Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 55

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

         Шүүгдэгч Д.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох ...  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутагт тоёота ланд круйзер-80 маркийн, .... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Э.Мөнхсүхийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, 30 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 116 тоот шийтгэх тогтоолоор: “...Д.*******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           Шүүгдэгч Д.******* давж заалдах гомдолдоо: “...Тухайн үед албан үүрэг гүйцэтгэн, даргын тушаалаар ******* суманд цагдаа Т.*******г хүргэж өгөхөөр явсан. Техникийн бүрэн бүтэн байдал буюу өндөр ховилтой замд обуд дугуйн ам нь цаашаа цөмөрч орсноос болж жолооны хүрд булаагаад онхолдсон. Ямар замд явах, говь нутгийн шороон замд явах, зориулалттай биш техник учраас эвдэрч осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Д.*******д холбогдох эрүүгийн .... дугаар хэргийг шийдвэрлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн эсэхийг болон тэдгээрийг бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шалгаж үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 3.5,  36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагын дагуу гарч  чадаагүй тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан тохиолдолд хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, харин 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тохиолдолд хуулийн 17.4 дүгээр зүйлд шаардлага хангасан эсэхээс үл хамааран хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэсэн хоёр өөр журмыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон бусад нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлнэ. хэргийг шийдвэрлэсэн байдлаас үзвэл шүүх хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 2 өөр журмын ялгааг анхаараагүйгээс шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн  хариуцлага нь прокурорын саналын хүрээнд эсхүл прокурорын саналыг харгалзсан эсэх,  нь тодорхой бус болсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан хүсэлт авагдаагүй, харин прокурор яллах дүгнэлийг танилцуулснаас үзвэл Д.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүсээгүй гэж үзнэ. Гэтэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийн талаар дурдаагүй атлаа Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3, 5 дугаар зүйлийг удирдлага болгон ял оногдуулах тухай шүүх хуралдааныг зарлаж шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 тоот  захирамж гаргасан байна. /хэргийн 79 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоох гарна. Гэтэл шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцсэн байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд тухайн зүйлд заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой байна.

Мөрдөгчийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай прокурорт гаргасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн санал хэргийн 72 дугаар хуудсанд авагджээ. Хэрэгт мөрдөгчөөс хэргийг прокурор хэзээ хүлээн авсныг тодорхойлох төрийн албан хэрэг хөтлөх стандартын дагуу баримтжуулсан баримт алга. Харин прокурор 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ. Үүнээс прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэх нөхцөл тогтоогдож байна. Ингэснээр прокурор нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.17-д зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналыг шүүхэд гаргах эрхээ аль хэлбрээр нь хэрэгжүүлсэнийг тодорхойлох боломжгүй байдалд хүргэсэн байгааг шүүх анхааралгүйгээр хэргийг хянан хэлэлцжээ.

 Б.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийнх болох нь Автотээврийн газрын үндэсний төвийн лавлагаа, албан бичгээр нотлогдож байна. /хэргийн 56, 57 дугаар тал/ Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар болон Э.Мөнхсүхийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг харъяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорт гаргасан санал хэргийн 59 дүгээр хуудсанд байна. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаан ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.14-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг мөрдөгчид өгөх эрхтэй. Гэтэл хэрэгт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулахыг мөрдөгчид даалгасан  даалгавар байхгүй байна. Иймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн мөрдөгчийн, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн явуулсан хэргийн 60-70 дугаар хуудсан авагдсан мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурорын даалгаврыг хүлээн авсан ...байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтыг хамт хүргүүлнэ”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч...прокурорын даалгавраар ...эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэнтэй нийцээгүй гэж үзэхээр байхад шүүх тэдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо үндэслэлээ дурдаагүй байна.

Түүнчлэн хэрэгт Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас байгууллагыг төлөөлж оролцох этгээдийг томилсон ямар нэг баримт бичиг байхгүй байна. Хэргийн 60, 61 дүгээр хуудсанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Б.******* гэх хүнийг томилсон тогтоол авагдсан боловч тэрээр өөрт учирсан эсхүл өөр этгээдийн хуульд заасан эрхийг хэрэгжүүлж оролцуулж байгаа эсэх нь тогтоолоос харагдахгүй байна. Б.*******ын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “Цогтцэий сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албаны машин болох ... улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автоамшиныг жолоодож явсан Б.*******гоос манай байгууллага албаны автомашиныг засварлуулан авсан тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх боловч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Д.*******гийн “автомашиныг засварт өгсөн, одоо хэвийн ажиллагаанд ороогүй гэсэн” тайлбар тэмдэглэгдсэн байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хэр хэмжээг  нотлоогүй  байхад шүүх хэргийг шийдвэрлэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Д.*******гийн яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт түүнд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг мөрдөгч болон шүүхээс тайлбарласан байдал огт тусгагдаагүй тул мөрдөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа хүнд эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй, шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх, тэгш мэтгэлзээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлээгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.*******д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 116 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.*******д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Д.*******д хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                    ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА