Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

2020         4          15                                   2020/ШЦТ/352     

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Ганбагана,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг, 

Хохирогч Ш. Ганбат

Шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өсөх овогт Сарантуяагийн Эт холбогдох эрүүгийн 1909012320055 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхоны 24-5 байрны 53 тоотод түр оршин суудаг, үндсэн хаяг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг Маршал тауны 103 байрны 4 тоот, Мастер грийн ХХК-ны захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, Өсөх овогт Сарантуяагийн Э /РД:ЧМ85041118/,

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 02 дугаар 10-ны өдрийн 117 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хадат гэх газарт “Экспресс трейд’’ ХХК-иар “би танайхаар урд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм, одоо ахдаа худаг гаргуулах гэсэн юм гаргаад өгөөч” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч худаг гаргуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1909012320055 дугаартай хэргээс:

         Хохирогч Ш.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай компани нь гүний худаг гаргах өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэдэг юм. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э гэдэг хүн манай компаны 91918578 дугаарын утсаар яриад манай менежер Г.Этай холбогдоод Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд байдаг ахынхаа хашаанд гүний худаг гаргуулах захиалга өгөх гэсэн юм гэж хэлсэн байсан. Тэгэхдээ өмнө нь би танайхаар ажлынхаа газарт худаг гаргуулсан, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлах амралтын газарт худаг гаргуулж байсан компаны ерөнхий менежер байна надад итгээрэй гэж хэлсэн байсан. Манай компани Жаргалантын аманд худаг гаргаж байсан болохоор итгэсэн тэгээд зааж өгсөн газарт нь хүрэлцэн очсон. Тэгтэл хашааны эзэн Гомбодоржийн Одонтуяа гэх эмэгтэй хүн байсан түүний хүргэн ах Цагаанхүүгийн Бахархал гэх хоёр хүн байсан. Тэгээд уг хашаанд худгийн ажлаа хийж гүйцэтгэсэн...Э гэж нөгөө утсаар холбогдсон хүнтэйгээ холбогдоход 7 хоногийн дотор мөнгийг чинь өгнө хэрэв өгөхгүй бол худаг доторх эд зүйлсээ аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш утсаа авахгүй сураггүй болсон... Одоо манай байгууллагад 8 670 000 төгрөгний бодит хохирол учраад байна. Би энэ Э гэх хүнд Жаргалантын ам гэх газарт ямар нэгэн худаг гаргаж өгсөн зүйл байхгүй, энэ хүнийг огт танихгүй. Ямар нэгэн гологдолтой ажил манайх хийсэн юм байхгүй. Э гэх хүн манай байгууллагад ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байхгүй харин Бахархал гэх хүн манай дансанд 1170000 төгрөг шилжүүлж гүний насос авч тавиулсан байгаа. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд худаг гаргасан гэх гэрээ нь худгийн паспорт нь ТМВЫ гэсэн компани байна энэ паспорт нь худгийг хүчин төгөлдөр хүлээлгэн өгсний дараа гардаг улсын дугаар бүхий баримт байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ш.Ганбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Жаргалантын амны худаг гаргах зөвшөөрлийг Нийслэлийн байгаль орчны газраас 2018 оны 06 сарын 05-ны өдөр олгосон. Эын ярьж байгаа зүйл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Манай компани Жаргалантын амны худаг гаргаагүй. С. Эаас 5000.000 / таван сая/ төгрөгийн хохирол авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Хан–уул дүүргийн нутаг дэвсгэрээр М. Эыг олох гэж  зөндөө хайсан. Жаргалантын амны худагтай холбоотой  “ Далд эрдэнэ мөнх ” компаныг хохироосон асуудал байгаа. Үүнийг нь нэмж шалгуулахаар хэргийг буцаах саналтай байна...гэв.   

 

          Гэрч Ц.Бахархалын "... “Мастер грийн” ХХК-ны захирал С.Э надаас хууль зүйн туслалцаа авсан бөгөөд төлбөрийн үлдэгдлийн оронд би худаг гаргуулах санал тавьсан юм. Э зөвшөөрөөд “Экспресс трейд” ХХК-тай холбож өгсөн. Би худаг гаргуулах явцад насос худалдаж авах шаардлагатай байна гэхээр нь би худгаа бүрэн гаргуулахын тулд 1.170.000 төгрөгийг худгийн насос авах мөнгө гэсэн утгатай 5087178157 тоот данс руу шилжүүлэн өгсөн. Өөр ямар нэгэн худаг гаргуулах үнэ хөлс тооцоо төлбөр мөнгө өгөөгүй. Би “Экспресс трейд” ХХК- тай ямар нэгэн худаг гаргуулах гэрээ хийгээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 39- 40 дүгээр хуудас/

 

          Гэрч Г.Эын “Э гэдэг хүн манай компани руу залгахад би холбогдож уг хүнтэй ажил хийх талаар тохирсон юм. Тухайн үед нэг метрийг нь 120 000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед 60 метр гүнзгий ухна эж тохирсон тэгээд худаг гаргах газраа зааж өгсөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн хадатын ам гэх газар гэж заасан тэгээд уг газарт би ажилчдын хамт очиж ажпаа хийсэн. Тэгтэл нөгөө Э гэх хүн рүү мөнгөө шилжүүл гэхэд за одоо явуулна гээд байсан тэгж байгаад ажил дуусаад гүний худгийн носос тавихаар болоод утсаар нососны мөнгө өг гэж хэлтэл Э аргалаад тавьчих гээд байсан. Тэгээд бид нар гэрийн эзэн Бахархал гэх хүнээс мөнгө авч байж нососыг тавьж усыг нь шалгаж өгсөн бид нар уг мөнгөө авч байж насосоо тавья гэж хэлсэн тэгтэл Бахархал эхлээд насосоо тавьчих мөнгийг нь би өгнө гэж хэлээд гуйгаад байсан тэгэхээр нь уг хүнээс насосны мөнгө аваад тавьж шалгаж худгаа хүлээлгэн өгсөн. Тэгээд түүнээс хойш утсаа авахаа болиод мөнгөө өгөхгүй байгаа юм... 5.000.000 төгрөгөөр тохирсон зүйл байхгүй харин метрийг нь 120.000 төгрөг гэж тохирсон байсан. Э 60 метр ухна гэсэн тэгтэл 80 метр ухаж байж ус нь гарсан. Э бол ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй харин нөгөө худаг гаргуулж байгаа айлын эзэн насосны мөнгө гэж 1.170.000 төгрөг өгсөн... 2018 оны 07 дугаар сард Э гэх хүн 99009200 гэсэн утаснаас залгаад Жаргалантын аманд худаг гаргуулахаар тохирсон юм. Тэгээд би худгийн бүх төхөөрөмжөө аваад Жаргалантын аманд очоод худаг гаргах гэтэл байгаль хамгаалагч нь энд худаг ухах зөвшөөрөл байхгүй гэж хэлээд байхаар нь би худаг ухалгүй яваад өгсөн... Уг нь гэрээ хийдэг юм. Энэ хүнтэй урд нь холбогдож байсан дугаар байсан тэгээд очоод хийж бай гэрээг нь дараа нь очоод хийнэ гэж хэлсэн. Мөн худаг ухах газрын зөвшөөрөл гарсан байсан болохоор очиж хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 49 дүгээр хуудас/

 

     Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 15-нд Жаргалантын аманд Ти Эн Ди Ти ХХК-иар худаг гаргуулсан. Өмнө нь  07 дугаар сард Экспресс трейд ХХК-тай худаг гаргуулахаар хүсэлт тавихад зөвшөөрөл нь гараагүй байсан учраас хойшлогдсон. Зөвшөөрөл гаргасны дараагаар ТNDT ХХК-тай тохиролцоод төлбөр мөнгөө бүрэн өгөөд худгаа гаргуулсан.... Би тухайн үед Экспресс трейд ХХК-г худаг гаргасан гэж бодсон. Ажил ихтэй байдаг болохоор зарим хэлцлүүдээ амаар тохиролцдог, уулзаж чаддаггүй байсан. Бахархал ахтай тооцоотой байсан учраас надаас худаг гаргах таньж мэддэг хүн байна уу гэхэд нь Экспресс трейд ХХК-тай холбож өгсөн. Би Экспресс трейд ХХК-тай холбогдоод танай компани өмнө манай дээр худаг гаргасан юм байна. Одоо манай таньдаг ахын газар дээр боломжийн үнээр худаг гаргаад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэгээд 5.000.000 төгрөгөөр тохиролцсон. Бахархал ахынд 09 дүгээр сард худаг гаргасан. Үүний дараагаар Жаргалантын аманд гаргасан худаг ажиллахаа больчихсон. Экспресс трейд ХХК-иас төлбөрөө нэхэхэд нь танай компани эхний гаргасан худгийн асуудлаа шийдэж өг түүний дараагаар энэ төлбөр тооцооны асуудал яригдана гэх байдлаар хоёр удаа яриад дахиж холбогдоогүй. Намайг 2019 оны 06 дугаар сард Цагдаагийн байгууллагаас дуудаад “Экпресс пресс” ХХК-тай төлбөр тооцооны асуудалтай байна гэж хэлсэн. Тухайн үедээ Жаргалантын амны худгийг Экспресс трейд ХХК-г гаргасан гэж бодож байсан учраас эхний худгийн асуудлаа бүрэн шийдэж өгөөгүй байгаа. Тэгэхээр төлбөр төлөх боломжгүй гэдгээ мэдүүлсэн. Экспресс трейд ХХК-руу 2 удаа яриад худаг усныхаа асуудлыг шийдэж өгөөч гэхээр судлаад хариу өгье гэдэг байсан. Цагдаагийн газар мэдүүлэг өгснийхөө дараа Жаргалантын худгийг Ти Эн Ди Ти ХХК гаргасныг ойлгосон. Энэ компанитай албан ёсны гэрээ хийгээгүй, төлбөр тооцоог нь төлсөн боловч акт үйлдэж аваагүй. Бүх учрыг ойлгоод Экспресс трейд ХХК-ийн төлбөрийг төлж барагдуулсан...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О. Алтанчулуу шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Залилах гэмт хэргийн сэдэлт нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар эзэмшигч, хариуцагчийг төөрөгдүүлж, хохирогчийг өөрөө өгөхөд хүргэдэг. Тиймээс энэ гэмт хэрэгт ийм сэдэлт байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд гэмт хэргийн гүйцэтгэгч гэж хэн болохыг тодорхой заасан. Энэ хэрэгт С.Эын гүйцэтгэсэн ажиллагаа байдаггүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр хохирогч гэж хэн болохыг тодорхой заасан байдаг. Экпресс трейд ХХК нь Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасаар байхад иргэн Ш.Ганбатыг шууд хохирогчоор тогтоож шалгасан нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Тухайн газрын эзэмшигч Одонтуяа, Бахархалт гэх хүмүүстэй хэлцэл хийгдсэн нь харагдаж байна. Хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх үүргийг өөрчлөх, үүсгэх, өөрчлөх дуусгавар болгох зорилгоор илэрхийлэх иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан.  Хэлцлийн үндсэн дээр Бахархал, Одонтуяа нарын газар дээр худаг ухсан байдаг. Иймд  С.Э нь Экспресс трейд ХХК-тай цахим хэлбэрээр холбогдож худаг гаргуулах захиалга байгааг хэлж өгсөн байна. Энэ үйл ажиллагаа нь хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээ буюу захиалагч нь С.Э байгаа нь харагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

            Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 16 дугаар хуудас/

            Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 17 дугаар хуудас/

            Худаг гаргах зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/

     Хохирогчоор тогтоох тухай тогтоол / хх-ийн 24 дүгээр хуудас

            Гүний худаг гаргах зах зээлийн дундаж үнийг тогтоох үнэлгээний тайлан / хх-ийн 100-104 дүгээр хуудас /,

            Хохирогч Ш.Ганбатад С.Эаас ажлын хөлс төлсөн баримт /хх-ийн 109 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хадат гэх газарт “Экспресс трейд’’ ХХК-ниар “би танайхаар урд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм, одоо ахдаа худаг гаргуулах гэсэн юм гаргаад өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худаг гаргуулж залилсан болох нь шүүгдэгч С. Эын “ Асуулт: та Бахархал гэдэг хүнээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан хөлсөндөө Экспресс ХХК-аар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр Хадат гэх газар худаг гаргуулсан нь үнэн үү?  Хариулт: уг компаниар худаг гаргуулсан нь үнэн” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Ганбатын “... 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э гэдэг хүн манай компаний 91918578 дугаарын утсаар яриад манай менежер Г.Этай холбогдоод Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд байдаг ахынхаа хашаанд гүний худаг гаргуулах захиалга өгөх гэсэн юм гэж хэлсэн байсан. Тэгэхдээ өмнө нь би танайхаар Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлах амралтын газарт худаг гаргуулж байсан компаний ерөнхий менежер байна надад итгээрэй гэж хэлсэн байсан. Манай компани Жаргалантын аманд худаг гаргаж байсан болохоор итгэсэн тэгээд зааж өгсөн газарт нь хүрэлцэн очсон... Одоо манай байгууллагад 8 670 000 төгрөгний бодит хохирол учраад байна. Би энэ Э гэх хүнд Жаргалантын ам гэх газарт ямар нэгэн худаг гаргаж өгсөн зүйл байхгүй, энэ хүнийг огт танихгүй….Э гэх хүн манай байгууллагад ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байхгүй ” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бахархалын ....Мастер грийн” ХХК-ны захирал С.Э надаас хууль зүйн туслалцаа авсан бөгөөд төлбөрийн үлдэгдлийн оронд би худаг гаргуулах санал тавьсан юм. Э зөвшөөрөөд “Экспресс трейд” ХХК-тай холбож өгсөн... . Би “Экспресс трейд” ХХК- тай ямар нэгэн худаг гаргуулах гэрээ хийгээгүй болно...” гэх мэдүүлэг  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

С. Э нь   Экспресс трейд ХХК-аар худаг гаргуулахаар холбогдохдоо “ Би танай компаниар урьд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлээ ... Намайг 2019 оны 06 дугаар сард Цагдаагийн байгууллагаас дуудаад “Экпресс трейд” ХХК-тай төлбөр тооцооны асуудалтай байна гэж хэлэхэд нь л манай Жаргалантын амны худгийг Экспресс трейд ХХК-гаргаагүй Tи Эн Ди Tи  гэдэг компани гаргасан юм байна гэдгийг ойлгосон гэжээ. Шүүгдэгч С. Э нь Экспресс трейд ХХК –ыг   Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд  хашааны  гүний худаг гаргасанаас хойш  10 сар гаруй хугацаа өнгөрч байхад худгийн төлбөр тооцоогоо төлөөгүй, бусдыг хуурсан үйлдлээ компани андуурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай байна. Харин  С. Эын .... би танайхаар Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлах амралтын газарт худаг гаргуулж байсан компаны ерөнхий менежер байна надад итгээрэй.... гэж хохирогчийг хуурч,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Бахархал гэх хүнд хууль зүйн туслалцаа үзүүлснийх нь төлбөрт “Экспресс Трейд”  ХХК-аар худаг гаргуулан , улмаар мөнгийг нь төлөөгүй үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С. Эын үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжгүй,  хэлцлийн үндсэн дээр талуудын хооронд үүссэн маргаан хэмээн мэтгэлцэж байх ба дээрх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. С. Э болон Экспресс трейд ХХК-ны хооронд худаг гаргуулах талаар  гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, шүүгдэгчийн гэмт санаа зорилго нь иргэн Бахархалд төлөх ёстой төлбөрийг тооцуулахын тулд  Экспресс трейд ХХК-ыг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэн ашиглаж улмаар  8.670.000 / найман сая зургаан зуун далан мянган/ төгрөгний хохирол учруулан залилсан байна.  Экспресс трейд ХХК-ны гүйцэтгэх захирлаар Ш. Ганбатыг 2016 оны 05 сарын 11-ны өдөр томилсоныг бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ /  хх-ийн 105 дугаар хуудас /-  гээр тогтоогдож байх тул  тус хэрэгт Ш. Ганбатыг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцжээ.

Хохирогч Ш. Ганбат нь хэргийг мөрдөн байцаалтанд буцааж С. Эын зүгээс “Далд эрдэнэ мөнх ” ХХК-ыг хохироосон үйлдлийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу  шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч С.Эт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх  С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1000.000 / нэг сая /төгрөгөөр торгох ял оногдуулж  шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өсөх овогт Сарантуяагийн Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон  Залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /  нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5  /таван / сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

             5. Шүүгдэгч С.Э нь хохирогч Ш. Ганбатад 5000.000  / таван сая / төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болохыг  дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             7 .   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН