| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0124/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/127 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 2038002130133 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ш.
Монгол Улсын иргэн, Б.М.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой иргэн Б.М-ын эзэмшлийн Эко Даюун маркийн мотоциклийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас урагшаа 5 км орчим зайтай газарт бензин нь дуусч үлдээсэн газраас нууцаар, хууль бусаар авч 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой иргэн Б.М-ын эзэмшлийн Эко Даюун маркийн мотоциклийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс урагшаа 5 километр орчим зайтай газарт бензин нь дуусч үлдээсэн газраас нууцаар, хууль бусаар авч 1.710.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөө яваад 08-ны өдөр сумын төвөөс урагшаа 5 орчим километр зайд өөрийн мотоцикльтой ганцаараа өвөлжөөний газар дээр очоод буцаад явж байтал миний мотоциклийн шатахуун нь дууссан бололтой асахгүй байхаар нь мотоциклио замын хажуу талд үлдээгээд алхаад сумын төв орж ...шатахуун түгээх станцаас бензин хийлгэж аваад буцаад мотоцикль үлдээсэн газартаа очсон чинь мотоцикль маань байхгүй болсон байсан. Би мотоциклио хээр үлдээхдээ түлхүүрийг нь зүүж үлдээсэн байснаа санаж байна. Ингээд гадаа харанхуй байсан болохоор мөрийг нь харж, дагаж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед байх Б.М-, Б.Ш- хоёр мотоцикльтой манайд Цагаан-Үүрээс ирсэн. Бид гурав 2019 оны 12 сард аймгийн МСҮТ-ийн нэг ангийг төгссөн. Цагаан сарын дараа гурвуулаа хамтарч мужааны ажил хийх тухай ярьж байсан. Тэгсэн тэр өдөр манайд хүрээд ирсэн. Манайд хоноод маргааш нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бид гурав Мөрөн явж мужааны ажилд хэрэгтэй хөрөө худалдаж олж авахаар мотоцикльтой явж сумын Эгийн голын гүүрний дэргэд байрлаж байсан хяналтын постоор нуугдаж гарах гэж байгаад цагдаад баригдсан. Тэр мотоциклийн бичиг баримт, мотор, рамынх нь дугаарыг шалгах үед цагдаа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чандмань-Өндөр сумаас алдагдсан мотоцикль байна гээд биднийг түр саатуулж, мотоциклийг журамласан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Хөрөнгө үнэлгээчний хохирогч Б.М-ын хулгайд алдсан “Даюун” маркын мотоциклийн бодит үнэ 1.710.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зураг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...замын бараг талд нь явж байтал замд хажуулдуулаад унагаад орхисон мотоцикль таарсан. Эко даюун маркийн хөх өнгөтэй мотоцикль байсан. Бензин нь үнэртээд байхаар нь босгож тавьсан. Толгойд нь түлхүүр нь зоолттой байсан. Түлхүүрийг нь түлхсэн гэрэл нь асч байсан. Бид хоёр гэрэлгүй мотоцикльтой явсан тул тэр гэрэлтэй мотоциклийг би унаж Б.М- гэрэлгүй мотоциклио унаж миний араас дагаж явсан. Бид хоёр Чандмань-Өндөр сумын төвөөр дайрч, дөрөлжөөр даваад шууд шөнөдөө Цагаан-Үүр сумын төвд манайд очсон. ...би өөрийн мотоциклиос бензин нөгөө мотоцикльд нэмж хийгээд миний унаж явсан мотоциклийн гэрэл байхгүй харанхуй болсон байсан тул би уг мотоциклийг бариад урд талд нь явж араас манай найз Б.М- гэрэлгүй мотоциклио жолоодож сумын төвөөр дайрч Цагаан-Үүр сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ширээ сандлынхаа мөнгийг аваад буцаад Цагаан-Үүр сум руу явсан. Явахдаа Б.Ш-ын мотоциклиор явсан ба замд мотоцикль гэрэлгүй болсон. Ингээд гэрэлгүй ч гэсэн мотоциклиороо явж байтал сумын төвөөс 3 километрийн зайд шороон зам дээр хөх өнгийн “Эко Даюун” маркийн улсын дугаар байхгүй мотоцикль баруун талаараа уначихсан, өвдөгний хамгаалалт нь мурийж, банкнаас нь бензин нь гоожсон байсан. Мотоциклийг босгож тавих гэтэл түлхүүр нь зүүлттэй байхаар нь асааж үзсэн чинь гэрэл нь асаж, бензин нь тасалдаад байгаа бололтой байсан. Ингээд Б.Ш- бид хоёр нөгөө олсон мотоцикльд Б.Ш-ын мотоциклиос 2 литрийн ундааны саваар шатахуун хийж уг мотоциклийг жолоодоод би Б.Ш-ын гэрэлгүй мотоциклийг бариад Б.Ш-ын араас явсан. Чандмань-Өндөр сумын сумын төвөөр дайрч Цагаан-Үүр сум руу явсан. Б.Ш-ын гэрт нь очиж хэсэг ажлаа хийсэн ба уг хээрээс олсон мотоциклийг миний мотоцикль гэж Б.Ш-ын ээжид ойлгуулсан. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Ш-ын хамт “Эко Даюун” маркийн мотоциклийг унаад Эрдэнэбулган сум руу явж сумын төвөөс 20 орчим километр зайд Б.Б- гэж найзыгаа аваад сумын орох гэж яваад цагдаа шалгаж баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ш-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ааш зангийн хувьд даруухан, төлөв томоотой, муу зуршилгүй, амьдралын ухаан хат суусан гэж бодож явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Ш-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Жолоочийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/ зэргийг,
Шүүгдэгч Б.Ш-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой иргэн Б.М-ын эзэмшлийн Эко Даюун маркийн мотоциклийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас урагшаа 5 километр орчим зайтай газарт бензин нь дуусч үлдээсэн газраас нууцаар, хууль бусаар авч 1.710.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зураг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч нарын мэдүүлж байгаа “...Зам дээр түлхүүр зоогоод орхисон мотоцикль байхаар нь бензин хийгээд унаад явсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилгыг агуулсан, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой иргэн Б.М-ын эзэмшлийн Эко Даюун маркийн мотоциклийг Хөвсгөл аймгийн Чандман-Өндөр сумаас урагшаа 5 километр орчим зайтай газарт бензин нь дуусч үлдээсэн газраас авч 1.710.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.710.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.М-ын “...мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, хөх өнгийн “Даюун” маркын мотоциклийг хохирогч Б.М-т хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 6/, “2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мотоциклийг хүлээж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй талууд эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 51-52/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 62/, хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-, Б.М- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ