| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/070 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн, хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнбалжид нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914003070207 тоот хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,1995 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,
Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар,
Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэн, хэрэг хариуцах чадваргүй, Ц.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Б.Түмэнбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 800.0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 86/
2.Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
......2019 оны 03 дугаар сарын 28- ны өглөөний 10 цагийн үед айлын ажил явдалд оролцоод мотоциклоо хашааных нь үүдэнд дээр тавчаад явсан ирсэн чинь алга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/
4. Гэрч Ц.Цэрэнбалжид мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....гэрээсээ ус буцалгагч авах гээд ирсэн чинь манайд Баттулга ирсэн мангар бандиа Түмэнбаярын мотоциклийг аваа д явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй байлгүй дээ би энэ талаар мэдсэнгүй гэж хэлсэн юм. Тэгж хэлчхээд Баттулга эд нар Ганчулууныг хайхаар явсан юм. Тэгээд би буцаад эмнэлэг дээр байж байсан чинь оройхон тийш Ганчулууныг гэртээ ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод явж очоод хүний мотоцикл авсан юм уу гэхэд анхандаа аваагүй гэж байсан ба сүүлдээ би авсан юм гэж хэлсэн. Яагаад авсан бэ гэж хэлсэн чинь хорхой хөдлөөд авсан юм аа гэж хэлсэн. Мотоцикл хаана байгаа гэсэн чинь хээр аваачиж хаясан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнбалжид мэдүүлэхдээ: 3 сарын хугацаагаар албадан эмчлүүлэх арга хэмжээ авч өгнө үү би өөрөө аваачиж өгнө гэв.
6.Гэрч Д.Цэдэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
......Манай гэр сумын төвд мотоцикл алдагдсан гэх Баттулга гэх айлын хашааны 2 хашааны цаад талд байдаг юм. Тэгээд намайг гэртээ байж байхад би өөрөө Цэрэнбалжидын банди гэж дууддаг манай сумынхан мангар банди гэж /Ганчулууныг/ дууддаг тэр банди манайд ганцаараа орж ирсэн. Тухайн үед тэр архи уусан байсан ба манайд ирээд суугаад байхаар нь нэг рунка архи хийж өгсөн юм. Тэгээд тэрийгээ уучхаад яваад өгсөн. Түүнийг яваад удаа ч үгүй араас нь Баттулгын ач охин Маралаа орж ирээд та утсаа өгч байгаа ч өвөөтэй ярих гэсэн юм. Саян манай хашааны гадаа байсан мотоциклийг мангар банди унаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баттулгын утас руу залгаад энэ талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/
7.Гэрч Н.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Түмэнбаяр би цуг явъя гээд мотоциклоо манай хашааны гадаа үлдээгээд бид нартай цуг явсан. Тэгээд ном уншуулаад байж байсан чинь Цэдэн гуай утсаар залгаад танай хашааны гадаа байсан мотоциклийг Цэрэнбалжидын банди унаад явсан гэж танай ах Марал аа энд ирсэн хэллээ гэж хэлсэн. Тэгээд ном уншуулж дуусчхаад эргэж гэртээ ирсэн чинь хашааны гадаа байсан мотоцикл алга байсан тэгэхээр нь Цэрэнбалжидын гэрт нь очсон чинь тэр өөрөө алга байсан. Тэгээд сумаар нэг хайгаад тэр өдөртөө олоогүй юм. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
8. Насанд хүрээгүй гэрч Ц.Маралаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
........Тус өдер би манай өвөөгийн хамар хашааны айлын хүүхдүүдтэй тоглоод явж байхад мангар банди орж ирээд танай өвөөгийн гэрт хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд тэр манай өвөөгийн гэр лүү чиглэж явж байхаар нь гэр лүү орчхож магадгүй гэж бодоод түүнээс түрүүлж очоод гэрийнхээ амбаараа дотор талаас нь цоожилсон юм. Тэгээд тэр ирчхээд гэрийн цонхоор шагайж байснаа яваад өгсөн. Тэгээд би түүнийг явчих байлгүй гэж бодоод сууж байсан гаднаас мотоцикл унтарсан чимээ гарсан тэгээд хэсэн алга болсноо эргээд нөгөө мотоциклийн ассан чимээ гаргаад хөдлөөд явах шиг болсон тэгэхээр нь гэрээсээ гараад үзсэн чинь хөдлөөд явах шиг болсон тэгэхээр нь гэрээсээ гараад үзсэн чинь манай өвөөгийн хашааны гадаа байсан мотоцикл алга байсан. Тэгэхээр нь би Цэдэн ахын дэлгүүрт очиж мангар бандийг хүний мотоцикл унаад явчихлаа гэж хэлсэн юм.Түмэнбаяр гэх хүний мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/
9. Гэрч Ш.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Ц.Г нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Задгай” 4 дүгээр багийн нутагт дүү, ээж, хойд эцгийн хамт амьдардаг. Түүний хувьд ихэвчлэн сумын төвд байдаг ба заримдаа хөдөө айлуудын малыг маллаж явж байдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/
10. Гэрч М.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... Ц.Г нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Задгай” 4 дүгээр багийн нутагт дүү, ээж, хойд эцгийн хамт амьдардаг. Түүний хувьд ихэвчлэн сумын төвд байдаг ба заримдаа хөдөө айлуудын малыг маллаж явж байдаг. Хэзээ эсэхийн санахгүй Ганчулуун Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэлт” дунд сургуульд хонхны баяр хийгээд яваад байсан. Гэхдээ сургууль соёлд сурч байгаагүй, цэргийн алба хааж байгаагүй, улсаас авсан ямар нэгэн гавьяа шагналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
11. Шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Түүний хувьд хэрэг хариуцах чадвартай юм байгаа. Ю түүний түвшин бага гарах нь түүний оролцогч ойлгохгүй байх нь хэрэг хариуцах чадварт нөлөөхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/
12.Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаар
1. Мустанг 150 мотоцикль 1 ширхэг 800.000, Мустанг 150 мотоцикль 1 ширхэг 100.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/
13. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 29 дугаартай эмч нарын комиссын:
1. Оролцогч Ц.Г нь сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр зэргийн хомсдол өвчтэй ч болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Ц.Г нь анхдагч /хүүхэд насны / уналт таталт өвчний улмаас мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Одоо тогтмол уналтын эм уудаг.
3. Ц.Г нь мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтанд Тархины цахилгаан бичлэг болон IQ тогтоох шинжилгээнүүдийг хийлгэн онош тогтоосон болно.
4. Ц.Г нь IQ зааварчилгааг ойлгохгүй, хийж гүйцэтгэж чадахгүй байна. Уналтын улмаас үүссэн зан төрхийн өөрчлөлт ихтэй. гэх дүгнэлт / хх-ийн 74-75 /,
14. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай:
1 .Ганчулуун нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.
2. Ц.Г нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон одоо Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. Ц.Гы уг өвчин нь бага наснаас эхэлсэн төрөлхийн бие даасан өвчин болно.
4. Ц.Гд одоогоор хөнгөн зэргийн сэтгэл гутралын хам шинжтэй гэх шинж тэмдэг илрэхгүй байна.
5. Ц.Г Ю нь Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээгээр 50%-тай гарсан бөгөөд олон улсын жишиг сорилоор хийгдсэн шинжилгээ юмаа. Ц.Г нь дээрх шинжилгээнд хамрагдаж дүгнэлт гарсан юмаа.
6. Ц.Гд уналт таталтын хам шинжийн эсрэг эмийн эмчилгээ хийх шаардлагатай байна. Харин Ц.Гы Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгийг эмчлэх боломжгүй төрөлхийн эмгэг юмаа.
7. Ц.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд СЭМҮТ-ийн ердийн тасагт 3 сарын хугацаатай албадан эмчилгээ хийлгэх саналтай байна.
8. Ц.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна....гэх дүгнэлт /2-р хх-ийн 12-15/
15. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 45 дугаартай эмч нарын комиссын:
1. Ц.Цэцэгмаа нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн их эмчээр 25 жил ажиллаж байна. Сэтгэцийн ахлах зэргийн эмч З.Тунгалаг нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их
эмчээр 5 жил ажиллаж байна. Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Б.Мөнхсүлд
сэтгэцийн их эмчээр 1 жил ажиллаж байна.
2. Оролцогч Ц.Г хэрэг хариуцах чадвартай. мэдрэл, сэтгэцийн эмгэгийг эмчийн зааврын дагуу эмчийн хяналтанд эмчлүүлэх шаардлагатай. (уналтын эмийг зааврын дагуу тогтмол уух)
3. Оролцогч Ц.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
хэрэглэх шаардлагатай.
4. Түүнийг сэтгэцийн тусгай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай.
5. Ц.Г нь багадаа бүтэлтэй төрсөн, түүнээс болоод уналт таталт өвчтэй болсон. 4 настайгаасаа хойш унаж татдаг, уналтаас шалтгаалсан тархинд эмгэгшил, зан төрхийн өөрчлөлттэй болсон. Уг өвчин нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг боловч уналтын тоо цөөн байдаг.
6. IQ тогтоох сорилыг сэтгэхүйн үйл ажиллагааны хоцрогдлоос болоод гүйцэтгэх чадваргүй. IQ тогтоосноор тухайн оролцогчийн ой тогтоолт, сэтгэхүйн хүрээ үнэлдэг. IQ тогтоох нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөх боловч Ц.Гы хувьд өөрийн хийсэн үйлдлийг мэддэг, буруу гэдгийг ойлгодог, хулгайн хэргийг дахин давтан үйлддэг, хийсэн хэргээ хүлээх чадвартай байна. гэх дүгнэлт /хх-ийн 155-156/ хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт, хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан хаан банк, голомт банк, төрийн банк, хас банк нарын тодорхойлолт, хавтаст хэргийн 25-42 дугаар хуудсанд авагдсан эмчлүүлэгчийн эм хэрэглэсэн картны хуулбар, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ц.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн:
1 .Ганчулуун нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.
2. Ц.Г нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон одоо Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. Ц.Гы уг өвчин нь бага наснаас эхэлсэн төрөлхийн бие даасан өвчин болно.
4. Ц.Гд одоогоор хөнгөн зэргийн сэтгэл гутралын хам шинжтэй гэх шинж тэмдэг илрэхгүй байна.
5. Ц.Г Ю нь Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээгээр 50%-тай гарсан бөгөөд олон улсын жишиг сорилоор хийгдсэн шинжилгээ юм. Ц.Г нь дээрх шинжилгээнд хамрагдаж дүгнэлт гарсан юм.
6. Ц.Гд уналт таталтын хам шинжийн эсрэг эмийн эмчилгээ хийх шаардлагатай байна. Харин Ц.Гы Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгийг эмчлэх боломжгүй төрөлхийн эмгэг юм.
7. Ц.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд СЭМҮТ-ийн ердийн тасагт 3 сарын хугацаатай албадан эмчилгээ хийлгэх саналтай байна.
8. Ц.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.... /2-р хх-ийн 12-15/ гэсэн дүгнэлтийг дүгнэж үзээд шүүгдэгч Ц.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээч нарын дүгнэснээр гурван сараар авах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж түүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт зургаан сарын хугацаагаар авч эмчлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас Шүүхээс шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдөр 10 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх хашааны гадаа байсан Б.Түмэнбаярын эзэмшлийн “мустанг”- 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч найман зуун мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Түмэнбаяр гэрч Ц.Цэрэнбалжид, Д.Цэдэн, Н.Баттулга, арван найман насанд хүрээгүй гэрч Ц.Маралаа нарын мэдүүлэг болон Энх нахиа ХХК-ийн 161 дугаартай СЭМҮТ-ийн 46 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Г өмнө нь Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан бөгөөд шүүгдэгч Ц.Г нь уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр иргэн Б.Түмэнбаярын мотоциклыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч Ц.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах талаар шинжээч нарын дүгнэлт гарсан тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй байдал үүссэн гэж үзэж нэг жилийн ялыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Харин энэ хэргийн учир шүүгдэгч Ц.Гы цагдан хоригдсон нэг зуун хорин долоо / 127 / хоногийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хоногоос хасаж тооцон, түүнд тавин гурав / 53 / хоногийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Гыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/240, А/369 дугаартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих тухай журамд зааснаар түүнийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ердийн тасагт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнбалжид нарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ц.Гд зургаан / 06 / сарын хугацаагаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ердийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 8-д зааснаар шүүгдэгч Ц.Гы цагдан хоригдсон нэг зуун хорин долоо / 127 / хоногийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хоногоос хасаж тооцон, түүнд нийт тавин гурав / 53 / хоногийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-д зааснаар шүүгдэгч Ц.Гыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ердийн тасагт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнбалжид нарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Ц.Гд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ