| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/084 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.*******, түүний өмгөөлөгч Ө.*******,
Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорин ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан, М.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь бусдын асран хамгаалалтад байдаг өөрийн төрсөн хүү болох Б.******* тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл авч бусдад 19.775.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Б.******* тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл авсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сард тэтгэмжийг шилжүүлж Г.******* өөр дээрээ авсан...Би урд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ андуурч мэдүүлсэн байна хүү ******* дээр хадгаламж нээгээгүй уг тэтгэмжийг ордог байсан төрийн банкны данснаас мөнгийг нь хуримтлуулдаг байсан тэрнээс бол хүү ******* нэр дээр ямар нэгэн хадгаламжийн данс болон бусад данс нээж мөнгө хуримтлуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн хадгаламжийн дэвтэр байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-67/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: 1996 онд ******* ээжтэй анх танилцсан. Түүнээс хойш 2 жилийн дараанаас эхнэрийн маань бие муудаж эмчилгээ хийлгэж явж байгаад 2001 онд уушгины хагалгаанд орж эмчийн хяналтад байх шаардлагатай болоод Улаанбаатар хотод амьдрах болсон. Тэгээд 2003 оны 7 дугаар сарын 17-нд хүү Амарсайхан төрсөн. Эхнэр маань 2005 оны 7 дугаар сарын 17-нд Эрдэнэт хотод өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш хүү Амарсайхантай хамт өөрийн ээжийнд амьдарч байгаад 2005 оны 10 сард *******ийн асрамжид өгсөн. Учир нь миний биеийн байдал муу байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад 2008 оны 1 сард бамбайны хагалгаанд орсон. Хагалгаа хийлгээд миний биеийн байдал дээрдээд *******ээс хүүхдээ асуутал Эрдэнэт хотын хүүхдийн асрамжийн газар өгсөн гэсэн. Тэгэхээр нь 2009 оны 9 сард хүү *******г өөр дээрээ авсан. Тухайн үед гэх хүнтэй танилцсан байсан. Тэгээд Баянхонгор аймагт ирж амьдарсан. 2010 оны 9 сард хүүхдээ “” хотхонд аваачиж өгсөн. Учир нь тухайн үед миний биеийн байдал муудаад хөдөлмөр хийх чадваргүй болсон байсан. *******т өгье гэсэн боловч өмнө нь миний хүүхдийг айлд өргүүлсэн гэж сонссон болохоор итгээгүй. Тэгээд хотхоныг судалж үзээд бусад асрамжийн газраас хамаагүй дээр санагдсан болохоор нь хүүхдээ өгчхөөд би эмчилгээ хийлгэж эхэлсэн. 2013 онд би өөрөө уушгины сүрьеэтэй болсноо мэдээд хүүхдэдээ энэ өвчнөө халдаагаад яах вэ гэж бодоод хүүхдээ асрамжид өгсөн. 2013 оны 11 сард би уушги тайруулах хагалгаанд орсон. Миний бие их муу байнга эмчилгээ хийлгэх болсон. 2010 оны 10 сараас ******* тэжээгчээ алдсаны тэтгэмж миний данс руу ордог болсон. Түүнээс өмнө ******* авч байсан юм байна лээ. Тухайн мөнгийг би өөртөө хадгалахыг нь хадгалж байгаад *******г насанд хүрэхээр нь өгнө гэж бодож байсан боловч биеийн байдал муу болохоор мөнгөнөөс нь авч хэрэглэж байсан. “” хотхонд хүүхдээ өгөхөд ойр ойрхон ирээд байж болохгүй гэж хэлсэн учраас жилд 1 удаа очиж эргэдэг байсан. Хүү маань 13-14 нас хүрээд дансаар мөнгө авдаг, “” хотхоны жижүүрийн утсаар байнга ярьдаг болсон. Уушгины хагалгаанд орсноос хойш мужааны ажлаа хийж чадахаа больсон. Одоо хамтран амьдарч байгаа эхнэр даа өдий хүртэл намайг авч явж байгаад их баярлаж явдаг. Хүүтэйгээ очиж уулзах болгонд гоё сайхан байна гэдэг байсан боловч *******ийг очиж уулзсанаас хойш зан ааш нь хувираад тэндээсээ оргож зугтаагаад байдаг болсон. 2019 оны намар ******* над руу яриад *******г “” хотхоноос авчихлаа надад асран хамгаалагч нь гэсэн бичиг хийж өг гэхээр нь *******ийн хэлснээр бичиг хийж өгсөн гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай эгч Ц.******* намайг аймагт хүүхдийн хотхон гэдэг газраас ирж авсан, бага байх үеэс хүүхдийн халамжийн мөнгө авч байгаагүй. Тэгээд манай эгч Ц.******* хүүхдийн хотхоноос асуусан чинь манай төрсөн аав Б. миний хүүхдийн халамжийн мөнгийг авдаг байсан...би хүүхдийн асрамжийн төвд 9 жил амьдарсан...2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хойд ээж нь хүүхдийн хотхонд хүлээлгэж өгч байсан...төрсөн аав М.Б нь тэжээгчээ алдсаны мөнгө гэж надад өгдөггүй байсан. Надад мөнгөний хэрэг гараад хааяа хааяа утсаар ярихаар 5000-15000 хэрэглээний мөнгө өгч байсан, надад тэр болгон мөнгө өгөөд байдаггүй.,.2019 оны 10 дугаар сард би Баянхонгор аймагт байдаг аав дээр очиход аав надад тэжээгчээ алдсаны мөнгө гэж улсаас орж ирдэг, би чамайг “” хүүхдийн асрамжийн төвөөс гарахаар чинь өгнө гэж бодож байсан юм...би хадгаламж нээчихсэн гэж хэлж байсан. мөн зарим мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж хэлсэн...би өөрийн төрсөн аав М.Бгаас тэжээгчээ алдсаны тэтгэмж нийт 19.775.400 төгрөгийг нэхэмжилж байна гэхдээ надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/
4. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...дүү Амарсайхан нь 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл аймгийн “” хүүхдийн хотхонд байсан тэр үеэр нь төрсөн аав нь болох нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч ашигласан юм байна лээ би сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/
5. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.******* мэдүүлэхдээ: Би ******* төрсөн эгч нь байгаа юм. Миний ээж нь 2005 оны 7 дугаар сарын 04-нд нас барсан. Түүнээс хойш би , Амарсайхан гэх 2 дүүгийн хамт нагац эгч *******ийн асрамжид байдаг байсан. Гэтэл М.Б 2009 оны 3 сард өөрийн хүү *******г авна гээд ******* эгчээс авч явчхаад 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн асрамжийн газарт өгсөн байсан. Тухайн үед Амарсайхан 7 настай байсан: Тухайн үед гэх хүн ******* үеэл эгч нь гээд гэрээнд гарын үсэг зурсан байсан. Яг үнэндээ тэр хүн тэгж өгөх ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Тэгсэн мөртлөө Гэр бүлийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар ******* тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр авдаг байсан. М.Б нь 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр асрамжийн газарт *******г хүлээлгэж өгөөд өөрт ямар ч хамааралгүй болсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мөртлөө өнөөдрийг хүртэл тухайн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авч байсан. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд өөрийнхөө төрсөн хүүхдээ өсгөх үүргээ ухамсарлахгүй байгаад нь гомдолтой байна гэв.
6. Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...М.Б 2009 оны 03 дугаар сард хүүхдээ өөрийнхөө асран хамгаалалтад авахаар ирээд надаас аваад явсан. 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М.Бгийн хамтран амьдрагч Цэрэндэжид овогтой нь аймагт байрлах Монголын “” хүүхдийн хотхоны Үндэсний Нийгэмлэгтэй “хүүхэд хүлээн авах гэрээ” байгуулж Б.*******г 7 настай байхад нь хүүхдийн хотхонд шилжүүлж өгсөн...гэрээний ерөнхий зүйлд Ц. нь өөрийгөө Б.******* үеэл эгч гэж бичээд гэрээг байгуулсан байна...2.2-т “” хүүхдийг албан ёсоор хүлээн авснаас хойш өргөдөл гаргагч нь хүүхэдтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурахгүй, хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд хүүхэдтэй холбоотой бүхий л асуудал хотхонд хамааралтай болохыг хүлээн зөвшөөрнө мөн гэрээний 2.4-т хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст шилжүүлнэ, 4-т хэрэв хүүхдэд санхүүгийн мөнгөн дэмжлэг тэжээгчээ алдсаны тэтгэмж олгогддог бол хүүхдийн нэр дээр данс нээж хадгалах ба уг хөрөнгийг хүүхэд насанд хүрэхэд олгоно...2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.*******г асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлж өгөөд өөрт нь хамааралгүй болсноо хүлээн зөвшөөрч тэтгэмжийн мөнгө болох 25.140.000 төгрөгийг авч өөртөө захиран зарцуулж хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээг авсан байна...25.140.000 төгрөгийг уг тэтгэмжийн мөнгийг банканд зохих ёсоор хадгалуулсан бол банкны хадгаламжийн хүүг банкаар тооцуулж гаргаад нэмж хохирлыг тооцож барагдуулж, гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 39-40/
7. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.******* мэдүүлэхдээ: Өмнө шүүхээр ороод М.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн боловч би өөр дээрээ хүүхдээ авна гэхэд нь өгсөн. Хүүхдээ өөрөө ирж аваагүй. Дүү нь ирж авсан, Амарсайхан 2019 оны 6 сараас хойш намайг аваач гэдэг байдлаар гуйсан гэсэн. Над руу ярихаар нь аав руу ярь гэхэд аав намайг авахгүй гэсэн гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаас хойш М.Б Амарсайхантай ярьсан байсан. Ярихдаа би чиний мөнгийг 2 жилийн дотор төлчихнө гэсэн. Сүүлд яриад наашаа хүрээд ир ******* эгчдээ битгий хэлээрэй гэсэн талаараа надад хэлсэн Би сурагчдын амралтаар нь аавтайгаа очиж уулз гээд явуулсан. М.Бд ч энэ талаар хэлсэн. Амарсайхан очиж уулзаад ирэхдээ намайг нэг эгч тосож авсан. Тухайн үед М.Б байгаагүй. Намайг буцах өдрийн орой аав ирээд өглөө нь автобусанд суулгаж өгсөн. Би аавтай таарахгүй юм байна лээ. Нэг охинтой юм байна лээ гэж хэлсэн, Надтай хамт ажилладаг сувилагч хүүхэн хүнтэй суугаад хүүхэд гаргахгүй байна. *******г өргүүлчих гээд надаас гуйхаар нь би М.Бгийн эгч ярьсан. Тэгсэн чинь чи асран хамгаалагч нь юм чинь өөрөө мэд гэсэн. Тэгээд удалгүй жил ус нь таарахгүй байна гэхээр нь буцааж авсан 2005 оны 8 сараас Амарсайхан, *******, нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь авч байсан. Тэгээд 2009 онд М.Б хүүхдээ авна гэхээр нь тэтгэмжийн дэвтрийг нь хамт өгсөн. Хүмүүжлийн доголдолтой гэж асрамжийн газарт өгснийг мэдээд их гомдож байгаа талаараа надад хэлсэн. Тэгээд аавтайгаа ярьсан бичлэгээ над руу явуулсан. Энэ нь дүүгээ авах шалтгаан болсон гэв.
8. Шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
...миний бие өвдөж сүрьеэтэй болсноо мэдээд эмчилгээ хийлгүүлж хагалгаанд орохоор болж эхнэр тай хүү Б.*******г яах талаар ярилцаж асрамжийн газарт биш аймагт байх “” хүүхдийн хотхонд өгөхөөр тохиролцож хүүхдийн хотхонд бид 2 өргөдөл гаргаж 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү *******г өгсөн, тэгээд хагалгаанд орж байнгын эмчилгээнд байдаг болсон бөгөөд тэрнээс хойш миний данс руу тэжээгчээ алдсаны тэтгэмж нь одоо хүртэл орж ирдэг бөгөөд сарын 70.200-270.000 төгрөг байнгын миний данс руу орж ирдэг бөгөөд уг мөнгийг өөрийн эмчилгээнд зарцуулсан, зарим мөнгийг хүүхдийнхээ нэр дээр хадгалж байгаа бөгөөд хүүхдийн хадгаламжид 3.000.000 гаруй төгрөг байгаа...******* над руу яриад би хүүхдийг чинь авлаа түр зуурын асран хамгаалагчийн бичиг нотариатаар баталгаажуулж явуул гэсний дагуу би явуулсан, тухайн үед *******т хүү Амарсайхан нь хүүхдийн хотхонд байх сонирхолгүй болсон чи хүүг авч бай би эмчилгээгээ дуусгаад явъя гэж хэлсэн...тэжээгчээ алдсаны мөнгийг нь хурааж хүүхдэд зарцуулах гэж байсан тэгтэл сүрьеэтэй болж уушгины хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тухайн мөнгийг өөрийн эмчилгээнд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 44-45/
9. Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...нөхрийн данс руу сар болгон ордог болсон тухайн үед 6-7 сар манайд байсан бөгөөд тухайн үедээ бид 2 өөрийн гэр орон байхгүй ээжийн гэрт амьдардаг байсан... өөрөө хүнд өвчтэй ажил хийх чадваргүй байсан учир бид 2 ярьж судалж үзтэл хагас өнчин, бүтэн өнчин харж хандах хүнгүй хүүхдийг авдаг гэхээр нь хүүхдийн хотхонд би өөрийгөө гийн ах дүү мэтээр өргөдөл гаргаж хүү *******г 2010 оны 09 дүгээр сард “” хүүхдийн хотхонд өгсөн...хагас өнчин, бүтэн өнчин хүүхдийг авдаг гэхээр нь би өөрийгөө хойд ээж нь гэж хэлбэл авахгүй байж магадгүй гэж бодоод өргөдөл болон гэрээн дээр ******* аавынх нь хамаатан, үеэл эгч нь гэж худлаа бичсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-49/
...М.Бгийн тэжээгчээ алдсаны мөнгийг би авч хэрэглэдэггүй би өөрийн ажил орлоготой учир М.Б нь уг тэтгэврийн мөнгийг өөрөө зарцуулсан надад ямар нэгэн хамаа байхгүй...” гэсэн дахин мэдүүлэг, /хх-ийн 52/
10. Гэрч Ч. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... аймагт байрлах “” хүүхдийн хотхон нь 2009 оноос хойш өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Би нийгмийн ажилтан хийдэг. Хагас буюу бүтэн өнчин, хууль ёсны эрх нь зөрчигдсөн болон тэжээгчээ алдсан 0-10 хүртэлх насны хүүхдүүдийг авдаг юм. Тухайн хүүхдийг яг хэзээ ирснийг нь сайн мэдэхгүй байна. Намайг уг ажлын байран дээрээ анх ирэхэд ирсэн байсан хүүхэд байгаа юм. Тэгээд би тухайн хүүхдийг 2017 оноос яг хариуцаж эхлээд 2019 оны 08 дугаар сараас тухайн Амарсайхан гэх хүүхэд ар гэртээ эргэн нэгдсэн байгаа юм. Гэхдээ сая 2019 оны 08 дугаар сард *******г ирж авсан нагац эгч нь Ганаа гэх хүн би анх энэ хүүхдийг авчирч өгч байсан гэж хэлж байсан. Хүүхдэд ирэх төрөөс олгогддог тэтгэмж санхүүгийн талын асуудлыг би сайн мэдэхгүй. Байгууллагаас тухайн асрамжид байгаа хүүхдийн дансанд хуримтлалыг үүсгэж байгаад асрамжаас бие даан гарах үед нь өөрт нь захиран зарцуулах эрхийг нь өгдөг юм. Тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна. ******* аав гэх хүн нь ******* хуримтлал үүсгэх дансанд нь тэтгэмжийг нь оруулах хууль эрх зүйн байдлыг нь хангаагүй л гэж би ойлгосон. Санхүүгийн талын асуудлыг би яг сайн мэдэхгүй учир хэрэв шаардлагатай бол холбогдох санхүүгийн талын хүнийг нь уулзуулж болно....гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
11. Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....М.******* нь ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймагт амьдардаг юм. М.Б нь зан байдлын хувьд төлөв төвшин зантай ямар нэгэн гаж буруу ааш араншин байхгүй. Архи тамхи хэрэглээд байдаггүй амьдрахын төлөө зүтгэж явж байгаа гэхдээ биеийн байдал тааруу байдаг. Хагалгаанд их орсон хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/
12. Гэрч Г.Чимгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....М.Б нь ам бүл 5 уулаа эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймагт хувиараа ажил хийж амьдардаг юм. М.Б нь зан байдлын хувьд төлөв томоотой, тохитой ноён нуруутай ааш авирын хувьд элдэв зан ааш араншин байхгүй. Архи тамхи хэрэглэдэггүй, эрүүл мэндийн талаар бие муутай 2 дахиж хагалгаанд орж байсан байнгын эмчилгээ хийлгүүлж байдаг хүн байгаа юм. Ажил төрөл гарын ур дүү сайтай, гэр бүл хань ижилдээ сайн хүн байгаа юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
13. Гэрч Ц.Ганганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...М.Б нь 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар дуустал тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч захиран зарцуулах ёсгүй байсан, иргэн М.Б нь 2010 оны 09 дүгээр сард Амарсайхан гэх хүүхдийн асрамжийн байгууллагад өгөөд зохих ёсны байгууллагад мэдэгдэж тэтгэврээ зогсоолгох байсан байна энэ хууль зөрчиж тэтгэврийн мөнгийг хууль бусаар авсан гэж үзэж байна...Тэжээгч нь нас барсан буюу эцэг эхийн хэн нэг нас барсан бол 19 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно гэж байдаг учир тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэдэг юм...М.Бгийн хууль бус тэтгэвэр авч байсныг манай байгууллагад мэдээгүй 2019 оны 12 дугаар сард Орхон аймгийн ******* гэх хүнээс өргөдөл болон бусад бичиг баримт ирүүлсний дагуу энэ талаар, мэдээд тэтгэврийг зогсоож Орхон аймаг руу хувийн хэргийг шилжүүлсэн одоо М.Б нь уг тэтгэврийн аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57-58/ болон хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан хүүхэд хүлээн авах гэрээний хуулбар, хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар, өргөдөл, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан М.*******гийн өргөдөл, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан харгалзан дэмжигч тогтоох тухай Баян-Өндөр сумын засаг даргын захирамж, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан төрийн өмчит үйлдвэрийн газар хүүхдийн асрамжийн энэрэл төвийн тодорхойлолт, 106-107 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 115-116 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгч хохирол нэмж нэхэмжилсэн 3 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн биеийн эрүүл мэнд, хүүхэдтэйгээ уулзаж байсан талаар гэрэл зураг зэрэг 53 хуудас нотлох баримтыг тус тус гаргаж өгснийг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б нь 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөрийн төрсөн хүү болох Б.******* тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө 19.775.400 төгрөгийг хувьдаа завшихдаа өөрийн хүү Б.*******г 2010 онд аймаг дахь “” хүүхдийн асрамжийн төвд асруулахаар өгсөн бодит байдлыг нууж хүүхдийн тэтгэмжийн мөнгийг завшсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан бага насны хохирогч хохирогч Б.Амарсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч Б.******* гэрч Ц.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Б, Ц., Ч.Нямдаваа, Ц.Ганганчимэг, тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Бг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Б нь хуурамч бичиг баримт эд зүйл ашиглаагүй, “” хүүхдийн байгууллагатай гэрээ байгуулахдаа гарын үсэг зураагүй, Б.******* төрсөн эцэг нь тул тэтгэмжийн авах эрхтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Бгийн эхнэр Ц.г хамтран оролцогчоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Харин шүүгдэгч М.Б нь мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрч байна гэхдээ гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байгаа талаар илэрхийлсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын дүгнэлт хүсэлтийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь бага насны хохирогч Б.******* төрсөн эцэг нь мөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож түүний тэжээгчээ алдсаны мөнгийг авах эрхтэй мөн боловч Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 2-д заасан “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” гэсэн журамт үүрэг, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн 2-д заасан “Эцэг....буюу хүүхдийн төлөө хариуцлага хүлээж байгаа ...хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.1-д заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх”, мөн хуулийн 10.1.5-д заасан “хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах” гэсэн эцгийн үүргүүдийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэлгүй Б.Амарсайхан нь насанд хүрсний дараа өөртөө хэрэглэх ёстой эсхүл асрамжийн газар байхдаа хэрэглэх ёстой мөнгийг өөртөө хууль бусаар завшсан байна.
Шүүгдэгч М.Б өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэтгэмжийн мөнгийг хэрэглэсэн талаар ярьж байгаа боловч түүний эрүүл мэндийг хамгаалах талаар төрөөс тусгайлан анхаарч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг өгч байсан байна.
Мөн хүүхдийн “” байгууллагатай байгуулсан гэрээний үүрэгт Ц. зурсан М.Бд хамаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг илт гуйвуулж хариуцлагыг өөрөөс зайлуулах гэж байгаа үйлдэл гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Б нь эцэг байж үр хүүхдээ халамжлах үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Харин түүний биеийн эрүүл мэндийн байдал, өвчний учир эмнэлгийн хяналтад группт байдгийг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч М.Бгийн хамтран амьдрагч Ц.г уг хэрэгт хамтран оролцогчоор эрүүгийн хариуцлагад татах санал гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бага насны хохирогч Б.******* тэтгэмжийн мөнгийг түүний төрсөн эцэг М.Б нь банкнаас авч гарын үсэг зурж байсан нь нотлогдсон бөгөөд зөвхөн нэг гэрт хамт амьдардаг, байдаг утгаар хийсвэрлэн сэтгэж Ц.г хамтран оролцогчоор эрүүгийн хариуцлагад татах нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч М.Б уг мөнгийг эмчилгээнд зарцуулж хэрэглэсэн талаар мэдүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,....гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан тул Ц.г эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хохирогчийн өмгөөлөгчийн Ц.г эрүүгийн хариуцлагад татах саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн өмгөөлөгч түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 716.379 төгрөгийн зардал гарсан талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгч уг зардлыг шүүгдэгч М.Бгаас нэмж нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн байна.
Шүүх уг нотлох баримтын хянан үзэж хоолны зардал болох 96.650 төгрөгийг хасаж тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хүн өөрөөс шалтгаалсан шалтгаалаагүй тохиолдол гарсан ч бие физиологийн хэрэгцээ, уураг нөхөх үүднээс хоолыг зайлшгүй идэх ёстой гэж үзэж уг зардлыг хасаж тооцлоо.
Харин бусад зардал буюу 619.729 төгрөгийг шүүгдэгч М.Бгаас нэмж гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б тэжээгчээ алдсаны тэтгэмж 19.775.400 төгрөг, хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 619.729 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Бгаас нийт 20.395.129 төгрөгийг гаргуулж, бага насны хохирогч Б.Амарсайханд 2021 оны 03 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирол хор уршиг арилгах талаар шүүгдэгч М.Бд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Мөн хэрэгт шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хорин сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун хорин есөн төгрөгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учир хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Бгаас хорин сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун хорин есөн / 20.395.129 / төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Б.Амарсайханд 2021 оны 03 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч М.Б нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ