| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0135/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/142 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 20.4.1., 24.5.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох 2038000000144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр “Хорьдол сарьдаг’’-ийн дархан цаазат газрын онгон хамгаалалтын бүс “Өндөр бадай” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохих зөвшөөрөлгүй нэн ховор амьтан болох баданга хүдэр нэгийг хууль бусаар агнаж экологи-эдийн засагт 6.000.000 төгрөгний хохирол учруулан хууль бусаар ан агнах, байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар хадгалж байсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр “Хорьдол сарьдаг’’-ийн дархан цаазат газрын онгон хамгаалалтын бүс “Өндөр бадай” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохих зөвшөөрөлгүй нэн ховор амьтан болох баданга хүдэр нэгийг хууль бусаар агнаж экологи-эдийн засагт 6.000.000 төгрөгний хохирол учруулан хууль бусаар ан агнах гэмт хэргийг, мөн байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Хөвсгөлийн Улаан Тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай: “...1 толгой (эр) хүдэрийн нөхөн төлбөр 6.000.000 төгрөг” гэх акт /хх-ийн 12 дугаар хуудас/,
- Хорьдол Сардагийн дархан цаазат газрын онгон хамгаалалттай бүс “Өндөр бадайн хяр” гэх газарт баданга хүдэр 1 толгойг хууль бусаар агнасан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
- Гар аргаар залгаж хийсэн гар хийцийн АКМ-ийн сумаар бууддаг марк тодорхойгүй, гол төмөр, замагны дугааргүй буу 1 ширхэг, АКМ маркын бууны сум 24 ширхэг, хүдрийн заар 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 17 ны өдөр байгууллагын дансруу 6.000.000 сая төгрөг орж ирсэн байхаар нь байгууллагын дарга Ж.Т-ээс асуухад хүдэр агнасан Э.Б- экологи эдийн засгийн нөхөн төлбөр орсон байх гэж хэлсэн. Тэгж хэлэхэд хүдэр агнасан гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Хулгайн ан агнасан хүн өөрийнхөө үйлдийг ухамсарлан хүдэр амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр төлж байгууллагын дансанд хохирлын 6.000.000 төгрөгийг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 07 ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын онгон бүс болох “Өндөр баадай” гэх газар руу Байгаль орчины хяналтын байцаагч Б.Б-, жолооч Ч- бид гурав шалгалт хийхээр явсан. Хорьдол сарьдагийн ан хийсэн гэх газарт машинаараа очоод машин явах боломжгүй болохоор Б.Б- явганаар нөгөө хулгайн ан хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг шалгахаар явсан. Би жолоочтойгоо машин дээрээ үлдоэн юм.Б.Б- өдрийн 16 цагийн үед яваад маргааш өглөө нь ирэхдээ хулгай ан хийж хүдэр агнасан гэх залуутай хүдрийн заар, буу, сумны хамт хураасан гээд авчирсан....Улсын тусгай хамгаалалттай газрын дархан бүс онгон хилд хамраана. ...Улаан номонд орсон нэн ховор амьтны төрөлд хамаарах учраас олгохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 07 ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын онгон бүс болох “Өндөр баадай” гэх газар руу хулгайн анчин орсон байна гэх мэдээллийн дагуу холбогдох шалгалтыг хийхээр манай байгууллагын дарга Ж.Т-, жолооч Ч- бид гурав шалгалт хийхээр явсан. Дээрх газарт машин очих хүртэл яваад уул руу ганцаараа явганаар явсан. Модон дотор явж байгаад отог дээр буюу ангийн хулгайч байрлаж байсан газарт очсон. Отог дээрээс анчингийн бололтой цасан дээр гарсан хүний мөрийг олоод дагаад явж байхад нэлээд хол газарт буун дуу гарсан. Буун дуу гарсан газар руу явж байхад урдаас анчинтай тааралдсан. Нөгөө анчингаас залгамал гар хийцийн буу, 24 ширхэг сумны хамт хурааж авсан. Ямар ан хийснийг асуухад хүдэр агнасан гээд өмдныхөө халааснаас 1 ширхэг хүдрийн заар гаргаж өгсөныг хурааж авсан. Нэрийг асуухад Э.Б- гэж хэлсэн. Уг залууг бол таньдаггүй хүн байсан. Нөгөө залууг отог дээрээ байж байгаарай гэж хэлээд ан агнасан газарт очиход нэг тооны хүдэр агнаад цасанд булаад хаясан байсныг зургийг нь дарж аваад буцсан. ...Хүдэр агнах тусгай зөвшөөрөл бол өгдөггүй. Улаан номонд нэн ховор амьтны төрөлд хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/4 дугаартай: “...Гирээ буюу эр хүдэр нь заартай бөгөөд орооныхоо үеэр заар ялгаруулдаг. Шинжилгээнд ирүүлсэн хүдэрийн эд эрхтэн болох заарыг үндэслэн энэ амьтан нь эр хүдэр байна гэж үзэж байна. Хүдэрийг 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар нэн ховор амьтнаар, Монгол улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн. Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. ...Хүдэр нэртэй амьтан агнасан газар болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Хорьдол сарьдагийн Өндөр баадай гэх нэртэй газрын GPS N 50053’52.295”, Е 99036’40.345” байршил нь тусгай хамгаалалтанд байдаг. Э.Б-ийн хүдэр агнасан үйлдэл нь хууль бус үйлдэл мөн. ...1 толгой хүдэрийн экологи-эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 3.000.000 /гурван сая/ байхаар тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор хүдэрийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3.000.000 /гурван сая/ байхаар тогтоосон тул 3.000.000x2=6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр байхаар тооцож байна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн буу нь сангийн ангийн хэсэгт дугааргүй, замаг дугааргүй, ОХУ-ын ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан, залгамал буу байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 24 ширхэг сумны хонгионы бялт хэсэг дээр байх 539, 81 гэсэн дугаартай 3 ширхэг сум нь 1981 онд ОХУ-ын Тула зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7.62x39 мм калибртай ган зүрхэвчтэй ердийн сум байна. Мөн хонгионы бялт хэсэг дээр байх 711, 90 гэсэн дугаартай 21 ширхэг сум нь ОХУ-ын Климмовска зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм калибртай ган зүрхэвчтэй ердийн сум байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ренчинлхүмбэ сумын нутаг Хорьдол Сарьдагийн тусгай хамгаалалтай газрын Өндөр баадай гэх газар руу ан харахаар явганаар ганцаараа явсан. Уулын модонд очоод хоёр хоног отогт хоносон юм. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед уулын оройд явж байхад хадны оройд хүдэр харагдахаар нь буудсан боловч онохгүй нэлээд олон удаа буудаж хүдэр агнасан. Агнасан хүдрээс заарыг нь огтолж аваад хүдрийг цасанд булж хаячихаад уулнаас уруудан ирж байхад тусгай хамгаалалттай газрын ажилтантай тааралдаад хүдрийн заар, буу, 24 ширхэг сумны хамт хураалгасан. Тусгай хамгаалалттай газрын ажилтан маргааш өглөө Улаан-Уул суманд ирж уулзаарай гэж хэлэхээр нь маргааш нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн. Буу нь гар хийцийн залгамал АКМ-ын сумаар бууддаг буу юм. Ямар маркын бууг нь мэдэхгүй байна. Манай талийгаач аавын буу байгаа юм. Сумыг нь Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс танихгүй хүнээс АКМ маркын 30 ширхэг сум худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, галт зэвсгийн үзлэг тооллогыг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар ард түмний мэдэл, төрийн төрийн хамгаалалтанд байх дархан цаазат амьтан болох 1 тооны эр хүдэр агнаж, экологи эдийн засагт хохирол учруулж, байгаль орчин “амьтны жам ёсны эрх”-д хор уршиг учруулсан үр дагаварт зориуд хүргэж, хууль бусаар ан агнах үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь “амьтны жам ёсны эрх”-д халдсан буюу амтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшил, тархац нутгаа сонгох, үржил хөөцөлд орж, үр төлөө үлдээх, бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочрол, хомроглон устгагдахаас ангид байхыг зөрчсөн үйлдэл, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтан болох баданга хүдэр агнасан нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эр баданга хүдэрийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 3.000.000 төгрөгийг хоёр дахин өсгөсөн мөнгөн дүн болох нийт 6.000.000 төгрөгийн хохирол учирч түүний улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Э.Б- нь амьтны аймагт 6.000.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Б-гийн “...байгууллагын дансанд хохирлын 6.000.000 төгрөгийг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, шүүгдэгчийн “экологи-эдийн засгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, шүүгдэгч Э.Б-аас Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төрийн сангийн дансанд 6.000.000 төгрөгийг Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн Төрийн банкны кассын орлогын баримт /хх-ийн 44/, Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай: “...Э.Б- нь ...6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан..” гэх албан тоот, дансны хуулга /хх-ийн 49-50 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллгааны зардалгүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалан “Галт зэвсэг хууль бусаар эзэмших” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалан “Галт зэвсэг хууль бусаар эзэмших” гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан 3 жилийн хугацаанд өөрийн нь боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлан гэмшиж гэм буруугаа хүлээсэн, шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байдал, хохирол төлбөрийг төлсөн, хувийн байдлын хувьд “ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг” гэх Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46/, “2019 оны жилийн эцэст адуу 2, үхэр 3, бүгд 5 толгой мал тоолуулсан нь үнэн” гэх Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/, урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, хохирол төлбөрөө нөхөн төлсөн талаарх хохирогч Г.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 39/, шүүгдэгчээс Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төрийн сангийн дансанд 6.000.000 төгрөгийг Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн Төрийн банкны кассын орлогын баримт /хх-ийн 44/, Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай: “...Э.Б- нь ...6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан..” гэх албан тоот, дансны хуулга /хх-ийн 49-50/ хэрэгт авагдсан зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй ба ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.
Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчийн “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар аргаар залгаж хийсэн гар хийцийн АКМ-ийн сумаар бууддаг марк тодорхойгүй буу, замаг, АКМ-ын 24 ширхэг сумыг устгуулахаар Цагдаагийн газарт, хүдэрийн заар 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж байна.
Шүүгдэгч Э.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалан “Галт зэвсэг хууль бусаар эзэмших” гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд өөрийн боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар аргаар залгаж хийсэн гар хийцийн АКМ-ийн сумаар бууддаг марк тодорхойгүй буу, замаг, АКМ-ын 24 ширхэг сумыг устгахыг Цагдаагийн байгуулагад, хүдэрийн заар 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ