| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 770 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн 1906 02816 0597 дугаартай хэргийг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг хорих ялыг биечлэн эдлэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны гадна П.Төгөлдөртэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүний далд хугарал гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-22-28/, гэрч Б.Бархасын өгсөн мэдүүлэг /хх-88-89/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5673 дугаартай дүгнэлт /хх-33-34/, шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-49/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны гадна П.Төгөлдөртэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүний далд хугарал гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Төгөлдөрийн өгсөн: “...2019 оны 5 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын 23 дугаар байрны сааданд суугаад 2,5 л Нийслэл пиво аваад дөрвүүлээ хувааж уусан. Б.Бархасын ээж 2018 оны өвөл нас барсан юм. Тэгтэл Бадрах Бархасын ээжийг муулаад доромжлоод байхаар нь би Бадрахад хэлэхдээ “”чи одоо болно, ээж нь нас барсан ч гэсэн тэнгэр дээрээс харж байгаа” гэж дургүйцсэн байдалтай хэлсэн. Б.Бархас уурлаад Бадрах руу “байрны ах гээд хүндлээд байхад, хоёулаа халзагнаад үзэх үү” гэж мэтээр маргалдсан. Б.Т болохоор Бадрахыг, би болохоор Б.Бархасыг өмөөрөөд “муудалцахаа боль” гээд байж байхад Бадрах яваад өгсөн. Б.Т хандан “Бархас та 2 хамаатан байж ээжийг нь муулсан хүний талд ороод байгаа юм бэ Төрөө” гэж хэлсэн чинь Б.Т “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд зүүн гараараа миний баруун талын эрүүний дунд хэсэгт нэг удаа цохиод, Б.Бархас руу “та 2 яах гээд байдаг юм” гээд дайрахаар нь би эрүүгээ бариад доош суусан.” /хх-22-28/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Би найз Б.Т сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-69/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бархасын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Бадрах ах надад хандан “ээж чинь өнгөрчихсөн” гэх мэтээр доромжлоод байхаар нь би бага зэрэг маргалдсан. Би Б.Т хандан “чи яасан Бадрахын талд ороод байгаа юм уу” гэж хэлтэл Б.Төрбат, П.Төгөлдөртэй маргалдаад заамдалцаад зогсоод, Б.Т П.Төгөлдөрийн баруун талын эрүү, хацарны хэсэг рүү нэг удаа цохисон. Хариуд нь П.Төгөлдөр мөн Б.Т хацар руу нэг удаа цохисон. Эсрэгээр нь Б.Т дахин П.Төгөлдөрийн эрүү рүү цохисон чинь П.Төгөлдөр газар уначихсан. П.Төгөлдөр тэр үед “эрүү сонин болчихлоо, хавдаад байна, юм ярихад хэцүү байна” гэхээр нь би дагуулаад Гэмтлийн эмнэлэг
орж үзүүлэхэд эрүү нь хугарсан байсан.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5673 дугаартай дүгнэлтэд:
1. П.Төгөлдөрийн биед эрүү ясны их биеийн далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийг нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-33-34/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т яллагдагчаар өгсөн: “...Би П.Төгөлдөрт гэмтэл учруулсан үйлдлээ харамсаж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-84-85/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-41/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Т 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны гадна П.Төгөлдөртэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүний далд хугарал гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч П.Төгөлдөр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ
илэрхийлсэн байх тул тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Т хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Урьд шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлэж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 1 жил 3 сар 3 хоногийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор дүйцүүлэн 30 хоногийг хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар “ баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Т энэ хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 15 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 3 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ 15 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор дүйцүүлэн 30 хоногийг хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Т цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн 15 хоногийг түүнд дүйцүүлэн оногдуулсан 30 хоногийн ялаас хасч 15 хоногийн хугацаагаар тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар Б.Т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 3 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 15 хоногийн хугацааг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.Т оногдуулсан 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС