Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0456

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.С-ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 66 дугаар зүйлийн 66.1.4, 68 дугаар зүйлийн 68.3, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын гаргасан “Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан гишүүн Б.И нарт сахилгын арга хэмжээ авахуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... Би төрийн албаны зөвлөлд 11 удаа хандсан. Тухай бүрт нь миний хүсэлт саналыг дэмжиж байгаа агуулгатай албан бичиг өгдөг боловч Татварын ерөнхий газар тэр бичгийг зүгээр цагаан цаас гэж үзэж огт тоодоггүй. Би энэ байгууллагад сонгон шалгаруулалтын дүнг албажуулж өгөх, Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг байгуулах, Татварын ерөнхий газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар ажиллаж байгаа Д.Бадам, Д.Батжаргал нарын тухайн албан тушаалаас чөлөөлүүлэх, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах зэрэг асуудлаар 11 удаа гомдол гаргасан.

Энэ байгууллагын зүгээс “Төрийн албаны тухай хууль” болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг хууль, журмын дагуу миний гомдлыг маргаан үүсгэн шалгаж зөвлөгөө хуралдуулан тогтоол,  шийдвэр гаргуулах албан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хариуцлагагүй хандаж намайг бүтэн 3 жил гаруй чирэгдүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан хүмүүст хариуцлаг тооцуулах зэрэг шаардлага бүхий гомдлыг 11 удаа гаргасан.

Өмнө нь 2017 оны 08 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны эс үйлдэхүйн мөр дээр хохирч асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байна гэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд Шүүх Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татаж шахалт үзүүлсний дагуу 2019 оны 08 дугаар сард Төрийн албаны зөвлөл Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг байгуулах шийдвэр гаргаж өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан хүмүүст сахилгын шийтгэл ногдуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч харамсалтай нь миний нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ. Тэгэхдээ төрийн албаны зөвлөлөөс миний гомдолд хариу өгч байгаа албан бичгүүд хууль ёсны нотлох баримт гэж дүгнэж ийм шийдвэ гаргасанд нь гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой гэдэг заалт байдаг болохоор би энэ байгууллагаар явсан юм.

Шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэх явцдаа үндэслэлгүй шалтгаанаар олон удаа буцааж, хувийн сонирхолтой хандаад байгаа Х.Нямдэлгэрийг 3 удаа татгалзахад хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгох ямар ч тодорхой шалгуур шаардлагагүйгээр хариуцагчийг солих, хэргийг тусгаарлах зэрэг шударга бус хандлага гаргаж байсан. Энэ бүхнээс дүгнэлт хийгээд Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан иргэн хүн шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй юм байна гэдгийг ойлгож шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Шударга ёс хуулийн хүрээнд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Тэр цагаас хойш буюу 2020  оны 05 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандах хүртэл нийт 11 удаа Төрийн албаны зөвлөлд гомдол, хүсэлт, мэдээлэл бичсэн байна. Төрийн албаны зөвлөл хууль , тогтоомжид заасны дагуу маргаан үүсгэж шалгаж шийдвэрлэлгүй удаа дараа албан тоот бичгээр хариу ирүүлээд байгааг нь хууль бус гэж үзэж уг ажлыг хариуцсан Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И, Ажлын албаны дарга Б.Санжрагчаа, ажилтлан Р.Ж нарт сахилгын шийтгэл ногдуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан юм.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэх явцдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа хийсэн байна. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөдр Г.С шүүхэд 4 үндсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой тусгаарлах үндэслэлгүй нэг мөр хянан шийдвэрлэж байж шударга зөв шийдвэр гаргах ёстой байсныг тус шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ гэрч гэнэт гарч ирээд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг тусгаарлах захирамж гаргачихаад дахин үзэгдээгүй. Үүний улмаас хэрэг шийдвэрлэсэн шүүгч нотлох баримтыг бүрэн шинжлэн судлах боломж нь хумигдаж өрөөсгөл хандсан гэж үзх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Татварын ерөнхий газарт холбогдох тусгаарлагдсан хэргийн материал болон 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 688 дугаар шийдвэртэй хэргүүдээс шаардлагатай баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах, Төрийн албаны зөвлөлөөс зарим баримтуудыг шаардан гаргуулах, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Санжрагчааг хариуцагчаар татах зэрэг хүсэлтүүдийг албан ёсоор тавьсан боловч шүүх анхааран үзэж тодорхой арга хэмжээ аваагүй юм. Энэ бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.32 дугара зүйлийн 1, 60 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын утга учрыг ойлгохгүй, холбогдох хууль, тогтоомжуудыг бүрэн судлалгүйгээр зөвхөн оролцогчдын тайлбарыг түүвэрлэж бичсэн шийдвэр болсон байна. Тухайлбал 6-10 дугаар хуудас хүртэлх зайнд буй өмгөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн үг болгон бичсэн байна. Шүүхийн шийдвэр уг нь үйл баримтыг дүгнэж, хууль тогтоомжийн зохицуулалттай харьцуулан тайлбар мэдүүлгүүдийн үнэ зөвийг тогтоох эсхүл үгүйсгэж няцаах зэргээр ойлгомжтой байх ёстой. Энэ үүднээс шүүхийн шийдвэрийг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан тодорхой зүйл заалтаар зохицуулагдах маргаануудыг Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр, хуульчилсны зэрэгцээ Г.С-ын нэхэмжлэлийн шаардлага эдгээр заалтуудад хамааралтай байхад маргаан үүсгэх боломжгүй гэж шүүх үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэгжүүлсэн асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27, 45, 46, 47,,48, 61.1.11 дэх заалтууд нь Төрийн албаны сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал маргааныг шийдвэрлэх зохицуулалт юм. Тэгэхээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу маргаан үүсгүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хандсан боловч түүнийг нь шийдвэрлэж өгөхгүй Г.С-ыг чирэгдүүлж 11 удаа гомдол гаргаж залхтал явуулсан буруутай албан тушаалтнуудад нь хариуцлага тооцуулах тухай гомдол гаргасан байгаа. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл заавал маргаан үүсгэж шийдвэрлэх ёстой байсан.

Г.С Төрийн албаны зөвлөл болон Татварын ерөнхий газар, Захиргааны хэргийн анхан шатны шүүх зэрэг байгууллагуудын хооронд 4 жил явсны дотор бараг 3 жил гаруй хугацаанд нь Төрийн албаны зөвлөлийн босгыг илээсэн байна. Хэрэв хууль номоо барьж ажилладагсан бол 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 болон 2017 онд батлагдаж 2019 оноос мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 30.2, 30.3 дахь заалт, Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоол, мөн Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолуудаар баталгдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн маргаан хянан шийдвэрлэх журмуудын дагуу энэ гомдлыг хянан шийдвэрлэх ёстой байна.

Төрийн албаны зөвлөлөөс Татварын ерөнхий газарт ирүүлж байсан албан бичгүүдэд лав ямар ч ач холбогдол өгч байгаагүй нь хэргийн баримтуудаас харагдана. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 75 дугаа зүйл болон Төрийн жинэхэн албан хаагчийн маргаан хянан шийдвэрлэх журмын 10-14 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтын хүрээнд маргаан үүсгэж шийдээд тогтоол дүгнэлт гаргаж өгсөн бол Г.С энэ олон жил хохирч элдэв зарга маргаан гаргалгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх заалтын хүрээнд шууд шүүхэд хандаад маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Г.С 2017  оны 08 дугаар сад анх Төрийн албаны зөвлөлд хандсан. Шүүхийн эхний шийдвэр 2008 оны 11 дүгээр сард гарсан байдаг. Энэ хооронд 1 жил 3 сар гаруй хугацаа өнгөрсөн ч Төрийн албаны зөвлөл яагаад шийдвэрлээгүй юм бэ? Түүнд сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдууллаа гэсэн гомдлыг 2 дугаар сард гаргасан байхад ямар ч ажиллагаа хийлгүй дарж байгаад 2 сарын дараагаар шийдэх боломжгүй гэж хариу өгч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 болон Төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмуудтай зөрчилдөж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн бол төрийн захиргааны адилтгах албан тушаалтны ангилал, зэрэглэлд батгаж ТӨА-6 бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 12.1.1-д заасан Захиргааны албан хаагчид хамруулсан учир мөн хуулийн 4.2-т зааснаар Төрийн албаны тухай хууль үйлчлэх учиртай. Төрийн албаны тухай хуулийн 66.1.4-т зааснаар Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөц аудит хийнэ гэж хуулиар тогтоосон чиг үүрэгтэй. Энэ хууль мөрдөгдөөд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Төрийн албаны тухай хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхэд дүрэм журам баталж үйл ажиллагаа явуулна гэсэн зохицуулалт байхгүй.

Төрийн албаны зөвлөлөөс албан тоот бичгээр өгсөн хариуг албан ёсны шийдвэр гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх тогтолцоо үйлчлэхгүй. Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалтууд ч байх хэрэггүй болж цаашид иргэн хүн энэ байгууллагаар эрх ашгаа хамгаалуулах шаардлагагүй болно.

Захиргааны хэргийн шүүгчид нотлох баримтыг үнэлж дүгнэх чадваргүйг батлах жишээ Г.С-ын нэхэмжлэлтэй тусгаарлаж шийдсэн 2 хэргийн шийдвэрээс тод харагдаж байна. Г.С-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан маргааныг хэлэлцэхдээ зөвхөн албан тушаалтны гарын үсэг бүхий тоот бичгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэж Г.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ бол хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласны цаад зорилго, шүүгч нарын чавдар мэдлэг хуулиар тохуурхаж байдлыг харуулсан тод жишээ байна” гэв.  

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Г.С-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ биелүүлээгүй Төрийн албаны зөвлөлийн ажилтан Р.Ж, Э.Э болон Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах ажил хариуцсан гишүүн Б.И нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэг, 48 дугаар зүйл болон “Төрийн албан хаагчийн гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авахуулах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлд даалгах” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “... Төрийн албаны зөвлөлд 11 удаа гомдол гаргасан боловч нэр бүхий албан хаагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.С-аас Төрийн албан зөвлөлийн даргад хандан 2019 оны 04 дүгээр сарын 22, 2019 оны 05 дугаар сарын 16, 2019 оны 10 дугаар сарын 10, 2020 оны 01 дүгээр сарын 06, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд, Төрийн албаны зөвлөлд 2019 оны 11 дүгээр сарын 20, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус гомдол, тайлбар, мэдээлэл зэргийг гаргажээ.  

Төрийн албаны зөвлөлөөс дээрх гомдол, тайлбар, мэдээлэлд холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 621, 622, 623, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/527,  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/1137 дугаар албан бичгүүдээр хариу өгч байсан байна.  

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хариуцлага тооцуулахаар маргаж буй Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын мэргэжилтэн Р.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус албан тушаалд томилогдсон, Э.Э нь Маргаан хянан шалгах газрын ахлах референтийн албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс түр чөлөөлөгдсөн, Б.И нь Төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүнээр Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор томилогдсон үйл баримтууд хэрэгт авагдсан байна. 

Дээрх нөхцөл байдлаа дүгнэвэл, гуравдагч этгээд нар нь хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгчийн гомдолд хариу өгч байсан нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн болон гуравдагч этгээд нарын хариу тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нарыг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдсэн, энэ талаарх баримтыг зөв дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч талын “... Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг хангаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”,  68 дугаар зүйлийн 68.3-т “Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болно” гэж заасан.

Гуравдагч этгээд Б.И нь Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Улсын Их Хурлын тогтоолын дагуу томилогдсон нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр сахилгын арга хэмжээ авахуулахыг даалгах үндэслэл, ийм эрх хэмжээ Төрийн албаны зөвлөлд хуулиар олгогдоогүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.

Төрийн албан зөвлөлийн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1-д “Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.1.4-д “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц” гэж тус тус заасан.

            Э.Э нь докторын сургалтад суралцах шалгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн нь дээрх журмын дагуу албан хаагчийн нөөцөд орж байгаа тул Төрийн албаны зөвлөлөөс түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч тал “... хэргийг үндэслэлгүй тусгаарласан, нотлох баримт гаргуулах, хариуцагч татах хүсэлт гаргасан боловч шүүх анхааран үзээгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл, шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэгт хангалттай цуглуулсан, мөн анхан шатны шүүх хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь “... нотлох баримтыг шинжлэн судлах боломж нь хумигдаж, өрөөсгөл хандсан” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хангалттай нотлох баримтууд цугларсан, шүүхээс баримтуудыг зөв үнэлсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.  

Нэхэмжлэгч тал “Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48, 61.1.11 дэх заалтууд нь Төрийн албаны сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэлтэй холбоотой, Төрийн албаны зөвлөл маргаан үүсгэн шийдвэрлэх ёстой байсан” гэж давж заалдах гомдол гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааныг тусгайлан зааж өгсөн, төрийн албаны зөвлөлөөс Г.С-ын гомдлын дагуу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлд хандан  албан бичгүүд хүргүүлж байсайн байна.

Дээрхээс үзвэл, Г.С нь төрийн албаны сонгон шалгаруулалтай холбоотойгоор гомдлын үндэслэлээ дурдаж байх боловч энэ талаар нэгэнт шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, Төрийн албаны зөвлөлөөс уг шийдвэрийг биелүүлэн ажиллахыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан тул энэхүү үндэслэлээр маргаан үүсгэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР