| Шүүх | Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаар |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 221/2017/0001/з |
| Дугаар | 221/ШШ2017/0001 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/ШШ2017/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч анхан шатны журмаар хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, иргэдийн төлөөлөгч Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “...Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг батлан гаргахдаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д "...шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх" гэсэн заалтыг баримталсан байна. Энэ зохицуулалт нь өөрөө "шүүхийн захиргаа", "шүүхийн зохион байгуулалт", "шүүхийн үйл ажиллагаа"-тай холбоотой буюу зөвхөн шүүхийн дотогш чиглэсэн, дотоод харилцааг зохицуулах агуулгатай акт батлан мөрдүүлэх бүрэн эрхийг тогтоосон байна. Харин "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам" нь хэлбэрийн хувьд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгчдийн хийх үйлдлийг журамласан мэт боловч журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг нь агуулгын хувьд шүүхэд хэрэг нь хянагдаж байгаа хэргийн оролцогчид руу буюу шууд гадагш чиглэсэн үйлчлэлийг бий болгож байгаа нь уг журмын дотогш чиглэсэн зохицуулалт бүхий агуулгатай шууд зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан уг журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгчдийн хувьд 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг нь хэргийн оролцогчдоос гаргаж буй үйлдлийг шүүхэд нөлөөлөх үйлдэлд тооцох үндэслэл болж буй нь шүүн таслах ажиллагаа, хэргийн оролцогчдын эрх зүйн байдалд шууд нөлөөлж байна. Шүүн таслах ажиллагаа, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг процессын буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар зохицуулдаг байтал Шүүхийн ерөнхий зөвлөл ийнхүү шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд халдсан нөлөөлөл бүхий зохицуулалтыг батлан гаргаж буй нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төдийгүй хуулиар энэ эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгоогүй байна. Гадагш чиглэсэн үйлчлэл бүхий, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны актын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэг нь 2016 оны 7 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байна. Хуучин хуулиар буюу 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд "захиргааны акт" гэдэгт "захиргааны хэм хэмжээ тогтоосон акт" багтаж хэрэглэгдэж байсан бол одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуульд "захиргааны акт" болон "захиргааны хэм хэмжээ тогтоосон акт"-ыг салгаж хоёр тусдаа ойлголт болгож зааглаж өгсөн байна. Захиргааны ерөнхий хууль батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлснээр тус хуулийн 60 дугаар зүйлд "захиргааны хэм хэмжээний акт"-д тавигдах шаардлагуудад "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам" нь нийцэхгүй, зөрчилдөж байна. Тухайлбал, Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.10 дахь хэсгийн "Бусад хэрэг маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох" гэсэн заалт нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. дэхь хэсгийн “хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй", 25.2.2 дахь хэсгийн “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй", мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. дахь хэсгийн “хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх, ... хүсэлт гаргах эрхтэй" гэж заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын 60.1.6. дахь хэсэгт “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн шаардлагатай нийцэхгүй байна. Үүгээр зогсохгүй дээрх журмын заалт нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, 107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрх, үүргийг зөрчсөн, мөн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, 108 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шинжлэх шүүгчийн бүрэн эрхэд халдсан хуулиас дээгүүр зохицуулалт болжээ. Бид хэргийн оролцогч нь бусад хэрэг маргааны шийдвэрийг жишиг болгохыг шүүгч, шүүх бүрэлдэхүүнд санал болгох, түүнтэй холбоотой хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх эрхтэй гэж үзэж байгаа юм. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримт мөн үү гэвэл мөн юм. Харин энэ нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой эсэх, шаардлагатай мэдээлэл тэнд агуулагдаж байгаа эсэхийг гагцхүү шүүх тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судлаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүгчийн хуулиар олгогдсон тэр эрхээ хэрэгжүүлэхийг нь журмаар хязгаарласан нь буруу байна. Өнөөдөр шүүхүүдэд хэргийн оролцогч хянагдаж байгаа хэрэгт өөр төсөөтэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр, шийдвэр тогтоолыг гаргаж өгөхөд шүүгч болон шүүх бүрэлдэхүүн дээрх журмыг баримтлан "Та шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Иймд таны гаргаж өгсөн нотлох баримтыг авахгүй, бид нөлөөллийн мэдүүлэг хөтөлж танд арга хэмжээ авахуулна" гэсэн байдлаар хандаж байна. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.2.1. дэх хэсэгт "Хээл хахууль,
шан харамж, бэлэг сэлт өгөхийг завдах", 2.2.5. дахь хэсэгт
"Доромжлох, гүтгэх" гэсэн заалтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар
зүйл, 111 дүгээр зүйл, 269 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг нэрлэн заасан
байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь хэсэгт
"бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд
эшлэл хийгдсэн байх" гэсэн шаардлагыг хангаагүй байна. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.2.9. дэх хэсгийн "Нөхцөл байдлыг тайбарлах" гэсэн заалт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, ямар тохиолдолд хэрэглэгдэх нь тодорхойгүй зохицуулалт байна. Бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөл (дээд шатны байгууллага байхгүй)-д өөрт нь гомдол гаргахад бидэнд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 03/1262 тоот албан бичгээр гомдлын хариу илгээсэн бөгөөд уг бичигт "Шүүхээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Хөндлөнгийн нөлөөлөл бий болоогүй тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг нь хэргийн оролцогч болон бусад этгээдийн эрхийг хөндөх тухай асуудал яригдахгүй юм. Иймд та бүхний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна" гэсэн хариу ирүүлсэн юм. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам нь нийт улсын хэмжээнд буюу бүх шүүхүүдэд хэрэглэгдэх хэм хэмжээний акт мөн байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбаруудыг ойлгохгүй байна. Журмыг уншаад үзэхэд энэ нь шүүх хуралдааны явцад хэрэглэгдэнэ, энэ нь гадуур хэрэглэгдэнэ гэсэн ойлголтыг ялгаж салгасан зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ журмыг өөрийнхөө ойлгосноор тайлбарлаж байна гэж харж байна. Би шүүхэд хандахаасаа өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуультай нийцэхгүй байна, энэ журмаа нийцүүлээчээ гэж гаргасан. Надад дээр дурдсан хариуг өгсөн. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам хэрэгцээ шаардлагатайн хувьд шаардлагатай. Гэхдээ тухайн хэм хэмжээний акт хуульд нийцсэн байх шаардлагатай, тэрнээс биш хуульд зааснаас өөрөөр тухайн хэм хэмжээний акт шинээр эрх, үүрэг үүсгэсэн агуулгатай байх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүү, Иргэн, Захиргааны процессын тухай хуульд байхгүй, хэргийн оролцогчдын эрхэнд халдсан журам үйлчлээд байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг маргааны талаар хуульд зааснаас болон шүүх хуралдааны мэтгэлцээний гадуур хандсан үйлдэл, эс үйлдлийг нөлөөлөл гэж үзнэ. Журмын 2 дугаар зүйлийн 2.2.10 дахь хэсгийн "Бусад хэрэг маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох" гэсэн заалт нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх", 25.2.2 "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 "нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах", Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 "хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэсэн шаардлагатай нийцэхгүй байна гэжээ. Дээрх заалтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ" гэж заасан мэтгэлцэх зарчимд хамаарна. "Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журмын 2.2.10 дахь хэсэгт “Бусад хэрэг маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох" гэдэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур гаргасан саналыг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны мэтгэлцээний явцад өмнө гарсан шүүхийн шийдвэрийг иш татахад уг зүйл хамаарахгүй. Хэргийн оролцогчид хэрэг маргааныг хэрхэн, яаж шийдэхийг шүүгчид санал болгох эрхгүй билээ. “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам”-ын 2.2.1 дэх хэсэгт “хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөхийг завдах”, 2.2.5 дахь хэсэгт "доромжлох, гүтгэх" гэсэн заалтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйл, 111 дүгээр зүйл, 269 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг нэрлэн заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дэх заалтад "бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх" гэсэн шаардлагыг хангаагүй байна гэжээ. "Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам"-ын 2.2 нь шүүгчийн хараат бус байдалд халдах үйлдлийн хэлбэр болохоос Эрүүгийн хуулийн 110, 111, 269 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8-д заасан "бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх" гэсэн шаардлагыг зөрчөөгүй байна. Журмын 2 дугаар зүйлийн 2.2.9 дэх хэсгийн "нөхцөл байдлыг тайлбарлах" гэсэн заалт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, ямар тохиолдолд хэрэглэгдэх нь тодорхойгүй зохицуулалт байна" гэжээ. Энэ заалт нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны гадуур шүүгчид нөлөөлөх зорилгоор тайлбар хийхийг оролдсон тохиолдолд ашиглахаар тогтоосон бөгөөд ШЕЗ-ийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар "Нөлөөллийн мэдүүлэг"-ийн загварын 3.2 "Зөвлөгөө, зааварчилгаа" гэсэн хэсэгт уг хэлбэрийг оруулсан болно. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам"-ын 2.2 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийн загварыг баталж гаргадаг. Энэ заалтынхаа хүрээнд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Нөлөөллийн мэдүүлгийн загварыг баталсан. Уг нөлөөллийн мэдүүлгийн загварын 3.1 дүгээр хэсэгт “нөлөөллийн хэлбэр” гэсэн хэсэг байдаг. Энэ хэлбэрт шүүгчид ямар байдлаар нөлөөлж болох вэ гэдгийг тусгаж өгсөн. Үүнээс хойш 2015 он хүртэл нөлөөллийн мэдүүлгийг яаж шийдвэрлэх, хэнд хандах, нөлөөлөх үйлдлийг яаж баримтжуулж, яаж шилжүүлэх асуудлыг зохицуулсан процесс ажиллагааны журам байхгүй байсан учраас Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд энэ журмыг баталж өгсөн. Уг журмын ерөнхий агуулгын хувьд юу вэ гэхээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч нар нөлөөллийн мэдүүлгийг хөтөлсөн тохиолдолд тамгын дарга ямар үүрэгтэй эсэх, яаж нотлох баримт цуглуулах, тэрийгээ хааш нь хэдэн хоногийн хугацаанд шилжүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авсанаар ямар үйл ажиллагаа явуулах, дараа нь холбогдох байгууллагаас шийдвэрлээд ирсэн тохиолдолд хэд хоногийн дотор нийтэд мэдээллэх гэх мэтчилэн процесс ажиллагааг зааж өгсөн. Ерөнхийдөө шүүхийн дотогшоо чиглэсэн журам юм. Энэ журам нь Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам биш “Нөлөөллийн мэдүүлэг шийдвэрлэх журам” гэсэн нэртэй байгаа. Уг журмын хоёрын 2.2 дахь хэсэгт нөлөөллийн мэдүүлэг хөтлөх загвар дээр байгаа нөлөөллийн хэлбэрийг ерөнхийдөө хуулаад тавьсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлах үед хуучин 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль хэрэгжиж байсан. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд журмыг батлах үед байгаагүй учраас энэ хуулийн шаардлагад журам нийцсэн байх шаардлагагүй. Журмын 2.2 дахь хэсгийн 2.2.7 2.2.8, 2.2.9, 2.2.10 гэх мэт заалтуудыг хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд мэтгэлцэх үедээ хэрэглэж болно. Хэрэглэж болохгүй гэх гол зүйл бол шүүх хуралдаанаас бусад үед юм. Шүүгч гэртээ байх, гудамжинд таарсан үедээ, эсхүл шүүх хуралдаан эхлээгүй байхад шүүгч дээр орж нөхцөл байдлыг тайлбарлах, урьдчилан зааварчилгаа өгөх зэрэг үйлдлийг гаргахгүй байхыг хэлж байгаа юм. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нөхцөл байдлыг тайлбарлах, бусад хэрэг, маргааны шийдвэрийг жишиг болгож болохгүй гээд байгаа нь хуралдааны үед ч болохгүй гэж үзээд байх шиг байна. Энэ бол шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бол хэрэглэж болно. Харин шүүх хуралдааны бусад үе шатанд бол энэ үйлдлийг гаргаж болохгүй бөгөөд шүүх шийдвэр гаргаагүй байх үед шүүгчийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон үйлдлийг нөлөөлөл гэж үзнэ. Иймд “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” хууль зөрчөөгүй гэж үзэж байна ” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн саналыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “журмын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт хэргийн оролцогч руу шууд гадагш чиглэсэн, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, Захиргааны ерөнхий хуулиар захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй, бусад хуультай зөрчилдсөн, утга агуулгын хувьд ойлгомжгүй” гэж тайлбарласан бол хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон журам, 2.2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур гаргасан тохиолдолд нөлөөлөл гэж үзэх тул хэргийн оролцогчдын эрх зүйн байдалд нөлөөлөөгүй, бусад хуулийг зөрчөөгүй” гэж маргасан.
Маргаан бүхий акт “захиргааны хэм хэмжээний акт” болох үндэслэлийн тухайд:
Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон, захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох бөгөөд эдгээр шинжийг бүгдийг зэрэг агуулсан байж захиргааны хэм хэмжээний актад хамаарна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө”, 22.4-т “Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэргийн материалд хавсарган, хувийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ”, 22.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 22.3-т заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан тухайн этгээдийн үйлдэл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ”, 22.6-д “Нөлөөллийн мэдүүлгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналтай эрх бүхий байгууллага, албан тушаалтан заавал танилцах бөгөөд уг саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ”, 22.7-д “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 22.5-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авч, Шүүхийн ерөнхий зөвлөлд хариу мэдэгдэнэ”, 22.8-д “Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт шүүхийн хэмжээнд үйлчилж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, нөлөөллийн мэдүүлгийг хүргүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх, шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хариуг олон нийтэд мэдээлэх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” батлан гаргасан нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх” гэж заасантай нийцжээ.
Иймд дээрх журмыг тухайн байгууллагын хуульд заасан үйл ажиллагааг тодорхой болгохын тулд нийтлэг зохицуулалт агуулсан “захиргааны байгууллагын дотоод журам” гэж ойлгохоор байгаа ч журмын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт хэргийн оролцогчид болон сонирхол бүхий этгээдүүдэд эрх зүйн нөлөөлөл үзүүлж, тэдэнд тухайн үйлдлийг гаргахгүй байхыг үүрэг болгосон шинжээрээ “гадагш чиглэсэн”, “нийтээр заавал дагаж мөрдөх” хэм хэмжээний актын шинжийг агуулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл журмын Хоёр дахь хэсгийн 2.2-т хэргийн оролцогчид болон сонирхол бүхий этгээдүүдийн гаргаж буй тодорхой төрлийн үйлдлүүдийг нөлөөлсөн үйлдэлд тооцож, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болгосон нь журмын заалт гагцхүү байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан байх шинжийг үгүйсгэсэн төдийгүй гадагш чиглэсэн байх тул захиргааны хэм хэмжээний актад хамааруулж тус шүүх хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нөлөөллийн мэдүүлэг гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг, маргааны шийдвэрлэлттэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан, эрүү, иргэн, захиргааны хэргийн материалд хавсаргагдах баримт бичгийг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө” гэж заасныг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байх эрхэнд хөндлөнгийн ямар нэг этгээд халдаж, ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхийг, тухайн этгээдийн үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлөл болж байгаа эсэх нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүн өөрсдийн үзэмжээр, итгэл үнэмшлээр шийдвэрлэх эрхийг олгосон зохицуулалт гэж ойлгоно.
Харин маргаан бүхий “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 2.2 дахь заалтаар нөлөөлөлд тооцох, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тохиолдлуудыг жишээ болгон нэрлэн заасан гэж үзэхээр байх ба /нөлөөлсөн үйлдлийг бүгдийг нэрлэн заах боломжгүй/ энэ нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулах” гэсэнтэй нийцэж байвч нэрлэн заасан үйлдлүүд утга агуулгын хувьд ойлгомжгүй, ямар тохиолдолд хэрэглэх нь тодорхойгүй байна.
Тухайлбал журмын 2.2.7 “Шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох”, 2.2.8 “Шийдвэрийн талаар урьдчилан зааварчилгаа өгөх”, 2.2.9 “Нөхцөл байдлыг тайлбарлах”, 2.2.10 “Бусад хэрэг маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох” зэрэг үйлдлийг хэзээ, ямар хэлбэрээр, ямар тохиолдолд гаргаснаар нөлөөлөл болох эсэх нь тодорхойгүй, шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдод ойлгомжгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2.2.7 2.2.8, 2.2.9, 2.2.10 гэх мэт заалтуудыг хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд мэтгэлцэх үедээ хэрэглэж болно, шүүх хуралдаанаас бусад үед шүүгч гэртээ байх, гудамжинд таарсан үедээ, эсхүл шүүх хуралдаан эхлээгүй байхад шүүгч дээр орж нөхцөл байдлыг тайлбарлах, урьдчилан зааварчилгаа өгөх, бусад хэрэг, маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох зэрэг үйлдэл гаргаж болохгүй” гэж тайлбарласан ч журмын холбогдох заалтууд ийнхүү тайлбарласантай ижил утгаар ойлгогдохгүй байна.
Харин 2.2.1 “Хээль хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөхийг завдах”, 2.2.5 “Доромжлох, гүтгэх” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийг нэрлэн заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8-д
"бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд
эшлэл хийгдсэн байх" гэсэн шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл журмын заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтыг баримтлаагүй, гагцхүү нөлөөлсөн үйлдэлд хамааруулж болохоор нэрлэн заасныг Эрүүгийн хуультай зөрчилдсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд маргаан бүхий хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Хэдийгээр маргаан бүхий хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө батлагдан гарсан ч хариуцагч захиргааны байгууллага батлан гаргасан хэм хэмжээний актаа хүчин төгөлдөр хуульд нийцүүлэх үүрэгтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй ч мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул хүчингүй болгох боломжгүй, харин зөрчил бүхий байгаа нь тогтоогдсон, энэхүү зөрчлийг арилгах, захиргааны актад нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь захиргааны байгууллагад өөрт нь хадгалагдах тул энэхүү алдаагаа залруулж журмын 2.2 дахь заалтыг тодорхой, ойлгомжтой байдлаар журамлаж, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх боломж олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамааруулах нь хуульд харшлахгүй болно.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн
23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтын үйлчлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН