Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 215

 

 

 2020         03         19                                    2020/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Д.Агар,

            хохирогч Б.Одончимэг, түүний өмгөөлөгч Ц.Батхүү,

            шүүгдэгч О.Т , түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян овгийн О.Т д холбогдох эрүүгийн 1903006900389 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баян овгийн О.Т , 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер  мэргэжилтэй, Монгол Газрын тос боловсруулах компанид инженер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44-11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Голомт банкны урд замд 95-46 УНБ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Одончимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…тухайн үед уулзварт ойртон ирэхэд баруун талд 2 машин байсан. Цаанаас хүн гарч ирснийг сайн хараагүй. Би Б.Одончимэгийг мөргөхгүйг хичээн эсрэг урсгал руу дарсан. Түүнийг мөргөөгүй, шүргэсэн гэж ойлгож байгаа. Тэгээд би өөрөө 102-т дуудлага өгсөн. Би цагдаагийн байгууллагад ирэхээс өмнө, осол болсон үеэс эмнэлэгтэй холбоотой бодитой төлбөрийг барагдуулна гэдгээ хэлсэн. Манай гэрийнхний ажиллуулдаг амралт, сувиллын газарт хүүхдүүдтэйгээ хамт сувилуулаад, эмчилгээ хийлгэчих гэж хүртэл санал тавьсан. Б.Одончимэг тэгье, болно гэж байснаа нөхөр нь ирээд явдаг газраар нь явна гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ би одоо хүртэл бүх зардлыг гаргана, эмчлүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хохирогч Б.Одончимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 6 дугаар сарын 18-нд би Голомт банкны урд талын тусгаарлах шугамтай 6 эгнээ замын эхний эгнээгээр автобус явж, би явган хүний гарцын 2 дахь эгнээний харалдаа гарцаар гарж байсан. Миний хувьд жолооны хүрдний ард сууж байгаа тохиолдолд бусдын амь нас эд хөрөнгийг хариуцах ёстой гэж боддог. Би явган хүний гарцны баруун талаар тусгаарлах шугамд хүрэх гэж байхад намайг мөргөсөн. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Хүмүүс надад чиний хөлийг дайрлаа гэж хэлсэн. Тухайн үед би жолоочийг Цагдаагийн байгууллага болон эмнэлэг дууд гэж хэлсэн. Гэмтлийн хувьд шинжээчийн дүгнэлт дээр баруун талын өвдөгний холбоос тасарсан гэж байсан. Үүнээс хойш би 6 сарын хугацаанд гам барьсан. Нэг хөл дээрээ ачаалал өгч байгаагаас болоод удаан сууж чадахгүй, аарцаг өвдөх гэх мэт асуудал үүсэж байгаа. Цаашид 1-2 жил гам барих шаардлагатай гэсэн. Би сар бүр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмнэлэг явахдаа автомашинаар явах зайлшгүй шаардлагатай болсон. Мөн би амьдрах хэрэгтэй учраас ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай болж 6 сар гарангын хугацаанд хүнээр зөөлгөж ажлаа хийсэн. Миний хувьд эрүүл мэнд болон ажил амьдрал маш хүнд байдалд орсон. Тийм учраас бүрдүүлж өгсөн материалын хүрээнд хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. О.Т  надад хэрэг гарснаас хойш дансаар 1.000.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Үүнийг хасаж тооцох нь зүйтэй. Харин Хербалайфыг заавал хэрэглэх ёстой биш боловч би дархлаагаа сайжруулах үүднээс хэрэглэсэн. 3.646.216 төгрөгийг дархлааны болон эмчилгээний бэлдмэл хэрэглэсэн гэдгээ нотлох зорилгоор баримтыг гаргаж өгсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/,

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-13/,

Хохирогч Б.Одончимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны зүүн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд миний зүүн гар талаас нэг Тоёота Приус машин ирээд миний баруун талын хөлийг мөргөөд намайг өнгөрөөд нөгөө машин зогссон. Миний бие одоо хөлөө нугалж болохгүй байгаа. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарсан...” гэх мэдүүлэг /хх 19-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7272 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Одончимэгийн биед баруун өвдөгний үеийн дотор жийргэвч мөгөөрсний хөндлөн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 102/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Одончимэгийн биед баруун өвдөгний үеийн дотор жийргэвч мөгөөрсний хөндлөн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Бусад учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно...”  гэх мэдүүлэг /хх 94/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36366 дугаар дүгнэлтэд: “...Тоёота приус маркийн 9546 УНБ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд хэвийн байна. ....Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системтэй, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5кН, баруун талдаа 2.4кН, зөрүү нь 4.00, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кН баруун талдаа 1.5кН зөрүү нь 0 хувь тоормос хэвийн ажиллаж байна. Зогсоолын тоормос зогссон...” гэх дүгнэлт /хх 108-111/,

Шүүгдэгч О.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Одончимэгийн биед учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ осол болсон үес хойш дахин дахин мэдүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх 125-126/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 136/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 135/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 137/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 139/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 141/, хохирогч Б.Одончимэгийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 167-168, хохирогч Б.Одончимэгийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 24-63, 65-89, 143-150/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Голомт банкны урд замд 95-46 УНБ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Одончимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хөндлөн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-13/, хохирогч Б.Одончимэгийн “...зүүн гар талаас нэг Тоёота Приус машин ирээд миний баруун талын хөлийг мөргөөд намайг өнгөрөөд нөгөө машин зогссон...” гэх мэдүүлэг /хх 19-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7272 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 102/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Б.Одончимэгийн биед баруун өвдөгний үеийн дотор жийргэвч мөгөөрсний хөндлөн урагдал, урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...”  гэх мэдүүлэг /хх 94/, авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36366 дугаар дүгнэлт /хх 108-111/, шүүгдэгч О.Т гийн “...Би Одончимэгийн биед учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ осол болсон үес хойш дахин дахин мэдүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх 125-126/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч О.Т г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т д оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан  90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Б.Одончимэг нь эмчилгээний болон бусад зардалд /шатахууны зардалд 2.573.235 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт MRI зураг авхуулсан 300.000 төгрөг, Төгс тэмүүлэл ХХК-ний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 5.226.200 төгрөг, эмийн сангийн баримт 2.252.126 төгрөг, Хербалайф 3.646.216 төгрөг/ нийт 13.997.777 төгрөг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлаад нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан шатахууны 2.573.235 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Одончимэг болон түүний өмгөөлөгч нар Хербалайфын үнэ 3.646.216 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассан болохыг дурдаж, нийт хохирлоос шүүгдэгч О.Т н хохирогчид дансаар шилжүүлэн өгсөн 1.300.000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас төлсөн 5 сая төгрөгийг тус тус хасаж тооцон үлдэх эмчилгээний болон эмийн зардал 1.478.326 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баян овгийн О.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүх хохирогч Б.Одончимэгийн нэхэмжлэлээс шатахууны зардалд 2.573.235 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т гөөс 1.478.326 төгрөгийг гаргуулан хохирогч Баатарын Одончимэг /РД: ЧП78073160/-т олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН