| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0229/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 246
2020 03 31 2020/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч Б.Ганчимэг,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бэйс овгийн Б.М д холбогдох эрүүгийн 2011001940099 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бэйс овгийн Б.М , 1973 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, “Шайнинг хаус” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, хүү, бэр, ач нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол, Намъяанжүгийн гудамжны 49-122а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд архины шилэн хундага шидэж Б.Ганчимэгийн эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Ганчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.М над руу санаатайгаар шилэн хундага шидэж, миний толгойг оносон. Би Б.М руу юм шидээгүй. Харин цаад талын ширээн дээр сууж байсан эмэгтэйчүүдтэй маргалдсан нь үнэн. Б.М 2 удаа зугтах гэж оролдсон. Би энэ хэргээс 4 хоног ажилдаа явж чадаагүй. Энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой...”
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/,
Хохирогч Б.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг өнгөрөөд ажлаа тарчхаад ажлын найз Алтанзаяа, Намжилсүрэн нарын төрсөн өдөр гээд ажлынхантайгаа гарцгаасан, тэгээд Гранд дэлгүүрийн хажууд байрлах “Орд” караокед үйлчлүүлж байгаад 01:00 цагийн үед гараад ажлын Нямсүрэн, Алтанзаяа, Ариунцэнгэл, Мөнхзул, Баярчимэг, Сайнтуяа, Учрал нарын хамт Чикаго бааранд орцгоосон, бааран нэг шил 0.75 граммтай архи, ус захиалаад бүжиглэцгээсэн, Баярчимэг, Сайнтуяа нар харилаа гээд эрт явцгаасан байсан, тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай ширээний хажууд сууж байсан ширээний согтуу эмэгтэй хажуугаар гарахдаа түлхчихээр нь би буцаагаад түүнийг түлхсэн, тэгсэн над руу эргэж хараад гартаа барьчихсан шилтэй пивоо над руу цацчихаад ширээн дээрээ суух гээд цаашаа явахаар нь би хойноос нь очоод түлхсэн чинь баарны хамгаалагч болиулсан, тэгээд сүүлийн 3 аян дээр бүжиглэчхээд ширээн дээрээ суугаад яагаад пиво цацаад байгаа юм бэ гэтэл өөдөөс хэл амаар доромжлоод хоорондоо хэрэлдсэн чинь намайг түлхээд байсан эмэгтэй ууж байсан пивоны шилээ гэнэт шидсэн, тэгсэн цаад талын ширээний буйдан дээр унах шиг болсон, тэгээд босоод хувцсаа өмсөөд бостол гэнэт ардаас архины хундага шидээд толгой хагараад цус гарсан, гайхаад та яаж байгаа юм бэ гэтэл тэр эгч та нар яагаад юм шидээд байгаа юм бэ гээд дахиад юм авч шидэх гээд байсан, тэгээд хувцсаа өмсөөд гадаа гарахад нөгөө эгч бас байсан, тэгээд тэр эгчтэй маргалдаад цагдаа дуудсан. ...Би зүгээр байж байгаад толгойгоо хагалуулсан, тархины гэмтэл сүүлд илэрдэг гэсэн, эрүүл мэнддээ санаа зовж байна, одоогоор надад 180.000 төгрөгийн хохирол учраад байна, цаашид гарах эмчилгээний зардал болон ажилдаа яваагүй хугацааны мөнгөө нэхэмжилж авмаар байна. Ойролцоогоор 450.000-500.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 12-14/,
Гэрч Т.Батням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хуурай эгч Мөнхжаргалтай уулзахаар тохиролцсон байсан юм, тэгээд 21:00 цагийн үед найз Нямаагийн гэрт байж байхад хуурай эгч Мөнхжаргал манай найзынд ирээд цай уучхаад 3-уулаа гараад Чикаго бааранд орсон, бааранд ороод нэг шил 750 граммтай архи, ус, пиво захиалаад бүжиглэж байгаад баар хаагаад хувцсаа өмсөх гээд гарах гэж байхад бид нарын сууж байсан ширээний цаад талын 2 ширээний хүүхнүүд хоорондоо маргалдаад байсан, тэгтэл гэнэт манай ширээ рүү бор өнгөтэй хоосон пивоны шил шидээд Мөнхжаргал эгчийн зүүн талд нь унасан, яг онох гэж байсан, тэгээд Мөнхжаргал эгч юу болоод байгаан гээд нөгөө пивоны шилийг буцаагаад нөгөө маргалдаад байсан хүүхнүүдийн ширээ рүү шидчихээд гадаа гараад тамхи татаад зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд толгой хагалчихлаа гээд хэрэлдээд байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирээд Мөнхжаргал эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Б.Намжилсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ганчимэг ширээн дээр ирээд сууж байтал нөгөө ширээний хүүхэн цаанаас хэрүүл хийж байгаад пивоны шил манай ширээ рүү шидсэн чинь цаад талын ширээ рүү очоод унасан, тэгээд хоорондоо хэрэлдээд байж байтал цаад талын ширээний эгч яагаад юм шидээд байгаад юм бэ гээд вискиний дөрвөлжин шилэн хундага шидээд Ганчимэгийн толгойн дагз руу оноод хагалчихсан, тэгээд та хүний толгой хагалчихлаа шүү дээ гэтэл дахиад юм шидэх гэж байснаа гараад явчихаар нь бид нар араас нь хувцсаа өмсөөд гарсан, тэгээд Ганчимэг эгч тэр эгчтэй толгой хагалчхаад зугтах гэлээ гэж уурлаад цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд тэр эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 18-ы19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Ганчимэгийн биед дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 21-22/,
Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өөрийн хуурай дүү болон түүний найзтай Чикаго бааранд үйлчлүүлчхээд гарах гэж байх үед манай ширээний хажуугийн 2 талын ширээний хүүхнүүд хоорондоо маргалдаад нэг нэгнээ хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан, гэтэл гэнэт манай ширээ рүү пивоны шил миний хажуу суудал дээр унасан би тонгойгоогүй байсан бол яг оногдох байсан. Тэгэхээр нь гайхаад зүв зүгээр сууж байхад яагаад юм шидээд байгаа юм бэ гээд бухимдаад ширээн дээр байсан архины хундагыг буцаагаад шидсэн, тэгээд хувцсаа өмсөөд гараад гадаа байж байхад хэдэн хүүхэн гарч ирээд нэг эмэгтэй нь та миний толгойг хагалчихлаа гээд толгойн дагз хэсгээ гараараа бариад цус болчихлоо гээд харуулаад байсан. Би хундага шидэх үедээ тэр эмэгтэйг оночихлоо гэх тэр үедээ мэдээгүй юм. Би түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 31-32/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 35/, шүүгдэгч Б.М ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 36-37/, хохирогч Б.Ганчимэгийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 23-26, 58-59/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд архины шилэн хундага шидэж Б.Ганчимэгийн эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, хохирогч Б.Ганчимэгийн “...хувцсаа өмсөөд бостол гэнэт ардаас архины хундага шидээд толгой хагараад цус гарсан, гайхаад та яаж байгаа юм бэ гэтэл тэр эгч та нар яагаад юм шидээд байгаа юм бэ гээд дахиад юм авч шидэх гээд байсан, тэгээд хувцсаа өмсөөд гадаа гарахад нөгөө эгч бас байсан, тэгээд тэр эгчтэй маргалдаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 12-14/, гэрч Т.Батнямын “...Мөнхжаргал эгч юу болоод байгаан гээд нөгөө пивоны шилийг буцаагаад нөгөө маргалдаад байсан хүүхнүүдийн ширээ рүү шидчихээд гадаа гараад тамхи татаад зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд толгой хагалчихлаа гээд хэрэлдээд байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирээд Мөнхжаргал эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Б.Намжилсүрэнгийн “...цаад талын ширээний эгч яагаад юм шидээд байгаад юм бэ гээд вискиний дөрвөлжин шилэн хундага шидээд Ганчимэгийн толгойн дагз руу оноод хагалчихсан, тэгээд та хүний толгой хагалчихлаа шүү дээ гэтэл дахиад юм шидэх гэж байснаа гараад явчихаар нь бид нар араас нь хувцсаа өмсөөд гарсан...” гэх мэдүүлэг /хх 18-ы19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/, шүүгдэгч Б.М ын “...Би хундага шидэх үедээ тэр эмэгтэйг оночихлоо гэх тэр үедээ мэдээгүй юм. Би түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 31-32/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Б.Одончимэг нь эмчилгээний болон бусад зардалд нийт 500.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт 183.916 төгрөгийн баримт авагдсаныг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх боловч тэр талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар баримт байхгүй бөгөөд түүнд учирсан гэмтэл хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэйс овгийн Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М аас 183.916 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 24-534 тоотод оршин суух Бадамдоржийн Ганчимэг /ХЙ85041808/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 316.084 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН