Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 57

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

         Шүүгдэгч С.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлоор С.*******, В.******* нарт холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч В.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендер шалгаруулалт зарлан тендер ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаатан Ё.*******гийн эзэмшлийн "*******" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тендер явуулж Ё.*******гийн эзэмшлийн “*******" ХХК-ийг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын Засаг даргаар эксковатор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "*******" ХХК-иас техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, Э02621 МТЗ маркийн, 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07  дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

          Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан В.*******ы хамаатан Ё.*******гийн эзэмшлийн "*******" ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, Э02621 МТЗ маркийн, 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө "*******" ХХК-д эксковаторийн үнийг шилжүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.*******, В.******* нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч В.*******, С.******* нарт төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.*******гийн цагдан хоригдсон 6 хоног, В.*******ы цагдан хоригдсон 5 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаад,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.*******ы эзэмшлийн “Sky” маркийн цагаан өнгийн гар утас битүүмжилсэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн, Ё.*******, В.******* нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 09, 09 дүгээр сарын 24-ний өдрүүдийн, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож битүүмжлэгдэн ирсэн МТЗ маркийн ЮМК-6 маркийн бага оврын тракторыг ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт буцаан олгож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нары засрал хүмүүжилд хяналт тавихыг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхийг С.*******, В.******* нарт мэдэгдэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.*******, В.******* нарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдсан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлдэг.         

          Үнэлгээний хорооноос тендер шалгаруулж “хамгийн сайн” гэх үнэлгээ авсан компанийг ялуулахад С.*******г нөлөөлсөн гэдгийг баримтаар тогтоогоогүй. Засаг даргад үнэлгээний хороон дээр явагдаж буй ажиллагаанд оролцох, тэнд хуурамч материал бүрдүүлж ирсэн компани орсон гэдгийг мэдэгдсэн тухай гэрчүүд мэдүүлдэггүй.

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” талаар зохицуулж өгсөн. Үнэлгээний хорооноос зөвлөмж гаргасан бөгөөд түүний дагуу засаг дарга а/72 дугаартай захирамжийг гаргасан. С.******* дээрх захирамжийг гаргаж бусдад давуу байдал олгосон, үнэлгээний хороонд нөлөөлж тухайн компанийг тендерт ялуулсан тухай баримтаар тогтоогдсон зүйл байдаггүй ба өөрт буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, ашиг хонжоо олсон болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

            Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хороо хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулсан. Харин хүлээлгэн өгсөн бараа, ажил үйлчилгээ үнэлгээний хорооноос баталсан техникийн шаардлага хангаагүй.

             Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрт хуулиар олгогдсон эрх мэдлээ байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан байдаг ба С.*******д хуулиар дээрх эрх олгогдоогүй болох нь Төсвийн тухайн хуулийн “14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга” төсвийн ерөнхийлөн захирагч байхаар заасан.

          С.******* нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, зохион байгуулах үүрэгтэй этгээд болохоос биш аливаа орон нутгийн өмчийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй этгээд биш юм.

           Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан зүйл ангиар С.*******д ял халдааж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

          Иймээс С.*******г гэм буруугүй болохыг тогтоож, шийтгэх тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ:  Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан В.*******ы хамаатан Ё.*******гийн эзэмшлийн ******* ХХК-ний 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар зүйлийн 15-ны өдөр ******* сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтод заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, 9,000,000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажпын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө ******* ХХК-д эксковаторын үнийг шилжүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналыг оруулж байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчээс гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн ярьсантай санал нэг байна. Засаг даргын эрх хэмжээний хүрээнд тендерийн хороог байгуулах эрхтэй байдаг. Тендерийн хороонд  А сертифактай хүн оролцох ёстой. Манай суманд ийм эрхтэй 3 хүн байдаг нь энэ тендерийн хороонд оролцсон. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хөндлөнгийн хүн оролцох эрхгүй. Үнэлгээний хороонд тендерт битүүмжилж ирсэн материалыг авч шалгаруулалтыг хийдэг. Энд би нөлөөлөл үзүүлэх боломж байхгүй. Үнэлгээний хорооны зөвлөмжийн хүрээнд захирамжийг гаргасан. Үнэлгээний хорооны зөвлөмж ганц хүний шийдвэр биш, таван хүний шийдвэр. Засаг даргын захирамжийг гаргахдаа Засаг даргын Тамгын газар бараа үйлчилгээг эзэмшээд үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг дурдсан. Төрийн захиргааны албан тушаалтан хариуцлагаас бултах үүднээс хэдэн хүмүүс худал мэдүүлэг өгч улс төрийн албан хаагч намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Та бүхнийг энэ үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: С.******* үнэлгээний хороог байгуулснаараа түүний оролцох оролцоо нь дуусгавар болсон. Үүнээс хойшхи үйл ажиллагааг үнэлгээний хороо хийх ёстой. Хуулиараа С.******* нь үнэлгээний хорооны ажилд оролцох боломжийг нь хязгаарлаад өгсөн байхад энэ хоёр хүнийг ах дүү хамаатан, нэг намын хүмүүс гэдгээр хамаатуулж, тендерт оролцоогүй хоёр компанийг орсон мэтээр хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хуурамч тендерийг зохион байгуулж хохирол учруулсан гэдгийг нотолсон үйл баримт байдаггүй. Өмгөөлөгчийн хувьд үнэлгээний хорооны асуудлыг С.******* мэдэх боломж байхгүй гэж тайлбарлаж байна. Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн Засаг дарга захирамж гаргадаг. Албан тушаалаа урвуулсан гэсэн байдлыг тогтоогоогүй байж ял халдааж байгаа нь үндэслэлгүй байна. Ямар үйлдэл дээр нь ял халдаасан талаар шүүх дүгнэлт гаргаагүй. Техникийн шаардлага хангаагүй барааг хүлээж авсан гэж үзэж байгаа бол энэ ажил Засаг даргын эрх хэмжээний асуудал биш. С.******* нь энэ ажлыг Засаг даргын Тамгын газартай захирамжаар үүрэг болгосон байдаг. Тамгын газар нь хуулиараа төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Тэгэхээр тамгын газар нь өөрөө хяналт тавих, хэрэгжүүлэх механизм үйлчлэх ёстой байдаг. Гэрчүүд Засаг дарга С.******* тухайн тракторыг хүлээж ав гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Засаг даргын Тамгын газар нь өөрөө бараа үйлчилгээндээ хяналт тавиагүй байж хэн нэгний үгэнд орж чанарын шаардлага хангахгүй барааг хүлээж авсан нь өөрөө нөлөөлсөн байдал мөн үү биш үү гэдэг дээр эргэлзээтэй байгаа учраас саяны хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

        Анхан шатны шүүх  С.*******, В.******* нарт холбогдох .... дугаартай хэргийг шийдвэрлэхдээ хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд бодит байдлаар харьцуулан шалгаж үнэлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлт хийж, мөн зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” зөрчил гаргасан нь тогтоогдлоо.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т заасан шүүх тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т заасан хэрэгт авагдасан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шийтгэх тогтоолдоо нэрлэн жагсааж бичжээ.

Анхан шатны шүүх “Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатар авах тендерт шалгасан В.*******ы хамаатан Ё.*******гийн эзэмшлийн “*******” ХХК-ны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө “*******” ХХК-д тракторын үнийг шилжүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.*******, гэрч С.*******, Б.*******, Т., Д., Д., Т., Т., Б., Н., Ц., Д., Б. нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт захиалагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч “*******” ХХК-ий хооронд 2014 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдсан “Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ /1-р хавтас 192-194 дүгээр хуудас/, уг гэрээ байгуулагдахаас өмнө эксковаторын үнэ 23000000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн төлбөрийн хүсэлт /2-р хавтас 79 дүгээр хуудас/ авагджээ. Мөн эксковаторын үнэ 25000000 төгрөгийг шилжүүлсэн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлт /2-р хавтас 80 дугаар хуудас/, мөн эксковаторын үнэ 14500000 төгрөгийг шилжүүлсэн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт /2-р хавтас 84 дүгээр хуудас/ зэргээс дүгнэхэд гэрээг байгуулахаас өмнө “*******” ХХК-д 23000000 төгрөг, гэрээг байгуулсны дараа 39500000 төгрөг нийтдээ 62500000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Харин дээрх гэрээгээр гэрээний санхүүжилтийн 66000000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 30 хувь, явцын үр дүнгээр 30 хувь, гүйцэтгэлээр 40 хувь гэсэн хувиараар гүйцэтгэгч талд шилжүүлэн уг ажлыг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2014 оны 07 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохирсон байхад шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэн С.*******г гэрээ байгуулахаас өмнө 66000000 төгрөгний хохирол улсад учруулсан гэсэн нь тодорхойгүй байна. 

        2.  Шүүх мөн “трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн” гэж дүгнэснийг хэрэгт ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн а/18 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд /1-р хавтас 195-р хуудас/ 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэн устгах эксковаторыг ашиглалтанд хүлээж авах комиссын саналын хуудас /2-р хавтас 196-199-р хуудас/, ******* сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэн устгах эксковаторыг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн акт зэрэг  /2-р хавтас 200-р хуудас/ гэсэн нотлох баримтуудтай үзэхэд. ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь шүүхийн дүгнэлтэд заасан “комисс” мөн эсэх, Тамгын газрын даргын тушаал одоо хүчин төгөлдөр эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Уг ажлын хэсгийг байгуулах болон тухайн ажлын хэсгээс явуулсан үйл ажиллагаанд сумын Засаг дарга С.******* ямар оролцоо,  үйлдлээрээ  буруутгагдаж байгааг шүүх дүгнээгүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүх С.******* нь албаны ямар эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж ямар үйлдлийг яаж хийсэн, ажил хүлээн авах комиссын гишүүдийн саналын хуудас, комиссын актыг хуурамч гэдгийг хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтаар нотолж байгааг заагаагүй байна.

3. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг болон шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байна.

             С.*******г Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай  нийцээгүй,  шүүх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 заасан шаардлагын дагуу гаргаагүй байх тул шүүхийг Эрүүгиийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүргээ биелүүлээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

 Иймд  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.*******, В.******* нарт холбогдох ... дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

          Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан С.******* гэм буруугүй  гэх үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.*******, В.******* нарт холбогдох ... дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

        

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА