| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 033/2017/0085/З |
| Дугаар | 020 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 020
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанхус сумын 1 дүгээр багийн оршин суугч Кы нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд холбогдох;
“Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолын Кд холбогдох хэсгийг хүчингүй болгож, П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож,2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Кы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Кы шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч К болон П нар нь 1969 онд гэр бүл болоод 6-7 хүүхэд төрүүлж өсгөсөн байгаа. 2008 онд төрсөн өөрийн ач болох Е гэдэг хүүхдийг холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 144 тоот захирамжаар үрчлэн авсан байна. Бүртгэл хийлгэхээр 2011 оны үед П гэдэг хүн амьд сэрүүн байхад сумынхаа улсын бүртгэгчид хандсан юм. Бүртгэгч бүх бичиг баримтыг нь хянан үзээд П, К нарын гэрлэлтийн гэрчилгээ байхгүй гэх үндэслэлээр энэ асуудлыг шийдэх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн байдаг. 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр П гэдэг хүн ердийн өвчнөөр нас барсан бөгөөд үрчлэлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хандсан боловч элдэв янзын шалтаг зааж, бүртгэж өгөлгүй олон жил чирэгдүүлсэн. Аргагүйн эрхэнд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар шүүх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 458 дугаар шийдвэр гаргаж Ж.Е гэдэг хүүхдийг П, К нарт үрчлүүлснийг үнэн болохыг тогтоосон юм. Үүнээс гадна шүүх П, К нар нь 1969 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн болохыг тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 543 дугаартай шийдвэр гаргаж өгсөн. Ингээд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн мэдээллийн санд нь оруулаад П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад бүх материалаа бүрдүүлэн хандсан юм. Нийгмийн даатгалын байгууллагаас бид энэ асуудлыг дээд шатны байгууллагад уламжилж зөвлөгөө авъя гэсэн хариу өгсөн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс 03 дугаартай тогтоол гаргаж, Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас бид захиргааны хэргийн шүүхэд хандсан болно. Нийгмийн даатгалын хэлтэс, хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн дарга нь та нарын гаргуулсан Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 144 тоот захирамж хуурамч байна, нэг хувь нь архивт хадгалагдаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл 144 тоот захирамжийг шалтгаан болгоод хүүхдийн тэтгэврийн асуудлыг шийдэж өгөөгүй юм. Тухайн захирамжаар хүүхэд үрчлүүлсэн нь үнэн байна гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад түүнийг хариуцагч шууд үгүйсгээд энэ асуудлыг 03 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл П.Еийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг нийгмийн даатгалын байгууллага зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 03 дугаартай тогтоолын Кд холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох баримтуудыг үндэслэн П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч аймгийн Н хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийг төлөөлж дарга Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллагын гол зорилго нь нийгмийн даатгалын санг хамгаалах, зөв зохистой ашиглах, даатгуулагчдаас оруулсан хөрөнгийг хуулийн хүрээнд ард иргэдэд хүргэх ёстой байдаг. Улаанхус сумын 1 дүгээр багийн иргэн К нь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь үнэн. Иргэн Х.Күнутганы нөхөр нь болох талийгаач П 2011 онд нас барсан байна. Тухайн үед үрчилж авсан гэх Ж.Е Пн нэр дээр бүртгэгдээгүй байсан байх ба үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2017 онд тэтгэвэр тогтоолгохоор хандсан. Энэ үрчлэлтийн талаар гарсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж боддог. Учир нь 2010 онд гаргасан Улаанхус сумын Засаг даргын бүх захирамжууд нь аймгийн архивт хадгалагдсан байгаа, Архивын тасгийн сан хөмрөгт байгаа Улаанхус сумын Засаг даргын 2010 оны захирамж 143 дугаараар дуусгавар болсон,гэхдээ хүүхэд үрчлүүлсэн 144 тоот захирамж нь архивд байхгүй байгаа. Хоёрдугаарт, аливаа үрчлэлт хийхэд хүүхдийн эцэг, эх нь зөвшөөрсөн, хоёр тал өргөдөл гаргасан байх ёстой.П нь хүүхэд үрчлэн авах талаар сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгөөгүй, эцэг, эхийн зөвшөөрсөн бичиг байхгүй байгаа. Гуравдугаарт, тэжээгч гэдэг нь хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд юм. П нь тухайн үед 95 настай байсан ба 95 настай хүн хүүхэд үрчлэн авч, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ гэдэгт эргэлзэж байгаа. П нь 60 наснаас эхлэн өндөр насны тэтгэвэр авсан, одоо дахин хүүхдэд тэтгэвэр тогтоолгож нийтдээ 50 хэдэн жил тэтгэврийн сангаас тэтгэмж авах гэсэн ашиг сонирхлын зөрчил байгаа, даатгалын санг дампууруулахын тулд ийм зүйл хийж байгаа гэж бодож байна. Тухайн үед хүүхдийг асруулах гэж энэ хүнд үрчлүүлээгүй, 95 настай хүн 6 настай хүүхдийг үрчлэн авч тэжээх юм уу, асран хамгаалах үүргээ биелүүлж чадах юм уу гэдэг асуудал гарч байна. Ийм байдлаар хууль зөрчиж энэ хүүхдийг үрчлүүлсэн гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тогтоолгож авах эрхтэй гэж заасан байдаг. П нь 2011 онд нас барахад хүүхдийн үрчлэлт хийгдээгүй, хууль бус үрчлэлт хийгдсэн гэж үзэж байна.Энэ асуудлыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хуралд оруулж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолоор тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд П.Еийг хууль ёсоор үрчлэн аваагүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй, Кы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн /хуучин нэрээр/ дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Кд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Кы гаргасан өргөдлийн дагуу П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч К болон түүний нөхөр П нар нь 2010 онд ач болох Жийн Еийг үрчлэн авах тухай хүсэлт гаргаж, Еийн эцэг, эх нь хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрөл өгснөөр Улаанхус сумын Засаг даргаас 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Жийн Еийг К, П нар үрчлүүлсэн, уг захирамжийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8–д зааснаар нэхэмжлэгч талаас үрчлэлтийг бүртгүүлэхээр тус сумын улсын бүртгэгчид хандахад үрчлэн авагч болох К, П нарын гэрлэлтийн гэрчилгээ байхгүй гэдэг шалтгаанаар бүртгээгүй байх ба 2011 онд үрчлэн авагч болох П нас барсан байна. Улмаар 2017 онд нэхэмжлэгч К нь тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр Жийн Е нь өвөг эцэг П, эмэг эх К нарт үрчлэгдсэн болохыг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр П, К нар нь 1969 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлснийг тус тус тогтоосон, уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Улаанхус сумын улсын бүртгэгч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үрчлэлтийг бүртгэж, Пушатайн Ет төрсний гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, үүний 1 дэх заалтад “Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд” гэж заасан ба 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч К нь үрчлэн авсан хүүхэд болох 9 настай П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн /хуучин нэрээр/ Улаанхус сумын байцаагчид мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдөл гаргасан байна.
Уг өргөдлийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн байх боловч тогтоолд тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг тусгаагүй байна. Харин зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тусгаснаар “өндөр настай хүнд хүүхэд үрчлүүлсэн” гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн хариуцагчаас “Улаанхус сумын Засаг даргын 2010 оны захирамж 143 дугаараар дуусгавар болсон, 144 дугаартай захирамж архивт байхгүй,хүүхдийг хууль ёсоор үрчлэн аваагүй, үрчлэлт нь хууль бус” гэж үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан.
Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоогүйгээс гадна дээр дурдсанаар шүүхийн шийдвэрээр Улаанхус сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Ж.Еийг К, П нарт үрчлэгдсэн болохыг тогтоосон, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн уг 144 дүгээр захирамжийг архивт хүлээлгэж өгөөгүй асуудал нь холбогдох албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос үүнд иргэнийг буруутгах үндэслэлгүй, тухайн 144 дүгээр захирамжийн үлдэх хувь архивт байхгүй нь уг захирамжийг хуурамч гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус зааснаар Ж.Еийг нэхэмжлэгч К, түүний нөхөр П нарт үрчлүүлсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, үрчлүүлэх тухай Улаанхус сумын Засаг даргын 144 дүгээр захирамж хүчинтэй байгаа тул хариуцагчийн үрчлэлт хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Кы үрчлэн авсан хүүхэд болох П.Еийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг зөрчсөн бөгөөд хууль бус, мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангаагүй байх тул уг тогтоолын “Кд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, 21 дүгээр зүйлийн 2-т ”Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана” гэж заасан, өөрөөр хэлбэл Гомдлын шаардлагын зөвлөл нь нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч Кы өргөдлийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд “тэтгэвэр тогтоох боломжгүй” шийдвэрлэснийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус шийдвэр гэж үзэхээр байгааг дурьдах нь зүйтэй.
Дээрх байдлаар нэхэмжлэгч К, түүний нөхөр П нар нь 2010 онд Еийг үрчлэн авсан нь тогтоогдсон, 2008 онд төрсөн П.Е нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрх бүхий этгээдэд хамаарч байгаа, мөн 2011 онд ердийн өвчний улмаас нас барсан тэжээгч буюу үрчлэн авагч болох П нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах үндэслэлтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгохоор зохицуулсан боловч нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг нийгмийн даатгалын байгууллагад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргаснаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олгохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохыг даалгаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Н хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолын Кд холбогдох буюу “Кд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, П.Ет тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олгохыг аймгийн Н хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ