Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Б.Л, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008630052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1. Шүүгдэгч, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Б.Л

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 38-05 тоотод Э.Д зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     1.Шүүгдэгч Б.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би гэртээ унтах гэж орондоо орчихсон байсан тэгтэл намайг орноос үснээс зулгааж шалдан газар дээр буулгасан, тэр үед миний уур хүрч цохисон, Дүү Даваасүрэн гэрт орж ирсэн тэгээд зуух шал руу өшиглөж нулимаад байхаар нь би унт ахын дүү гэж хэлсэн. Тэгсэн намайг үснээс татаад чирч буулгасан би уурлаад хүүхэд хичээл хийдэг ширээгээр Даваасүрэнг цохиод эхнэрийг цагдаа дууд гэж хэлсэн юм.Даваасүрэнг авч явсан ийм зүйл болсон. Би хүүхдийн ширээгээр санаандгүй нүүрэнд нь цохисон өөрөөр би цохиогүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 25/

...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

   3. Хохирогч Э.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

........найзыгаа явуулаад эргэж Лхагвадорж ахын гэрт орж ирсэн тэгсэн надад Лхагвадорж ах уурлаж ширээний тавцангаар намайг миний уруул орчимд цохисон. Тэгтэл Лхагвадорж ахын эхнэр цагдаа дуудаж оёдол тавиулсан. Надад гомдож нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

4. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн:

              1. Э.Дийн биед доод уруулд шарх, зүүн бугалга, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

               2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-ийн 11/ болон хавтаст хэргийн 64 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Л нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 38-05 тоотод Э.Д зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Э.Дийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 34 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Лид нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг модон ширээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ширээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.                                                                                                                                                                                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Лийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Лид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Б.Л нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.           

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар жижиг ширээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ширээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭНГЭЛ