Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

2020         4          28                                   2020/ШЦТ/399       

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: А.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанхуягийн Гт холбогдох эрүүгийн 2009006300390 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1984 оны 12 сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Усны 15 дугаар гудамжны 5 байр 40 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Боржигон овогт Алтанхуягийн Г /РД: НЮ84120879/,

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 4 сарын 07-ны өдрийн 331 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 464 тоотод оршин суух иргэн С.Баярхүүгийн гэрээс 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ С.Баярхүү нь манай ээжийн төрсөн дүү юм. Эгчийн гэрээс 9 ширхэг мөнгөн аяга хулгайлж нууцаар авсан нь үнэн. Эгчид дараа нь буцаагаад төлчихөж болно гэж бодсон тухайн үед би хямдхан машин аваад таксинд явж мөнгөтэй болоё гэж бодсон. Ганцаараа пабад орж пиво ууж байгаад мөнгөө алга болгосон”  гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Хохирогч С.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Гийг дүү нараа харж байгаарай гээд 12 настай Мөнхзул, зээ охин 6 настай Анунгоо нартай үлдээсэн. Тэгээд нөхөр Хишигбаяр, эгч Баясгалан нартай ажил хөөцөлдөөд гадуур явж байх үед манай охин Мөнхзул уйлсан байдалтай залгаад ээж Г ах хамаг мөнгөн аяга аваад явчихажээ гэсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад намайг урд гэр рүү орсон хойгуур Анунгоотой тоглож байгаад авдар дээр байсан мөнгөн аяганууд аваад явсан байсан. Г миний төрсөн эгчийн хүүхэд. Их гарын аяга 2 ширхэг, дунд гарын аяга 2 ширхэг, жижиг 2 ширхэг, мөргөлийн 3 ширхэг аяга байсан. Гоос 1.000.000 төгрөг, мөнгөн аяганы мөнгөн бэлдэцийг хүлээн авсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 9-13,  дугаар хуудас/,     

Иргэний нэхэмжлэгч Г.Чинзоригийн: “...намайг ажил дээрээ сууж байхад туранхай өндөр залуу орж ирээд ломбарданд миний 9 ширхэг мөнгөн аяга байгаа, үхүүлэхгүйгээр зөрүү мөнгө авчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь би авъяа гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах ломбард орж 680.000 төгрөгийг өгч авсан. Тэгээд манай ажил дээр ирээд би мөнгөн аягыг хийцээр нь авахгүй мөнгийг нь хуулж аваад материалаар авна гэхэд тэр залуу тэгье тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд мөнгөн аягануудын мөнгийг нь хуулаад үзэхэд 315 грам метал гарсан. Би тэр залууд үнэндээ хүрэхгүй байна гэхэд уурлаад заавал зөрүү мөнгө авна гэсэн. Би 20000 төгрөг өгий гэхэд 50000 нэхсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр очьё гэхэд 20000 аваад буусан. Маргааш нь цагдаатай цуг ажил дээр орж ирсэн. Би хулгайн мөнгөн аяганууд гэдгийг мэдээгүй. Надад манай гэрийнх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Чимэдцэеэгийн: “...2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр А.Г гэх үйлчлүүлэгч ганцаараа орж ирээд их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарынх 1 ширхэг, бага гарын аяга 3 ширхэг, хундага 2 ширхэгийг нийт 9 мөнгөн эдлэлийг 680.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн иргэн нь 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй барьцаалсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэг залуутай орж ирээд 682.270 төгрөгийг төлж 9 ширхэг мөнгөн аягыг авсан. Нөгөө эрэгтэй нь Гт энэ аягануудын мөнгийг нь хуулаад грамлаад үзэхэд нээх зөрүү мөнгө гарахгүй, гарвал 50000-60000 төгрөг гарах байх тэрийг манай ажил дээр очиж ярия гээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний баримтын хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-34-36 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно. 

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 464 тоотод оршин суух иргэн С.Баярхүүгийн гэрээс 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Баярхүүгийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчид хохирол төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч Г.Чинзориг, гэрч Ч.Чимэдцэеэ нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Гийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул А.Гийн Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогчоос “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг бичгээр /хх-ийн 80/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч А.Гт 460 /дөрвөн зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэн А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 1.240.000 /нэг сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН