Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 017

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б сумын 3 дугаар багийн оршин суугч Шеруши-Арыххул овогт Б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад  холбогдох, 

“Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2 сарын   цалин хөлсийг гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг сумын Засаг даргад даалгах ” тухай шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Б сумын Засаг дарга Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С миний бие Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоолоор нэр дэвшигдсэний дагуу Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” 64 тоот захирамжаар Б сумын санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байхад ажил олгогч Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” Б/77 тоот захирамж гаргаж үндэслэлгүйгээр буюу хууль бусаар өөр ажилд шилжүүллээ. Миний бие уг маргаан бүхий захиргааны актыг огт зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ажил олгогч миний хөдөлмөрлөх эрхийг маш ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, 

Маргаан бүхий актын 1 дэх заалтад заасан зөрчлүүдийн аль алиныг миний бие гаргаагүй. Энэ нь Үндэсний Аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 44БӨА-2017/06/ТА-ТТЗ тоот баримтаар нотлогдоно. 

Маргаан бүхий акт эрх зүйн баримт бичиг болохын хувьд хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Б сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайлбал, би төрийн захиргааны албан хаагч болохын хувьд миний эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах учиртай. Гэтэл ажил олгогч өөр харилцааг зохицуулсан хуулийг тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэл нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. 

Мөн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан албан тушаал бууруулах тухай заалтыг давхар үндэслэл болгожээ. Хуулийн уг заалтаас үзэхэд ажил олгогч намайг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал  эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж үзжээ. Ажил олгогч надтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнээгүй атлаа чухам яагаад албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал  эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж үзсэн нь ойлгомжгүй болсон. 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаас үзэхэд ажил олгогч надад сахилгын халах шийтгэл ногдуулсан эсэх эсхүл албан тушаал бууруулсан эсэх нь ойлгомжгүй, нэг үйлдэл нь нөгөө үйлдлээ үгүйсгэсэн утга агуулгын хувьд илэрхий алдаатай акт болсон байна. 

Түүнчлэн ажил олгогч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримталж намайг Б сумын санхүүгийн албаны даргын ажлаас сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн ажилд шилжүүлсэн байдаг. Хуулийн уг заалтаас үзэхэд 2 урьдчилсан нөхцөлтэй байна. Нэгд нь би өөрөө шилжин ажиллахыг хүсэж бичгээр өргөдөл гаргасан байх, хоёрт нь шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа талууд энэ талаар урьдчилан харилцан тохиролцсон байхаар хуульчилжээ. Миний бие ажил олгогчид хандаж Б сумын санхүүгийн албаны даргын ажлаас хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн ажилд шилжүүлэн ажиллуулж өгөх талаар ямар нэгэн хүсэлт огт гаргаж байгаагүй, тийм сонирхол ч байхгүй. Нөгөө талаас шилжүүлэгч тал болох хариуцагч шилжүүлэн авагч талын санал хүсэлтийг аваагүй байна. Иймээс ажил олгогч маргаан бүхий актыг гаргахдаа хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд урьд өмнө ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, аливаа хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Мөн сахилгын зөрчил хүлээж байгаагүй юм. Улсад 30 гаруй жил ажилласан бөгөөд тус албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн ерөнхий менежертэй жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, оны эцэст хийсэн ажлаа сайн үнэлгээгээр дүгнүүлдэг байсан. 2015 оны үр дүнгийн гэрээгээ сайн үнэлгээгээр дүгнүүлж аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/253 тоот захирамжийн дагуу үндсэн цалингаа 15 хувиар нэмэгдүүлж байсан. 

Хариуцагч Х нь 2016 оны 11 дүгээр сард тус сумын Засаг даргаар сонгогдсон байх бөгөөд 2017 оны 03 дугаар сард санхүүгийн зөрчилгүй ажлаа дүгнүүлсэн болохыг би тухайн үед Засаг даргад танилцуулсан. Тэгсэн мөртлөө ганцхан өдөр захирамж гаргаад намайг ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд байхгүй хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Миний бие Санхүүгийн албаны дарга бөгөөд байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувьд Төсвийн тухай хуульд заасан зарчмыг баримталж ажиллах ёстой, илүү орон тоо бий болгох шаардлагагүй жилийн эцэст өр гарна гэдгийг сумын Засаг даргад удаа дараа хэлсэн байхад бүтэц, орон тоонд байхгүй, төсөв нь батлагдаагүй орон тоонд намайг томилсон нь ойлгомжгүй байна. Тухайн үед Засаг даргаас тушаал гаргаж намайг тийм орон тоонд томилон ажиллуулаарай гэж Засаг даргын Тамгын газрын даргад даалгахад, Тамгын газрын дарга бүтэцэд байхгүй орон тоонд тушаал гаргаж хүн томилох боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Тийм учраас сумын Засаг дарга үндэслэлгүй захирамж гаргаж, миний эрх ашгийг зөрчсөн явдалд гомдолтой байна

Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 52 тоот хариу бичгээр шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. 

 Иймд, Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч С нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, 26 дугаар зүйлийн 26.1, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасныг зөрчиж Нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөөгүй, сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг үнэн зөв гаргаж хуулийн хугацаанд тайлагнах үүргийг зөрчсөн. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн гаргаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь аймгийн Аудитын газарт сар улирлаар гаргаж байсан тайлан мэдээгээр нотлогдсон байгаа юм. Үүнийг мэргэжлийн байгууллага болох аймгийн Аудитын газар зохих журмаар тогтоож, ажил олгогчийн хувьд санхүүгийн албаны дарга Сд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Аудитын газрын 127 тоот албан бичгээр уламжилсныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... гэж үзэн албан тушаалын чиг үүрэг, ажлын ачаалал зэргийг хөнгөрүүлж, өөрийн тэнцэх хэмжээний мэргэжлийн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон юм

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ...төрийн албанаас халах..., мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан ...сахилгын шийтгэл ногдуулж байгаа явдал биш юм. Тийм учраас С нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.  

С нь албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 127 тоот албан бичигт заасан зөрчил, мэргэжлийн байгууллага болох Аудитын газрын хийсэн үнэлгээ, дүгнэлтийг Засаг дарга миний бие үгүйсгэх, хүчингүй болгох эрх хэмжээгүй болно. Нэгэнт ажил олгогчийн санаачилгаар нэг албан тушаалаас өөр албан тушаалд албан тушаал бууруулах хэлбэрээр шилжүүлж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримталсан болно.

С нь Б сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байгаагийн хувьд сумын бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, санхүүгийн нэгтгэсэн мэдээ, тайлан, нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн хуулийн биелэлтийг бүхэлдээ хариуцаж, ажиллах чиг үүрэг, ажлын байрны зорилго, зорилттой билээ. Гэтэл Б сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдалууд байнгын оршсоор байгааг Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын удаа дараагийн танилцуулгаар нотлогдсон байгаа болно. Үүний нотлогоо болгон Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг нотлох баримтаар өгч байна. 

Эдгээр Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга бол Санхүүгийн албаны дарга Сын ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлж байгааг нотлож байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т зааснаар албан тушаал бууруулах нөхцөл шалтгаан болсон юм. 

Нэхэмжлэгч С нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч тухайн үед цалин хөлсөө авч байсан зөвхөн 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг аваагүй байгаа. Гэхдээ нэхэмжлэгч С нь одоо хүртэл ажилдаа ирээгүй, ажиллаж байгаа нөхцөлд цалин хөлсөө авах ёстой. Миний хувьд нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, цалин хөлсийг олгоогүй байвал албан бичгээр надад мэдэгдэх ёстой байсан. 2017 онд бүтэн ажилласан боловч одоо хүртэл үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, ажил дээр очоогүй байгаа юм.

Харин 2017 оны 12 дугаар сарын цалин хөлсийг бид гаргаж өгнө, 2018 оны 01 дүгээр сард энэ хүн огт ажил хийгээгүй, ажилд ирээгүй учраас шүүхээс гарсан шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын цалин хөлсийн асуудлыг нь шийдвэрлэх болно. Нэхэмжлэгч С нь Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг биелүүлээгүй, миний заасан ажлыг хийгээгүй, Санхүүгийн албаны даргын тамга, тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, энэ хугацаанд их хэмжээний хохирол, өр, төлбөрүүд гарч байгаа юм. 

Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсний дараа ч гэсэн өөрөө бидэнд ирж, 2017 онд би ийм ажил хийсэн гэдгийг танилцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох талаар хүсэлт гаргах ёстой байсан боловч одоо хүртэл ажлаа дүгнүүлээгүй, тэгсэн мөртлөө өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сыг хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчид томилсон шийдвэрийг нэхэмжлэгч биелүүлээгүй болно. Миний захирамжийг нэхэмжлэгч биелүүлэхгүй байж болно, гэхдээ би түүний цалин хөлсөөр хохироогүй байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 

Нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө дэмжиж байгааг хэлье. Хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот захирамжаар миний үйлчлүүлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Уг захирамжийн 2 дугаар заалтад Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тус сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор шилжүүлсэн байх бөгөөд ингэхдээ хэд хэдэн хуулийн заалтыг хариуцагч Б/77 тоот захирамжид баримталжээ. Гэхдээ  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. 

Үүнд, нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд эхлэн захиргааны акт гаргах үндэслэл, журмын талаар зохицуулсан бөгөөд хариуцагч дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа юм. Захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг татан оролцуулж, түүнд эрх, үүргийг тайлбарлан өгч, ямар арга хэмжээ авах, ямар шийдвэр гаргах гэж байгааг танилцуулж, энэ талаар тэмдэглэл хөтлөх ёстой.

 Дээрээс нь эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн тайлбарыг авах, тайлбар гаргах бололцоо олгох ёстой. Мөн, захиргааны байгууллага бусдын эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа тухайн этгээдийн гаргасан зөрчлийг тогтоосон байхыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө дээрх ажиллагааг хийгээгүй байгаа. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага нь захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа зөвхөн аймгийн Аудитын газрын 2017 оны 127 тоот албан тоотыг үндэслэл болгож байна.

 Гэтэл хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа зөвхөн аудитын байгууллагын актаар хязгаарлагдахгүй нэхэмжлэгч зохих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, дотоод аудитын байгууллагаас түүний гаргасан зөрчлийг мөн тогтоож акт тавьсан, энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот захирамжийг гаргахаас өмнө тухайн захирамжийг гаргах болсон бодит нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Гэвч хариуцагчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн тогтоосон акт болон шалгалтын танилцуулгууд энэ хэрэгт хамааралгүй болно. Яагаад гэвэл ажил олгогч тухайн үед дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын материалаас үзэхэд 2014, 2015, 2016 оны санхүүгийн баримтуудыг шалгасан байна. 

Харин Санхүүгийн хяналт, аудитын албанаас явуулсан үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй, энэ талаар мэдээлэлгүй байсан ба сүүлд хавтаст хэрэгтэй танилцсан үед олж мэдсэн. Мөн, нэхэмжлэгч 2015, 2016 оны үр дүнгийн гэрээг “А” үнэлгээгээр дүгнүүлсэн ба үүнтэй холбогдуулан зэрэг, дэвийн нэмэгдэл авсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар хуульчилсан. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо ямар байдлаар биелүүлээгүй болохыг хариуцагч шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тогтоох ёстой байсан. Хариуцагч тухайн үед маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно ...” гэдгийг зөрчсөн байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн эрхийн талаарх зохицуулалт байгаа. 

Нэхэмжлэгч төсвийн шууд захирагч биш Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна. Хариуцагч захирамж гаргахаас өмнө бодит байдлыг тогтоосон байхыг хуулиар шаардсан боловч дээрх зөрчлийг тогтоогоогүй учраас өнөөдөр ийм маргаан гарч байгаа. 

Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх боловч энэ зүйл, заалт нь Санхүүгийн албаны даргын чиг үүрэгт огт хамааралгүй ба санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй холбоотой заалт гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Дээрээс 127 тоот албан бичигт Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасныг баримталсан байх ба энэ нь мөн адил Санхүүгийн албаны даргын чиг үүрэгт хамааралгүй заалт байна. Хэдийгээр аудитын байгууллагаас 127 тоот албан бичиг ирсэн ч гэсэн захиргааны байгууллага буюу хариуцагч шийдвэр гаргахдаа холбогдох хууль, журмыг нарийн судлах шаардлагатай байсан. Аймгийн Аудитын газраас ирүүлсэн 2017 оны 127 тоот албан бичгийн хамгийн сүүлчийн заалтад Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Сд зохих хариуцлага тооцож, албан бичгийн хариуг 2017 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл ирүүлэхийг мэдэгдье гэжээ. Арга хэмжээ тооцох гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл эсхүл 26 дугаар зүйлд зааснаар зохих арга хэмжээ авсан байхыг ойлгож байна. 

Гэхдээ хариуцагч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг заасныг баримтлан нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С нь Санхүүгийн албаны даргын хувьд төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг. 

Төрийн жинхэнэ албан тушаалтны албан тушаалыг бууруулахдаа төрийн үйлчилгээний албан тушаалд бууруулан томилох хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан тушаалтан болох хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна. Дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэн томилсон тохиолдолд нэхэмжлэгчтэй тохирсон байх ёстой, мөн ажлын зайлшгүй шаардлага бий болсон, шилжүүлэн авч буй байгууллагын зөвшөөрөл бас байх ёстой. 

Гэхдээ нэхэмжлэгчийг шилжүүлэн авагч байгууллага болох тус сумын Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тухайн байгууллагаас төсөв, санхүү хүрэхгүй манайд ийм орон тоо байхгүй гэж татгалзсан байхад хүчээр шилжүүлсэн асуудал нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төсвийн шууд захирагч нь эрх хэмжээний хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтааж ажилтныг томилж, чөлөөлөх эрхтэй. Харин орон тоо, бүтэц нь батлагдаагүй, цалин хөлс нь байхгүй байхад төсвийн ерөнхийлөн захирагч нь хүчээр тулгаж, төсвийн шууд захирагчийн эрх хэмжээнд халдсан асуудал байгаа. 

Мөн, маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталсан байх ба энэ талаар өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан байдаг. Гэвч хариуцагчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтыг захирамжид баримталсан үндэслэлийг нотолж чадаагүй байгаа. Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталж, аймгийн Аудитын газрын 127 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Сд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэхдээ хариуцагч өнөөдрийн шүүх хуралдаанд би нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулаагүй, ажлаас нь халаагүй гэж өөрийн гаргасан шийдвэрээ өөрөө үгүйсгэж байгаагаас гадна татгалзлын үндэслэлээ мөн адил нотолж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч К.Зулкашын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлүүдээр хангагдах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч С нь Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, төсвийн гүйцэтгэлийн тайланг “e-тайлан” программд бичиж оруулаагүй, сум хөгжүүлэх сангийн төсвийн гүйцэтгэлийг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан нь зөрчилтэй болохыг аудитын байгууллагаас тогтоож, Сд арга хэмжээ тооцуулахаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 127 тоот албан тоот явуулсан. Үүний дагуу Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот захирамжийг гаргасан гэж ойлгох нь зүйтэй байна. Тухайн үед Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан С нь аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 127 тоот албан тоотод дурдсан зөрчлийг гаргасныг өөрөө шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тухайн үед нийтлэг зөрчил гарсан гэсэн тайлбар өгсөн. Мөн, нэхэмжлэгч нь Б сумын Засаг дарга Б/77 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч буруу баримталсан нь нотлогдон тогтоогдсон, үүнийг өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөсөн. 

Гэхдээ гол асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалыг бууруулах буюу төрийн албанаас түр чөлөөлөх заалтыг баримталсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь, Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот захирамжид олон төрлийн хуулийн заалтыг баримталсан боловч Сын тухайн албан тушаалаас нь бууруулаад нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Харин ажил олгогч захирамжид хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр тухайн эрхийн актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч С нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус сумын Засаг даргын 64 тоот захирамжийн дагуу томилогдсон, түүнээс хойш буюу 2015, 2016 онуудад эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дүнгээр Б сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа нь зөрчилтэй гарсан нь хавтаст хэрэгт авагдсан хяналт шалгалтын танилцуулга, хүчин төгөлдөр болсон улсын байцаагчийн актуудаар нотлогдон тогтоогдож байна. Нэхэмжлэгч хэдийгээр дээрх зөрчлүүд надад хамааралгүй, тухайн байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн буруу гэж тайлбарлаж байгаа боловч Төсвийн тухай хуульд заасан ерөнхий нягтлан бодогчийн чиг үүрэг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 тоот тогтоолоор батлагдсан журмын 1 дэх хэсэгт заасан Санхүүгийн албаны даргын чиг үүргийг хэрэгжүүлээгүй байгаа явдал нь нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээ тайлан гаргах, санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчилд хяналт тавьж засуулах үүргээ хэрэгжүүлж чадаагүй байсан үйл явдал нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримтууд болон аймгийн Аудитын газрын 2017 оны 127 тоот албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна. С нь зөрчил гаргасан холбогдох нягтлан бодогчид хариуцлага тооцоогүй, надад хариуцлага тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч аудитын байгууллагын 127 тоот албан бичигт Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Сд хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг даалгасан байгаа. Үүнтэй холбогдуулан Б сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 тоот захирамжаар нэхэмжлэгчид арга хэмжээ тооцсон байгаа. Нөгөө талаар төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанаас гарсан зөрчлийг арилгах чиг үүрэг нь хууль тогтоомжид зааснаар Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчид хамаарч байгааг дурдах нь зүйтэй. Хэрэв Сыг албан тушаал бууруулж өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нөхцөлд шилжүүлж буй байгууллага болон шилжүүлж байгаа албан тушаалтны зөвшөөрлийг авах ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөндөж байна.  

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан заалтыг захирамжийн 2 дахь хэсэгт баримталсан боловч үүнийг хууль ёсоор баримтлаагүй гэдгийг хариуцагч өөрөө зөвшөөрсөн. Харин албан тушаал бууруулсан тохиолдолд тухайн албан тушаалтны зөвшөөрлийг авсан байхыг хуулиар шаардаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг захирамжид баримталсан байх ба энэ тохиолдолд нөгөө талын зөвшөөрлийг авах шаардлагагүй. Сд албан тушаалаас нь бууруулах талаар түүнд мэдэгдээгүй, тайлбарыг авч сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчсөн гэх боловч аймгийн Аудитын газрын 2017 оны 127 тоот албан бичиг ирсэн үед сумын Засаг даргаас Сд арга хэмжээ авах талаар мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгч С нь энэ асуудлаар Аудитын албаны дарга н.Хуанган, аудитор н.Женисбек нарт хандаж байсныг өөрөө шүүх хуралдаанд хэлсэн учраас Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа зохих түвшинд явагдсан гэж ойлгож байна. 

Нөгөөтэйгүүр, С нь эрх бүхий байгууллагаас тогтоосон зөрчлийг би хариуцах ёсгүй гэх боловч түүний өөрийн гарын үсэг зурсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор энэ асуудлыг хариуцан ажиллах үүрэгтэй болох нь тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Харин нэхэмжлэгч Сын зөрчилд холбогдуулан ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар албан тушаал бууруулах замаар хариуцлага тооцсон байгаа. Мөн, нэхэмжлэгч энэхүү албан тушаалд шилжин томилогдсоноор цалин хөлсөөр хохироогүй, нэхэмжлэгч өөрөө заасан ажлыг хийгээгүй, цагийн бүртгэлд бүртгэгдээгүй, ажил, хөдөлмөр эрхлээгүй учраас цалин хөлсний маргааныг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэх болно гэдгийг хариуцагч өөрөө шүүх хуралдааны явцад тайлбарласан тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Сын ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С нь анх  Б сумын Засаг даргад холбогдуулан “Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны   цалин хөлсийг гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  “ажилгүй байсан хугацааны   цалин хөлсийг гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг сумын Засаг даргад даалгах” шаардлагаасаа татгалзсан /хэргийн 77 дах тал/ боловч шүүх хуралдааны явцад ажилгүй байсан 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас  гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг сумын Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа дахин ихэсгэсэн.  

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Б сумын Засаг Засаг дарга нь сумын Засаг даргын  Тамгын газрын санхүүгийн албаны дарга  бөгөөд ерөнхий нягтлан бодогч Сыг 2017 оны 06 дугаар 12-ны өдрийн Б/77 дугаар захирамжийн /хэргийн 6 дах тал/ нэг дэх хэсгээр сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хоёр дах хэсгээр түүнийг сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тогтоожээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, аймгийн Аудитын газрын 2017 оны 127 дугаар албан тоотыг тус тус үндэслэн  гаргасан байх  ба мөн энэхүү захиргааны актын захирамжлах хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.3.2, 6.4.1, 8 дугаар зүйлийн 8.9.2, 16 дугаар зүйлийн 16.5.7, 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.2, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1,  Засгийн газрын 326 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээрт заасан чиг үүргийн 1.1.1., 1.1.2, 1.1.3 1.1.5, Сангийн яамны сайдын 341 дүгээр тушаалаар баталсан үнэлж, дүгнэх журам зэрэг хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өөр албан тушаалд шилжүүлжээ.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдааны явцад энэхүү маргаан бүхий захиргааны актад баримталсан холбогдох хуулиудын зүйл заалт бүрийн  үндэслэлийг тайлбарлаж чадаагүй боловч  уг актын хууль зүйн  үндэслэлийг   “ ... Санхүүгийн албаны дарга Сд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Аудитын газрын 127 тоот албан бичгээр уламжилсныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... гэж үзэн албан тушаалын чиг үүрэг, ажлын ачаалал зэргийг хөнгөрүүлж, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу  өөрт нь тэнцэх хэмжээний мэргэжлийн нягтлан бодогчийн  албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан ...”  гэж тайлбарласан тул шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дах хэсэгт зааснаар захиргааны актын хууль зүйн үндэслэлд  өгсөн хариуцагчийн  тайлбарын хүрээнд   дүгнэлт хийсэн болно.

Маргаан бүхий захиргааны актын гол  үндэслэл болсон аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар албан бичгээр /хэргийн 61 дэх тал/  Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга Сд “сумын орон нутгийг хөгжүүлэх сангийн аудитлагдсан санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын e-тайлан цахим программд шивж оруулаагүй, сум хөгжүүлэх сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан нэгтгэлд ирүүлээгүй, харьяа төсөвт байгууллагуудын e-тайланд шивсэн санхүүгийн  тайланг хянаж баталгаажуулаагүй” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох тухай   саналыг хүргүүлжээ.

Аймгийн аудитын газраас аймгийн  бүх  13 сумын орон нутгийн хөгжүүлэх сан, сумын санхүүгийн албаны төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж шалгахад бүх сумын санхүүгийн албаны дарга нар нь  сум хөгжүүлэх сангийн төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн ирүүлээгүй, Засгийн газрын e-тайлангийн цахим программд шивсэн санхүүгийн тайланг хянаж баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчлийг гаргасан, энэхүү зөрчил нь  нэхэмжлэгч Сыг  төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хүртлэх хариуцлага тооцох хэмжээний зөрчил биш болох нь хэрэгт авагдсан гэрч аймгийн Аудитын газрын дарга М.Хуанганы тайлбараар /хэргийн 76 дах тал/ нотлогдож байна. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С нь дээрх  зөрчил гаргаснаа  хүлээн зөвшөөрсөн боловч  хариуцагчаас энэхүү зөрчилд нь  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасан  “... албан тушаал /ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх  үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалыг захиргааны санаачилгаар бууруулж,  төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь хууль бус байна. 

Хуулийн дээрх заалт нь  төрийн жинхэнэ албаны тухайн ангилал дотор буюу төрийн захиргааны албаны ангилал дотор албан тушаал бууруулах асуудлыг зохицуулсан заалт бөгөөд хариуцагч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоосон  нь хуулийн дээрх заалтад нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хэр хэмжээ, шинж байдалд  эрх бүхий албан тушаалтнаас ногдуулсан  хариуцлага нь  тохироогүй   гэж үзлээ. 

Тодруулбал, сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд, сумын цэцэрлэгийн  нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд тус тус хамаардаг болох нь ажлын байрны тодорхойлолт болон Засгийн газрын 2007 оны  354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтын 8 дах хэсгийн 2-дах заалтаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн албан тушаал бууруулсан үйлдэл нь Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Мөн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон нэг үндэслэлээ   “... С нь санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг эрхэлж байгаагийн  хувьд сумын бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, санхүүгийн нэгтгэсэн мэдээ, тайлан, Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хуулийн биелэлтийг бүхэлд хариуцаж ажиллагаагүйгээс сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдалууд гарсаар байна... ” гэж тайлбарлан маргаж, шүүхэд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас сумын Эрүүл мэндийн төв,  бүрэн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн, мөн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  хяналт шалгалтын танилцуулгыг  /хэргийн 32-51, 124-128 дэх тал/, мөн санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/07, 18-02-08, 18-02-09, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар  акт зэргийг /хэргийн 121-123, 129-130 дах тал/  тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт, шалгалт хийсэн танилцуулга болон улсын байцаагчийн төлбөр тогтоосон актуудад сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Сын  буруутай үйл ажиллагааны улмаас  холбогдох хууль, журам зөрчигдсөн эсэх нь  тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг  таамгаар буруутгаж  шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдэл нь  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “... Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтооно...” гэснийг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсан гэх атлаа маргаан бүхий захиргааны актын 2 дах хэсгээр нэхэмжлэгчийг сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн томилсон нь  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ. 

Хуулийн 22 дугаар зүйлийн  22.1. дэх хэсэгт “... Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно...” гэж заасан, хуулийн энэхүү  заалтын урьдчилсан нөхцөл нь  сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан ажилд зайлшгүй ажиллуулах шаардлага үүссэн байх (1), төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх (2)-ыг тус тус шаардаж байгаа ба уг албан тушаалд нэхэмжлэгчийг зайлшгүй ажиллуулах шаардлага гарсан эсэх нь тогтоогдоогүй байхад, мөн   нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байхад ийнхүү түүнийг шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолын 1 дэх заалтаар сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулахаар тогтоожээ.

Дээрх  тогтоолын хавсралтаар баталсан “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив”-ын 2.1-т “ Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь дараах төсвийн байгууллагууд болон орон нутгийн хөгжлийн сан, тусгай сангууд, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 2 нягтлан бодогчтой байна. Үүнд: ... -Цэцэрлэг 2 хүртэл; ...” гэж заасан, үүнээс үзэхэд сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаал нь сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад хамаарах бөгөөд түүнийг хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна.  

Гэтэл сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг сумын хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг тухайн албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд үл хамаарах асуудлаар  гаргасан шийдвэр гэж үзэхээр байна. 

Захиргааны албан тушаалтан буюу хариуцагч нь дээрх байдлаар холбогдох хуулиудыг зөрчсөн ба шийдвэр гаргах  үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...хууль дээдлэх...” тухай төрийн албаны үндсэн зарчмыг баримтлаагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах эрхийг зөрчсөн  гэж дүгнэлээ.

Иймээс Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Сыг Б сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын  цалинг хэрэгт  авагдсан нийгмийн даатгалын НДД № А013198 дугаар дэвтрийг /хэргийн 136 дугаар тал/ үндэслэн тооцож, 1,759,378  /нэг сая долоон зуун тавин есөн мянга гурван зуун далан найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5- заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2,  40 дүгээр зүйлийн 40.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Сыг Б сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын  цалинтай тэнцэх хэмжээний  олговор нийт 1,759,378  /нэг сая долоон зуун тавин есөн  мянга гурван зуун далан найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША