Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00139

 

    2020          04             24                                          2020/ШЦТ/139

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Иргэдийн төлөөлөгч Б.Б-,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, 

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1938005110304 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод иргэн Ш.Г-ын нуруун тус газар нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух О.Т-ийн хашаанд, хохирогч Ш.Г- нь шүүгдэгч Д.Д-д “согтуу байж мотоциклиор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд,  босоод буруу хараад цаашаа явж байхад нь шүүгдэгч Д.Д- нь баруун талын халааснаасаа эвхдэг хутга гарган хохирогч Ш.Г-ын араас нуруун тус газар нь 1 удаа хутгалж “цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн” амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
  • Хохирогч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цагийн үед ажпаа тарчихаад найз Т-гийн гэрт очсон. Тэднийд очиход Т-, Д.Д- гэх зүс таних залуутай хамт байсан. Намайг очоод байж байхад Д.Д- намайг дэлгүүр рүү яваад пиво аваад ир гээд мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж дэлгүүрээс нэг том савтай пиво авчирсан. Тэгээд уг пивоо уучихаад Т-, Д.Д- нарын хамтаар дахин дэлгүүр явж 2 том савтай пиво авчирч уусан. Уг авчирсан пивоныхоо нэгийг уугаад байж байхад Д.Д- нилээн согтчихсон, мотоциклио унаад харьлаа гэхээр нь би: чи согтуу байна, мотоцикль унаад явж яах гээд байгаа юм бэ гээд Д.Д-ыг Т-гийн гэрт 2 удаа дарж унагаасан. Тэгээд байж байхад гаднаас Т-гийн эхнэр орж ирсэн. Тэгээд Т-, Д.Д- бид гурав пивоо үргэлжлүүлж уусан. Уугаад нилээд хэсэг байж байхад Д.Д- явлаа гээд гараад явсан. Би түүнийг гараад явчихаар нь араас нь гараад чи согтуу юм байж мотоциклиор явж яах гээд байгаа юм бэ гээд түүнийг дарж хэвтүүлсэн. Тэгэхэд Т- билүү, Т-гийн эхнэр нь билүү намайг татаж босгосон. Би босоод эргээд харахад Д.Д- араас нуруу руу маань хутгалчих шиг болсон. Тэгэхэд Д.Д-ын эгч нь гээд хүн ирчихсэн байх шиг байсан. Д.Д- намайг хутгалчихаад л яваад өгсөн. Тэгээд би Т-гийн гэр рүү ороод намайг Д.Д- хутгалчих шиг боллоо гээд цамцаа сөхөж үзэхэд нурууны маань баруун хойд хэсэгт хутгалсан, цус гарч байсан. Ингээд Т-гийн эхнэр нь цагдаад дуудлага өгсөн, мөн эмнэлэг дуудсан. Би нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очоод хүлээн авах тасагт хоносон. ...Би гомдолгүй байна. Надаас Д.Д- уучлалт гуйж, намайг эмнэлэгт хэвтэж байхад сахиж байсан. Д.Д-оос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
  • Гэрч К.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Ш.Г-, Д.Д- хоёр маргалдаад байгаа бололтой байсан. Би тухайн үед нөхар О.Т-ийг гэртээ хүмүүс цуглуулаад архи уучихсан байхаар нь уурласан. Тэгээд хэсэг байж байхад Д.Д- гараад явсан. Түүний араас Ш.Г- дагаад гарсан. Харин нөхөр О.Т- маань эгэмээ гэмтээчихсэн учраас гэртээ байж л байсан. Ш.Г-, Д.Д- хоёр гарч явсны дараа байшингийн үүдэнд хүн ноцолдоод байх шиг чимээ гарахаар нь би нөхөртөө нөгөө хоёр чинь ноцолдоод байгаа юм биш үү гэж хэлчихээд бие засахаар гарсан. Намайг гадаа гарахад Ш.Г- Д.Д-ын дээр нь гарчихсан, ноцолдож байгаа байдалтай байсан. Тэгээд би Ш.Г-ыг боль гэж хэлээд түүнийг хүчээр татаж босгосон. Ш.Г-ыг босгосны дараа Д.Д- баруун талынхаа халааснаас хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Д.Д-ыг наад хутгаа боль гэхэд Д.Д- муухай орилсноо Ш.Г-ыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан. Тэгээд би Д.Д-оос хутгыг нь булааж гэр рүүгээ оруулаад угаалгын машиныхаа доогуур хийсэн. Тэгээд гэр рүүгээ орж нөхөртөө болсон зүйлийн талаар хэлчихээд гар утсаа аваад нөхрийнхөө төрсөн эгч А-ыг дуудсан. Удалгүй А- эгч ирсэн. А- эгч ирээд Д.Д-ыг чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд Д.Д- мотоциклио унаад яваад өгсөн. Ш.Г- манай гэрт ороод сууж байхдаа Д.Д- миний нуруу руу хутгалчих шиг боллоо гээд нуруугаа харуулахад нурууны баруун хэсгээс буюу далны доод хэсгээс цус гарч байсан. Тэгэхэд манай эгч А- түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20, 158-159 дүгээр хуудас/,
  • Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ бор иштэй төмөр тонгорог нь манай гэрийн хутга байгаа юм. Би энэ хутгаар тухайн үед ногоо арилгаж байгаад орхисон байхад манай бага хүүхэд барьчихсан тоглоод явж байхыг нь нөхөр Д.Д- хараад хураагаад авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
  • Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.Г- манай гэрт орж ирээд сууж байхдаа л Д.Д- намайг хутгалчихлаа гэж хэлээд баруун далаа харуулсан. Тэгэхэд баруун далны доод хэсэгт хутгалагдсан байдалтай байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай: “1. Ш.Г-ын биед нурууны баруун дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.       Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Ш.Г-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогч Ш.Г-ын эмчилгээнд гарсан хохирлыг барагдуулан түүнээс уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярихад намайг Т-гийн гэрээс гарч явахад Ш.Г- араас дагаж гарч ирээд намайг боож унагаасан. Би боолгуулж унаснаас хойш юу ч санахгүй байгаа. Ямар ч байсан маргааш нь миний хүзүү нилээн улайчихсан, хамарнаас цус гарчихсан гэмээр байдалтай сэрсэн. Намайг иймэрхүү байдалтай байхыг эхнэр Э.О- маань харсан. Миний хувьд Ш.Г-ыг хутгалсан үйлдлээ огт санахгүй байгаа, нэг ухаан ороход л гэртээ ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаартай: “1.2. Ш.Г-ын биед цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хийн ба цусан хураа гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.         Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 162-164 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...элдэв муухай ааш араншин байхгүй, дуу цөөтэй, төлөв даруу зантай, шударга, тусч, нямбай хүн. ...тамхи татдаг, архи уучихаараа элдэв муухай ааш авир гаргаад байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Д.У-н төрсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Д.Б-н төрсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 188 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед хохирогч Ш.Г- болон гэрч К.О-, шүүгдэгч Д.Д- нар байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух О.Т-ийн хашаанд, хохирогч Ш.Г- нь шүүгдэгч Д.Д-д “согтуу байж мотоциклиор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд,  босоод буруу хараад цаашаа явж байхад нь шүүгдэгч Д.Д- нь баруун талын халааснаасаа эвхдэг хутга гарган хохирогч Ш.Г-ын араас нуруун тус газар нь 1 удаа хутгалж “цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн” амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч К.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20, 158-159 дүгээр хуудас/, гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 162-164 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Д.Д-ын үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин Ш.Г-тай маргалдсаныг шалтаг болгон санаатайгаар түүний биед ир үзүүртэй хутгаар нэг удаагийн үйлдлээр цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж /зэвсэг хэрэглэсэн/ шинжийг агуулж байна.

Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, үр дагаврыг нь тооцох боломжтой байсан боловч хутгалж, урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд үүнд хэргийн үйл баримт нь энэхүү гэмт хэргийн урьдчилсан нөхцөл болох “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх шинжийг хангахгүй байна.

 Өөрөөр хэлбэл хохирогч нь Ш.Г- нь шүүгдэгч Д.Д-ыг урьд нь таньдаггүй байсан, тухайн үед анх удаагаа уулзсан, түүнд хүч хэрэглэж, зодож цохисон зүйлгүй, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлоогүй, өөрийн эрхшээл дарамтанд оруулаагүй, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох үйлдлийг таслан зогсоосон нь шүүгдэгчийн өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн, хууль ёсны үйлдэл бөгөөд хуульд заасан хүндэтгэх үзэх шалтганы улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах үйлдэл нь тухайн цаг хугацаанд гэнэтийн цочролд орж, түрхэн зуур буюу хэдхэн секундын хугацаанд өөрийн үйлдлийг удирдан жолоодох  чадвараа алдах үйл явц юм.

Харин хэргийн бодит байдал дээр шүүгдэгч нь “Ш.Г-ыг босгосны дараа Д.Д- баруун талынхаа халааснаас хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Д.Д-ыг наад хутгаа боль гэхэд Д.Д- муухай орилсноо Ш.Г-ыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан” гэх гэрч К.О-н мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хууль бус үйлдэлийг таслан зогсоох К.О-гийн анхааруулгыг үл ойшоон өөрийн гэмт санаа, үйлдлээ хэрэгжүүлж дуусгажээ. Ингэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсний дагуу шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “Аргагүй хамгаалалт”, “Гарцаагүй байдал”  зэрэг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалыг хуульчилсан бөгөөд хэргийн үйл баримтаас үзвэл халдлага, аюул, довтолгоо үүсээгүй, цаг хугацааны шалгуур зэргийг хангаагүй байх тул гэмт хэрэг биш гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, хувийн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатайгаар учруулахдаа ахуйн зориулалттай зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж, шинжээчийн дүгнэлтээр ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан нь уг гэмт үйлдэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Шүүгдэгч нь нэг удаагийн хутгалалтаар хохирогчид гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин явсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Д-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн  дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Д.Д-, хохирогч Ш.Г- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.

Хохирогч өөрийгөө хутгалаагүй, бусдын зүй бус үйлдлээс болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч К.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Д- муухай орилсноо Ш.Г-ыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/, гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.Г- манай гэрт орж ирээд сууж байхдаа л Д.Д- намайг хутгалчихлаа гэж хэлээд баруун далаа харуулсан. Тэгэхэд баруун далны доод хэсэгт хутгалагдсан байдалтай байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/ зэргээр нотлогдоно.

Хохирогч нь шүүгдэгчтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж зодолдсон болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсны дараа эд зүйл хураан авч тэмдэглэл үйлдсэн, шинжээчийн дүгнэлтүүд,  гэрч К.О-, хохирогч болон шүүгдэгч нарын нарын мэдүүлэг зэрэг нь дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.

Хэргийн газраас хураан авсан хутгаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хохирогч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч К.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20, 158-159/, гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 162-164/ зэргээр нотолно.

Шүүгдэгч Д.Д-ын хохирогч Ш.Г-д зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 105/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Д- нь өөрийн гэрт байсан хутгыг халааслан авч явахдаа хохирогчийг хутгалж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь батлагдаж байна.

Шүүгдэгч Д.Д-ыг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирохгүй үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгч нь хохирогчийг нэг удаагийн хутгалах үйлдлээр түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “...цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх” гэх дүгнэлт /хх-ийн 33, 162-164/ зэргээр нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтэнд цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй талаар дурдсан нь гэмт хэрэг гарснаас цаг хугацааны хувьд хойно, шинжилгээ хийлгэх үеийн нөхцөл байдлыг тусгасан нь үнэн зөв болжээ.

Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Ш.Г- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-54/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлуагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, 103 хоног цагдан хоригдсон, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн энэхүү шүүх хуралдаанд “Хутгалж хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, харин гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй, гэмт хэргийн зүйчлэлийг ойлгохгүй байгаа” талаар мэдүүлж байгаа, мөн урьд давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гомдол гаргаж байгаа зэргээс үзвэл шүүгдэгч нь нь үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч хууль зүйн талаас нь зүйчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцжээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, чин санаанаасаа гэмшиж байгаа хэлбэрээр илэрнэ. Дээрх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх байдал нь шүүгдэгч Д.Д-ын хувьд хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нотлогдохгүй байна.

Иймд түүнд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Д-ын гаргасан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл биш, хохирогч Ш.Г-ыг дээр нь гарч суугаад цохиж, зодсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж ийм үйлдэл хийхэд хүрсэн. ...Мөн хохирогч Ш.Г-ын хувьд 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйчлэлийг өөрчилж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Д.Д-ын хувьд сэтгэл зүйн эмгэг байдалд орсны улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүйд хүрсэн болох нь тогтоогдохгүй, шүүгдэгчийн хувьд өөрийн ухамсарт ухаанаар эвхдэг тонгорог хутгыг халааснаасаа гаргаж, уг хутгыг тэнийлгэн хохирогч Ш.Г- руу довтолсон үйлдэл хийсэн, мөн эдгээр нөхцөл байдлын талаар дээр дурдсан шүүхийн дүгнэлтээр үгүйсгэгднэ.

Шүүх шүүгдэгч Д.Д-д ял оногдуулахдаа хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “7 жилийн хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Д.Д-ын цагдан хоригдсон 103 хоногийг хорих ялын 103 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ялын 103 /нэг зуун гурав/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР

                                         ШҮҮГЧИД                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                                           Д.АЗЖАРГАЛ