Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин / 250 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,  Н.А

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан иргэн Д.******* эзэмшлийн Самсунг А-10 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...22 цагийн үед машинаа хашаандаа байрлуулах үед миний машины арын суудлын түшүүргийн завсар хавчуулагдсан хар өнгийн самсунг А-10 гэдэг утас байсан унтарсан байдалтай байсан. тэрийг аваад гэртээ оруулаад маргааш өглөө нь асааж үзсэн чинь нууц кодтой ашиглах боломжгүй байсан. тэгээд би тэр утсыг гэртээ далд хийчихсэн байж байгаад нэг сар гарын дараа фейсбүүк дээр утас солино гэсэн зарын дагуу нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг залуутай холбогдоод самсунг эс 7 маркийн гар утсаар солих уу гэхээр нь би сольё гээд сольчихсон....” гэх мэдүүлэг/хх-ийн 58-60/

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний ач охин М.******* бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг орчмын үед хүргэн Х.******* очихоор соната 6 маркийн таксинд суугаад явсан тэгээд Х.*******ын гадаа буугаад ач охин маань гэрт нь ороод гар утас алга байна гэсэн тэгээд хоёр удаа залгаж үзэхэд холбогдож байсан гурав дахь удаа залгаж үзэхэд шууд холбогдох боломжгүй болчихлоо гэж охин хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гар утсаа бүрэн бүтнээр нь эрүүлэн авсан. тиймээс одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-42/

            4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..... Би анх фэйсбүүкийн Баянхонгор нэгдсэн зарын группэд өөрийнхөө самсунг эс 7 маркийн гар утсаа зарна гэж мэдээ тавьсан юм. Тэгтэл миний тавьсан зарын доор нь самсунг А50 маркийн гар утсыг солино гээд бичсэн байхаар нь би тухайн хүнтэй холбогдсон чинь тэрээ Баянхонгор аймгийн ******* суманд байна гэхээр нь очиж гар утсаа сольсон юм. Тэгээд би 2020 оны 2 дугаар сарын эхээр надтай гар утас сольсон. Аюуш гэх залууд болсон зүйлийн талаар хэлээд өөрийнхөө самсунг эс 7 маркийн гар утсыг буцааж хүлээж авсан. одоо надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

5. Энх-Нахиа ХХК-н 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн:

6. Самсунги А-10 маркийн гар утас 379.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан эд зүйлийг хүлээн авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 74 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан иргэн Д.******* эзэмшлийн Самсунг А-10 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.*******, гэрч Б.Төрбат нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-н 376 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Н.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүх шүүгдэгч Н.Аийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Н.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.А нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н.Аийг гээгдэл, эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Н.Аийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Н.Аийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгч Н.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭНГЭЛ