Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 422

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал /томилолтоор/,

Хохирогч Ч.Б ,

Иргэний нэхэмжлэгч Ц.Р ,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.М-т холбогдох эрүүгийн 2005000880272 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан Уул аймгийн ...... суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай, /РД:/ Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. Б овогт Д.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны доорх граж түрээслэх нэрээр иргэн Б.Ш, Б.Ш нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны доорх иргэн Ю.Г-ний эзэмшлийн граж түрээслэх нэрээр иргэн Ч.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 93 тоотод амьдардаг. Манай эгч Б.Ш  нь Тоёота Харриер маркийн машинтай бөгөөд машинаараа гадуур их яваад байдаггүй болохоор машинаа дулаан гражид тавина гэж ярьсан. Эгч орцны хаалга дээр граж түрээслүүлэх зар хараад зарын дагуу утсаар нь яриад очиж үзэхэд манай байрны зүс таних Р  гуай орцны жижүүр эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд Р  гуай уг граж руу ороод хаалганы хажуу буюу баруун гар талын машины зогсоолыг зааж үзүүлсэн. Ингээд уг зогсоолыг 3 сарын хугацаатай 550.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож манай эгч Ш Б гэх хүний дансанд 550.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд би уг гражид түрээслэн авсан зогсоол дээр машинаа байрлуулах гэхэд өөр машин зогсож байсан, тэгэхээр нь энэ машин яагаад энд зогсчихсон юм гэсэн чинь жижүүр эмэгтэй хүн түр тавьчихаад урагшаа явчихсан түрдээ тэр цаад зогсоол дээр зогсож бай гэж хэлээд гражийн мухар руу машин байрлуулсан. 2 хоногийн дараа сууц өмчлөгчдийн холбооны дарга гээд настай хүн машинаа гарга гэхээр очиж уулзсан чинь Сууц өмчлөгдийн холбооны дарга наад жижүүр эмэгтэй чинь ажлаасаа халагдсан наад зогсоолууд бүгд эзэнтэй гэхээр нь би Р  ахыг дуудсаар байгаад гаргаж ирээд Сууц өмчлөгчдийн холбооны дарга, эмэгтэй манай эгч бид хэд уулзаад ...үл ойлголцол үүссэн чинь Р  ах жижүүр эмэгтэй надад хэлээд энэ зогсоолыг түрээслээд өг гэж гуйгаад байхаар нь би хүнд туслах гээд түрээслэж өгсөн, түүнээс би наад зогсоолын учрыг сайн мэдэхгүй байна гэсэн. Ийм учраас эгч бид нар Р  ахад хандаж та түрээслүүлнэ гэж хэлж мөнгө өөрийн дансаараа авснаараа өөрөө наад мөнгөө төл гэж нэхээд 550.000 төгрөгөө бэлнээр авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, гэрч Ц.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”..Уг 51 дүгээр байрны автомашины зогсоолын жижүүр эмэгтэй Д-ны М  надад хандаж та зар байрлуулсан байна. Надад түрээслэх машины зогсоол байгаа юм. Та өөрөө түрээслүүлж байгаа мэтээр яриад түрээслээд өгөөч та тус болооч гэхээр нь би зөвшөөрөөд за тэгье гэж хэлсэн. Тэгээд над руу зарын дагуу ярьж байна. Гражийг чинь үзье гээд нэг залуу ярихаар нь би 4 сарын 800.000 төгрөг гэж хэлэхэд арай үнэтэй байна, 550.000 төгрөгөөр түрээслэе гэсэн. Тэгэхээр нь М  рүү яриад 550.000 төгрөгөөр түрээслэх хүн байна гэтэл М  болж байна гэсэн. Гражийн үүдний хэсэгт байрлах 1 автомашины зогсоолыг би М  гэх эмэгтэйн хамт танилцуулсан. Автомашины зогсоолыг тухайн залуу нь 3 сараар түрээслэхээр тохироод 550.000 төгрөгийг миний эхнэр Б-н дансанд шилжүүлсэн. ...Би тэр дор нь М  дээр очоод 550.000 төгрөгийг өгөхөд М  эргүүлээд надад 50.000 төгрөг өгөөд та энийг ав гэсэн. ...Шагнаж байна гэж бодоод 50.000 төгрөг өгсөн болохоор нь би авсан. ...2-3 хоногийн дараа граж түрээслэн авсан залуу над руу залгаад та гараад ир гэхээр нь гараад очтол Сууц өмчлөгчдийн холбооны дарга гээд нэг эмэгтэй, нөгөө граж түрээслэж авсан залуу, мөнгө шилжүүлсэн гэх эгчтэйгээ, гражийн жижүүр М  нар маргаан үүсгэчихсэн байсан. Гэтэл Ш  гэх эмэгтэй та граж давхар түрээслээд луйвар хийсэн байна гээд хашгираад байхаар нь болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлсэн чинь М  би мөнгийг чинь маргааш өгье гэж хэлсэн. Ш  гэж эмэгтэй чи залилангийн луйварчин худлаа яриад бай, би таны дансанд мөнгө хийсэн танаас л авна гээд дайраад байхаар нь би М ээс тусдаа Ш , тэр залуутай уулзаад би мөнгийг чинь өгье, харин М т намайг мөнгийг нь өмнөөс нь төлсөн гэдгийг битгий хэлээрэй гэж хэлээд өөрийн бөгжөө ломбарданд тавиад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш т 550.000 төгрөгийг төлсөн. ...Тэр гражийн зогсоолыг өөр хүний зогсоол гэдгийг мэдээгүй. ...Би М ээс 500.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 52-53 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М  уулзаад хүн ярьж байна уу, та граж түрээслээд өгөөч, би 4 хүүхэдтэй, эгч минь сая нас барсан гээд нулимс мэлмэрүүлээд ярихаар нь би ганц эмэгтэй дүүтэй болохоор өрөвдөөд хүн их ярьж байгаа би хэлье гэсэн. Та өөрөө түрээслэх гэж байгаа юм шиг хэлээд граж түрээслээд өгчих гэж хэлсэн. Би өмнөөс мөнгийг нь хохирогч нарт төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...М  нь худал хэлж гражийн зогсоол түрээслэсэн байна. Нөгөө мөнгө өгсөн хүн нь мөнгө нэхээд байна, М  мөнгийг нь өгөхгүй байна гэж Р  хэлээд өөрийн бөгжийг ломбарданд тавиад мөнгийг нь өгчихлөө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

 

Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Баянгол дүүргийн 51 байрны доор байрлах гражид 10 машины зогсоолтой. Зогсоол бүр өөрийн гэсэн эзэнтэй. Уг зогсоолууд өмчлөх эрхийн гэрчилгээтэй албан ёсны эзэнтэй  зогсоолууд юм. М т өөрийн гэсэн зогсоол байхгүй. М  үйлчлэгч, жижүүр гээд хоёр ажил давхар хийж байгаа, давхар граж хариуцаж байгаа болохоор Сууц өмчлөгчдийн Удирдах зөвлөлийн хүмүүс хуралдаад уг зөвшөөрөлтэй хүмүүс машинаа байрлуулаад цаана нь орц гарц дээр 4 машин байрлуулчихаар зайтай. Гражийг хариуцаад шугам хоолой эвдчихгүй ганц нэг машин байрлуулж болно гэж зөвшөөрсөн. 2016 онд зогсоол өмчлөгч нартай хурал хийхэд танай жижүүр машины орц гарц таглаад машин тавиулаад байна орж гарахад хэцүү байна энийгээ зохицуулаач гэж байсан, түүнээс хойш ийм гомдол байнга ирээд байхаар нь 2019 онд зохицуулалт хийж жижүүрийн зөвшөөрч оруулсан машиныг тавиулахгүй орц гарцыг чөлөөтэй байлга гэсэн шаардлага тавьсан. Зарим нэг тохиолдолд өмчлөгч нар байхгүй, машин байрлуулдаггүй зогсоолын эзэнтэй нь яриад хааяа машин зогсоол дээр нь тавиулаад мөнгийг нь эзэнд нь авч өгдөг байсан юм шиг байна лээ. 2019 оны сүүлээр 9, 10 дугаар сараас эхлээд гадны машин зогсоохоо болъё гээд анхааруулж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Р гийн хохирогч Б.Ш т 550.000 төгрөг төлсөн гэх бичгээр үйлдсэн баримт /хх-ийн 63 тал/,

 

            Хохирогч Б.Ш ийн 550.000 төгрөгийг П.Б-н дансанд шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-ийн 64 тал/,

 

Гэрч П.Б-н Хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 65 тал/,

 

Хохирогч Б.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би япон улсад байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй миний дүү Шинэбаяр төлөөлөн оролцох болно...” гэх хүсэлт /хх-ийн 110 тал/,

 

Хохирогчоор тогтоосон прокурорын тогтоол /хх-ийн 116 тал/,

 

Хохирогч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирлын төлбөр болох 550.000 төгрөгийг авсан тул бидэнд гомдол хүсэлт байхгүй.. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 111 тал/,

 

            Мөн хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны оршин суугч бөгөөд 2013 билүү 2014 онд байрны жижүүр М тэй ярьж тохироод өдрийн 5000 төгрөгөөр 51 дүгээр байрны доор байрлах гражийн зогсоолд автомашинуудыг дунд засварт зогсоод 1 жил болсон. Тухайн үед үндсэн зогсоолын машинууд ороогүй байна гээд орой хамгийн сүүлд тавих, өглөө машин гарах гээд байна гээд эрт босож машин гаргах гэх мэтийн асуудал үүсч байсан учраас дунд нь 1, 2 жил машин тавилгүй завсарлаж байсан. Тухайн үед зогсоолын мөнгө хямд манай амьдардаг байрны яг доор байрлалтай болохоор зохицоод машин тавьдаг байсан. ...2019 оны 10 дугаар сард М  хэд хэдэн удаа над руу утасдаад энэ жил граж яах гэж байна гээд асуугаад байхаар нь би яг үндсэн эзэмшигчтэй нь ярьж тохироод гражинд машинаа байрлуулмаар байна гэхэд над руу яриад оруулчих би мэднэ эзэнтэй нь ярих шаардлага байхгүй гэсэн. Тэгэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрөө түрээсийн гэрээний загвар гаргаад гэрээ бэлдчихлээ гээд М т уншуулахад за за энэ ч хэрэггүй дээ гээд гарын үсэг зураад би тэр доор нь өөрийн мобайль банкиар Мөнцэцэгийн өгсөн 5034943315 тоот дансанд 350.000 төгрөгийн шилжүүлэн өгч машины зогсоол түрээслэж авсан. ...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоолд машин зогсоохоор байсан боловч М  нь нөгөө зогсоол дээр чинь өөр машин байгаа хүн нь хөдөө явчихсан ирэхээр нь машин холдуулаад оруулна гээд байгаад байсан. ...М тэй ярьж тохирохдоо Гангаа- Эрдэнэ гэж хүний зогсоол дээр тавина гэхэд болно гээд байсан болохоор гэрээн дээрээ Г-Э-ний үндсэн авто зогсоол гэж тусгаж өгсөн юм. Гэтэл Г.Э-ний зогсоол дээр өөр хүн машинаа тавиад машиныг огт оруулаагүй. ...Гомдолтой байна. М т өгсөн 350.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...М  нь өмнө жилүүдэд асуудал гаргаад байсан учир би гражийн эзэнтэй яръя утсыг нь өгчих гэхэд өгөөгүй. Би өөрөө мэднэ гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь Г.Э гэж хүний л зогсоол боломжтой бол түрээслий өөр хүний зогсоол хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд М  боломжтой гээд түрээсийн гэрээ хийсэн. Гэтэл уг зогсоолд өөр машин тавьсан байсан. Би машинаа зогсоолд тавьмаар байна гэж зөндөө хэлсэн ч тавиулаагүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд одоо болъё мөнгөө буцааж авъя гэж би хэлсэн. Гэтэл өнөөдөр, маргааш 16 цагт өгнө, маргааш 12 цагт өгнө гэж удаа дараа худал ярьсаар өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ю.Г-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн орон сууцыг 1 жилийн хугацаатай хүнд түрээслүүлээд гражийн зогсоолыг түрээсийн хугацаанд үнэгүй ашиглуулахаар бонус болгож өгсөн байгаа. ….2019 оны хувьд би өөрийн байр түрээслүүлсэн хүнд гражийн машины зогсоолоо давхар өгсөн учраас Д.М  эгчид би манай зогсоол дээр манай байрны түрээслэгч машинаа тавина гэдгийг тухайн үед нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч А.О-н “...би 51 байрны 27 тоотод байрлах 2 өрөө байрыг уг байрны доор байрлах гражын 1 машины зогсоолын хамт түрээслэж байгаа. Машинаа Гангаа-Эрдэнийн зогсоол дээр тавих гэхээр жижүүрээр ажиллаж байсан Д.М  нь өөр машин зогсоочихоод намайг оруулахгүй, түлхүүр байхгүй, СӨХ дарга түлхүүр өгөхгүй байна гэх зэргээр шалтаг тоочоод байдаг байсан. Зарим үед М тэй муудалцаад, зарим үед ая талыг нь олоод машинаа байрлуулдаг байсан. Гангаа-Эрдэнэд хэлэхээр аргалаад машинаа тавь гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Хохирогч Ч.Б-н Хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 20 тал/,

 

Зээлийн гэрээ /хх-ийн 21 тал/

 

Шүүгдэгч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сард надад мөнгө хэрэгтэй болоод би Б-с 350.000 төгрөг хэрэгтэй байна. Машинаа 11 дүгээр сараас эхлээд зогсоолд тавина биз гэсэн. Б 51 дүгээр байрны урд зогсож байгаад гар утсаараа миний өгсөн дансанд 350.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, “...Р  ах над дээр ирээд 500.000 төгрөгийг нь бэлнээр надад өгөөд 50.000 төгрөгийг нь өөрөө аваад явсан. ...Тэр машиныг 3 хоног гражид байлгасан. 2019 оны 11 дүгээр сард Сууц өмчлөгчдийн дарга А орж ирээд нэг машины мөнгө өгчих би машин тавих гэсэн юм гэхээр нь одоо зай байхгүй гэсэн. ...Би авсан мөнгөө өөрийн эмчилгээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тус Сууц өмчлөгчдийн холбоонд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. Тэр хугацаанд хүмүүст граж түрээслэсэн. Б-с 2019 оны 10 дугаар сард граж түрэслүүлнэ гэж 350 000 төгрөг аваад 2019 оны 11 дүгээр сард гражид оруулж өгнө гэж хэлсэн. Шинэбаярт граж түрээслэнэ гэж 550.000 төгрөг авсан. Тавиад 2 хонож байтал Сууц өмчлөгчдийн холбооны даргатай муудсанаас болоод чадаагүй гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг болон түүний хувийн байдалтай холбоотойгоор эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 94-96, 97-100 тал/, эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 108-109 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.М ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 13-15, 16, 56-57 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны доорх гражаас өөрөө мэдэж түрээслэх эрхтэй мэтээр бусад ойлгуулж, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох гражийг нэр бүхий хохирогч нарт түрээслэх нэрээр тэдгээрээс мөнгө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.М  нь мөнгөн хэрэгцээ гарсан хэмээн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Б эс 350.000 төгрөг шилжүүлэн авахдаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гангаа-Эрдэнэ гэх хүний гражийг түрээслүүлнэ, боломжтой гэж авчээ.

 

Гэтэл тухайн гражийн өмчлөгч  Г нь 2019 оны 5 сараас эхлэн өөрийн орон сууцыг түрээслэсэн хүнд гражынхаа ашиглах эрхийг өгсөн, энэ талаараа шүүгдэгч Д.М т мэдэгдсэн болох нь гэрч А.О-н“...би 51 байрны 27 тоотод байрлах 2 өрөө байрыг уг байрны доор байрлах гражын 1 машины зогсоолын хамт түрээслэж байгаа. Машинаа Г-н зогсоол дээр тавих гэхээр жижүүрээр ажиллаж байсан Д.М  нь өөр машин зогсоочихоод намайг оруулахгүй, түлхүүр байхгүй, СӨХ дарга түлхүүр өгөхгүй байна гэх зэргээр шалтаг тоочоод байдаг байсан. Зарим үед М тэй муудалцаад, зарим үед ая талыг нь олоод машинаа байрлуулдаг байсан. Гангаа-Эрдэнэд хэлэхээр аргалаад машинаа тавь гэдэг...” гэх, гэрч Ю.Г-н “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн орон сууцыг жилийн хугацаатай хүнд түрээслүүлээд гражийн зогсоолыг түрээсийн хугацаанд үнэгүй ашиглуулахаар бонус болгож өгсөн. Гэтэл 2019 оны 10, 11 сард манай байрыг түрээслэн амьдарч байсан эмэгтэй танай жижүүр чинь миний машиныг оруулахгүй байна гэхээр нь би М  эгчтэй утсаар яриад манай байрны түрээслэгчийг аятайхан байлга, битгий хэл ам хийгээчээ гэж хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний зогсоолыг бусдад түрээслүүлсэн гэж би мэдээгүй, би хэн нэгэнд тийм эрх олгоогүй...” гэх, хохирогч Ч.Б-н “...би Г гэх хүний зогсоол л боломжтой бол түрээслий гэдгээ хэлсэн. Тэгээд надад эзнийх нь утсыг өгчих гэхэд өгөөгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  

 

Мөн шүүгдэгч Д.М  2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дээрх 51 байрны доор байрлалтай гражийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хохирогч Б.Ш , Б.Ш нарт түрээслүүлэхээр тохиролцож хохирогчоос 550.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь гэрч Ц.А-н  “...2019 оны сүүлээр 9, 10 дугаар сараас эхлээд гадны машин зогсоохоо болъё гээд анхааруулж хэлж байсан...” гэх, хохирогч Б.Ш-н  “...би уг гражид түрээслэн авсан зогсоол дээр байрлуулах гэхэд өөр машин зогсож байсан, тэгэхээр нь энэ машин яагаад зогсчихсон юм гэсэн чинь жижүүр эмэгтэй хүн түр тавьчихаад урагшаа явчихсан түрдээ тэр цаад зогсоол дээр зогсож бай гэж хэлээд гражийн мухар руу машин байрлуулсан. 2 хоногийн дараа сууц өмчлөгдийн холбооны дарга гээд настай хүн машинаа гарга гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”..Уг 51 дүгээр байрны автомашины зогсоолын жижүүр эмэгтэй Д.М  надад хандаж та зар байрлуулсан байна. Надад түрээслэх машины зогсоол байгаа юм. Та өөрөө түрээслүүлж байгаа мэтээр яриад түрээслээд өгөөч та тус болооч гэхээр нь би зөвшөөрөөд за тэгье гэж хэлсэн. Тухайн үед өрөвдөөд тусалсан. ...Гражийн үүдний хэсэгт байрлах 1 автомашины зогсоолыг би М  гэх эмэгтэйн хамт танилцуулсан. ...Тэр гражийн зогсоолыг өөр хүний зогсоол гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнийг нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.  

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймээс шүүгдэгч Д.М ийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч Д.М ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш , Б.Ш-т 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол, хохирогч Ч.Б-д 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

 Шүүгдэгч Д.М  нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх ба иргэний нэхэмжлэгч Ц.Р  нь хохирогч Б.Ш-т 550.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирлын төлбөр болох 550.000 төгрөгийг авсан тул бидэнд гомдол хүсэлт байхгүй.. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 111 тал/-ээр нотлогдож байх тул хохирогч Б.Ш нарт гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Р  “...би 500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж, хохирогч Ч.Б  “...би 350.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Д.М ийг хохирогч Ч.Б д 350.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Р д 500.000 төгрөгийн төлбөртэй гэж гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Л.Г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан.

 

Шүүгдэгч Д.М  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч Ч.Б , иргэний нэхэмжлэгч Ц.Р  нарын гаргасан “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, одоо гомдол саналгүй” гэх мэдүүлгээр нотлогдсон.

 

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэж, шүүгдэгч Д.М ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.М  нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

        Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

          Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т  640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүний үйлдэлд нийцнэ гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.М т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

Энэ хэрэгт 1905050020282 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 640 /зургаан зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт 1905050020282 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ч.Б  350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Р  500.000 төгрөг тус тус бэлнээр авсан, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА