Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

2020         04           21                                   2020/ШЦТ/370      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг   

Шүүгдэгч: Т.Д-Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн овогт Төмөрхуягийн Д-Эд холбогдох эрүүгийн 2009010480522 дугаартай хялбаршуулсан хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1996 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кроун электрик ХХК-ийн цахилгаанчин, ам бүл ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 80 дугаар гудамжны 1132а тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Грийн лайк 7-22 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Цэцэн овогт Төмөрхуягийн Д-Э /РД:УШ96050298/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн  364 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Т.Д-Э нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд хохирогч М.Мөнхгэрэлтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүний зүүн нүд орчимд гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алиманд хуралт, зүүн дээд зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009010480522 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Т.Д-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…2020 оны 03 дугаар сарын 23 цагийн орчимд би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд Санчир, Энхтүвшин, Доржоо, бас нэг үл таних ах болох /Мөнхгэрэл/ нарын хамт орсон. Тэгээд тухайн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би Мөнхгэрэл гэх ахтай маргалдсан тэр үед Мөнхгэрэл ах над руу агсам тавиад дайраад байсан. Тэгэхээр нь би Мөнхгэрэл ахын нүүр хэсэгт нэг удаа цохисон. ...хөзөр тоглож байгаад ам мурийгаад маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

           Хохирогч М.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Санрайз” зочид буудалд өөрийн найз Доржоо, Төвшөө, дүү Д-Этэй хамт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи ууж байх үедээ бид 4 хөзөр тоглож байгаад ам мурийгаад хөзөрнөөс болж хэрүүл болсон. Тэгсэн Доржоо, Төвшөө 2 түр гарчхаад ирье гээд гараад явсан. Тэр үед би Д-Этэй маргалдаж байсан чинь Дөлгөөн- Эрдэнэ миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон тэгээд би буудлаас гараад гэр лүүгээ харьсан. ...Миний зүүн нүд хэсэгт хавдсан, зовхи язарсан байгаа. ...Намайг Д-Э цохих үед хажууд өөр хүн байгаагүй. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, Д-Э бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /4-5 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №3510 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. М.Мөнхгэрэлийн биед зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алиманд хуралт, зүүн дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Д-Э нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд хохирогч М.Мөнхгэрэлтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүний зүүн нүд орчимд гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алиманд хуралт, зүүн дээд зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мөнхгэрэлийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3510 дугаартай дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Дөлгөөн-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Дөлгөөн-Эрдэнийг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Дөлгөөн-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Т.Д-Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч М.Мөнхгэрэлийн  зүй бус үг хэллэг, бусад руу дайрч довтолсон идэвхитэй үйлдэл зэргээс шалтгаалсан байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх Т.Д-Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д-Э нь “Кроун Электрик” ХХК-д цахилгаанчин ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Мөнхгэрэл нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Т.Д-Этэй эвлэрсэн талаар хүсэлт /хх- 39 дүгээр хуудас/ гаргаж өгсөн,   шүүгдэгч Т.Д-Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цэцэн овогт Төмөрхуягийн Дөлгөөн-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг  шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Т.Д-Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН