Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Шүүгдэгч Э.*******

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Э.*******ад холбогдох .... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Э.******* нь 2017 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн ... тоотод Ж.Аюурзанын бие эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Олон улсын гэрээ конвенци, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон шүүгдэгч болон хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, гэрч, өмгөөлөгч авах эрх, гэрчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээр нь хангах, яллагдагч Э.*******аас мэдүүлэг авахдаа /ХХ-ийн 21-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.2 дугаар зүйлд заасан гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох, 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, 7.6 дугаар зүйлд заасан өмгөөлөгчтэй харилцах, 7.7 дугаар зүйлд заасан гомдол хүсэлт гаргах эрхүүдийг, 7.4, 7.5 дугаар зүйлд заасан зарим эрхүүдийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авч түүний эрхийг ноцтой зөрчсөн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болно...гэж заасан бөгөөд энэ талаарх хүсэлтийг яллагдагч бичгээр гаргаагүй л бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд яллагдагчаас өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй, өмгөөлөгч авах эрхийг нь түүнд тайлбарлаж өгөөгүйн улмаас яллагдагч өөрийгөө өмгөөлж болон өмгөөлөгч оролцуулах эрхээ эдэлж чадаагүй.

          Э.*******аас гэрчийн мэдүүлэг авахдаа /ХХ-ийн 10-р хуудас/ “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэх, өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авах талаар тайлбарлаж, мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэх” талаар мөрдөгч асууж тодруулаагүй, энэ эрхээ эдлэх боломжийг асуултаараа олгоогүй нь мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн шинжийг агуулж Үндсэн хуулийн болон Олон улсын гэрээ, конвенцийн заалтуудыг зөрчсөн байна.

          Иргэн Ж.*******ас мэдүүлэг авахдаа энэ хэргийн оролцогч биш хохирогч П.******* гэгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, хохирогч Ж.******* гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд хохирогчийн эрх хангагдсан эсэх нь эргэлзээтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2-т мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авах заалтыг зөрчиж Ж.*******ас гэрчийн мэдүүлэг авахдаа мэдүүлгийн өрөөнд бус албаны 112 тоот өрөөнд түүнээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална гэснийг зөрчсөн.

         Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 9-р сарын 2-ны өдрийн мөрдөгчийн саналд “яллагдагчаар татах Э.******* хаана байгаа нь тодорхой” байх тул /ХХ-ийн 3-р хуудас/ гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байхад, прокурор саналд зааснаас өөр үндэслэлээр буюу “Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ гэсэн заалттай нийцэхгүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдсан эсэргүүцэлдээ: “...Э.******* нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгч, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлсэн болох нь хохирогч Ж.*******, гэрч Ө.*******, М.*******, Д.*******, Ц.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог.

          Шүүхийн санаачлагаар зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Э.******* оролцсон. Ингэж оролцохдоо яллагдагч нь шүүгчээс асууж тодруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлуудын талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй.

         Шүүх яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн эсэхэд эргэлзээ төрвөл шүүхийн хэлэлцүүлгийн урьдчилсан шатанд энэ талаар тодруулах боломжтой байхад хэргийг буцаасан нь учир дутагдалтай байна.

         Мөн Э.******* яллагдагчаар байцаалт өгөхдөө өмгөөлөгч авахгүйгээр байцаалт өгөх тухайгаа илэрхийлсний үндсэн дээр мэдүүлэг өгсөн байдаг.

          Хохирогч Ж.Аюурзаныг хохирогчоор тогтоосон тогтоол үйлдэж, хохирогчоос мэдүүлэг авсан. Ж.******* нь хохирогчоор тогтоосон тогтоол, байцаалтыг уншиж танилцан эрх үүргээ танилцаж ойлгосон, ярьсан зүйл үнэн зөв тэмдэглэгдсэн байгааг баталгаажуулж гарын үсгээ зурсан байна. Гэтэл шүүх хохирогчоор тогтоох тогтоолын арын хэсэгт П.******* гэж бичигдсэн мөрдөгчийн техникийн шинжтэй алдааг үндэслэн хохирогч Ж.*******д хууль тайлбарлаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

          Шүүх “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 9-р сарын 2-ны өдрийн мөрдөгчийн саналд "яллагдагчаар татах Э.******* хаана байгаа нь тодорхой" байх тул гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байхад, прокурор саналд зааснаас өөр үндэслэлээр буюу "Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх" үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ гэсэн заалттай нийцэхгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан прокурорын бүрэн эрхэд халдсан дүгнэлтийг хийсэн байна.

          Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутанд явуулахаар товлож, хийсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж 2017 оны 10 дугаар сарын 02-ны 196 дугаартай гарсан байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж нь cap, өдөр цаг хугацааны зөрүүтэй байгаа нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасныг ноцтой зөрчсөн байна.

          Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байна.  Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Э.*******ад холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.       

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: Илтгэгч шүүгч эсэргүүцлийг тодорхой дурдсан учраас нэмэлт хэдэн зүйлийг тайлбарлая гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй гэж заасан бөгөөд Э.*******аас гэрчийн мэдүүлэг авахад дээрх хуулийн заалтыг тайлбарлаж сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан. Э.******* нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгч, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлсэн болох нь хохирогч Ж.*******, гэрч Ө.*******, М.*******, Д.*******, Ц.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Шүүхийн санаачлагаар зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Э.******* оролцсон. Ингэж оролцохдоо яллагдагч нь шүүгчээс заалт нэг бүрчлэн асууж тодруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлуудын талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй. Шүүх заасан эрх үүргээ танилцаж ойлгосон эсэх, түүний эрх зөрчигдсөн эсэхийг шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой. Шүүх Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 9-р сарын 2-ны өдрийн мөрдөгчийн саналд яллагдагчаар татах Э.******* хаана байгаа нь тодорхой байх тул гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байхад прокурор саналд зааснаас өөр үндэслэлээр буюу Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ гэсэн заалттай нийцэхгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан прокурорын бүрэн эрхэд халдсан дүгнэлт хийсэн байна. Прокурор шийдвэрээ гаргахдаа мөрдөгчийн саналаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн эсэх, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой эсэх зэргийг хянасны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлддэг. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутанд явуулахаар товлож, хийсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж 2017 оны 10 дугаар сарын 02-ны 196 дугаартай гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж нь cap, өдөр цаг хугацааны зөрүүтэй байгаа нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасныг ноцтой зөрчсөн байна. Тус прокурорын газраас Улсын ерөнхий прокуророос баталсан журмын дагуу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1/309 тоот албан бичгээр Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн өрөө болон, насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө 2-т зөвшөөрөл өгсөн байдаг. Э.*******, Ж.******* болон бусад гэрч нараас байцаалт авахдаа уулзалт мэдүүлгийн зөвшөөрөлтэй өрөөнд байцаалт авсан. Энэ хэргийн холбогдогч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг байцаалт авахдаа эрхийг нь зөрчсөн талаар санал гомдол гаргаагүй. Шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутанд урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай гарч, тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрч, прокурорын эсэргүүцэл бичигдэж байх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарч танилцуулагдсан. Нэгэнт тухайн хэрэгт прокуророос эсэргүүцэл бичигдэж байх үед хугацаа алдаж гаргасан тэмдэглэлд гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг эсэргүүцэлд дурдаж бичсэн. Гэтэл шүүх прокурорын эсэргүүцлээс алдаагаа олж харан, эсэргүүцэл бичигдсэнээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээ, шүүхийн мэдэлд очсон байхад тэмдэглэлд засвар оруулсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд прокурорын яллах дүгнэлт, шүүхийн тогтоол, магадлалыг засах тухай ойлголт нь “үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засах боломжтой байдлаар зохицуулагдсан байна. Гэтэл шүүх хуралдаан явуулсан он, cap, өдөр зөрүүтэй, дуу дүрсний бичлэгээсээ өөр цаг хугацаанд хийсэн мэтээр гарсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байгаа тул анхан шатны шүүх өөрөө засах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчээс гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон, хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй гэж үзлээ.

Учир нь: 1. Анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай /дараа нь зөвтгөн засвар оруулсан гэх, хх-47/ шүүх хуралдааны тэмдэглэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж дуусган прокурорт танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна гэсэн хуулийн хугацааг баримтлан хугацаандаа гаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулалгүй хугацаа хэтрүүлжээ.

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэрүүцлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хүлээн авснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр /хх-58/ “шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийн он, сар, өдөр зөрүүтэй бичигдсэн” гэж давж заалдах шатын шүүхээр хянуулахаар гаргасан эсэргүүцлийн нэг үндэслэлд хамаарах асуудлыг шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн он, сар, өдөр, дугаар зөрчснийг техникийн алдаа гэж үзэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгаригийн хүсэлтээр хэлэлцэж хэвлэмэл хуудасны толгой хэсэгт бичигдсэн огноо, дугаарыг өөрчилсөн тухай шүүгчийн захирамж ирсэн байна. /хх-47, 58 хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 4-т шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэцүүлгийн тэмдэглэл хөтлөхөд энэ зүйл нэгэн адил хамаарна гэж заажээ.

Шүүх хуралдааны үйл явцыг хөтөлсөн тэмдэглэлийн эхлэл болон төгсгөл хэсэгт шүүх хуралдааны эхэлсэн, дууссан хугацааг тусгаагүй өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хэдэн оны хэд дүгээр сарын хэдний өдөр эхлэн явуулж хэдэн оны хэд дүгээр сарын хэдний өдөр шүүх хуралдаан дууссан болон шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгаагүй тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т заасан “шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг...нэг бүрчлэн тусгана” гэсэн шаардлагын дагуу хөтлөгдөөгүй гэж үзнэ.

 Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.4-т зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчдод хуульд заасан хугацаанд танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэргийн материалд хавсаргах чиг үүрэгтэй болохыг тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд өөрийнхөө бичиж гаргасан шүүх хуралдааны бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгасан шүүх хуралдааны тэмдэглэлтэйгээ өөрөө танилцаж шийдвэрийг баталгаажуулсны дараа засвар оруулж байх чиг үүргийг хуулиар шүүх хуралдааны нарийн бичгийн даргад олгоогүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг зөвтгүүлэх тухай шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хүсэлтийг хүлээн авч “шүүх хуралдааны тэмдэглэлийн сар, өдөр, дугаарыг зөвтгөн засвар оруулах тухай” 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаартай гарсан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Давж заалдах шатны шүүх Э.*******ад холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн гэх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай тэмдэглэл нь хэргийг прокурорт буцаах тухай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийн сар, өдөр, дугаартай зөрүүтэй гарсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй гэж үзсэн учраас прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болон шүүгчийн захирамжийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.*******ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.*******ад хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                             Х.ГЭРЭЛМАА