Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Хохирогч С.Г-, Р.Б-,

Шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-өд холбогдох эрүүгийн 2038001500077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Н.

Шүүгдэгч С.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 85 тооны бог малыг хулгайлж 7.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Ногоон арал гэх газраас иргэн Р.Б-ын 10 тооны ямааг хотноос нь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 19 тооны ямаа, 4 тооны хонь нийт 23 тооны бог мал хулгайлж 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 30 тооны ямаа, 28 тооны хонь нийт 58 тооны бог мал хулгайлж 6.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 10 тооны хонь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Н-ийг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 30 тооны ямаа, 28 тооны хонь нийт 58 тооны бог мал хулгайлж 6.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 10 тооны хонь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлгээр дээрх үйлдэл холбогдлууд нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж байсан учраас тэр бүрт нь цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэн хүлээн авч байсан учраас миний алдсан малын тоог нэмэгдүүлж бичсэн байна. ...Миний хувьд 108 тооны бог мал алдсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...68 тооны бог мал хулгай хийсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэх саналыг гаргаж байх тул шүүгдэгч С.Н-ийн хохирогч С.Г-ийн 68 тооны бог мал хулгайлсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 19 тооны ямаа, 4 тооны хонь, нийт 23 тооны бог мал хулгайлж 2.870.000 төгрөгийн хохирол учруулан,

2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 85 тооны бог малыг хулгайлж 7.730.000 төгрөгийн хохирол учруулан,

2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Ногоон арал гэх газраас иргэн Р.Б-ын 10 тооны ямааг хотноос нь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдын олон тооны “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 7, 9 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Турк улсад амарч байхад хүргэн А.Т- над руу утсаар залгаж танай малчин Л.Б- малаа тоолоход 46 хонь, 39 ямаа байхгүй байна гэж хэлсэн шүү гэж хэлээд утсаа тасалсан. Би 2020 оны 02 сарын 12-ны өдөр Тосонцэнгэл суманд байдаг өөрийн мал хардаг Л.Б-ынд очиж өөрийн биеэр тоолоход 85 бог мал дутаж байсан учир Тосонцэнгэл сумын цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
  • Хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 сарын 04-ний өдөр хониндоо явж байгаад орой хонио хотлуулаад хашаандаа хашиж гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь хонио тоололгүй шууд хашаанаас гаргаад малаа туугаад бэлчээрт дагаж явж байгаад орой 18 цагийн орчимд гэртээ ирж малаа тоолж хашаандаа хийтэл 10 тооны ямаа дутуу байхаар нь хашаанд хийгээд гэртээ орж унтсан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хайгаад олохгүй болохоор нь сумын төв орж цагдаад өргөдөл өгсөн. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард манай малаас 4 хонь, 19 ямаа хулгайд алдагдсан байсан ба тасарч алга болсон байсан. Би хулгайд алдсан малаа хайж яваад Тосонцэнгэл сумын иргэн М-тэй уулзахад С.Н- надад 19 тооны ямаа, 4 хонь зарсан гэхээр нь эм тамгыг нь лавлахад манай малын им тамгатай таарч байсан. Тэгээд би С.Н-ийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2006 оноос хойш С.Г-ийн малыг маллаж байгаа юм. 2019 оны мал тооллогоор 322 хонь, 289 ямаа тоолуулж надад үлдээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой хонио хашаад гэртээ амарч байхад 02 цагийн орчимд гэрийн гадаа машин сонсогдох шиг болоод гараад хартал ямар маркийн машины гэрэл болох нь тодорхойгүй улаан гэрэл зүүн зүг яваад өгсөн. Тэгэхээр нь гэртээ ороод амарсан. Өглөө нь Мөрөн суманд амьдардаг охин О-д хэлэхэд ирээд мал тоолоход 46 хонь, 39 ямаа дутуу байна гэхээр нь С.Г- ахын хүргэн А.Т-т утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн ... ХӨА улсын дугаартай суудлын машинаа зарахаар болоод зар тавьсан. Тэгтэл С.Н- гэдэг хүн ирж над руу яриад машин худалдаж авахаар болоод ирж надтай уулзсан. Тэгээд би нотариатын гэрээ хийгээд 3.000.000 төгрөгөөр зарахаар болж машины мөнгийг төлж барагдуулах сүүлийн хугацааг 2020 оны 01 сарын 10-ны өдөр гэж гэрээнд тусгаж өгсөн. Тэгээд С.Н- машинаа авч яваад 2020 оны 01 сарын 08-ны үед над руу утсаар залгаад ирж тооцоогоо хий хүрээд ир гэхээр нь Тосонцэнгэл сум руу явахад өөрөө зам дээр зогсож байгаад айлд очиж 24 толгой хонь авсан. Тэр орой нь над руу хүний данснаас 1.750.000 төгрөг хийгээд тооцоо дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 04-ний орой С.Н- гэрт ирээд ах аа ямаа авах уу би мал руугаа явж байна ямаа авна гэх юм бол маргааш өглөө оруулаад ирнэ гэхээр нь би өөрийн малаа зарах гэж байгаа бол харж байгаад болно гэтэл за би маргааш оруулаад ирье гээд яваад өгсөн. Маргааш өглөө нь 9 цагийн орчим гэртээ унтаж байхад С.Н- гэрт орж ирээд ямаагаа аваад ирлээ харах уу та гэхэд би хашааны гадаа гартал саарал өнгийн хөгшин королла маркын автомашины арын суудлаас 4 ямаа багажнаас 2 ямаа гаргаж ирээд манай хашаанд оруулж харуулахад би дунд зэргийн ямаа юм байна гэхэд 60.000 төгрөгөнд ав гэхээр нь би худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг Р.Б- гэх хүний хотноос 10 тооны эвэр дээрээ шар будагтай ямаа худалдаж аваад байж байтал өөрийгөө С.Н- гэх залуутай тааралдаж надад 5 эр ямаа зарна гэхээр нь би худалдаж аваад өөрийн эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай Портер маркийн автомашинд ачаад гэртээ авчирсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед над руу залгаж 4 ямаа зармаар гэхэд би гэртээ байна гэсэн. Гэрийн гадаа авчрахаар нь содон шинж тэмдгийг нь харахад өмнө зарсан 1 ямааны будагтай мөн адил будагтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
  • Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…миний санааж байгаагаар 2019 оны 1 дүгээр сард байх С.Н- нь миний гар утас руу залгаад хонь, ямаа авах уу гэж асуухаар нь би тухайн үед мал авч байсан болохоор авна гэтэл төвийн гэрт хүрээд ирээч үзчих гэхэд нь би очиж малыг нь үзтэл 19 ямаа, 4 хонь байхаар нь авахаар болоод С.Н-ийн өөрийнх нь машинд ачаад гэрийнхээ хашаанд буулгаж авсан. Буулгаж аваад С.Н-өд хандаж хүний мал биш биз дээ гэхэд өөрийн малаа, малчны зээлээ хийх гэж байгаа юм гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
  • Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ амарч байхад Тосонцэнгэл сумын 2 дугаар багт амьдардаг найз Лхагваад урьд нь ямаа худалдаж авна шүү гэж хэлж байсан. Тэр өдөр найз Лхагваа залгаж манай энд С.Н- гэдэг залуу ямаа зараад Р.Б-ынд байна гээд надад 30 ямаа үзүүлж 25 ямааг нь худалдаж авахаар болж өөрийн эзэмшлийн ... ХӨА улсын дугаартай Портер маркийн автомашин дээр ачаад гэртээ ирж хоттой малдаа тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар хуудас/,
  • Гэрч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хадам дүү болох Р.Б- руу залгаж ямаа зарах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлчихээд байж байтал 2 хоногийн дараа хадам дүү Р.Б- над руу залгаж С.Н- адуу зараад ямаа авсан, авсан ямаагаа зарж байна гэхээр нь найз С.Б- руу залгаж хэлтэл удалгүй ирээд 25 ямааг нь худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
  • Гэрч Ё.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С.Н- гэж хүнийг сайн танихгүй. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө босоод нойл орох гээд гэрээсээ гартал хотон дотор 10 тооны хонь байхаар нь гайхаад гэрт орж эхнэрээс асуухад мэдэхгүй гэсэн. Өдөр 10 цагийн үед суудлын жижиг тэрэг гэрийн гадаа зогсож нэг залуу гэрт орж ирээд өөрийгөө С.Н- байна шөнө танай хашаанд 10 хонь буулгасан юм, танайх хонь авч байгаа гэсэн мөнгөө авъя гэхээр нь 1 хонийг нь 70.000 төгрөгөөр үнэ тохиролцоод 700.000 төгрөгөөр бодож бэлэн мөнгө тоолж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
  • Хохирогч С.Г-ийн хулгайд алдсан 46 тооны хонь, 39 тооны ямааг 7.730.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
  • Хохирогч Р.Б-ын 10 тооны ямааг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
  • Хохирогч С.Г-ийн хулгайд алдсан 4 тооны хонь, 19 тооны ямааг 2.870.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 124, 128, 133 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Н-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 147 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Н- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 19 тооны ямаа, 4 тооны хонь, нийт 23 тооны бог мал хулгайлж 2.870.000 төгрөгийн хохирол учруулж, 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 85 тооны бог малыг хулгайлж 7.730.000 төгрөгийн хохирол учруулж, 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Ногоон арал гэх газраас иргэн Р.Б-ын 10 тооны ямааг хотноос нь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдын олон тооны “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 7, 9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26, 36 дугаар хуудас/, хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/, гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/, гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар хуудас/, гэрч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/, гэрч Ё.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-89 дүгээр хуудас/, хохирогч С.Г-ийн хулгайд алдсан 46 тооны хонь, 39 тооны ямааг 7.730.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, хохирогч Р.Б-ын 10 тооны ямааг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, хохирогч С.Г-ийн хулгайд алдсан 4 тооны хонь, 19 тооны ямааг 2.870.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 124, 128, 133 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Н- “...С.Г-ийн хүргэн З- нь манай адуунаас 4 адуу авсан байсан” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мэдүүлж байх боловч бусдын малыг нууцаар хулгайлан, бусдад зарж борлуулж байгаагаас дүгнэвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.   

Шүүгдэгч С.Н- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 19 тооны ямаа, 4 тооны хонь, нийт 23 тооны бог мал хулгайлж 2.870.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг,

2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Долоогийн булан гэх газраас иргэн С.Г-ийн 85 тооны бог малыг хулгайлж 7.730.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг,

2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Ногоон арал гэх газраас иргэн Р.Б-ын 10 тооны ямааг хотноос нь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд нийт 11.800.000 төгрөгийн хохирол учирч,  118 тооны бог мал хулгайлагдсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Р.Б- “...Надад гомдол санал байхгүй. Би 10 ямаа алдсан. ...шүүгдэгч нь надад хохирол төлбөргүй болно” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ мэдүүлгийг өгч байх тул шүүгдэгч С.Н-ийг хохирогч Р.Б-од төлөх төлбөргүй,

Шүүгдэгч С.Н- нь хохирогч С.Г-ийн 108 тооны бог малыг хулгайлж, 10.800.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч С.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “...25 тооны бог нэг удаа  авсан. Баатарт зарсан байсан 5 ямаа зүсээр нь авсан, хурга ишиг нийлсэн 30 мал авсан. Нийт 60 тооны бог малыг шүүгдэгчийн ар гэрийнхэн өгсөн. ...6.000.000 төгрөгөөр бодож авсан. ...Би шүүгдэгчээс одоо 4.500.000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна. ...Тэр машиныг 3.000.000 төгрөгөөр бодож авна. ... 1.600.000 төгрөг үлдэж байгааг дараа нэхэмжилнэ, одоо бол нэхэмжлэх зүйлгүй, тохиролцож байна” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ мэдүүлгийг үндэслэн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Н-ийн эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай “Тоёота королла” маркын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хохирогч С.Г-ийн хохирол төлбөрт тооцож олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н- нь уг автомашиныг бусдаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан /тээврийн хэргсэлийн гэрчилгээнд эзэмшигчийн нэр солигдоогүй/ болох нь хэрэгт авагдаж, шүүхээр хэлэлцүүлсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч болон хохирогч С.Г- нар нь шүүх хуралдааны явцад уг автомашиныг харилцан тохиролцож төлбөртөө тооцуулж, хохирол төлбөрийг дуусгавар болсон талаар илэрхийлж байх тул уг автомшиныг хохирогчид шилжүүлэн олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчид гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай гүйцэтгэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөх талаар санаачлага гаргаж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгчийн хувьд 3 удаагийн үйлдлээр, мал хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдын 118 тооны бог малыг хулгайлсан зэрэг бусдад учруулсан хохирлыг харгалзан үзсэн болно.

Шүүх шүүгдэгч С.Н-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “... шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлт, улсын яллагчаас шүүгдэгчид “68 тооны бог мал хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх, хохирогч С.Г-т 6 сая төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирлыг эд зүйлээр харилцан тохиролцож нөхөн төлж, 2 хохирогчийг хохирол төлбөргүй болгосон гэж үзэж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Н-ийн эзэмшлийн автомашиныг хохирогч С.Г-ийн хохиролд тооцож олгуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах” санал гаргасныг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Н-ийн мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Тоёота королла маркийн ... ХӨҮ улсын дугаартай, /3.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан хх-ийн 98-99/ автомашиныг хураан авч, хохирогч С.Г-ийн хохирол төлбөрт оруулан тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Н- нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 53 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Н-ийн 68 /жаран найм/ тооны бог малыг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-өд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Н-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Н-ийн эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай “Тоёота королла” маркын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хохирогч С.Г-ийн хохирол төлбөрт тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                     

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ