Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 015

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын оршин суугч Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “А сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжийн Ж.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А сумын газрын даамал А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Бид Т, Х нар А сумын 1 дүгээр багийн иргэд бөгөөд “Мааньт” гэх газар өвөлжөөтэй билээ. Энэ өвөлжөөний эзэмшил газар болох бүх газрыг 1990 оноос хойш тогтмол эзэмшиж ашиглаж ирсэн ба үүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм. Гэтэл 2012-2016 онд тус 1 дүгээр багийн Засаг дарга байсан Я.Ж нь бидний эзэмшил газар болох “Тилек хороо” гэх газрыг өөрийнхөө хүүхэд болох Б-ын нэр дээр гэрчилгээ бичүүлэн авсан ба тухайн үеийн сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 127 дугаар захирамж гаргуулан авсан байна. Иймээс дараах шалтгааны улмаас энэхүү газрын маргаан үүссэн. “Жуан шохы” гэдэг газрын наад тал манайх, харин цаад тал нь н.Яай гэдэг хүнийх юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд уг газрыг бусдад ажиллуулж, маргаан бүхий бэлчээрийн газарт 2000 толгой малыг отроор бэлчээж байгаа. Үүний улмаас бид мал бэлчээх бэлчээргүй болж хохирсон, маргаан бүхий 700 м2  газрыг эзэмшиж байгаа учраас ойр орчны бэлчээрийн газар тэдний эзэмшлийн газарт тооцогдож, үүнээс бэлчээрийн маргаан гарч байгаа. Иймд сумын Засаг даргын 2016 оны 127 дугаар захирамжаар Ж.Бад газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн ”Их Мааньтын Тиек хороо” гэх өвөлжөөний газрыг урьд хэн нэгэн иргэнд хууль ёсоор эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй, энэ тухай бүртгэл байхгүй байсан учраас сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Бад  сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 127 тоот захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн эзэмшүүлсэн байна. Иргэн Ж.Б нь тухайн үед сумын Засаг даргад уг газрыг эзэмшүүлэхийг хүсэж, Газрын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн байна. Нэхэмжлэгч Т нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Их Мааньтын” адагт буюу Сагсай голын эрэгт Ж.Хуандаг, Ж.Хуанай нарын хамтаар 1989 оноос хойш одоо хүртэл өвөлжиж 28 жил амьдарч байгаа юм.

 Нэхэмжлэгч Тн тус шүүхэд гаргаж өгсөн зарим нотлох баримтууд нь 1990 оны үед тус багийн малчдын хороонд бэлчээрийн асуудлыг зохицуулсан шинжтэй нотлох баримтууд байна. Ер нь малчдын дунд бэлчээр ашиглах асуудлыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал шийдвэрлэх ба энэ асуудалд Засаг дарга шууд хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Хэрвээ Т нь бэлчээр ашиглах талаар хөрш зэргэлдээ  малчидтай маргалдаж байгаа бол эхлээд тус багийн иргэдийн Нийтийн Хуралд өргөдлөө гарган зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгаа юм. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч Т-д А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Их мааньтын Тиек хороо” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэргүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүй учраас түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Гуравдагч этгээдийн маргаан бүхий газрыг эзэмшихийг хүссэн хүсэлтийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 83 тоот тогтоолын дагуу материалын бүрдүүлбэрийг хангуулж авсан. Газрын даамлын хувьд 2016 оны 127 тоот захирамжийг боловсруулж, баталгаажуулан Ж.Бад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. 2017 оны 06 дугаар сарын үед Т надад өргөдөл гаргаж, энэ газар хуучнаар минийх байсан, бичиг баримт нь надад байгаа тухайн үед аймгийн Засаг даргын байгуулсан комиссын дагуу “Жуан шохы”, “Тиек хороо” гэх газрыг надад бэлчээрийн зориулалтаар олгосон гэж хүсэлт гаргасан ба уг баримтыг үзэхэд  тухайн үед бэлчээрийг хуваарилсан хүмүүсийн тэмдэглэл байсан. 2003 оноос хойш иргэдэд газар эзэмшүүлсэн бүх бичиг баримт надад байгаа. Өмнө нь уг маргаан бүхий газрыг хэн нэгэнд эзэмшүүлсэн эрхийн акт байгаа эсэхийг шүүж үзэхэд, “Тиек хороо” гэдэг газрыг бусдад эзэмшүүлсэн ямар нэгэн захирамж гараагүй, бүртгэлд байхгүй учраас Ж.Бад газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан ба тухайн захирамжийн дагуу түүнд гэрээ, гэрчилгээ олгосон юм. Нэхэмжлэгч  урьд өмнө надад  маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэж хандаж байгаагүй учраас маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ж.Бад эзэмшүүлсэн байгаа гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

А сумын “Их Мааньтын Тиек хороо” гэх газрыг урьд ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийн дагуу хууль  ёсоор эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж гараагүй, энэ тухай бүртгэл байхгүй буюу бусдын  эзэмшил газартай давхцаагүй учир Ж.Б нь А сумын Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ад хуулийн холбогдох заалтыг үндэслэн хаваржааны зориулалтаар ашиглуулахыг хүсэж өргөдөл гаргасан. А сумын Засаг дарга иргэн Ж.Бын өргөдлийг хүлээн авч судлан үзээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх тухай 127 тоот захирамж гаргасан. 

Одоо Ж.Б нь уг хаваржааны газрыг хууль ёсоор эзэмшин ашиглаж байна. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэнтэй нийцэж байна. Одоо маргаан бүхий “Тиек хороо” гэдэг газарт Ж.Б нь чулуун хашаа барьсан ашиглаж байгаа ба мөн малын бууц, түлш нь тэнд байгаа.  Энэхүү газарт Ж.Б нь жил бүрийн хавар ирж хаваржиж мал төлүүлдэг юм. Нэхэмжлэгч Тд А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “Их Мааньтын” орчмын “Тиек хороо” гэх нэртэй газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэргүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших гэрээгүй, Т нь тэнд нэг ч өдөр амьдарч байгаагүй учраас түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч Т нь А сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 127 тоот захирамжийн Ж.Бад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан үед гаргасан тодорхойлолтыг үндэслэн түүний хүүхэд Ж.Бад газар олгосон захирамж гарсан гэж ойлгож байна. Үүнээс өмнө 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Жын тодорхойлолтод “Тиек хороо” гэдэг газрыг Тн хүү Т.Ахсунхар нь эзэмшиж байсан нь үнэн гэж тусгасан байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэв Т нь 1990  оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн протоколыг надад үзүүлсэн бол би Ж.Бад уг газрыг эзэмшүүлэхгүй байх боломж байсан гэж тайлбарлаж байна.  

Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд тухайн газрыг нэхэмжлэгч Тн эцэг н.Жапах  уг протоколын дагуу эзэмшиж, Т нь өвөг дээдсээс уламжлан уг газрыг эзэмшиж байсан учраас Ж.Бад дээрх маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болсон гэдэг утга агуулгатай тайлбар хэлсэн гэж би үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн агуулгатай тайлбар хэлсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн маргаан бүхий газрыг Ж.Бад эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Үүнээс өмнө одоогийн маргаан бүхий газарт нэхэмжлэгч Тн эцэг н.Жапах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жын эцэг н.Яай нар булаацалдаж, уг асуудлыг сумын хэмжээнд авч хэлэлцээд аймгийн Засаг даргаас томилсон комисс маргаан бүхий газрыг иргэн н.Жапах эзэмших ёстой гэж үзэн протокол бүхий баримт бичиж, тухайн газарт малаа бэлчээх бүрэн эрхтэй гэсэн шийдвэр гарсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Темирбекийн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд уг тодорхойлолтод “ ... “Тиек хороо” гэдэг газрыг Т эзэмшиж өвөлждөг ...” гэж тусгасан байна. Дээрх байдлаас үзэхэд тухайн маргаан бүхий газрыг анхнаасаа нэхэмжлэгч Т эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байна. Маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа 1990 оноос хойш тухайн газрыг эзэмшин ашиглаж ирсэн Тд огт мэдэгдээгүй, маргаан бүхий газрын ойр орчинд амьдарч байсан малчдаас ямар нэгэн санал, асуулга аваагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэсэн үг юм. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг тус тус зөрчсөн, газар эзэмшүүлсэн шийдвэрийн агуулга нь бэлчээр ашиглалттай шууд холбоотой гэж үзэхээр байна. Тэгэхээр бэлчээрийн газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтыг заавал үндэслэл болгож, сумын Засаг дарга зохих хууль журмын дагуу малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл ямар нэгэн тооцоо, судалгаа явуулахгүйгээр, бусдын өвөг дээдсээс уламжлагдан эзэмшиж ашиглаж ирсэн газрыг ашиг сонирхлын зөрчилтэйгээр, хуурамч нотлох баримт бүрдүүлэн бусдад эзэмшүүлсэн нь өөрөө хууль бус байна гэж үзнэ. 

Мөн гуравдагч этгээд Ж.Бад газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “ энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.” гэж заасан байдаг.

  Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар газар олгосон бол гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, тариалангийн газрыг тухайн зориулалтаар олгохоор  тусгасан. Маргаан бүхий захирамжид гэр бүлийн хамтын хэрэгцээний болон тариалангийн зориулалтаар олгох зохицуулалтыг баримталж өвөлжөө, хаваржааны зориулалтаар уг маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь буруу байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Сумын Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй, иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Ж.Бад тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Их мааньтын Тиек хороо” хэмээх газраас 700 м2 газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс энэхүү захиргааны актыг хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...Их мааньт” хэмээх газарт өвөлжөөтэй ба ойр орчны бүх газрыг 1990 оноос хойш тогтмол эзэмшиж ашиглаж ирсэн, энэ талаар сумын 1 дүгээр баг буюу Харнуурын бригадын зөвлөл ба сумын комиссын 1990 оны протокол бүхий баримт байгаа, гэтэл бидний эзэмшил газар болох “Тиек хороо”  хэмээх газрыг бусдад эзэмшүүлсэн, ингэснээр бэлчээрийн газрыг зохистой ашиглахад саад болж байна” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Их мааньтын ам” нэртэй газар нь бэлчээрийн бүс нутаг байх ба  “Тиек хороо” хэмээх  газар нь “Их мааньтын ам” нэртэй газарт багтдаг, ойр орчны газар байна.  

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газрын маргааны тухай малчдын санал гомдлыг шийдвэрлэсэн тухай”  А сумын Хар нуур бригадын зөвлөл ба сумын комиссын протокол нэртэй баримт нь тус сумын иргэд болох гуравдагч этгээд Ж.Бын өвөг эцэг н.Яай болон нэхэмжлэгчийн эцэг н.Жапах нарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэсэн агуулгатай байна. Тухайн үеийн энэхүү шийдвэрт “Майнтын /Их мааньтын/ бог малын зохиомол хээлтүүлгийн пунктын орчмын голын эрэг арлыг н.Жапахын эзэмшилд өгч, хамгаалж авахаар тохиролцож, уг хэсэгт иргэн н.Сакей, н.Яай нар малаа оруулахгүй байхаар, “Тиек хороо”, “Жуан шох”-оос нааш н.Жапахыг мал хариулж бэлчээр ашиглахыг зөвшөөрч, малчин н.Яай нь тодорхой намаржаагүй учир н.Жапахын өвөлжөөний доод тал  намаржихыг шийдвэрлэв” гэж тусгагдсан байх ба үүнийг Газрын тухай хуульд заасан журмаар маргаан бүхий 700 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гэж үзэхээргүй байна.

1994 онд Газрын тухай хуульд батлагдаж, хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн иргэнд газар эзэмшүүлэх эсэх тухай шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар, мөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй 2002 оны Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна гэж, 52.7-д өвөлжөө, хаваржааны доорх газрыг хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно тус тус заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараас үзэхэд маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээс өмнө уг газар нь сул чөлөөтэй байсан, уг газрыг хаваржааны зориулалтаар эзэмших талаар урьд нь эрх бүхий этгээдэд нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Т нь тус сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр “Их мааньтын ам” нэртэй газраас өвөлжөөний зориулалтаар 700 м2 газар эзэмшдэг байх ба нэхэмжлэгчийн эзэмшлийн энэхүү газар болон маргаан бүхий  “Тиек хороо” хэмээх газар нь  хоорондоо 2.53 км-ийн зайтай   байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба талуудын тайлбараас үзэхэд энэхүү  маргаан нь бэлчээр ашиглахтай холбоотой байна.

  Газрын тухай хуулийн 52.2-т  зааснаар бэлчээрийг нийтээр ашиглах бөгөөд 52.10-т бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Т нь “Их мааньтын ам” нэртэй бэлчээрийн бүс нутгаас өвөлжөөний зориулалтаар 700 м2 талбай бүхий тусдаа газар эзэмшдэг,  маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээс өмнө уг газар нь сул чөлөөтэй газар байсан нь, уг газрыг хаваржааны зориулалтаар эзэмших талаар урьд нь эрх бүхий этгээдэд нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй буюу маргаан бүхий 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх нэхэмжлэгчид хуулийн дагуу үүсээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн бэлчээрийн бүс нутгаас гуравдагч этгээдэд 700 м2 газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлснээр ойр орчны бэлчээрийн газрыг ашиглах нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдахгүй буюу  бэлчээр ашиглах эрх мөн зөрчигдөөгүй байна.

Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд бэлчээр ашиглах явцад үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасан журмаар шийдвэрлэх боломжтой тул энэ нь гуравдагч этгээдэд хаваржааны зориулалтаар 700 м2 газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2016 оны 127 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.2, 52.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тн тус шүүхэд гаргасан “А сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Ж.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        М.РИЗА