Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/143

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1938007250157 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д.

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн иргэн Х.Э-гийн гэрт нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутагт орших хохирогч Х.Э-гийн байшингийн цонхоор орж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
  • Хохирогч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: "...Б.Д- надтай хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. ...одоо надад гомдол санал байхгүй. Эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 2.950.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 22, 24-25, 27 дугаар хуудас/,
  • Хохирогч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...2019 оны 09 сарын 02-ны орой гэртээ байж байтал гаднаас Х.У-ын заставын дарга М.Э-, түүний жолооч Б.Д- мөн манай сумын соёлын төвийн эрхлэгч Цэнгэлдорж нар орж ирсэн. Тэгээд М.Э- жолооч Б.Д-аа архинд дэлгүүр рүү явуулсан. Жолооч нь удаж удаж нэг шил архи авчирсан. Тэр архийг нь манайд байсан хүмүүс бид нар хувааж уугаад манайд байсан хүмүүс гэр гэр рүүгээ явцгаасан. ...Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд ороо засаад орондоо ороод унтсан байсан. ...унтаж байхад байшингийн хаалга түг түг гээд хүн тогших шиг болоод удалгүй манай байшингийн зүүн талын цонхоор нэг урт навсгар хар юм буугаад ороод ирсэн. Би утасныхаа гэрлийг тусгаж харахад М.Э-ын жолооч Б.Д- байсан. Тэгснээ шууд миний ор руу дайрч ороод намайг хүчиндсэн. ...Маргааш өглөө нь миний бэлэг эрхтэнээс цустай зүйл гараад байсан. ...би гишгэж чадахгүй даралт ихсэж эм тарианд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг өдөр над руу утсаар залгаж өнгөрсөн шөнө манайд хүмүүс архи уугаад сүүлд нь шөнө Б.Д- гээд залуу гэрт орж ирээд намайг хүчиндчихлээ гэхээр нь би “тэгээд та зүгээр юм уу цагдаад өргөдөл бичээд өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед дуу яриа нь утасны цаанаас тасалдаад их дуу муутай дуугарч байсан. Та зүгээр явж байгаа бол манай гэрт хүрээд ир гэсэн чинь хэсэг хугацааны дараа Х.Э- эгч манай гэрт ирсэн. Болсон явдлын талаар надад хэлээд миний биеийн хэсгүүд ингээд хөхөрсөн гээд надад харуулсан. Х.Э- эгчийн хоёр гуяны гадна болон дотор талдаа хөхөрсөн цээж хөхний хэсэгт хөхөрч улайсан байсныг тухайн үед зургийг нь дарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин Х.Э- манай заставын утас руу залгаад надтай ярихдаа та намайг орж ирээд унтахыг хүссэн дараа нь танай жолооч Б.Д- нь шөнө ирж хүчиндсэн би гомдолтой байна гэж анх мэдээд жолооч Б.Д-ыг Х.Э-тэй уулзуулахаар сумын төв рүү явуулсан. Мөн сумын хэсгийн төлөөлөгч заставын суурин утсаар надтай холбогдож тантай болон танай жолооч Б.Д-тай холбоотой өргөдөл гомдол ирсэн. Х.Э- гэж хүнтэй яаралтай холбоо барьж мөн надтай ирж уулз гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 577 дугаартай: 1. Х.Э-гийн биед жирэмсний шинж тэмдэг илэрсэнгүй, харин бэлгийн замаар дамжих заг хүйтэн /гонококк/ илэрлээ” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай: 1. Б.Д-ын бэлэг эрхтэн хөвчирч байгаа тул бэлгийн харилцаанд орох чадвартай байна. 2. Б.Д- нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Бэлгийн замын заг хүйтэн өвчин нь эмэгтэй хүнд шинж тэмдэг бүдэг далд хэлбэрээр явагддаг учраас тухайн хэрэг болсон гэх 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авсан эсэхийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө ч байж болно, дараа ч өвчин авсан байж болох юм. Энэ асуудлыг тогтоох боломжгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Асуумж болон өгүүлэмж хэсэгт өмнө бэлгийн замын өвчин авч байсан эсэх нь тусгагдаагүй байна. Тухайн хэрэг нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон гэх бөгөөд Б.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийлгэхээр ирсэн учир тухайн үед бэлгийн замын өвчтэй байсан болон эмчилгээ хийлгэсэн эсэхийг нь тогтоох боломжгүй. Хэрэв бэлгийн замын заг хүйтэн өвчтэй байсан бол эмчилгээ хийлгээд ойролцоогоор 1 сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. Заг хүйтэн өвчин нь үндсэн 3 үе шинж тэмдгээр илэрдэг. Нэгдүгээрт шинж тэмдэггүй илрэл, Хоёрдугаарт шинж тэмдэг тод илрээд 14 хоногийн дараа буцан шинж тэмдэггүй шинжид шилждэг. Гуравдугаарт ямар ч шинж тэмдэг өгөхгүй үргэлжилдэг зэрэг шинжтэй учир тухайн үед үзүүлээгүй нь яг аль шатанд явж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Б.Д- нь нян судлалын шинжилгээ өгөөгүй. Зөвхөн тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээний хариу авчирсан тул бусад бэлгийн замын өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй болсон. Хэрэв тухайн хавьтагч бэлгийн замын заг хүйтэн өвчтэй бол бэлгийн замын халдварт өвчин заавал халдана” гэх тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Х.Э-д эмчилгээний мөнгө гэж нийт 2.950.000 төгрөг өгсөн. Х.Э- надтай эвлэрлийн гэрээ байгуулж ямар нэгэн гомдол саналгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уу” гэх асуултад “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/,

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 90 дүгээр хуудас/,

- Хилийн ... дугаар ангийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Э-, гэрч Н.Г-, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутагт орших хохирогч Х.Э-гийн байшингийн цонхоор орж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/, хохирогч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 20, 22, 24-25, 27 дугаар хуудас/, хохирогч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 577 дугаартай дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 65, 68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Д- нь хохирогч Х.Э-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс үзвэл хохирогчийг согтуурсан үед хүчээр бэлгийн харьцаанд орж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлыг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүй, ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч Б.Д- нь хохирогч Х.Э-д эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 2.950.000 төгрөг өгч уучлалт гуйж эвлэрсэн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/, ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 93/, хохирогчийн гараар бичсэн тайлбар /хх-ийн 95/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 97/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:  

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн зэргээс болж гэмт хэрэг гарах болсон зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 101/, улсын яллагчаас түүнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал” гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Д-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Д-д “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ