Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01076

 

“Т И”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 553 дугаар магадлалтай,

“Т И”ХХК-ний нэхэмжлэлтэй

И.Мд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 275 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Т И”ХХК болон И.М нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр №СА-0001 тоот зээлийн гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр И.М зээлж авсан. Тэрээр зээл авснаас хойш зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл сунгаж, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны 4 сарын хүү болох 700 000 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу бүрэн төлөөгүй болно. Мөн И.М зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож 2016 оны 7 сарын 7-ны өдөр №СА-0001 тоот Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин нь И.Мын эзэмшилд байсаар байна. Тус гэрээний 3.1.4-т барьцаалуулагч нь графикийн дагуу зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаалагч тал барьцаа болох автомашиныг хураан авч, зогсоолд байршуулан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд барьцаалуулагчийн өмчлөлд буцаан шилжүүлнэ. Хэрэв барьцаалуулагч 5 хоногийн дотор төлбөрөө төлөхгүй бол энэхүү гэрээний 4.6 заалтын дагуу шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Зээлийн болон фидуцийн гэрээний дагуу үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, зээлийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2 сарын хүү 350 000 төгрөг, зээлийн график зөрчсөний алданги буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн хүүгийн алданги 4 725 төгрөг /175 000 x 0,1 %х27хоног=4 725 төг/, гэрээнд заасан 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 285 хоногийн 4 061 250 төгрөг /2 500 000 +350 000 х 0.5% х 285 хоног/, нийт алданги 4 065 975 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж 1 425 000 төгрөгийн алданги тооцсон. Өөрөөр хэлбэл, зээл 2 500 000 төгрөг, хүү 350 000 төгрөг, алданги 1 425 000 төгрөг бүгд зээлийн гэрээний төлбөрт 4 275 000 төгрөгийг хариуцагч И.Маас гаргуулж “Т И”ХХК-д олгож Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт зааснаар 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, хэрэв мөнгө илүү гарсан тохиолдолд буцаан олгогдохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч И.Маас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т И”ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.2, 286.3, 286.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлээс хүү, алданги 1 775 000 төгрөг гаргуулах болон УНЧ 2600 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэл дэх мөнгөн шаардлагыг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 350 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч И.Маас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т И”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 553 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 286 дугаар зүйлийн 282.1, 286.2 гэснийг хасч 2 500 000 гэснийг 2 325 000 гэж, 1 775 000 гэснийг 1 950 000 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 16 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга хяналтын гомдолдоо: 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 553 дугаартай Нийслэлийн Иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт И.Маас 2.500.000 төгрөгийг гаргуулж; “Т И”ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс “Т И”ХХК-тай зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээний хүүг тогтмол төлж дуусгасан бөгөөд үндсэн зээлээс 500.000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжоор шүүх хангалгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байсан тул давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн гомдлыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлээгүй байна. “Т И”ХХК ч зээл төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч санаатайгаар нуун дарагдуулж илүү мөнгө нэхэмжилсэн нь хууль бус байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдсэн 2.325.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасаж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэлээс 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Т И” ХХК нь хариуцагч И.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэх, өөрчлөх зэргээр, эцсийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 4 275 000 төгрөгийг гаргуулах, 2600 УНЧ дугаар бүхий Тоёота приус 20 маркийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэлтэй тогтоож, нэхэмжлэлийн үндэслэл болох “Т И”ХХК болон И.М нарын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зохицуулалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж, талуудын хооронд мөнгө зээлэх тохиролцоо, хүсэл зориг хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 2 325 000 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. “Т И”ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй атлаа банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээдийн нэгэн адил гэрээний 3.2.2, 3.1.3, 4.1.2, 5.2-т хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тохирч, зээлдэгч нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох хуулийн зохицуулалтыг зөрчжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 286 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг тул барьцаалан зээлдэх гэрээ хүчин төгөлдөр бус болсноор зохигчийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус болохоос гадна барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн хоёр дах шаардлага болох УНЧ 2600 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн мөнгөн хөрөнгийн шаардлагыг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

Барьцаалан зээлдэх газар нь хөдлөх эд хөрөнгө барьцаалж, зээл олгох үйл ажиллагааг явуулах эрхтэй тул зээл олгох үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нийцсэн байх ёстой байна. “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг заасан байдаг тул барьцаалан зээлдэх газрын хувьд Иргэний хуульд заасан анз тохирох эрх хязгаарлагдсан байдаг байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар анз шаардах эрхгүй, алдангийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдолд дурдсан нэхэмжлэлээс 500 000 төгрөгийг хасах үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 553 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн   16 500  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                 Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА