 

Хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн Хөрөнгийн Үнэлгээний тайлан / хх-ийн 42-44 тал/-гаар хохирогч С.Ч хулгайд алдагдсан машины хойд талын буфер 350.000 төгрөг, уг буфер тогтоогч 35000 төгрөг, нийт 385.000 төгрөгийн шууд зардал гарсан болох нь тогтоогдсон байна. Иймд яллах дүгнэлтэд хохирогч С.Ч-д 350.000 төгрөгийн хохирол учирсан гэснийг зөвтгөж, энэ нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх шаардлагатай байна.   

 

Шүүгдэгч З.О, Э.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.О, Э.Б  нарыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

 

Шүүгдэгч З.О, Э.Б  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч З.О, Э.Б  нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.  

 

Шүүх шүүгдэгч З.О, Э.Б  нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, гомдолгүй болгосон байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О, Э.Б  нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон болно.

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч З.О, Э.Б  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.О, Э.Б  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Бовогт З.О , Т.Ш овогт Э.Б  нарыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.О, Э.Б  нарт 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч З.О, Э.Б  нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд тооцож 511.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.О, Э.Б  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА