Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/126

 

 

    

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогч Б.Н-,

Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 1938008170076 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, С.Д.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах иргэн Б.Н-н байшинд нэвтрэн хүнсний ногоо хулгайлж 1.892.000 төгрөгийн хохирол учруулж,

2020 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.М-ийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 40.950 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах иргэн Б.Н-н байшинд цонхыг нь хагалан нэвтэрч хүнсний ногоо хулгайлан 1.892.000 төгрөгийн хохирол учруулж,

Мөн согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.М-ийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 440.950 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7, 11 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр бүл зуны цагт Сэлэнгэ аймагт ногоо тарьж намар хураагаад Хөвсгөл аймагт ногоогоо авчирч зардаг юм. Мөрөн суманд ногоогоо 10-... тоотод байх хүн амьдарх зориулалттай байшинд хураасан байсан. Ногоо хураасан байшингаа манайхан өдөр болго очиж шалгадаг юм. Тэгээд байж байтал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр очиж шалгахад ногоо хураасан байшингийн ар талын вакум цонхыг хагалсан байсан. Тэгэхээр нь би байшин руу ороод ногоогоо шалгатал шалан дээр асгасан байсан задгай сонгиноос авсан бололтой доошоо хонхойгоод орчихсон байсан. Энэ үедээ цагдаад дуудлага өгөөгүй. Маргааш нь буюу 10 дугаар сарын 25-ны өдөр очиж үзэхэд шуудайтай байцаа, сонгино зэрэг зүйлүүд нэмж алга болсон байсан. Энэ үед ногоо юм чинь цагдаад өгөөд ч олдохгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. Энэ явдлаас хойш нэг их удалгүй зах дээр явж байтал ногоо зардаг Эрдэнээ гэж хүн манай байшингаас алдсан шуудайтай байцааг зарж байсан. Тэгэхээр нь хаанаас худалдаж авсан ямар учиртай болох талаар асуухад надад зарсан хүн нь тээврийн зардалд авсан байцаа гээд зарсан гэж тайлбарласан Энэ үед Ист маркийн машинтай залуу ирээд Э-д манай алдсан шуудайтай байцааг дахин зарах гэж байхад нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны орой би нөхөр хүүхдүүдтэйгээ 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 11 дүгээр хороонд айлд очоод гэртээ шөнө 01 цаг 40 минутын үед гэртээ ирсэн чинь манай хойд өрөөний цонх онгорхой, том өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд гэрлүүгээ орсон чинь зурагт, 2 шил архи, ууттай чихэр алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Гэрч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугар сард өөрийн эхнэр хүүхдүүдийн хамтаар Мөрөн сумын 6-р хороо ...-д байж байтал гаднаас хуучин хамт ажиллаж зүс таних С.Д- манай гэрт цагаан өнгийн жижиг машинтай ирсэн марк дугаарыг нь мэдэхгүй байна. С.Д- надад хэлэхдээ таньдаг хүнийхээ машинаар хүнсний ногоо зөөж зарж байтал эвдэрчихлээ машин нь болохгүй байна. Чиний машинаар ногоогоо зөөгөөд зах оруулж зармаар байна. Хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би С.Д-ын хамтаар Мөрөн сумын 5-р хороо ногоо зардаг хүмүүст уг шуудайтай ногоонуудыг зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсаныг мэдэхгүй байна. Бид гурав буцаад машиндаа суугаад явж байтал С.Д- Мөрөн сумын 10-р хороонд дахиад хэдэн шуудай байцаа байгаа тэрийг аваад захруу хүргээд өгөөч гэж надад хэлсэн. Би тэгж хэлэхэд нь одоо болно тийм юм байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 сарын сүүлээр Мөрөн сумын 5-р хороо Цагаан Уул зах дотор хүнсний ногоогоо зарж байтал үл таних жижиг биетэй бор царайтай 20 гаран насны залуу хүн байцаа авах уу нэг кг-ыг нь хэдэн төгрөг байгаа юм гэж надаас асуусан. Би нэг кг нь 600 төгрөг байгаа гэж хэлтэл нөгөө залуу та 1 кг-ыг нь 500 төгрөгөөр авах уу цэвэрлээд аваад ирье гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл маргааш өглөө нь уг залуу мөн үл таних залуугийн хамтаар хоёулаа орж ирээд 10 тооны цагаан ногоон өнгийн шуудайтай байцаа авчирсан. 10 шуудай жинлэж үзэхэд 300 кг болж байсан. Би нэг килограммыг 500 төгрөгөөр бодоод нийт 150.000 төгрөгөөр худалдаж авсан” мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны яг хэдэн сарын хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Өдөр 14 цагийн орчимд өөрийн нөхөр О.Н- хоёр хүүхдийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06-р хороо ... тоотод гэртээ байж байтал манай нөхрийн ажлын газрын үл таних запуу манай гэрт цагаан өнгийн марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна япон тэрэгтэй ирсэн. Тэр залуу манай нөхөрт хэлэхдээ танай машинд хүнсний ногоо ачиж, зах дээр аваачаад зармаар байна энэ цагаан машин ажилтай байгаа гомаа би танд хөлс мөнгийг нь өгье гэж хэлээд цагаан машинаасаа манай машинлуу 50 килограмын цагаан өнгийн шуудайтай байцаа зөөж хийсэн. Нийт 10 гаран шуудай байцаа хийсэн. Уг байцааг нөхөр О.Н-, нөгөө залуу бид гурав Мөрөн сумын 05-р хороо хүнсний зах дээр аваачиж нөхөр О.Н- нөгөө залуугийн хамтаар зарсан. Тэгээд захаас гарч явггал нөгөө залуу мөрөн сумын 10-р хороонд дахиад байцаа байгаа тэрийг авчираад зармаар байна гэж хэлсэн. Би тэр үеэр гэртээ бууж үлдээд нөхөр О.Н- тэр запуугийн хамтаар байцаа дахиж зарахаар явсан. Тэр орой нөхөр маань 19 цаг өнгөрч гэртээ ирсэн. Надад хэлэхдээ дахиж нэг удаа явж нөгөө залуугийн хамтаар байцаа зарсан гэж хэлсэн” мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Н-н хулгайд алдсан хүнсний ногоо, 3 литр будаг, 2 хайрцаг шрупыг нийт 1.892.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Хохирогч Л.М-ийн хулгайд алдсан 2 шил 0.75 литрийн архи, 1 килограмм чихрийг нийт 40.950 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр он сарын сайн санахгүй байна орой нь найзуудтай гадуур гарж сууж байгаад намайг гэрт дөхүүлж өгсөн юм. Тэр үед би гэртээ ороод бие засаад гарч яваад Мөрөн сумын ... тоот руу дотогш ороод байшин дотор нь цонхыг нь хагалж ороход хураалттай хүнсний ногоо байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь дотроос нь онгойлгоод ар талын хоосон хашаанд нь шуудайтай ногоонууд зөөж хураагаад маргааш өдөр нь найз О.Н-той утсаар ярьж авч яваад цэвэрлээд өгөөч хамт заръя гээд шуудайтай ногоонуудыг зарсан. Маргааш нь үлдсэн ногоонуудаа авч зах дээр гаргаж зарсан. ...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3 найзынхаа хамтаар 18 цагийн үед уулзаад хамт архи ууж байгаад нэгнийх нь гэрт очоод байж байгаад буцаад гараад явсан. Шөнө гэрээсээ гарч яваад 10 дугаар хороонд үл таних айлын хашааны жижиг хаалгаар нь ороод цонхоор нь түлхэж ороод онгойлгоод дотроос нь зурагт, архи чихэр хулгайлаад үзүүрийн хоосон хашаанд нь үлдээсэн. Тэгээд би гэртээ харьж унтсан. Тэгээд гэртээ хариад унтаж байсан чинь цагдаа нар ирээд намайг барьж аваад би хулгайлсан эд зүйлсээ зааж өгсөн. ...Би тухайн үед согтуу байсан ба зарж мөнгө болгож архи ууя гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 56, 61 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Д- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Д- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах иргэн Б.Н-н байшинд цонхыг нь хагалан нэвтэрч хүнсний ногоо хулгайлан 1.892.000 төгрөгийн хохирол учруулж,

Мөн согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.М-ийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 440.950 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7, 11 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39, 44 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56, 61 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч С.Д-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Б.Н-, Л.М- нарын байшингийн цонхыг хагалж, онгойлгон нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 2.332.950 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д- нь хохирогч Л.М-т 440.950 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн болох нь хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал алга” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ болон шүүгдэгч С.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “би хохирогч Л.М-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх мэдүүлгийг өгч байх тул түүнийг хохирогч Л.М-т төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч С.Д-н хохирогч Л.М-ийн гэрээс хулгайлсан зурагтыг шинжээч “эдэлгээний хугацаа дууссан үндэслэлээр үнэлэхгүй” талаар дүгнэлтэнд тусгасан боловч мөрдөгч, прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хохирол, хор уршиг, эд хөрөнгийн үнэлгээг заавал тогтоосон байх шаардлагатай бөгөөд энэ нь зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бус хохирогчийн мэдүүлгийг үндэслэн өөрийн дотоод итгэлээр тогтоох бүрэн боломжтой.

Хохирогч Л.М- нь “зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-ийн 25/ гэж мэдүүлсэн байх тул шүүх энэхүү үнэлгээ үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Д- нь хохирогч Б.Н-д 1.892.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1.892.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байрлах иргэн Б.Н-н байшинд цонхыг нь хагалан нэвтэрч хүнсний ногоо хулгайлан 1.892.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.М-ийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 440.950 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.892.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Д-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч С.Д-ын цагдан хоригдсон 5 хоногийг хорих ялын 5 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Д-ыг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Д-ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-аас 1.892.000 /нэг сая найман зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ