Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00128

 

    2020          04             14                                          2020/ШЦТ/128

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч С.А-, А.А.Д-- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-, А.Д- нарт холбогдох эрүүгийн 1938008970096 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.А.

Монгол Улсын иргэн, А.Д.

Шүүгдэгч С.А- 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Айргийн эмнэлэг гэх газраас 1.7 куб.метр мод хууль бусаар бэлтгэж ойн санд 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Д- нь шүүгдэгч С.А-гийн хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр модыг гарал үүслийн гэрчилгээгүй Мөрөн сум руу тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А- нь түлш бэлтгэх зорилгоор 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг “Айргийн эмнэлэг” гэх газраас 1.7 куб.метр хэмжээтэй хуурай шинэс мод хууль бусаар бэлтгэж ойн санд 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А.Д-- нь шүүгдэгч С.А-гийн хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр хэмжээтэй хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мөрөн сум руу “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Экологи эдийн засагт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулбал надад өөр гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний танил А.Д-- Бүрэнтогтох сумын Айргийн эмнэлэг гэх газраас гэрийн гаднаас мод ачаад өгөөч гэхээр нь би өөрийн найз Б.Б-ийн машиныг гуйгаад Бүрэнтогтох сумын Айргийн эмнэлэг гэх газраас түлшний мод ачиж өгсөн. Би А.Д-с гоожин зөвшөөрөл нь байгаа юмуу, бүрэн юм байгаа биз дээ гэхэд байгаа байгаа асуудалгүй гэж байсан. Тэгээд би байгаа гэсэн болохоор байгаа л юм байх гэж бодоод явж байтал Хилэнтийн гүүрний цаад талд цагдаа зогсоогоод шалгасан. Шалгахад А.Д-- ямар ч эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй байсан. Ингээд модтой тээврийн хэрэгсэл маань саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б- гэдэг хүнээс 2018 онд дөрвөн сая таван зуун мянган төгрөгөөр худалдаж авсан. Б- гэдэг хүнд би машины үнийг бүрэн төлсөн боловч өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгээгүй байгаа. Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр О.С- гэдэг хүн найздаа мод ачиж өгөх гэсэн юм, мод нь гоожин юмтай гэсэн та машинаа өгчихөөч ойрхон Айргийн эмнэлэгээс түлшний мод ачаад ирье гэхээр нь би өөрийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн: “...1.7 м.куб хэмжээтэй хуурай түлээ экологи-эдийн засгийн үнэлгээ 102.000 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
  • 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн улсын байцаагчийн: “ойн санд учирсан хохирол ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 306.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37-42 дугаар хуудас/,
  • Шинжээчээс тайлбар авсан: “...А.Д-ын хууль бусаар бэлтгэсэн модыг зохих журмын дагуу хэмжиж, ойн сангийн 1 дүгээр муж болох Бүрэнтогтох сумын Эрчим баг Айргийн эмнэлэг гэх газраас бэлтгэсэн учраас бүх төрлийн хуурай модны үнэлгээ буюу 1 куб метр модыг 60.000 төгрөгөөр тооцож гаргасан. ...Бэлтгэсэн модны зах зээлийн үнэлгээ ч 102.000 төгрөгөөс доош үнэлэгдэхээргүй мод байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 12 сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Айргийн эмнэлэг гэдэг газарт байдаг аав С.А-гийн гаднаас түлшний мод ачиж авсан. Манайх түлшний модгүй болчихоод би аавынхаа гэрийн гаднаас мод ачиж Мөрөн сумын 13 дугаар багт байх хашаандаа буулгах гэж явсан юм. Би тэр модыг тээвэрлэхдээ өөрийн найз Б.Б-ийн машиныг авч явсан. Мод тээвэрлэхдээ ямар нэгэн гарал үүслийн бичиг зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан болохоор намайг цагдаа зогсоож шалгаад тээврийн хэрэгслийг маань модтой нь түр саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би түлшний модгүй болчихоод л түлээний модоо Бүрэнтогтох сумын Эрчим багийн Агт гэдэг газарт байх гэрийн хойд талын модноос бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо гэрийнхээ гаднаас өөрийн хүү А.Д-д өгч ачуулсан нь үнэн. Би ядарсан хөгшин түлшний модгүй болчихоод л хэдэн түлээ бэлдсэн. Манай сум орон нутаг өрхийн гоожин /мод бэлтгэх эрхийн бичиг/ бичгээ дараа нь оны сүүлээр өгдөг юм. Би хууль журам сайн мэдэхгүй болохоор дараа нь бичиг авчихвал болчихдог юм байх гэж бодоод л бэлдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-- мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.А-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.А-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч А.Д-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч А.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг баримт бичгүүд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын байгаль орчин, экологийн эсрэг гэмт хэргийн талаарх мэдлэг дутмаг, хууль бусаар амар хялбараар амьдрах сонирхолтой зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч С.А-, А.Д- нар нь дээрх гэмт хэрэг тус бүрийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.А- нь түлш бэлтгэх зорилгоор 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Айргийн эмнэлэг гэх газраас 1.7 куб.метр хэмжээтэй хуурай шинэс мод хууль бусаар бэлтгэж ойн санд 102.000 төгрөгийн хохирол учруулан,

Шүүгдэгч А.Д- нь шүүгдэгч С.А-гийн хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр хэмжээтэй хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мөрөн сум руу “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.    

Шүүгдэгч С.А- шүүх хуралдаанд “...би гарал үүслийн гэрчилгээ авсан учраас гэрийнхээ гадаа түлшны мод бэлтгэсэн” гэх мэдүүлгийг өгч байх ба хавтаст хэрэгт авагдсан мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 72/ нь 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд бичигдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш бичигдсэн баримт байх тул хэрэгт хамааралгүй нотлох баримт болно.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч С.А-гийн  үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 306.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.А- нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий боловч энэхүү гэмт хэргийн хохирол, хор уршгийг өнөөдрийг хүртэл арилгаагүй, энэ талаар санаачлагатай хандаагүй байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс...албадан гаргуулна” гэж зааснаар хохирлыг шүүгдэгч С.А-гээр хариуцуулан түүнээс гаргуулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А- нь түлш бэлтгэх зорилгоор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Айргийн эмнэлэг гэх газраас 1.7 куб.метр хэмжээтэй хуурай шинэс модыг гацаараа хууль бусаар бэлтгэсэн тул хохирлыг ганцаараа хариуцах нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” зэрэг гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд өөр хэргийн шүүгдэгч А.Д--д хамааралгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.А- нь ойн экологи–эдийн засагт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гээс 306.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг буюу нэг

зүйчлэлтэй хэдий боловч үйлдлийн арга, хэлбэрээрээ өөр өөр юм. Шүүгдэгч С.А-гийн хувьд Эрүүгийн хуульд заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн бол шүүгдэгч А.Д-ын хувьд “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэм хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Д-ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан зардал нь дээрх гэм буруугийн болон шударга ёсны зарчмаар зөвхөн түүнд л хамааралтай юм.

Иймд шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж зааснаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 48/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч Б.М- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үнэлгээний хөлс 60.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 49/ зэргийг үндэслэн шүүгдэгч А.Д-с 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.М-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-, А.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, /нас, хүйс, ам бүл, орлого олох боломж/ үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн”, “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” үйлдэлд нь тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.А-, А.Д- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч нар нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байх тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна. Шүүгдэгч тус бүрийн хувьд уг гэмт хэргүүд нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэх боломжгүй, урьдаас төлөвлөж, санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч С.А-, А.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах” санал гаргасныг тус тус харгалзан шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуульд зааснаар 1 нэгж нь 1.000 төгрөгтэй тэнцэнэ.

Эрүүгиийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.А-, А.Д- нарын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.7 м.куб хэмжээтэй, 102.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч А.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Энхжаргалын Эрдэнэсаруул нэрээр бичигдсэн /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хх-ийн 44/, мөн гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 21/ зэргээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.Д-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Д--ас уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж хөрөнгө,орлогыг хураах албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Хууль тогтоогчид гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, олсон орлогыг заавал албадан гаргуулж улсын орлогод оруулах, шаардлагатай гэж үзвэл хохирол төлбөр төлөхөд зарцуулж илүү гарсныг улсын төсөвт оруулж болохоор Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан. Шүүгдэгч А.Д--ас гаргуулах хохирол байхгүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь Э.Э- байх тул уг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, А.Д-- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, А.Д- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.А-, А.Д-- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.А-, А.Д-- нарын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.7 м.куб хэмжээтэй, 102.000 /нэг зуун хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Д--ас 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.М-д олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гээс 306.000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Серес” маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Д-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-, А.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ