Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000510077 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Т.Б

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Т.Б Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхангай дэлгүүрийн орчимд иргэн Ц.Наранцацрал нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Huawei P30 Lite маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч завшиж 959.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

......Миний хувьд прокурорын тогтоолтой танилцлаа. Намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсаныг ойлгож мэдлээ. Прокурорын тогтоолд дурдагдсан бусдын гээгдэл гар утсыг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч Ц.Наранцацралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед өөрийн 83-55 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4 хүүхэдтэйгээ гэрээсээ гарч хамгийн бага охин болох 8 сартай Уранзаяаг Баянхонгор сумын 7 дугаар баг хөх толгойн олон дэлгүүр байдаг буюу Баянхангай дэлгүүрийн зүүн талын байшинд байрлах хүүхэд хардаг хүнд хүргэж өгсөн... 7 дугаар багийн 22 дугаар гудамжны 5 тоот хашааны гадаа ирсэн. Тэнд үлдсэн хүүхдүүдээ буулгаж буцаад машиндаа суухад миний утас алга болсон байсан. миний алдсан утас Huawei P30 Lite маркийн утас байсан...би машиндаа суухдаа суудлынхаа араар хийсэн. Тэндээс хөдлөхөд гар утас унасан байж болно... Миний гээгдүүлсэн гар утсыг олж ашигласан гэх Т.Б нь гээгдүүлсэн гар утсыг надад буцаан өгсөн бөгөөд надад одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй....2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж андуурч мэдүүлэг өгсөн байна, миний гар утсаа гээгдүүлсэн өдөр нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу мягмар гарагийн 13 цагийн үед болж байна...” гэсэн дахин мэдүүлэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 28, 29/

            4. Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Баянхангай дэлгүүрийн хашааны үзүүрт цэнхэр өнгийн түрийвч байх шиг байхаар...алхаж очоод үзсэн чинь хавтастай Huawei маркийн гар утас байхаар нь аваад машиндаа суугаад, гэртээ очоод олсон утсаа машины урд хайрцгаас аваад үзсэн чинь цэнэг нь дуусчихсан байхаар нь гэртээ оруулаад авдар дотроо хийсэн. Тэгээд саяхан гар утасны цэнэглэгч 10.000 төгрөгөөр аваад цэнэглээд би өөрөө тэр гар утсыг 88568671 гзсэн дугаараа хийгээд одоо барьж байгаа...цэнхэр өнгийн хавтастай хар өнгийн Хуавэй Пи-30 лайт маркийн гар утас байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 35/

5. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн:

 Huawei P30 Lite маркийн гар утас 959.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгчээс нэг хуудас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой талаар нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулж хэсэгчлэн төлүүлж өгөх талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхангай дэлгүүрийн орчимд иргэн Ц.Наранцацрал нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Huawei P30 Lite маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч завшиж 959.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Наранцацралын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-н 16 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгч Т.Бг орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Т.Бгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д  зааснаар шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.