Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 241

 

  2020        03          30                                  2020/ШЦТ/241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч К.Ж  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Секел овгийн К.Ж т холбогдох эрүүгийн 2011002040157 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Секел овгийн К.Ж , 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, яс үндэс казак, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Мармара трейд” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Толбо сум Хөх толгой багт оршин суудаг гэх одоогоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг таур 126-217 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч К.Ж  нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смүүт ресторанд Турк улсын иргэн Сakir Serkan /Сакир Серкан/-тай ачаа ачуулсан мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч К.Ж  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Сakir Serkan /Сакир Серкан/ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсад ирж тус улсад 1 жилийн хугацаатайгаар түр оршин суух үнэмлэх авч компани байгуулсан юм. Тэр үед Турк улсаас тавилга оруулж ирж худалдаалдаг Жандос гэх эрэгтэй хүнтэй танилцаж байсан юм. Тухайн үед Жандос нь Турк улсаас 2 төрлийн ачаа бараа ачуулах гэсэн юм гэж манай компани руу ярьсан, тэгээд тэнд байрлах компанийн ажилтан над руу яриад Монгол улс руу ачаа ачуулах гэсэн юм гэж манай компанид хандаж байсан, тухайн үед ачааны зардал 3800 ам доллар болсон, тэр мөнгийг Жандос өөр нэгэн хүнээр надад өгүүлсэн. Үүний дараа Жандосын ачаа барааг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын гааль дээр авч ирүүлсэн, тэгээд тэр ачаа нь Жандосын ачаа бараа биш өөр хүний ачаа бараа болохыг бичиг баримтаас нь харж мэдчихээд өөрийн компанийн ажилтнаараа Жандос руу яриулаад чиний ачаа бараа биш байна шүү гэдгийг Жандост хэлүүлж байсан. Тэр үед ч би Жандостой уулзаж байгаагүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим Нарантуул зочид буудлын залгаа байрлах “смүүт” нэртэй ресторанд 2-3 Турк найзтайгаа уулзаад сууж байсан чинь Жандос гаднаас орж ирсэн байсан. Тэгээд бид нар нөгөө мөнгөнийхөө талаар ярилцаад сууж байсан чинь Жандос нь би барааныхаа мөнгийг авмаар байна гэхээр нь бараа ачуулсан компаниас аваад чамд өгье гэж хэлсэн чинь гэнэт уурлаад цайны аяга аваад над руу шидсэн, нөгөө аяга нь миний толгой хэсэгт онож миний толгойноос маш их цус гарсан ба гэмтлийн эмнэлэг рүү явж 6-7 оёдол тавиулсан юм. ...Би тэр хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй учраас ямар нэгэн төлбөр мөнгө авах шаардлага байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 9-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...C.Serkan-н биед тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 20-21/,

Шүүгдэгч К.Ж  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнтэй эртний танилууд бөгөөд бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байсан юм. Тэгээд мөнгөө авах гээд залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан бөгөөд тухайн өдөр тэр ресторанд санамсаргүй байдлаар тааралдсан. Тэгээд бид 2 уулзаад ярилцаад сууж байгаад мөнгө төгрөг барааныхаа талаар ярилцаж байгаад маргалдсан ба намайг залилсан гэдгийг нь мэдээд би биеэ барьж чадалгүй гартаа бариад байж байсан аягаа шидчихсэн юм. ...духан дээр нь оносон ба духнаас нь цус гарсан. ...Харин би цагдаа нар ирж магадгүй гээд 2 цаг орчим хүлээж байгаад ирэхгүй байхаар нь гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 28/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 30/ зэргийг шинжлэн судлалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч К.Ж  нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Смүүт ресторанд Турк улсын иргэн Сakir Serkan /Сакир Серкан/-тай ачаа ачуулсан мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч Сakir Serkan /Сакир Серкан/-ны “...Жандос нь би барааныхаа мөнгийг авмаар байна гэхээр нь бараа ачуулсан компаниас аваад чамд өгье гэж хэлсэн чинь гэнэт уурлаад цайны аяга аваад над руу шидсэн, нөгөө аяга нь миний толгой хэсэгт онож миний толгойноос маш их цус гарсан ба гэмтлийн эмнэлэг рүү явж 6-7 оёдол тавиулсан юм. ...Би тэр хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй учраас ямар нэгэн төлбөр мөнгө авах шаардлага байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 9-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1318 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/, шүүгдэгч К.Ж ын “...бид 2 уулзаад ярилцаад сууж байгаад мөнгө төгрөг барааныхаа талаар ярилцаж байгаад маргалдсан ба намайг залилсан гэдгийг нь мэдээд би биеэ барьж чадалгүй гартаа бариад байж байсан аягаа шидчихсэн юм. ...духан дээр нь оносон ба духнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч К.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж т оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч К.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Сakir Serkan /Сакир Серкан/ нь хохирлын талаар баримт ирүүлээгүй, мөн “...Би тэр хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй учраас ямар нэгэн төлбөр мөнгө авах шаардлага байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч К.Ж  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Секел овгийн К.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж т 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч К.Ж  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Ж т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН