Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0800/З/Т |
Дугаар | 221/МА2021/0459 |
Огноо | 2021-08-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0459
Г.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Нийслэлийн Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.С-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Татварын газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасныг баримтлан Г.С-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дага болон Нийслэлийн Татварын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Б-ыг албан тушаалд томилох тухай Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.8, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.6-д заасныг баримтлан Г.С-ын нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Миний бие тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагч бөгөөд татварын байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа орон тооны бус байцаагчаас дүүргийн татварын хэлтсийн даргын тасгийн даргын албан тушаал хүртэл дэвшин ажилласан юм. Нэгэнт мэргэжлийн бэлтгэл ,ажлын туршлага, боловсролын түвшин зэрэг төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах шаардлага шалгууруудыг хангасан учраас Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион явуулсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдсөн юм. Энэхүү өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг тухайн үед Татварын ерөнхий газрын дарга асан Л.Зориг дарга удирдаж явуулаад сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг дуусгаж дүнгээ гарган салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байхад нас барснаар салбар зөвлөлийн хуралдааныг явуулах ажиллагаа саатсан.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Нийслэлийн Татварын газрын дарга болон харъяа 9 дүүргийн нийт 10 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад 28 хүн орж өрсөлдсөн юм.
Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд 4 хүн өрсөлдсөний дотор тухайн үед Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Бадам гэгч орж өрсөлдсөн боловч надаас бусад нь тэнцээгүй. Гэвч тэр цагаас хойш тухайн албан тушаалд намайг томилохгүй 4 жил гаруй боллоо. Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөл, Татварын ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүхүүд зэрэг төрийн 3 байгууллагаар гүйж эцэст нь буруутан нь би болж тогтоогдон хохирч байна. Анх 2017 оны 07 дугаар сард Татварын ерөнхий газарт шинээр ирсэн Д.Занданбат даргад өргөдөл гаргахад “Манай байгууллагын дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байхгүй учраас Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны тогтоол, дүгнэлтгүйгээр чамайг томилох боломжгүй” байна гэж амаар хариу өгсөн. Дараа нь Төрийн албаны зөвлөлд хандаж томилгоо хийлгэх, Төрийн албаны салбар зөвлөл байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг байгуулж өгөхгүй 2 жил шахам хугацаа өнгөрсөн. Албан тушаалд томилж өгөхгүй байгаа асуудал болон Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл байгуулж өгөхгүй байгаа асуудлаар 2017 оны 10 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийг хамтран хариуцагчаар татсаны хүчинд салбар зөвлөл байгуулсан. Шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэр гарч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл дүгнэлт гаргаж өгөөгүй учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлсэн. Ийнхүү Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот дүгнэлт гаргуулж шалгалтын дүнг албажуулсан. Гэвч Татварын ерөнхий газар энэхүү дүгнэлтийг хэрэгжүүлж томилгооны асуудлыг шийдэж өгөхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хандсан. Шүүх энэ хэргийг шийдвэрлэж өгөхгүй миний нэхэмжлэлийг олон удаа буцаасан бөгөөд шүүгчийг татгалзсан миний 3 удаагийн хүсэлтийг ч хүлээж аваагүй. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгч Д.Мөнх-эрдэнэ хэргийг тусгаарлах тухай захирамж гаргаж Татварын ерөний газар болон Төрийн албаны зөвлөлд холбогдох маргаануудыг 2 тусдаа хэрэг болгосон. Би үүнийг зөвшөөрөөгүй боловч шүүх анхаарч үзэлгүйгээр Төрийн албаны зөвлөлд холбогдох маргааныг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 327 шийдвэрээр, Татварын ерөнхий газарт холбогдох маргааныг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 330 шийдвэрээр тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын байгууллагад 1800 гаруй албан хаагчид ажиллдагаас удирдах албан тушаалын 380 гаруй албан тушаалтан тушаалтан ажилладаг ч эд нар дотроос Татварын ерөнхий газрын цөөхөн дарга нар болон аймгийн зарим татварын газрын дарга нараас бусад бүх хүмүүс сонгон шалгаруулалтаар томилогдоогүй. Тэгсэн атал сонгон шалгаруулалтаар орж тэнцсэн намайг тухайн албан тушаалд томилохгүй элдэв саад хийгээд байгаа нь шударга бус байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын хүрээнд энэ маргаан Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлөөр дамжиж хянагдах учиртай. Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдол гаргасан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар түүний нэхэмжлэлийг буцаах, шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг татгалзах зэргээр чирэгдүүлж давж заалдах шатны шүүх хүртэл явуулсны эцэст дээд шатны шүүхийн шийдвэрээр түүний нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр шүүгч Ц.Мөнхзул даргалсан хуралдаанаар хэлэлцэж 128/ШШ2018/0688 тоот шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах тухай хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож гагцхүү сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж албажуулахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгасан байдаг. Уг шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор хэвээр батлагджээ. Гэвч Татварын ерөнхий газар шийдвэрийг огт биелүүлээгүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраар албадан гүйцэтгүүлж Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот дүгнэлт гаргуулж вэб сайтад байршуулжээ.
Түүнээс хойш бүтэн жил гаруйн хугацаанд Татварын ерөнхий газар албан тушаалын томилгоо хийгээгүйгээр барахгүй “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад” огт ороогүй Д.Б-ыг энэ ажилд томилсон юм. Улмаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар үндэслэлгүйгээр сахилын шийтгэл ногдуулсан байдаг. Үүний дараа 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Татварын ерөнхий газрын удирдлагуудын үйл ажиллагаа эс үйлдэхүйн хэлбэрээр хохироож байгааг тогтоож Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны зөвлөлд хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулахаар 11 удаа гомдол гаргахад албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй асуудлыг хянан үзэж буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, сонгон шалгаруулалтгүйгээр Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаа Д.Б-ын томилгооны тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.
Энэхүү нэхэмжлэлийг шүүх хүлээж авснаас хойш үндэслэлгүйгээр 4 удаа захирамж гарган буцаасан. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шинээр томилогдсон шүүгч Х.Нямдэлгэр хэргийн материалыг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гар дээрээ авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2020 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 128/Ш32020/4234 тоот, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5261дугаар, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 6234 дугаар захирамжуудаар 3 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгч нэхэмжлэлийг шийдвэрлэхээс элдвээр саатуулж байсан учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэлэлцэх чиглэл өгсөн. Гэтэл Х.Нямдэлгэр шүүгч нэхэмжлэлийн ганцхан шаардлага дээр нь хэрэг үүсгэж бусад 3 шаардлагыг нь бүрдүүлбэр дутуу гэж захирамжлан буцаасан.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар татсан хүнийг гуравдагч этгээд болгон өөрчлөх, шинээр хариуцагч тогтоолгох хүсэлт гаргахад шийдгүй орхигдуулах, нэхэмжлэгчийн саналгүйгээрр хариуцагч шинээр тогтоох зэрэг хууль хэрэглээний олон зөрчил гаргасан. Эдгээрээс хамгийн ноцтой нь Б.Мөнх-эрдэнэ шүүгч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг тусгаарлах тухай захирамж гаргаж Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулж гаргасан гомдлыг Татварын ерөнхий газарт хариуцагдах маргаанаас салгаж тусгаарласан явдал юм. Төрийн энэ 2 байгууллагын аль алиных нь үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь зөрчигдсөн ганцхан нэхэмжлэгчтэй энэ хэргийг ямар ч үндэс шалтгаангүйгээр тусгааралсны уршиг нь шүүхийн ажлын ачаалал хүндэрч, бичиг цаас нэмэгдэж ,хэргийн хугацаа алдагдаж талууд чирэгдээд зогсохгүй,бичгийн нотлох баримтууд тарамдаж шүүгч нарт мэдээлэл дутагдсанаас асуудалд бодитой хандаж шударга шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хуулийг ноцтой зөрчсөн нь шударга бус шийдвэр гаргах шалтгаан болсон байна. Татварын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 04 дүгээр сард зохион явуулсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалын төлөөх сонгон шалгаруулалтын өрсөлдөөнд Г.С ганцаараа тэнцсэн учраас сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой ямар ч маргаан байхгүй. Энэ байдал нь түүнээс өөр сонголтгүйгээр тухайн албан тушаалд томилох үндэслэл болно. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг нэгтгээд зөвхөн албажуулах л үлдсэн байсан. Энэ бол Төрийн албаны салбар зөвлөлийн нэрээр элдэв шаардлага, шалтаг гаргахгүй, тухайн албан тушаалд дахин сонгон шалгаруулалт явуулахгүй байхын баталгаа.
Төрийн албаны зөвлөл бол төрийн захиргааны төв байгууллагуудыг түшиглэн ажиллах салбар зөвлөлүүдийг тухайн байгууллагын даргаар ахлуулан орон тооны бусаар ажиллуулдаг эрх зүйн зохицуулалттай байгууллага юм. Татварын ерөнхий газрын даргаар шинээр томилогдож ирсэн Д.Занданбатыг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт”-д орж тухайн апбан тушаалд томилогдоогүй гэх үндэслэлээр энэ байгууллагын дэргэд 2 жил шахам хугацаанд төрийн албаны салбар зөвлөл ажиллуулаагүй. Харин ч Г.С-ын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татаж оролцуулсны хүчинд 2019 оны 8 дугаар сард тогтоол гаргаж энэ байгууллагын дэргэд салбар зөвлөл байгуулж өгсөн юм. Тэгэхээр энэ салбар зөвлөл эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулагдаж хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан байна.
Тус салбар зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 01 тоот тогтоол гаргахдаа Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 16 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан “Татварын ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын дүн”-г нийтэд зарлан Г.С-ын нэрийг авсан онооны дүнгийн хамт Татварын ерөнхий газрын вэб сайтад байршуулсан байна. Энэ ажлын байранд өрсөлдөгчгүйгээр шалгарсан хүнийг тогтоол дүгнэлт гаргаж баталгаажуулаад албаных нь мэдээллийн хэрэгсэл дээр тавьчихаад байхад Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэх ёстой гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Тийм учраас өнгөрсөн бүтэн 1 жил 7 сар гаруй хугацаанд албан тушаалын томилгоо хийхгүй байгаа Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эс үйлдэхүй мөн гэдгийг шүүх тогтоож өгөх ёстой.
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0688 дугаар шийдвэртэй хэрэг шүүхийн бүх шатанд хянагдаж хүчин төгөлдөр болсон ч Татварын ерөнхий газраас салбар зөвлөлийнхөө хуралдааныг хийлгэхгүй байсан тул шүүгчид хандаж өөрөөр нь гүйцэтгэх хуудас бичүүлэн албадан гүйцэтгэх ажиллагаанд оруулсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийг биелүүлсэн гээд дахиж ажиллагаа хийхгүй.
Төрийн албаны салбар зөвлөлийг байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, шийдвэрийг нь хянаж, өөрчилж, хүчингүй болгох эрх бүхий Төрийн албаны зөвлөлөөс Татварын ерөнхий газар түүний дэргэдэх салбар зөвлөлд удаа дараа сонгон шалгаруулалтын ялагч болсон Г.С-ыг энэ албан тушаалд томилуулах үүрэг чиглэл өгсөн албан ёсны баримтууд хэргийн материалд байдаг. Энэ бол сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэх шаардлагагүйн нотолгоо болно.
Шүүхийн өмнөх 688 дугаар шийдвэр болон 2021 оны 330 дугаар шийдвэрүүдэд Г.С-г сонгон шалгаруулалтаар ялагч болсон албан тушаалд нь томилж болохгүй байгааг хууль зүйн үндэстэй тусгаж чадаагүй. Хэрэв салбар зөвлөлийн дүгнэлт, тогтоол гаргаагүй, томилох эрх бүхий этгээдэд нь албан ёсны санал дэвшүүлээгүй гэж үзэж байгаа бол энэ нь зөвхөн хэлбэр төдий асуудал учраас нэгэнт нотлогдож тогтоогдсон дээрх баримтуудад үндэслээд шүүх шууд шийдвэрлэх боломжтой байсан. Хэн нэгэн этгээдийн зүгээс шүүх аливаа байгууллагын дотоод асуудлыг шийдэх эрхгүй гэж мэдэмхийрч ийм чиглэл өгсөн бол буруу жишиг болно. Тухайн байгууллагын хуулиар тогтоогдсон чиг үүрэгтэй холбоотой аж ахуй, зохион байгуулалтын асуудалд хутгалдах, орлон ажиллах зэргийг дотоод үйл ажиллагаа гэж тооцож болох юм. Харин хүний нөөцийн бодлоготой холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын шаардлагад нийцүүлэн хуулийг сахиж ажиллах ёстой.
Д.Б Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд байтугай өөр ямар нэгэн удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад огт орж байгаагүй учраас түүнийг энэ албан тушаалд томилох эрх зүйн орчин бүрдээгүй. Энэ бол тухайн албан тушаалаас чөлөөлөх үндэслэл юм. Энэ ажлын байрны төлөөх сонгон шалгаруулалтад орж ганцаараа тэнцээд үр дүнгийнх нь төлөө тэмцэж яваа Г.С түүнийг энэ албан тушаалаас чөлөөлүүлэх шаардлага тавих эрхээр нь баталгаажсан хууль ёсны хүн мөн.
Г.С Төрийн албаны зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хандаж гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648 тоот бичгээр таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан гэдгийг шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсэгт баталгаажуулсан байна. Үүний дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г.С захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд Төрийн албаны зөвлөл өөрсдөө өргөдлийг нь дарсаар байгаад бүтэн жил гаруйн дараа ийм хариу өгсөн нь нотлогдож байна.
Төрийн албаны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудад сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Төрийн албаны зөвлөл шалгаад хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт бий. Энэ байгууллага шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд Улсын Их Хурлаас баталсан “Маргаан хянан шалгах журам”-ын дагуу шийдвэр гаргадаг, хамтын удирдлагын байгууллага учраас шийдвэр нь тогтоол хэлбэрээр гаргах учиртай. Хэн нэгэн албан тушаалтны гарын үсэгтэй албан тоот бичиг бол албан ёсны хариу биш учраас Г.С Төрийн албаны тухай хууль болон маргаан хянан шийдвэрлэдэг журмынхаа дагуу тогтоол дүгнэлт гаргаж өгөөч гэж энэ байгууллагад 11 удаа гомдол хүсэлт гаргасан боловч хуулийн дагуу албан ёсоор шийдсэн хариу өгөөгүй юм.
Ийм учраас албан үүрэг, ажилдаа хариуцлагагүй хандаж. хүнд суртал гаргасан зарим албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцуулах хүсэлтийг ч шүүхэд гаргасан. Харамсалтай нь шүүх Г.С-д тоотоор ирүүлсэн албан бичгүүдийг Төрийн албаны зөвлөлийн албан ёсны хариу гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч, өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болно.
Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ёстой албаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцсан дүүргийнхээ нийслэлийн орлогын татварын 2019 оны эхний 9 сарын төлөвлөгөөг тасалсан Г.С-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш бүтэн жил өнгөрч шийтгэлгүйд тооцох хугацаа болж захиргааны актын үйлчилэл дууссаны гадна сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж тухайн нөхцөл шалтгааныг зөв үнэлж чадаагүйгээс илт нэг талын сонирхолд хөтлөгдөж өрөөсгөл хандсаны гадна хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон байна.
Хэргийн материал дотор Татварын ерөнхий газрын төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Нэргүй, хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга н.Мөнхтамир нар Г.С-ыг дарамталж сүрдүүлсэн, Нийслэлийн Татварын газрын даргад чиглэл өгсөн баримтууд байдаг. Эцэст нь эрх агшаа хамгаалахаар тууштай байр суурьтай байгаад нь хорсож түүнд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.
Нийслэл дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг татварын байгууллагуудын орлого нь улсын, нийслэлийн, орон нутгийн гэсэн 3 үндсэн чиглэлээс бүрддэг юм билээ. Г.С-ыг тасгийн даргаар нь 1 жил гаруй хугацаанд ажиллахад Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажил ахисан үзүүлэлттэй байсан. Улсын болон орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө үргэлж биелж гагцхүү нийслэлийн орлогын 2019 оны 9 сарын төлөвлөгөө тасарсан байдаг. Үүний шалтгаан нь 13 орон тоо дутуу,төлөвлөгөө хэт өндөр, татвар төлөгчдийн эдийн засгийн бааз суурь ядмаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн юм билээ. Үүний нотолгоо нь нийслэлд ажилладаг 9 дүүргийн нийслэлийн орлогын татварын төлөвлөгөө байнга тасарч байдаг. Энэ талаар баримт судалгаа хэргийн материалд бий боловч шүүх үүнийг анхаарч үзээгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ :
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянасан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа” 1/ Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Б-ыг албан тушаалд томилох тухай Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2/ Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгах, 3/ Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ы өдрийн А/20 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж, шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа дэмжсэн байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, хэргийн нөхцөл байдал зэргийн талаар уялдаа холбоотой, цогцоор нь, үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн албаны зарчим”-ыг тодорхойлон заасан бөгөөд 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, мөн зүйлийн 4.2.2-т “Ил тод байх”, 4.2.4-т “Иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг тус тус баримтлахаар заасан байжээ.
Мөн 2017 оны Төрийн албаны тухай хуульд “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ...-д оршино” хэмээн хуулийн зорилгыг тодорхойлж, улмаар 3 дугаар зүйлийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах ёстой болохыг хуульчилжээ.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 7.1.6-д “Ил тод байх”, 7.1.7-д “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмуудыг төрийн албанд баримтлах ёстой гэж заасан байна.
Анхан шатны шүүх энэхүү хуулийн зорилго, зарчмын үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг үнэлж дүгнэх ёстой байсан гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. Хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ энэхүү хуулийн зарчим, зорилгод нийцээгүй байна.
1/ Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн сонгон шалгаруулалтад орж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдсөн байна. Улмаар сонгон шалгаруулалт явагдаж дууссан бөгөөд дүн нь гарсан боловч Г.С нь томилогдож чадахгүй өнөөдрийг хүрсэн байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг томилох боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд “өөрийн хууль бус эс үйлдэхүйгээ татгалзлын үндэслэл болгож, түүгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа нь шударга бус” гэж шүүхээс дүгнэв.
Нэхэмжлэгч Г.С-ын Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.С-ын Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэх” гэсэн хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор биелүүлсэн атлаа шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг болох “... уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” хэсгийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй орхигдуулсан байна.
Ийнхүү дээрх шалтагийг дурдаж хариуцагчаас Г.С-ыг томилоогүй атлаа Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад огт ороогүй Д.Б-ыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимтай нийцэхгүй байна.
2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоолын Хоёр дугаар зүйлийн 2.1-т ... аймаг, нийслэл, яаманд салбар зөвлөл байгуулж ажиллуулахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл гэж одоо байхгүй тул дээрх салбар зөвлөлийн хуралдаанаар сонгон шалгаруулалтыг дүнг хэлэлцэх ёстой гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэв. Нэгэнт хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С-ыг томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 77 дугаар зүйлийн 77.5-д “Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу дүүргийн татварын хэлтсийн даргыг томилж чөлөөлөх эрх нь Татварын ерөнхий газрын даргад шилжсэн тул хариуцагчаар Татварын ерөнхий газрын даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
Г.С-ыг томилсон шийдвэрийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Татварын ерөнхий газраас гаргах боломжтой гэж үзэв.
Нөгөө талаар Д.Б-ыг томилж болж байгаа тохиолдолд мөн адил Г.С-ыг томилох боломж хариуцагчид байгаа. Энэ нь тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.
2. Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Б-ыг албан тушаалд томилох тухай Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг Б/32 дугаар тушаалаар Д.Б-ыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
2017 оны Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж, 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Д.Б-г томилсон асуудлаар Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч хандсан нь зөв байна.
Г.С Төрийн албаны зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хандаж гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648 тоот бичгээр таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан, үүний дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г.С захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь “Төрийн албаны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудад сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Төрийн албаны зөвлөл шалгаад, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ. Тодруулбал “Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт” гэсэн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж тус тус заажээ. Мөн Улсын Их Хурлаас 2019 оны 02 сарын 01-ний өдөр 20 дугаартай тогтоолыг гаргаж, “Төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан байх бөгөөд журмын 14.1-т “Зөвлөл комиссын дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргана” гэж заасан, Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан тогтоол гаргаж өгөхийг хүсэж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж түүнийг буруутгах үндэслэл болохгүй.
Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус заасан бөгөөд иргэн Г.С-ын гаргасан гомдол бүрт Төрийн албаны зөвлөлөөс дэмжсэн хариуг хүргүүлж байсан нь түүнийг Төрийн албаны зөвлөлд найдахад хүргэсэн байгааг энэ хэргийн тохиолдолд харгалзан үзэх ёстой.
Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг Б/32 дугаар тушаалаар Д.Б-ыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Д.Б нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд, түүнчлэн өөр ямар нэгэн удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад огт орж байгаагүй учраас энэ албан тушаалд томилогдох хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэтэл яг тухайн цаг үед, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Г.С байжээ. Гэтэл түүнийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаар эсхүл даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилолгүй, Д.Б-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 7.1.6-д “Ил тод байх”, 7.1.7-д “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмуудыг төрийн албанд баримтлах ёстой гэж заасныг бүхэлд нь зөрчжээ. Энэ нь мөн төрийн албаны “Хууль дээдлэх” зарчим баримтлах тухай Монгол улсын Үндсэн хуулийн заалтыг давхар зөрчсөн хэрэг мөн.
Иймд Д.Б-г томилсон Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс тухайн үеийн бодит нөхцөл байдал, хэргийн үйл баримт зэрэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3, 4.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагч Г.С-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална”, 1.4.1-т “Хариуцлага гарцаагүй байх”, 1.4.4-д “Ил тод байх”, 1.4.5-д “Хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох, өөрт нь бичгээр мэдэгдэх”, 2.2-д “Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан тогтооно”, 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ, зөрчил гаргасан нөхцөл, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн хэлбэр, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэн болон түүний үйлдэл, эс үйлдэхүйг хоорондын хамаарал” гэж заажээ.
Хариуцагчаас Нийслэлийн орлогын төлөвлөгөөг 2019 оны эхний 9 сард тасалж, орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, татварын өр барагдуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байна.
Анхан шатны шүүхээс дээрх 2 үндэслэлийг тус бүртээ зөрчил гэж үзжээ. Харин давж заалдах шатны шүүхээс тус бүртээ бие даасан зөрчлүүд гэж үзээгүй болно.
Удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгавар гэдэг нь нийслэлийн Татварын газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03/201, 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03/229, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03/238, 2019 оны 3 дугаар сарын 19 өдрийн 03/275, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03/318, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03/361, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/388, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/399 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/690 дугаартай албан бичгүүд байх бөгөөд тус дүүргийн татварын хэлтэст татвар хураалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай дурдсан байна. Орлогын төлөвлөгөө биелэгдвэл, өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн гэж үзнэ. Тэгэхээр энэ нь тус бүртээ бие даасан 2 тусдаа зөрчил биш, тэр тусмаа ирсэн албан бичиг болгоныг биелүүлээгүй 9 удаагийн зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд хүндрүүлж үзэх нөхцөл болохгүй. Нэгтгэн дүгнэж үзвэл эхний 9 сарын байдлаар нийслэлийн орлогын төлөвлөгөө тасарсан байжээ.
Нэхэмжлэгч 2019 оны эхний 9 сарын орлогын төлөвлөгөөг тасалсан гэдэг үйл баримттай маргаагүй байх бөгөөд ажиллах орон тоо дутуу байсан, нийслэлийн орлогын төлөвлөгөө намайг ажил авахад ч тасардаг байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагчаас энэ талаар нь хэдэн орон тоо дутуу байсан, 1 татварын байцаагч хэдэн татар төлөгчтэй харилцаж байсан болох, ажлын ачааллын хувьд ямар байсан болох, татварын улсын байцаагч илүү цагаар ажиллаад байсан ч уг ажлыг хийж барахааргүй байсан эсэх, эсхүл зүгээр л ажлаа хийдүүлж байсан эсэхийг тогтоогоогүй, мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэдэг нь тухайн татварын байцаагч нарт татварын хууль тогтоомжийг таниулах, сургалт явуулах зэргээр ажиллаагүй юм уу, эсхүл их татвар хураахад хэрэгтэй арга ажиллагаа зааж өгөөгүй, эсхүл их татвар хураалгаж чадаагүй гэж буруутгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “Нийслэл дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг татварын байгууллагуудын орлого нь улсын, нийслэлийн, орон нутгийн гэсэн 3 үндсэн чиглэлээс бүрддэг. Г.С-ыг тасгийн даргаар нь 1 жил гаруй хугацаанд ажиллахад Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажил ахисан үзүүлэлттэй байсан. Улсын болон орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө үргэлж биелж гагцхүү нийслэлийн орлогын 2019 оны 9 сарын төлөвлөгөө тасарсан байдаг. Үүний шалтгаан нь 13 орон тоо дутуу, төлөвлөгөө хэт өндөр, татвар төлөгчдийн эдийн засгийн бааз суурь ядмаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн, ... Нийслэлд ажилладаг 9 дүүргийн нийслэлийн орлогын татварын төлөвлөгөө байнга тасарч байдаг” гэж мэдүүлж байсан бөгөөд хариуцагчаас энэ талаар үндэслэлтэй няцаалт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбарыг няцаах нотлох баримт цуглаагүй байна.
Энэхүү зөрчил гэж буй татварын орлогын төлөвлөгөө тасарсан асуудалд бусад 9 дүүрэгт мөн адил байхад ганцхан Г.С-д арга хэмжээ авсан, тухайн дүүргийн Татварын хэлтсийн дарга, орлогч гэх зэрэг бусад албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага тооцоогүй зэрэг нь энэхүү тушаал нь хууль бусаар гарсан болохыг харуулж байна гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэг болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 7.1.6, 7.1.7, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан Г.С-аас Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Татварын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Б-ыг албан тушаалд томилох тухай Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ы өдрийн А/20 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.С, өмгөөлөгч Н.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР