| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0129/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/138 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Иргэдийн төлөөлөгч Б.А-,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Хохирогч Б.Х-,
Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2038000000036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э.
Шүүгдэгч Б.Э- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг “Янгис” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Э.С-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсаны улмаас зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Янгас” гэх газарт “Исузу Визард” маркын ... ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явахдаа иргэн Э.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөрийн өмдний халаасанд байсан хутгаар амь хохирогч Э.С-ын зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж “цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх” бүхий гэмтэл үүсгэн дотор эрхтнийг нь гэмтээж, “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Э- даруу, төлөв зантай, хүнтэй эвтэй найртай байдаг. Хүний үгнээс гардаггүй. Элдэв янзын муухай араншин байхгүй, дуу цөөтэй хүн. ...тамхи татдаг, хааяа нэг найз нөхөдтэйгээ архи уучихдаг байсан. ...манай ам бүлд орж явдаг. Тусдаа гараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Э- ах маань үг цөөтэй, даруу төлөв зантай. ...хүнтэй эвтэй, ямар нэгэн муу ааш зан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ийн сэтгэцийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06 тоот: “1. Б.Э- сэтгэцийн өвчингүй. 2. Б.Э- сэтгэцийн хувьд эрүүл. 3. Б.Э- сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. Б.Э- хэрэг хариуцах чадвартай. 5. Б.Э- сэтгэцийн өвчнөөр эмчлүүлж байгаагүй” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 88 дугаар хуудас/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн Засаг даргын тоот /хх-ийн 96 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА-, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг гарах үед амь хохирогч Э.С- болон гэрч Б.Л- шүүгдэгч Б.Э- нар байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, Э.С-ыг “үгэнд орсонгүй” гэх ялимгүй зүйлийг шалтаг болгон өөрийн өмдний халаасанд байсан тонгорог хутгыг гаргаж ирэн түүний биед цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэсэн нь нэг мөсөн алах зорилготой, хувийн сэдэлттэй шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь хохирогчийн амийг бүрэлгэхдээ санаатайгаар ахуйн зориулалттай зэвсгийн чанартай зүйл /эвхэгддэг хутга/ хэрэглэж, хохирогчийн биед нэг тооны шарх гэмтэл үүсгэж, шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтлийн улмаас амь хохирогч нас барсныг тогтоосон нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрч Б.Л-, хохирогч Б.Х- нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Б.Э-, амь хохирогч Э.С- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.
Амь хохирогч өөрийгөө хутгалаагүй, бусдын гарт хорлогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Б.Л-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Замд явж байхад Янгисын ам гэх газарт Э.С-, Б.Э- нар хоорондоо маргалдаад унасан. ...Тэгээд Янгасын ам өгсөөд гэрийнхээ гадаад ирээд би юм анзаараагүй гэртээ ороод байж байсан чинь Б.Э- гадаа уйлсан байхаар нь яасан бэ гэхэд би Э.С-ыг замдаа хутгалчихлаа гэсэн. Тэгээд Э.С-ыг харсан чинь машины арын суудал дээр хаалга тал руугаа налаад ухаан алдчихсан гэмээр харагдсан. Цус гарч харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 37-38 дугаар хуудас/, гэрч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ны шөнө 03 цагийн үед ...Э.С-ыг гарч харахад машинаас буулгах гэж байхаар нь үзсэн чинь амьсгалахгүй байхаар нь яасан бэ гэхэд Б.Э- би хутгалчихсан юм гэж хэлэхээр нь Б.Л-г хурдан сумын төв рүү яваад яв гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 03 цаг өнгөрч байхад ...Б.Э- гэрт орж ирээд би хутгалсан гээд байсан. Би Б.Э- рүү чийдэн тусгаж харсан чинь гар нь цус болсон байсан. Гадаа Э.С- машинд байгаа гэсэн. Э.С-ыг орж ирээгүй болохоор нь би гараад гар чийдэн тусгаад харсан чинь машины хойд талын суудалд нүүр нь хөхөрсөн ямар ч дуу чимээгүй, дуудахад хариу өгөхгүй байсан. ...Гарт нь хутга байгаагүй гар нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргээр нотлогдоно.
Амь хохирогчийн биед баруун уушигны наалдацат үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчин эмгэг /шинжээчийн дүгнэлт 53-54/ тогтоогдсон боловч дээрх өвчин эмгэг нь үхэлд хүргээгүй, шүүгдэгч Б.Э-ийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Э.С-ыг “үгэнд орсонгүй” гэдгээр шалтаглан хувийн таарамжгүй харилцааны улмаас зүрхэн тус газар нь нэг удаа хутгалсан үйлдлийн улмаас Э.С- амь нас хохирсон болох нь тогтоогдож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар талийгаачийн амь насыг хохироосон болох нь амь хохирогч Э.С-ын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 23 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 24 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ийн сэжигтэн, яллагчдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-75, 85/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрэээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1674 дугаартай дүгнэлт, хавсралт /хх-ийн 138-140/, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотолно.
Гэмт хэрэг гарсны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 35 минутад шүүгдэгч Б.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 14/, 2020 оны 01 дүгээр 27-ны өдрийн 03 цаг 35 минутын үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-4/, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутад гэрч Б.Л-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/ зэрэг нь, мөн хохирогч Б.Х-, гэрч Б.Л-, П.Ч- нарын мэдүүлгүүд дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Э- нь өөрийн өмдний халаасанд байсан эвхэгддэг тонгорог хутгаар талийгаачийг хутгалж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-20/, шүүгдэгч Б.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...би хутга гаргаж ирээд Э.С-ыг цээжин тус газар нь хутгалах үед Э.С- ...чимээгүй болсон” гэх тэмдэглэл /хх-ийн 14/ шүүгдэгч Б.Э-ийн сэжигтнээр өгсөн: “...Сумъяаг хутгалсан тонгорог бол миний хутга” гэх мэдүүлэг /хх-ийн 75/, мөн яллагдагчаар өгсөн: “...би уг хутгыг нэг жилийн өмнө захаас авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86/-ээр батлагдаж байна.
Шүүгдэгч Б.Э-ийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдА- тохирч байна.
Шүүгдэгч нь амь хохирогчийг нэг удаагийн хутгалах үйлдлээр алсан болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн “...цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх” гэх дүгнэлт /хх-ийн 53-57/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-ийн ээж Л.Наран, талийгаачийн төрсөн эгч Б.Х- нар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...хохирол 2.500.000 төгрөгийг барагдуулах нь үнэн болно. Үүнд: 1.000.000 төгрөгийг мөнгөөр, 1.500.000 төгрөгийг малаар барагдуулах нь үнэн болно” гэх хохирол барагдуулах хэлцэл /хх-ийн 111/ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Б.Х-, шүүгдэгч Б.Э-ийн төрсөн ээж Л.Наран нарын “...гэрээнд заасны дагуу 2020.03.19-нд ... тоот дансанд 2.500.000 төгрөгийг барагдуулсан” гэх нотариатаар баталгаажуулсан бичвэр, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Х- нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй боловч хохирогч нь амь хохирогчийн оршуулгын зардал болон гэм хорын хохирлын талаарх нэхэмжлэл гаргах эрхтэй.
Шүүгдэгчээс гаргуулах хавтаст хэрэгт баримтжуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдА-, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Х-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт хамаарах мөнгө төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн энэ гэмт хэргийн тухайд хүний амь нас хохирсон нь хохирлыг ахин хэзээ ч нөхөж төлөх боломжгүй юм.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “хүнийг алах” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Э-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд хохирогчийн “...цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “9 жилийн хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх санА- байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 5 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ. Уг гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ нь 15 жил болно.
Шүүгдэгч Б.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 90 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 90 хоногийг хорих ялын 90 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 13.8 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 7.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 5.5 сантиметрийн урттай төмөр гогцоотой цагаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэгийг устгахыг, амь хохирогч Э.С-ын өмсөж явсан гэх ягаан өнгийн дээл, ногоон алаг өнгийн ноосон цамц, хар өнгийн таван хурууны хос бээлий, хар өнгийн түрийтэй гутал 2 ширхэгийг хохирогч Б.Х-д буцаан олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг хорих ялын 90 /ер/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 13.8 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 7.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 5.5 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгахыг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон алаг өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн таван хурууны хос бээлий, хар өнгийн түрийтэй гутал 2 ширхэгийг хохирогч Б.Х-д буцаан олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Д.АЗЖАРГАЛ