Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00996

 

С.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 499 дүгээр магадлалтай,

С.Гийн нэхэмжлэлтэй

“А Ө”ХК-д холбогдох

“А Ө”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 24 043 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г нь 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс технологич инженерээр, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Үйлдвэрлэл, техникийн албаны дарга, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 дүгээр үйлдвэрийн даргын ажил, албан үүргийг тус тус гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “А Ө”ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сайнбилэг хөдөлмөрийн гэрээг цуцалж, өр төлбөрийг барагдуулах тухай 63 дугаар тушаалыг компанийн 2015-2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, Фискал аудит ХХК-ийн аудитын дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13 дугаар зүйлийг тус тус үндэслэн гаргаж, намайг их хэмжээний мөнгө хөрөнгө, бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан, данс тооцоо будлиантуулж, байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулж, компанид их хэмжээний мөнгөн хохирол санаатай учруулж байсан нь тогтоогдсон, түүнчлэн тухайн үеийн тодорхой хугацаагаар компанийн эрх бүхий албан тушаал болох гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж заан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч манай үндсэн нэхэмжлэлийн татгалзал болгосон үндэслэл болон 63 тоот тушаалд 2015 оноос 2016 оны аудитын санхүүгийн тайлангаар өр төлбөр гаргасан гэсэн үндэслэл дурдагдсан. 2015 оноос 2016 оны ”А Ө”ХК-ийн аудитын санхүүгийн тайлангаар удирдлагад илгээх захидалд санхүүгийн тайланг үнэн зөв толилуулаагүй байна гэсэн дүгнэлт байгаа. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал санхүүгийн тайланг хариуцах ёстой. Түүнээс биш “А Ө”ХК-ийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Г санхүүгийн тайлан нягтлан бүртгэлтэй холбоотой ямар ч асуудлыг хариуцахгүй. Аудитын тайланг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дэх хэсэг, 19.6, 7.4.8, 7.4.13 дахь заалтууд баримталсан нь үндэслэлгүй. Иймд С.Гийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ”А Ө”ХК-ийн гүйцэтгэх захирлын 63 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Гийг тус компанийн нэгдүгээр үйлдвэрийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг “А Ө”ХК-д даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд компаний эд хөрөнгө, мөнгийг хувийн зорилгодоо ашигласан, зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гаргаж өгөөгүй учир энэ гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг харвал эд хөрөнгө бүрэн хариуцах, хариуцлага дээр түүнд хүлээлгэж өгсөн багаж, хэрэгсэл, тусгай хувцас техник хэрэгслийг өөрийн буруугаас болж гэмтээж, үрэгдүүлсэн бол гэж заасан. С.Г 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаалаа уншиж сонсоод, ажил олгогчийн шаардсаны дагуу хариуцаж байсан хэрэгсэл, эд хөрөнгийг бүгдийг нь буцаагаад өгсөн. Үйлдвэрийн дутсан бараа материалууд болон сантехник, цахилгаан ашиглалтын зардлуудыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2 дугаар үйлдвэрийн ашиглалтын тооллого энэ бол 2 дугаар үйлдвэрт хамааралтай 1 дүгээр үйлдвэрт хамаарахгүй. Мобиком тооцооны мөнгө 3,4 сарын утасны төлбөр гэж байна. 2017 оны 2 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн хүнд 3,4 сарын утасны хэрэглээ байхгүй. Цахилгаан ашиглалтын хариуцагчаар нь цахилгааны инженер н.Гантулга гэж хүн гарын үсэг зурсан. Механик тооцоо, цахилгаан ашиглалтын тооцоо гэж байна. Үүн дээр н.Баттулга гэж хүн гарын үсэг зураад баталгаажуулсан байна. Эдгээр тооцоонууд С.Гт хамааралгүй. Нийт үйлдвэрийн ажилчид хариуцах ёстой хөрөнгийг ганц С.Гт хариуцуулаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр ээлжит аудитын компанийг сонгон шалгаруулаад 2015, 2016 оны санхүүгийн бүртгэлд аудитын хөндлөнгийн шалгалт хийсэн. Уг шалгалт санхүүгийн тооллогоор компанийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Г нь их хэмжээний бараа материалыг үнийн дүнгээр дутааж, данс тооцоо будлиантуулсан, байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулсан болох нь аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон байдаг. Аудитын компанийн дүгнэлтийг ТУЗ 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, компанийн захирал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаартай тушаал гаргаж компанийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, тус компанийн дотоод журмын 1.9, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13 дахь хэсгүүдийг үндэслэсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаал шийдвэр гараад нэхэмжлэгчид өөрт танилцуулж, нэг хувийг гардуулаад ажил хүлээлцэх комисс ажил хүлээж авсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хэрэглэж байсан байгууллагын өмч хөрөнгө тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн зааж ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Акт дээр С.Г хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтныг ажлаас халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тушаалыг гардаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалгаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Г тус компанид 1 дүгээр үйлдвэрийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа их хэмжээний бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан болох нь компанийн 2015, 2016 оны санхүү бүртгэл тооцооны аудитын шалгалт, санхүүгийн албанаас явуулсан бараа материалын тооллогоор тус тус тогтоогдсон. Ажилтан С.Гтай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11091 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.2, дахь хэсэгт зааснаар байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувийн зорилгод ашигласан зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэж заасны дагуу ажилтан байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдож байна. Тийм учир байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд С.Гаас 24 043 034 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А Ө”ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол 24 043 030 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “А Ө”ХК-ийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 165 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 499 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хяналтын гомдолдоо: Магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Гийг ажлаас чөлөөлж буй тухай мэдэгдлийг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр амаар танилцуулсан гэх боловч ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг түүнд танилцуулаагүй байдаг. Ингээд С.Г өөрийг нь ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Оюун-Эрдэнээс тодруулахад “...тушаалыг хуулийн зөвлөх гаргана, бичгийн хэлбэрээр гарахаар мэдээрэй ...” гэсэн тайлбарыг өгсөөр 2 сарын хугацаа өнгөрсөн учир арга буюу түүний ээж Л.Цэцгээ нь компани дээр очиж, “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, өр төлбөрийг барагдуулах тухай” 63 тоот тушаалыг бичгийн хэлбэрээр, анх удаа хүлээн авч, тушаалын баруун доод буланд “2017.04.24-нд олгов. ЗХНА-ны дарга П.Оюун-Эрдэнэ, уг тушаалыг хуулийн зөвлөх гаргасан” гэсэн тэмдэглэлийг бичүүлж авсан байдаг. Ийнхүү С.Г нь ажлаас чөлөөлөх тухай 63 тоот тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Л.Цэцгээгээс хүлээн авч, танилцсанаар уг тушаалын үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасантай нийцнэ. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.", Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 19-д “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан “ажлаас халагдсан өдөр”-ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно.” гэж зааснаар дээрх 63 тоот тушаал нь Гүйцэтгэх захирлын гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажсан өдрөөр хүчин төгөлдөр болно. Гэтэл давж шатны шүүхээс С.Гт 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулах үед уг тушаал нь бичгээр гарсан байсан эсэх, бичгээр гарсан бол уг тушаал Гүйцэтгэх захирлын гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байсан эсэх, ажлаас халсан үндэслэлийг С.Гт тухай өдрөө танилцуулсан эсэх зэрэг үйл баримтыг тодруулахгүйгээр зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчтай шууд ашиг сонирхол нэгтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч С.Гийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээж аваагүй, удаа дараа шаардсны үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түүний ээж Л.Цэцгээ нь тус компанийн хүний нөөцийн албаны дарга П.Оюун-Эрдэнээс гардаж авсан тухай тайлбарласаар ирсэн. Мөн гэрч Л.Цэцгээгийн “... С.Гийг ажлаас нь битүүний өмнөх өдөр халсан. Тушаалаа өгөөч гэж удаа дараа нэхсээр байгаад 2 сар болсон ...” гэх тайлбарыг шүүх анхаарч үзэлгүй, зөвхөн нэг талын тайлбар, мэдүүлгийг үндэслэн ' шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэнтэй зөрчилдөж байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Г 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “А Ө”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 24 043 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

С.Г нь “А Ө”ХК-д 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс технологич инженерээр, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Үйлдвэрлэл, техникийн албаны дарга, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 дүгээр үйлдвэрийн даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан байна.

“А Ө”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1, 9, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13-т заасныг үндэслэн мөнгөн хөрөнгө, бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан, данс тооцоо будлиантуулж, компанид их хэмжээний хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр С.Гийг ажлаас халжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Г нь уг тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авсан тухай нэхэмжлэлдээ дурдаж, ажил олгогчийн тушаалыг нэхэмжлэлд хавсаргасан боловч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаалыг авсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт ажил хүлээлцэх комиссын ажлыг хүлээлцсэн баримт, байгууллагын тушаал шийдвэрийн бүртгэл хяналтын дэвтэрт С.Г нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, тушаалыг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч нь 2017 оны 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа нөхөн төлж бичилт хийлгэсэн баримтад тулгуурласан, шүүх эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43.2-т заасан журмын дагуу үнэлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд ажлаас халсан талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар уг хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс  татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгч С.Г нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаалыг гардаж авахаас татгалзсан, ажлаас халагдаж, эрх зөрчигдснөө мэдсэн үеэс хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 499 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА